Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Хохирогч: Б.Шүрэнцэцэг,

   Шүүгдэгч: Н.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошуут овгийн Наранбадрахын Лхагвасүрэнд холбогдох 201716000064 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум Аргалантын 7-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хошуут овгийн Наранбадрахын Лхагвасүрэн /Регистрийн дугаар:КВ92061014/

Холбогдсон хэргийн талаар:

Н.Лхагвасүрэн нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд эхнэр Б.Шүрэнцэцэгийг 2017 оны 01, 02, 03, дугаар саруудад зодсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 87-33 ӨМА улсын дугаартай хонда фит маркийн автомашин дотор хохирогчийг жирэмсэн байхад нь нүүр, цээж хэсэгт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Н.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн гадна 87-33 өма Honda Fit маркын авто машин дотор Шүрэнцэцэгийн эгчийг нь хүлээгээд байж байгаад машин үзлэгт оруулах мөнгөн дээрээс болж өөрийн эхнэр болох Шүрэнцэцэгтэй маргалдаж байтал манай эхнэр миний нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон чинь Шүрэнцэцэг бууя гэхээр нь би машинаа хөдөлгөөд Хан-Уул, Их-Уулын чиглэл рүү яваад Цаг уурын баруун талын засмал зам дээр Цагдаагийн машин явж байхыг хараад манай эхнэр хаалгаа онгойлгоод гараа даллаад Цагдаагийн машиныг дуудсан. Цагдаагийн машин эргээд хүрээд ирэхээр нь би машинаа зогсоосон. Цагдаагийн машин дотроос нэг цагдаа гарч ирээд миний бичиг баримтыг шалгаад архи уусан байна уу гэж миний гэрчилгээг нугалж байгаад үлээлгээд араас Цагдаагийн газар луу дагаад яв гэсэн. Манай эхнэр цагдаад өргөдөл бичиж өгнө гээд зам дээр үлдээд би цагдааг дагаад Цагдаагийн газрын зогсоол дээр ирээд шууд буцаад Нисэхэд байдаг Мөнх-Очир гэдэг найзынхаа гэр лүү явсан. Хэрэлдэж байгаад биеэ барьж дийлэлгүй хэд хэдэн удаа гараараа цохисон. Зодож хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Би архи уудаг гэхдээ тасартлаа уудаггүй. Манай эхнэр надад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний үед хальт өөрийгөө жирэмсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “Эхнэр Шүрэнцэцэгтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн гадаа гэр бүлийн маргааны талаар муудалцсан. Намайг Шүрэнцэцэг алгадаад авахаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохьсон. Тэгээд Хан-Уулын гадаа цагдаа зогсоогоод намайг аваад явсан. Би хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уйчлалт гуйж байна” гэв.

Хохирогч Б.Шүрэнцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 11 цагийн алдад 1 дүгээр сургуулийн гадаа нөхөр Лхагвасүрэнгийн хамт тэр машинаа унаад очсон байсан. Тэгсэн манай нөхөр машиныг үзлэгт оруулна гэснээс болж үнэтэй хямдхан оруулдаг гэснээс болоод маргалдсан. Тэгэхээр нь би машинаас бууна гэхэд тэр намайг машинаас буулгахгүй гэж хэлсэн. Уг нь би эгчтэйгээ уулзах гэж сургуулийн гадаа очсон байсан. Тэгээд утсаар эгч Чулуунцэцэгийг дуудсан байхад гараад ирсэн. Тэгсэн тэр бид хоёрыг яах гэж хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд хөдлөөд явсан эгч машинд суусан байсан. Тэгээд явж байхад манай нөхөр миний нүүр лүү гараараа цохисон би бууна гэхэд тэр буулгахгүй гэсэн би ээжид хэлнэ цагдаа дуудна гэхэд тэр миний гар утсыг булаагаад авсан. Тэгээд явж байгаад гэрэл дохион дээр ирж зогсоод ногоон гэрэл асахыг хүлээж байхад Лхагвасүрэн миний гарыг нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний нүүр цээжин хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд цаашаагаа хөдлөөд Их-Уулын гудамжинд явж байхад цагдаагийн машин таараад зогсохгүй яваад байхаар нь би машиныхаа хаалгыг зориуд нээхэд цагдаагийн машинтай цагдаа бид нарыг зогсоосон. Би болсон асуудлыг хэлэхэд нөгөө цагдаа бид нарыг цагдаа дээр очно гэж хэлээд дагаад яв гэж хэлэхээр нь би машинаас буугаад үлдсэн. Харин Лхагвасүрэнг цагдаа дагуулаад явсан. Би цагдаа дээр ирэхдээ өргөдлөө бичээд ирсэн. Манай нөхөр Лхагвасүрэн бид хоёр машины бичиг баримтыг үзлэгт оруулахад үнэтэй хямдхан гэдэг асуудлаас болоод хэрэлдсэн. Тэгж байгаад тэр миний нүүр цээжин хэсэг рүү 4-5 удаа гараараа цохьсон түүнээс болоод миний хамраас цус гараад нүүр хавдаж хөхөрсөн байсан, цээж, гар дээр хөхөрсөн байсан. Манай нөхөр энэ асуудлаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүдний шил хүнд өгч явуулснаас болж хэрэлдэж байгаад тэр намайг багалзуурдаад арагш нь толгойгоор хэд хэдэн удаа хана мөргүүлсэн түүнээс болоод миний дух хавдсан байсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай том хүүхдээс болж хэрүүл болсон. Тэгж байгаад нүүр лүү гараараа цохиж, хөхрүүлсэн, дараа нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бас л гэр бүлийн асуудлаас болоод манай нөхөр намайг нүүр ам руу гараараа цохиж хацар шанаанд хавтгаж нүд хөхрүүлсэн. Ер нь тэр манай том хүүхдэд дургүй байдаг. Жижиг сажиг асуудлаас болоод хэрэлдэж байгаад л тэр намайг зоддог. Лхагвасүрэн архи уусан байхдаа зоддог би түүнийг архи уусан байхад нь зугтаагаад явдаг. Би Лхагвасүрэнд зодуулаад ээждээ хэлдэг заримдаа түүнийг утсаар дууддаг заримдаа гэрт нь хүрч очдог ээж энэ талаар мэднэ бас, манай эгч Чулуунцэцэг мэднэ. Хамгийн сүүлд Лхагвасүрэнд зодуулахад Чулуунцэцэг эгч хамт явж байсан өмнө 03 дугаар сард мартын үед би эгчтэйгээ таарахад тэр намайг яасан гэж асуусан тэгэхээр нь би Лхагвасүрэнтэй маргалдсан гэж хэлж байсан гэхдээ би хүнд Лхагвасүрэнд зодуулсан гэж хэлж байгаагүй. Лхагвасүрэн шууд манай том хүүг зодоод байхгүй ч гэсэн хүүг маань гэрт очихоор уурлаад, янз бүр болоод байдаг түүнээс болоод манай хүү гэртээ ирдэггүй голдуу эмээ дээрээ байдаг. Лхагвасүрэн бид хоёр гэр бүл болоод 2 жил орчим болж байна удаагүй, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас охин төрсөн охин маань 6 сартай. Би жирэмсэн болсноо 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад жирэмсэний тестээр үзэхэд би жирэмсэн болсон байсан. Тэгээд би энэ талаараа нөхөр Лхагвасүрэнд хэлсэн тэгсэн тэр нээх итгээгүй, ойшоогоогүй өнгөрсөн. Намайг Лхагвасүрэн жирэмсэн байхад зодож гэмтэл учруулсан. Би өөрөө төрөөд удаагүй хүүхэд бага байгаа болохоор дахиад хүүхэд төрүүлмээргүй байгаа учраас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хатан заяат эмнэлэгээр үр хөндүүлсэн. Нэг удаа тэр намайг жирэмсэн байсныг мэдээгүй гээд хэлчих тэгвэл гайгүй юм байна гэж хэлж байсан өөрөөр надад одоогоор нөлөөлөөд байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

          Гэрч Э.Буяндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би одоо өдрийг нь санахгүй байна 2017 оны 04 дүгээр сард байсан санагдаж байна намайг гэрт байхад манай охин Шүрэнцэцэг утсаар залгаад намайг Лхагвасүрэн зодоод хүүхэдтэй буулгаад хаячихлаа цаг уурын өмнө талын дөрвөн зам дээр байна хүрч ирээд аваадах гэж хэлэхээр нь би хэлсэн газарт нь хүрээд очиход манай охины нүүр ам нь хавдаж хөхрөөд хүүхдээ тэврээд зогсож байсан тийм л зүйл болсон. Охин маань надад хэлэхдээ Лхагвасүрэн намайг зодсон хүрээд ир гэж хэлдэг байсан манай охин Лхагвасүрэнтэй суугаад 2 жил болж байна. 2017 оны мартын 8-ны үе, 2017 оны 1 дүгээр сард Лхагвасүрэн он гарсанаас хойш эдгээр саруудад зодож байсан манай охин Лхагвасүрэнг зодохоор намайг дуудаад гэртээ ирдэг байсан. Манай охин нүд нь хөхөрчихсөн ирдэг байсан. Би эхлээд мэдээгүй байсан цагдаа сэргийлэх болсон дараа нь манай охин үр хөдүүлсэн гэсэн сураг гарсан бусдаар надад харсан мэдсэн зүйл байхгүй үр хөндүүлсэн дараа нь би охиндоо шөл хийж өгч байсан. Манай охин надад хэлэхдээ би Эход харуулсан чинь жирэмсэн байна хоёр ихэр байна гэж хэлж байсан. Бусдаар надад харсан зүйл байхгүй. Манай охин Лхагвасүрэнтэй дагавар хүүхэдтэй суусан. Дагавар хүүхэд нь голдуу над дээр байдаг. Миний хажууд ямар нэгэн асуудал гаргаж байсан удаа байхгүй. Дагавар хүүхэд нь Лхагвасүрэнд муу юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч А.Ургамалцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай эмнэлэгт Б.Шүрэнцэцэг гэдэг эмэгтэй үр хөндүүлэх гэж ирж үзүүлсэн. Түүний дагуу чанд авиан шинжилгээ буюу эхо хийж, үтрээний наацын шинжилгээ авахад тэрээр 6 долоо хоногтой жирэмсэн байсан, шинжилгээний байдлыг харахад үр хөндөхөд харшлах зүйлгүй байсан. Б.Шүрэнцэцэг нь үр хөндүүлэх өргөдөл гаргаж өргөдөлд үр хөндүүлөх шалтгаанаа түрүүчийн хүүхэд бага байгаа учраас үр хөндүүлэх гэж байгаа талаар бичсэн байсан. Ер нь үр хөндүүлэх хоёр арга байдаг нэгдүгээрт багажаар соруулга хийх, хоёрдугаарт эм ууж зулбах арга байдаг эдгээр аргуудыг түүнд тайлбарлахад Б.Шүрэнцэцэг нь нэгдүгээр аргыг сонгож үр хөндүүлсэн. Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийн дагуу 3-12 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйг өөрийн хүсэлтээр үр хөндүүлэхийг зөвшөөрсөн тушаал байдаг үүний дагуу манай Хатанзаяат эмнэлэг үр хөндөх зөвшөөрөлтэй. Б.Шүрэнцэцэгт үр хөндүүлэх үед хүндрэл гараагүй, ажилбарыг дүрэм журмын дагуу хийж эмчилгээ зааж өгсөн. Түүний картанд дээр би эмчилгээний заавар зөвөлгөөг өгч бичсэн. : Б.Шүрэнцэцэг нь манайд хандсан өргөдөлдөө үр хөндүүлэх шалтгаанаа түрүүнд нь төрүүлсэн хүүхэд бага байгаа учраас үр хөндүүлэх гэж байгаа талаараа бичсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

          Насанд хүрээгүй гэрч Ш.Азжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би болсон асуудлын талаар мэдэхгүй би тухайн үед байгаагүй. Манай хойд аав 2016 онд намайг нэг удаа зодож байсан, Түүнээс хойш би гэртээ байхгүй эмээтэйгээ хамт амьдардаг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

          Гэрч Т.Ундрахцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Н.Лхагвасүрэнтэй 2009 оноос найз нөхөд болсон. Сургуульдаа сурлага сайтай хүүхэд байсан. Манай найз хүн чанартай, зан ааш сайтай ямар нэгэн илүү ааш авир гаргаад байдаггүй, архи дарс тэр болгон уугаад байдаггүй, хүнд тусархаг залуу. Би найзыгаа эхнэр авснаас нь хойш тэдний гэрээр нь орж гарч байгаагүй. Харин өөрийхөө гэртээ байхад нь орж гардаг байсан. Би түүний эхнэрийн талаар сайн мэдэхгүй. Би найзыгаа хүүхэдтэй болоход нь нэг удаа гэрт нь очиж байсан өөрөөр надад тэр хоёрын талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

          Гэрч Э.Чулуунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би одоо cap өдрийг нь санахгүй байна тухайн өдрийн 12 цагийн алдад намайг ажил дээр байхад Шүрэнцэцэг утсаар залгаад уулзах ажил байна гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гарч ирэхэд Лхагвасүрэн, Шүрэнцэцэг хоёр машинтайгаа ирчихсэн хоорондоо маргалдсан бололтой байсан би машинд нь суугаад та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хоёр надад юм хэлэхгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө хоёр гэр лүүгээ явахаар болоод явцгаасан. Тэгээд явж байгаад 3 дугаар сургуулийн тэр хавьд дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохион дээр ирээд ногоон гэрэл асахыг хүлээж байхад гэнэт л Лхагвасүрэн Шүрэнцэцэгийн нүүр лүү гараараа хоёр гурван удаа цохиод авхаар нь би яаж байнаа гэсэн тэгсэн ард машин сигналдахад Лхагвасүрэн чигээрээ хойшоогоо явсан Их-Уул, Хан-Уулын хоёрын голын засмал замаар хойшоогоо явсан нэг гудамжинд очиж зогсоод Лхагвасүрэн намайг эгээ та гэртээ харь харь гэж хэлэхээр нь би яасан гэж та хоёрыг үлдээгээд явах юм бэ гэж хэлсэн тэр хооронд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан Шүрэнцэцэг нь намайг гэрт хүргэж өг гэж хэлээд байсан. Тэгж байгаад буцаж эргээд зам руугаа ороод явж байхад замаар цагдаагийн машин явж байсан, машин дотор нөгөө хоёр хоорондоо хэрэлдээд Шүрэнцэцэг нь чи намайг гэртээ аваачаад дахиад зодох юм байгаа биз чи намайг ээжийн гэрт хүргэж өг хэлж байсан тэгээд цагдаагийн машин явж байгаад түүнтэй уулзаж болсон явдлыг хэлсэн чинь цагдаа нь Лхагвасүрэнг аваад явсан. Шүрэнцэцэг нялх хүүхэдтэйгээ бид гурав зам дээр үлдсэн. Лхагвасүрэн Шүрэнцэцэг хоёр хэрэлдэж байгаад Лхагвасүрэн нь Шүрэнцэцэгийн гарыг нь нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа Шүрэнцэцэгийн нүүр лүү хоёр, гурван удаа цохиход Шүрэнцэцэгийн хамраас нь цус гараад дух нь хавдсан. Тэр талаар мэдэхгүй тэр хоёр хоорондоо хэрэлдсэн юм л шиг байсан. Хүүхэд нь төрөөд 6 cap болох гэж байна. Энэ хоёрын харилцааг сайн мэдэхгүй тусдаа байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Би одоо он cap өдрийг нь санахгүй байна 2017 он гарсан байсан санагдаж байна нэг удаа Шүрэнцэцэгтэй таарахад түүний нүүр нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би түүнээс яасан юм бэ гэж асуухад Шүрэнцэцэг Лхагвасүрэнтэй маргалдсан гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй өөрөөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.11-ний өдрийн №188 дугаар дүгнэлт:

1. Шүрэнцэцэгийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, доод уруул, цээжний өмнө хэсэг, баруун сарвуу, зүүн шууны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт “Аюулын зэргийн үнэлгээ” /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 36 дугаар хуудас/

Хатан заяат говь эмнэлгийн “Шүрэнцэцэгийн үр хөндөлтийн түүхийн хуулбар” /хх-ийн 41-44 дүгээр хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016.07.22-ны өдрийн №83 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Н.Лхагвасүрэн нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд эхнэр Б.Шүрэнцэцэгийг 2017 оны 01, 02, 03, дугаар саруудад зодсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 87-33 ӨМА улсын дугаартай хонда фит маркийн автомашин дотор хохирогчийг жирэмсэн байхад нь нүүр, цээж хэсэгт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь “Хүнлэг говь” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эхо үзлэг, гэрч А.Ургамалцэцэгийн “2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай эмнэлэгт Б.Шүрэнцэцэг гэдэг эмэгтэй үр хөндүүлэх гэж ирж үзүүлсэн. Түүний дагуу чанд авиан шинжилгээ буюу эхо хийж, үтрээний наацын шинжилгээ авахад тэрээр 6 долоо хоногтой жирэмсэн байсан” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/, үр хөндөлтийн түүх, хохирогч Б.Шүрэнцэцэгийн “2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүдний шил хүнд өгч явуулснаас болж хэрэлдэж байгаад тэр намайг багалзуурдаад арагш нь толгойгоор хэд хэдэн удаа хана мөргүүлсэн түүнээс болоод миний дух хавдсан байсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай том хүүхдээс болж хэрүүл болсон. Тэгж байгаад нүүр лүү гараараа цохиж, хөхрүүлсэн, дараа нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бас л гэр бүлийн асуудлаас болоод манай нөхөр намайг нүүр ам руу гараараа цохиж хацар шанаанд хавтгаж нүд хөхрүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 11 цагийн алдад 1 дүгээр сургуулийн гадаа нөхөр Лхагвасүрэнгийн хамт тэр машинаа унаад очсон байсан. Тэгсэн манай нөхөр машиныг үзлэгт оруулна гэснээс болж үнэтэй хямдхан оруулдаг гэснээс болоод маргалдсан. Явж байхад манай нөхөр миний нүүр лүү гараараа цохисон би бууна гэхэд тэр буулгахгүй гэсэн би ээжид хэлнэ цагдаа дуудна гэхэд тэр миний гар утсыг булаагаад авсан. Тэгээд явж байгаад гэрэл дохион дээр ирж зогсоод ногоон гэрэл асахыг хүлээж байхад Лхагвасүрэн миний гарыг нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний нүүр цээжин хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэр миний нүүр цээжин хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон түүнээс болоод миний хамраас цус гараад нүүр хавдаж хөхөрсөн байсан, цээж, гар дээр хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Буяндэлгэрийн “ Лхагвасүрэн намайг зодсон хүрээд ир гэж хэлдэг байсан. 2017 оны мартын 8-ны үе, 2017 оны 1 дүгээр сард Лхагвасүрэн манай охиныг зодож байсан” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ш.Азжаргалын “манай хойд аав 2016 онд намайг нэг удаа зодож байсан, түүнээс хойш би гэртээ байхгүй эмээтэйгээ хамт амьдардаг болсон” гэх мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/, гэрч Э.Чулуунчимэгийн “3 дугаар сургуулийн тэр хавьд дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохион дээр ирээд ногоон гэрэл асахыг хүлээж байхад гэнэт л Лхагвасүрэн Шүрэнцэцэгийн нүүр лүү гараараа хоёр гурван удаа цохиод авахаар нь би яаж байнаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 188 дугаар дүгнэлт ”Шүрэнцэцэгийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, доод уруул, цээжний өмнө хэсэг, баруун сарвуу, зүүн шууны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэгт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэн, хохирогч Б.Шүрэнцэцэг нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдрал зохиосон хамтран амьдрагч нар бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тул зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Лхагвасүрэн гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Б.Шүрэнцэцэгийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Хохирогч Б.Шүрэнцэцэгийг ахуйн хүрээнд үүссэн маргааны улмаас 2017 оны 01,02,03 саруудад бие эрх чөлөөнд халдаж зодсон, 2017 оны 04 дүгээр сарын 04-нд хохирогч Б.Шүрэнцэцэгийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж шүүх үзлээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

          Шүүгдэгч Н.Лхагвасүрэнд холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирснээс хойш 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим юм.

          Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 .1 дүгээр зүйлийн 1201 .2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж, оногдуулах эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Н.Лхагвасүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.Лхагвасүрэнг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Н.Лхагвасүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ..

             Хохирогч Б.Шүрэнцэцэг эмчилгээний зардалд 2000000 төгрөг төлсөн, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Н.Лхагвасүрэн цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэсүгэй.

2. Шүүгдэгч Хошуут овгийн Наранбадрахын Лхагвасүрэнг гэр бүлийн хамаарал бүхий жирэмсэн эмэгтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэн шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэн  цагдан хоригдсон хоноггүй, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Лхагвасүрэн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дудсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ