| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
2025 09 16 2025/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Х-ны Б-д холбогдох эрүүгийн .................... тоот хэргийг 2025 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Ө... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., эхнэрийн хамт ...... аймгийн ...... сумын ..... баг, ......тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн .... дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, Дондов овогт Х-ны Б /РД: ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 22 цаг 23 минутын орчимд Д... аймгийн З... сум ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны засмал зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... ДГН улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Б.Г бид хоёр хүүхдийн хамт Замын-Үүд сумын ... дугаар баг ... тоотод амьдардаг гэр бүлийн найз Д гэрт ирж хонохоор болж ирсэн. Тэгээд Д байхгүй эхнэр нь Б манай эхнэр Б.Г бид гурав 0,75 литрийн Экс нэртэй 1 шил архи уугаад сууж байхдаа ус, ундаанд явахаар болж 22 цаг 20 минутын орчимд найзын хашаанаас гэр бүлийн эзэмшлийн ... ДГН улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож, найз Г, манай эхнэр Б.Г нарын хамт яваад ... гудамж ... тоотод байрлах хүнсний дэлгүүр орж ус ундаа аваад буцаад найзын хашааны гадна ирээд зогсох гэж байхад цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй цагдаа ирээд тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад миний согтолтын зэрэг хувьтай гарсан гэжээ. /хх-ийн 43-44/
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Буруу зүйл хийснээ хүлээж байна. Миний буруу тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр миний бие Цагдаагийн хэлтсийн хуваарь томилгооны дагуу шугам замын эрүүлийн үүрэг гүйцэтгээд З... сумын ... дугаар баг буюу өргөн гудамжинд үүрэг гүйцэтгэж байхад ...тоотод байрлах хүнсний дэлгүүрийн гаднаас ... ДГН улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг нэг эрэгтэй хүн жолоодож ... гудамжаар явахаар нь тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгахад 1.95 хувийн согтолттой байсан тул материалыг бүрдүүлж ажилласан гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Х.Б бид хоёр хүүхдийн хамт Замын-Үүд сумын ... дугаар баг ... тоотод амьдардаг гэр бүлийн найз Д гэрт ирж хонохоор болж ирсэн. Тэгээд Д байхгүй эхнэр нь Б, манай нөхөр Х.Б бид гурав 0,75 литрийн Экс нэртэй 1 шил архи уугаад сууж байхдаа ус, ундаанд явахаар болж 22 цаг 20 минутын орчимд найзын хашаанаас гэр бүлийн эзэмшлийн ... ДГН улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслийн манай нөхөр Х.Б жолоодож, найз нимэг бид хоёр хамт яваад ... гудамж ... тоотод байрлах хүнсний дэлгүүр орж ус, ундаа аваад буцаад найзын хашааны гадна ирээд зогссон чинь цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй цагдаа нар ирээд манай нөхрийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгсэлтэй хамт манай нөхрийн хамт аваад явсан гэжээ. /хх-ийн 23-24/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/
Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 04/
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 05/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 06/
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх лавлагаа, ... ДГН дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Драгер багжийн үзүүлэлт, физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, /хх-ийн 07-19/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 29-31/
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-36/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 22 цаг 23 минутын орчимд Д... аймгийн З... сум ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны засмал зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... ДГН улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Ө, Б.Г /хх-ийн 21-22, 23-24/ мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 06/, Д... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-36/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно. Шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 1.95 %-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Шүүгдэгч Х.Б-н хувьд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, ба эрх нь сэргээгдээгүй байхад дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 1.95 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж торгох ял оногдуулсан болно. Оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Х-ны Б /РД: .../-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ны Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б