| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/02326/И |
| Дугаар | 181/ШШ2022/02933 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2022/02933
| 2022 12 12 | 181/ШШ2022/02933 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Х-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ТӨХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулж суутгасан 768,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Х , түүний өмгөөлөгч М.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Э,
Гэрч С.У , Д.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулж суутгасан 768,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...миний бие М ТӨХК-д Захиргаа удирдлагын газрын захиргаа, хүний нөөцийн албаны архивчаар 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа билээ. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд харин ч идэвх санаачилгатай ажиллаж Байгууллагын шилдэг ажилтан, ЗТХЯ-ны Жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан.
Гэтэл архивын ажилтан Я.Сарангоогийн гаргасан гэх гомдлоор 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын Ёс зүйн хороо хуралдаж надад цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаж, үүний үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр захирлын тушаал гарсан. Уг тушаалын 1 дэх заалтаар 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар гомдол гаргасан ажилтнаас хамт олны өмнө нээлттэй, албан ёсны уучлал гуйхыг хатуу үүрэг болгосон ба тушаалыг ажлын дотоод сүлжээгээр бүх ажилтнуудад илгээсэн.
Миний бие дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
- Хамт ажилладаг архивын ажилтанд ажлын байрны дарамт үзүүлсэн, энэ нь хэд хэдэн удаа давтагдсан, хэл амаар доромжилж, сэтгэл зүйн дарамт үзүүлж, ажиллах урам зоригийг мохоосон байх үндэслэлтэй гэж үзсэн. Миний бие Я.Сарангоотой 2021 оны 1 дүгээр сараас эхлэн хамтран ажиллах болсон бөгөөд Я.Сарангоо нь мэргэжлийн бус хүн байсан учраас ажлыг бүр эхнээс нь зааж өгөх хэрэгтэй болсон. Миний ажлын байрны үндсэн чиг үүрэгт архивын ажилтныг эрхэлж буй ажилд нь дадлагажуулах, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах гэсэн чиг үүрэг бий. Энэ үүргийнхээ дагуу тавьсан шаардлагыг тухайн ажилтан дарамт гэж үзсэн бололтой. Гэтэл миний хувьд ажлын шаардлага тавьснаас бус тухайн хүнийг дарамталсан доромжилсон үйлдэл огт байхгүй. Удирдлагын зүгээс надад сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн тухайн ажилтны гомдлыг л үндэслэснээс бус миний зүгээс дарамт үзүүлсэн гэх үйлдлийг ямар нэгэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй.
- Захиргаа удирдлагын газрын хамт олны өмнө нээлттэй, албан ёсоор уучлалт гуйхыг хатуу сануулсан. Үүнийг миний бие нэг зөрчилд сахилгын шийтгэлийн төрлийг давхардуулан ногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл надад цалин хасах шийтгэл ногдуулсан хэрнээ тушаалын 2 дахь заалтаас харвал Хөдөлмөрийн тухай хуульд заасан нээлттэй сануулах арга хэмжээг давхардуулан ногдуулсан гэж үзэж байна. Хамт олны өмнө уучлалт гуйлгаад зогсохгүй мөн нийт ажилтанд надад сахилгын шийтгэл ногдуулсан талаар цахим шуудангаар мэдээлсэн зэрэг нь миний хувь хүний нууц болон нэр хүндэд халдсан хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхэд хүргэж байна. Гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулсан Б/234 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндэслэлгүй тушаал байх тул дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
Үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл биелэгдэж дууссан бөгөөд миний 5, 6 дугаар сарын цалингаас суутгал хийгдэж нийт 768,000 төгрөгийг хасаж тооцсон байдаг. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж маргаж байгаа бөгөөд уг тушаалын биелэлт хангасан ажиллагаа мөн адил хууль зөрчсөн. Учир нь, үндсэн цалингийн 20 хувьд ногдох хэсгийг суутгахаар шийдвэрлэсэн хэдий ч надад олгох урамшуулал, нэмэгдлийн дүнг 20 хувь суутгасан хэмжээнээс тооцсон. Иймд үндэслэлгүйгээр суутгасан 768,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч М ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...М ТӨХК-ийн архивын ажилтан Я.Сарангоо нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанийн ёс зүйн хороонд ...ажлын байрны дарамт байнга үзүүлдэг... гэх агуулгатай гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлын дагуу компанийн ёс зүйн хороо 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан.
Компанийн ёс зүйн хороо нь компанийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, мэдээллийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхийн... хүрээнд ёс зүйн дүрмийн 6.7.3-д заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан буюу ажлын байрны дарамт байнга үзүүлсэн буруутай байна гэж үзэн ёс зүйн хорооны хурлаас архивч П.Х г хамт ажилладаг архивын ажилтандаа байнга ажлын байрны дарамт үзүүлж, түүнийг хэл амаар доромжлох, сэтгэл зүйн дарамт үзүүлж, ажиллах урам зоригийг мохоодог гэж үзэн
- архивын ажилтан Я.Сарангоо ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд архивын ажилтны орон тоог хасах;
- архивч П.Х гийн цалинг нэг сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах;
- архивч П.Х г Архивын ажилтан Я.Сарангоогоос уучлал гуйлгах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Компанийн ёс зүйн хорооноос гарсан шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захирлын Б/234 дүгээр тушаал гарсан бөгөөд энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасны дагуу сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд 123.2.3-д заасан үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах-г үндэслэн П.Х гийн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан.
Нэхэмжлэгчийн дурдсан нэг зөрчилд сахилгын шийтгэлийн төрлийг давхардуулан ногдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Б/234 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, компанийн ёс зүйн хорооны шийдвэр зэргийг үндэслэсэн бөгөөд давхардуулан гаргасан гэх сахилгын шийтгэлийн хуулийн заалтыг тушаалд үндэслээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт "Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суутгал хийж болно. 119.1.3-т ажилтанд энэ хуулийн 123.2.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан бол ажил олгогч суутгал хийх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулан суутгасан нийт 768,000 төгрөгийг суутгасан.
Компанийн ёс зүйн хороо нь компанийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-т Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг тухайн ажилтны хувийн хэрэгт хавсаргана. Шаардлагатай бол хамт олонд мэдээлнэ." гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын Б/234 дүгээ тушаалыг хамт олонд нь мэдээлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй гэж үзэж байна.
Иймд М ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захиргаа хүний нөөцийн албаны архивын ажилтан П.Х гийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хувилсан/, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт №ЗУГ/А /хувилсан болон эх хувь/, хүний нөөцийн мэргэжилтэн, ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Б.Заяагаас дотоод сүлжээн дэх нийт удирдлага, ажилтнуудад илгээсэн гэх цахим зурвас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/511 дүгээр Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, П.Х гийн 2022 оны 1-11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 4-7, 88-89/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт №ЗУГ/А /хувилсан/, архивын ажилтан Я.Сарангоогоос тус компанийн ёс зүйн хороонд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл, ёс зүйн хорооны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, архивч П.Х тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22/161 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/36 дугаар Дүрэм шинэчлэн батлах тухай /хавсралтаар ёс зүйн дүрэм/, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/67 дугаар Ёс зүйн хорооны гишүүн томилох тухай, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/102 дугаар Журам батлах тухай /хавсралтаар хөдөлмөрийн дотоод журам/, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/99 дүгээр Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбарууд /хх 10, 17-45/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нотлох баримтаар Мэйжикнэт ХХК-иас М ТӨХК-д ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/73 дугаар тодорхойлолт, П.Х гийн 2022 оны 5, 6 дугаар сарын цалингийн задаргаа, [email protected] хаягт үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрч С.У , Д.А нарын мэдүүлэг /хх 58-60, 74-77/ зэргийг бүрдүүлсэн.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулж суутгасан 768,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:
...миний хувьд ажлын шаардлага тавьснаас бус Я.Сарангоог дарамталсан доромжилсон үйлдэл огт гаргаагүй. Удирдлагын зүгээс надад сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн тухайн ажилтны гомдлыг л үндэслэснээс бус миний зүгээс дарамт үзүүлсэн гэх үйлдлийг ямар нэгэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Надад үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэж байна. Мөн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл биелэгдэж, миний 5, 6 дугаар сарын цалингаас нийт 768,000 төгрөгийг хасаж тооцсон. Ингэхдээ үндсэн цалингаас бус надад олгох урамшуулал, нэмэгдлийн дүнгээс 20 хувь суутгасан. ... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
...М ТӨХК-ийн архивын ажилтан Я.Сарангоо нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанийн ёс зүйн хороонд ...ажлын байрны дарамт байнга үзүүлдэг... гэх агуулгатай гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлын дагуу компанийн ёс зүйн хороо 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан. Улмаар компанийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.7.3-д заасны дагуу архивч П.Х г ёс зүйн зөрчил гаргасан буюу хамт ажилладаг архивын ажилтандаа байнга ажлын байрны дарамт үзүүлсэн, хэл амаар доромжилсон, сэтгэл зүйн дарамт учруулсан, ажиллах урам зоригийг мохоосон гэж үзээд архивын ажилтан Я.Сарангоо ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд архивын ажилтны орон тоог хасах; архивч П.Х гийн цалинг 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах; архивч П.Х г архивын ажилтан Я.Сарангоогоос уучлал гуйлгах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захирлын Б/234 дүгээр тушаал гарсан бөгөөд энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3-д зааснаар П.Х гийн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан. Нэхэмжлэгчийн дурдсан нэг зөрчилд сахилгын шийтгэлийн төрлийг давхардуулан ногдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Б/234 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, компанийн ёс зүйн хорооны шийдвэр зэргийг үндэслэсэн. Давхардуулан гаргасан гэх сахилгын шийтгэлийн хуулийн заалтыг тушаалд үндэслээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.1.3, 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасны дагуу нийт 768,000 төгрөгийг суутгасан. Мөн компанийн ёс зүйн хороо нь компанийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу гүйцэтгэх захирлын Б/234 дүгээр тушаалыг хамт олонд нь мэдээлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй гэж үзэж байна. ... гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт №ЗУГ/А, архивын ажилтан Я.Сарангоогоос тус компанийн ёс зүйн хороонд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл, ёс зүйн хорооны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, архивч П.Х тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22/161 дугаартай хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/36 дугаар Дүрэм шинэчлэн батлах тухай /хавсралтаар ёс зүйн дүрэм/, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/67 дугаар Ёс зүйн хорооны гишүүн томилох тухай, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/102 дугаар Журам батлах тухай /хавсралтаар хөдөлмөрийн дотоод журам/, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/99 дүгээр Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тушаалууд, Мэйжикнэт ХХК-иас М ТӨХК-д ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/73 дугаар тодорхойлолт, П.Х гийн 2022 оны 5, 6 дугаар сарын цалингийн задаргаа, [email protected] хаягт үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрч С.У , Д.А нарын мэдүүлэг, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Ажил олгогч М ТӨХК нь ажилтан П.Х г тус компанийн Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн албаны архивчийн ажилд томилон ажиллуулж, талууд 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.
М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр тушаалд ...Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.3, 7.6, 7.7, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.8, Хөдөлмөрийн дотоод журам-ын 1 дүгээр зүйлийн 1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.15, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.3, 10.3, 10.4, 10.5 дах заалт, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 1. Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн албаны Архивч Пүрэвийн Хандмаа нь хамт ажилладаг Архивын ажилтанд ажлын байрны дарамт үзүүлсэн, энэ нь хэд хэдэн удаа давтагдаж, ажилтныг Ёс зүйн хороонд хандахад хүргэсэн байх бөгөөд Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээд хамт ажилладаг ажилтнаа удаа дараа, байнга ажлын байрны дарамтад оруулж, хэл амаар доромжилж, сэтгэлзүйн дарамт үзүүлж, ажиллах урам зоригийг мохоосон байх үндэслэлтэй гэж үзэн түүнд 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай. 2. Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн П.Х д гомдол гаргасан ажилтнаас Захиргаа, удирдлагын газрын хамт олны өмнө нээлттэй, албан ёсоор уучлалт гуйхыг хатуу үүрэг болгосугай. ... гэжээ.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Х ...надад сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн тухайн ажилтны гомдлыг л үндэслэснээс бус миний зүгээс дарамт үзүүлсэн гэх үйлдлийг ямар нэгэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Надад үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Мөн миний 5, 6 дугаар сарын цалингаас нийт 768,000 төгрөгийг хасаж тооцсон. Ингэхдээ үндсэн цалингаас бус надад олгох урамшуулал, нэмэгдлийн дүнгээс 20 хувь суутгасан... хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарласан бөгөөд эдгээрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас няцаан үгүйсгээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтнаас сахилгын зөрчил гаргасан ажилтанд ногдуулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөлд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл хамаардаг.
Хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхаас гадна, шийтгэлийг заавал шат дараалан ногдуулсан байхыг шаардахгүй боловч сахилгын нэг зөрчилд шийтгэлийг давхардуулан ногдуулдаггүй.
Иймээс шүүх П.Х г хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчсөн эсэх, түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон эсэхийг шалгах нь тухайн маргааныг шийдвэрлэх гол үндэс байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй байхаар, мөн зүйлийн 7.7 дахь хэсэгт "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа" гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна гэж хуульчилсан.
М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/36 дугаар тушаалын хавсралтаар тус компанийн ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/102 дугаар тушаалын хавсралтаар тус компанийн хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн боловсруулсныг тус тус баталжээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д Гүйцэтгэх захирал болон эрх олгогдсон бол салбарын захирал нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай түвшинд биелүүлээгүй, компанийн ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөөгүй бол ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасанчилан холбогдох сахилгын шийтгэлийг тушаал гаргаж ногдуулна. гэж заажээ.
Ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа тушаал, шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах, түүнд хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байхыг шаарддаг.
Манай тохиолдолд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд хууль зүйн үндэслэл тодорхойгүйн сацуу, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чухам ямар хэм хэмжээг зөрчсөн талаар тодорхойлоогүй, хэт ерөнхий заалтууд баримталсны гадна, ...гомдол гаргасан ажилтнаас Захиргаа, удирдлагын газрын хамт олны өмнө нээлттэй, албан ёсоор уучлалт гуйхыг хатуу үүрэг болгосугай. гэсэн нь ёс зүйн хариуцлага эсхүл сахилгын шийтгэлийн аль нь эсэх нь ойлгомжгүй, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...сахилгын шийтгэл... хэмээн тайлбарласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасанд хамаатуулан дүгнэж, мөн зүйлийн 123.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэв.
Түүнчлэн, Ёс зүйн дүрмийн 6.1-д Компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо (цаашид Хороо гэх) ажиллана. Хороо 5-аас доошгүй гишүүнтэй байна.,
- 6.2-т Хороо хурлын зохион байгуулалтаар ажиллах ба шийдвэр нь дүгнэлт хэлбэрээр гарна. ...,
- 6.3-т Хороо нь хурлын тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэл, дүгнэлтэд бүх гишүүд гарын үсэг зурна.,
- 6.6-т Хурал ямар ч тохиолдолд 100 хувийн ирцтэй хуралдах бөгөөд гишүүн хуралд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж болно. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг бичгээр үйлдсэн итгэмжлэлийн хамт Хороонд ирүүлнэ.,
- 6.7-д Хороо нь дараахь эрх, үүрэгтэй ажиллана: гэсний
- 6.7.2-т гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан, албан тушаалтан болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах;,
- 6.7.4-т ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шалган дүгнэлт гаргах;-аар тус тус заан Ёс зүйн хорооны ажиллах журмыг тогтоожээ.
Гэвч хэрэгт архивын ажилтан Я.Сарангоогоос тус компанийн Ёс зүйн хороонд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл, уг өргөдлийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргээс өөрөөр архивч П.Х гийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоосон гэх баримт нотолгоо авагдаагүйн гадна, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа дээр дурдсан дүрмийн заалтуудад нийцсэн гэж үзэхээргүй байна.
Иймээс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, уг тушаалын дагуу 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулж, суутгасан 768,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
7. Гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн хувьд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,182 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгон, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 93,182 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.3-д заасныг баримтлан М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн Б/234 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулж, суутгасан 768,000 төгрөгийг хариуцагч М ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч П.Х д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хувьд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,182 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 93,182 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН