Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/594

 

 

 

 

 

 

  2021             6              10                                          2021/ДШМ/594

 

 

Ц.М, Х.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Батсүх,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ц.М, Х.Д нарт холбогдох 1902001600089 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ____________ овгийн _______________ Ц.М, ____ оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, _______________ мэргэжилтэй, “____________________” ХХК-ийн _________________ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ________________________________ бүртгэлтэй, /РД:ЧЖ________/;

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

2. _____________ овгийн Х.Д, _____ оны __ дугаар сарын __-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ___________________ мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ______________________ оршин суух бүртгэлтэй боловч ____________________ суух, /РД:ДЗ______________/;

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1437 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар захирамжаар 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлөгдсөн;

Шүүгдэгч Ц.М ньүргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХК-ийн байранд “Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана” гэж:

1. Хохирогч Б.Эоос 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 55.000.000  төгрөгийг “гэрээний төлбөр” гэж бэлнээр урьдчилан авч, иргэн Д.Пдаштай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан,

2. Хохирогч Д.Птэй 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, мөн өдрөө гэрээний төлбөрт 32.000.000 төгрөгийг авч,

3. Хохирогч Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буянтын 5315090640 дугаарын Хаан банкны дансаар нийт 70.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөн дансанд  26.000.000 төгрөгийг шилжүүлэн Д.Цийн нэрээр 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 12/11 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Д.Нийн нэрээр 08/41 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 5.000.000 төгрөг, нийт 101.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Ж.Бээс 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 60.000.000 төгрөгийг гэрээний төлбөрт авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан,

5.  Иргэн Э.Б 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Л.Мөөс гэрээний төлбөрт 25.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээг сунган дахин гэрээ байгуулж, сунгалтын төлбөрт 10.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг,

6. Иргэн Х.Бэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хохирогч Ө.Жаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, мөн бэлнээр 25.000.000 төгрөг, гэрээний төлбөрт нийт 30.000.000 төгрөгийг,

7. Иргэн Х.Бэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хохирогч Ө.Оээс нийт 15.000.000 төгрөгийг “Монгол газар”  ХХК-ийн нягтлан бодогч Д.Бгийн дансаар шилжүүлж,

8. Иргэн Х.Бэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хохирогч Л.Мс нийт 20.000.000 төгрөгийг,

9. Иргэн Н.Ж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан мөн өдөр хохирогч Б.Бээс гэрээний төлбөр гэсэн утгатайгаар 50.000.000 төгрөг бэлнээр авч,

10. С.Б 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09/42 дугаартай “Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан гэрээний төлбөрт 116.000.000 төгрөг,

11. Т.Жтай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан хохирогч Т.Жаас “гэрээний төлбөр” 29.791.800 төгрөгийг,

12. Т.Жтай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан хохирогч Н.Бгээс “гэрээний төлбөр” 12.000.000 төгрөгийг,

13. Т.Жай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан хохирогч Г.Б.Эоос “гэрээний төлбөр” 12.500.000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 568.291.800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.Д нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Түвд майнинг” ХК-ийн ажлын байранд “Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана” гэж:

1. Хохирогч Г.Отай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан гэрээний төлбөрт 40.000.000 төгрөгийг,

2. Хохирогч Г.Мтай 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг,

3. Хохирогч Д.Отай 2018 оны 1 дүгээр сарын үед “Монгол газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж 20.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 20.000.000 төгрөгийг эхнэр А.Уын дансаар, нийт 40.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Б.Ттай 2017 оны 11 дүгээр сард “Монгол газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж тохиролцон бэлнээр 15.000.000 төгрөгийг эхнэр А.Уын дансаар шилжүүлэн авч,

5. Хохирогч Ш.Атай 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 00/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг эхнэр А.Уын дансаар шилжүүлэн авч,

6. Иргэн П.Этой 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00/04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хохирогч Ж.Нээс гэрээний төлбөрт 3.000.000 төгрөгийг авч,

7. Иргэн С.Ттай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хохирогч С.Маас гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг эхнэр А.Уын 5011417607 дугаарын дансаар шилжүүлэн авч,

8. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд байсан 4 ширхэг Ёмкость худалдана гэж 19.000.000 төгрөг шилжүүлэн авч, 2 Ёмкостийг өгөлгүй Н.Зд 8.800.000 төгрөгийн хохирол учруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 166.800.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, шүүгдэгч Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.М, Х.Д нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Ц.Мыг 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Х.Дг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 6 жилийн хорих ялыг, Х.Дд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.Дд урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2021 оны 3  дугаар сарын  19-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х.Дгийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүйг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сиди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Тус эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлэн миний бие уг хохирогч нараас авсан мөнгийг “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-иудын Архангай аймаг дахь Уурхайн хамгаалалт, үйл ажиллагааны зардлын зарим хэсэгт нь бүгдийг нь зарцуулсан гэдгээ мэдүүлсээр ирсэн.

Хохирогчоос дансанд мөнгө орж ирсэн даруйдаа буцаад хамгаалагч нарын цалин, хувцас, хоол хүнс, ахуйн бараа, хамгаалалтын машин, түлш, урсгал зардал зэрэг зарлагаар буцаж гарсан нь дансны хуулгаар дэлгэрэнгүй харагддаг. Дэлгэрэнгүй хуулга, нотлох баримтууд бүхий гомдлыг цагдан хорих төвөөс прокурорт бичиж байсан. Гэрч Б.Ц, Г.Д.П, Ж.Д, Х.Н нар нь 2 жил ажиллах хугацаандаа цалин хөлс бүхий л зардлыг Х.Д хувиасаа гаргадаг байсныг гэрчлэн мэдүүлсэн байдаг.

Ц.М захирал, түүний санхүүтэй холбоотой хүмүүс ч Х.Д, түүний ажилтануудад огтоос цалин өгдөггүй, урсгал зардалд мөнгө өгдөггүйгээ мэдүүлсээр ирсэн. Хоёр жилийн хугацаанд 15-20 хүнийг тогтмол цалинжуулж, урсгал зардлыг хувиасаа гаргаж ажиллахдаа Ц.М, түүний компанийн итгэмжлэл олгосон эрхийн итгэлийг алдахгүйн тулд өөртөө болон өөрийнхөө амьдралд 1 ширхэг аяга ч худалдан аваагүй. Ийм атал амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүхээр шийтгүүлсэнд гомдолтой байна. Гэмт  хэрэг үйлдэж бусдыг хохироосон үйлдлээ миний бие өмгөөлж, хамгаалахгүй. Гагцхүү уг мөнгийг өөрийн амьдралдаа огт зарцуулаагүй гэдгээ тогтвортой, нотлох баримттай мэдүүлсээр ирснийг маань шалгаж, тогтоогоогүйд гомдолтой байдаг.

Миний бие хорих ангиас суллагдсан даруйдаа гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа тогтмол эрхэлж, захиалгаар үйлдвэрлэл эрхэлж, нийлүүлсээр ирсэн. Мөн уг гэмт хэрэг үйлдэгдэж байх үед буюу 2018 онд өөрийн ургийн овог “Түвд”-ээр нэрлэн хамгаалалтын албыг эхнэрийн хамт байгуулж, аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээр ажилласаар ирсэн. 2018-2019 онд Говь-Алтай аймагт Аялал жуулчлалын бааз байгуулж, уг баазын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан шатахуун түлшний борлуулалтын бизнес давхар эрхэлдэг. Хойшлуулшгүй ажиллагаагаар манай гэр, албан өрөөнд хийсэн нэгжлэгээр Хаан, Хас банкуудтай хийсэн зээлийн гэрээнүүдэд миний бие эхнэрийн хамт зээлдэгчээр оролцсон байдаг. Хавтас хэрэгт бусад орлого, түүгээр орж ирсэн машин тэрэг, тэдгээрийг зарсан мөнгөний баримт, гэрээнүүд, гэрчийн мэдүүлгүүд байсаар атал шүүх Х.Дг зөвхөн уг гэмт хэргийг үйлдэж олсон 166.800.000 төгрөгөөр амьдарсан мэт үзсэн нь үндэслэлгүй юм.

Би өөрийн ухвар мөчид бодолдоо хөтлөгдөн гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгэгдсэндээ асар их гэмшиж байна. Өөрт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг дээр үндэслэн давж заалдах гомдлоо бичлээ. Би уг 8 хохирогчоос авсан мөнгийг өөрийн амьдралдаа огт хэрэглээгүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.М болоод түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гэм буруугийн хувьд маргаагүй ба Ц.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 101 дугаартай прокурорын тогтоолоор Ц.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Харин хэргийг шүүхэд шилжүүлэх үед прокуророос хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийн зүйлчлэлийн талаар “...прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна. ...гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 ба түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байх ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 ны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11888 дугаартай захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байхад Ц.М нь ...хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, тэднийг ажиллах боломжоор хангаагүй, газар давхцуулан олгосон нь буруу байна“ гэж дүгнэсэн.

Уг дүгнэлтээс шүүх “залилах” гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэсэн болохоос биш тус зүйлчлэлийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг хэрхэн, яаж хэрэглэсэн болох, энэ нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдсон талаар огт дүгнэлт өгөөгүй.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг хэрэглэх болсон үндэслэлээ “Ц.М нь 13 хохирогчоос залилан авсан мөнгөөр Ховд аймагт байрлах зэсийн ордны үйл ажиллагаанд зарцуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнийг өөрийн бусад үйл ажиллагааны эх үүсвэр болгож ашигласан” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж, гагцхүү шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл, “залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг “...тухайн гэмт хэргийг үйлдэхгүйгээр амьдрах боломжгүй, тус гэмт хэргийг байнга үйлдсэний үр дүнд амьжиргаагаа залгуулсан байх, цаг хугацааны хувьд байнга тогтвортой үйлдэж амьдралын зан төлөвийн хэвшил болгосон байх” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг үндэслэн “залилах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэглэх хууль зүйн үндэслэл болох учиртай.

Иймд шүүгдэгч Ц.Мыг “залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлогдон тогтоогдохгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэргийн үйл баримтын талаар:

...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Мыг буруутгасан үйлдэл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжилж шалгаагүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлээгүйгээс дээр дурдсан үйл баримтуудаас Ц.Мт холбогдох үйлдэлд хамаарах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Тухайлбал:

1. Б.Бэс бусад хохирогч нар нь нэр бүхий компани, НҮТББ-ын нэрээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх ба тэдгээр гэрээгээр зохицуулагдаж байсан харилцаа, гэрээний агуулга бүгд ижил байна.

Эдгээр гэрээгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байршилтай “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн 5529А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Харгуйтын ам, 2426А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Өлийн ам, “Эс Жи Эйч” ХХК-ийн эзэмшлийн 9258А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Ястын ам нэртэй газарт байрлалтай талбайн зохих хэсэгт “...өөрийн хөрөнгөөр газрын гадрага дээрх овоолго бүхий эфель, галийг угааж уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж “Монгол газар” ХХК-д хүлээлгэн ...” асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Нэр бүхий хохирогч нарын хамаарал бүхий гэрээний дагуу “Монгол газар” ХХК-ийн хүлээсэн “ажиллах нөхцлийг бүрдүүлэх”, мэдээлэл, бичиг баримтуудыг цаг хугацаанд олгох”, “гэрээний заасан талбайд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахгүй байх” зэрэг үүрэг биелэгдэх боломжгүй болсны улмаас хохирогч нарыг гэрээгээр тохиролцсон газарт нь ажиллуулаагүй атлаа тэднээс гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан олгоогүй үйлдэл нь гэрээгээр халхавчилж бусдыг залилан мэхлэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл “...гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж хохирогч нараас авсан мөнгөө буцаан өгөөгүй...”  үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамаарна гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ үйл баримтын талаар Ц.М анхан шатны шүүх хуралдаан дээр “...13 аж ахуйн нэгжид яагаад газар давхцуулаад олгосон бэ гэхээр би координатыг нь тэр бүр шалгаж чаддаггүй, бас хяналт тавьдаггүй. ...би сүүлийн 3 жил Цэнхэр суманд очоогүй, хяналт тавиагүй нь миний буруу, ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин амьдралын эх үүсвэр болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэж мэдүүлсэн байдаг.

Харин анхан шатны шүүх “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар” хохирогч нарыг төөрөгдүүлсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байршилтай “Монгол газар” ХХК нь “Харгуйтын ам” гэх нэртэй газарт 5529А дугаарын, “Өлийн ам” гэх нэртэй газарт 2426А дугаарын, тус компанийн харилцан хамаарал бүхий “Эс Жи Эйч” ХХК нь Ястын ам гэх нэртэй газарт 9258А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан болох нь нотлогдож байна.

Эдгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөхөн сэргээлтийг хийхтэй холбоотой асуудлаар 8 хуулийн этгээдийн нэр дээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан нь бодитой хэрэгжих боломжтой үйл ажиллагаа байсан болох нь тухайн газарт өөр олон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтын тайлан, мэдээлэл зэргээр нотлогдож байна.

Харин хохирогч нарын тухайд гэрээлсэн талбай нь давхардсан, мэргэжлийн байгууллагуудаас тухайн талбайнуудад үйл ажиллагаа явуулахыг хориглосон, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн 5529А, 2426А, “Эс Жи Эйч” ХХК-ийн эзэмшлийн 9258А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон зэргээс шалтгаалан гэрээ нь хэрэгжих боломжгүй нөхцөл байдал нь хамгийн сүүлд гэрээ байгуулсанаас хойш гурван сараас, нэг жил дөрвөн сар гаруйн дараа үүссэн байна.

Иймээс Ц.Мыг хохирогч нартай гэрээ байгуулах үедээ “зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүндрүүлэх шинжид хамааруулсан прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

1. Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн төрөлд заасан хэд хэдэн гэмт хэрэгт байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”-ыг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуульд шинээр хуульчилсан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар осон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Шүүхийн практикт дээр дурдсан гэмт хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдэл байхаар тайлбарлаж хэвшээд байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-д хамаарах нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад бүрэн гүйцэт шалгаж, нотолсон байхыг хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан Ц.М өөрийн гэм буруугүй болохоо өрөө нотлох үүрэггүй боловч тэрээр мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ...хүмүүсээс авсан 560 сая гаран төгрөгөөр Ховдод зэсийн орд нээсэн ба манай хайгуулын охин компанийн өрөмдлөгийн ажилд мөнгөө зарцуулсан, одоо манай компани алтны болон зэсийн хайгуулын, худалдаа үйл ажиллагаа эрхэлж, “Их үүсгэл” ХХК-ийн агуулахуудыг түрээслэж орлого олж байгаа. 200 сая төгрөгийн орлоготой, би өөрөө сард 50 сая төгрөгийн орлоготой, ... амьдралын эх үүсвэр болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэж мэдүүлснийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Мын дээрх мэдүүлгийг болон тэрээр “залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх үйл баримтыг үгүйсгэсэн дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар Ц.М нь нэр бүхий 3 компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр компани нь үйл ажиллагаагаа явуулж байгаа болохыг нотолсон;

2. Гэрч Т.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг;

3. Хохирогч нартай байгуулсан гэрээ, тэдгээртэй гэрээ байгуулсны дараа эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон баримтууд;

4. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байршилтай “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн 5529А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Харгуйтын ам”, 2426А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Өлийн ам”, “Эс Жи Эйч” ХХК-ийн эзэмшлийн 9258А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Ястын ам” нэртэй газарт байрлалтай талбайд 20 аж ахуйн нэгж, 35 иргэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх эрх бүхий албан тушаалтнуудын тайлан мэдээлэл;

5. Ц.Мын хамаарал бүхий компани “...Ховдод зэсийн орд нээсэн, одоо тус компани нь алтны болон зэсийн хайгуулын, худалдаа үйл ажиллагаа эрхэлж байгаа. “Их үүсгэл” ХХК-ийн агуулахуудыг түрээслэж орлого олж байгаа.  200 сая төгрөгийн орлоготой, би өөрөө сард 50 сая төгрөгийн орлоготой...” гэх түүний тайлбар;

6. Ц.М нь нэр бүхий 13 хохирогчийн төлбөрийг бүрэн барагдуулсан баримтууд;

Дээрх баримтууд:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Ц.Мын хамаарал бүхий компани “...Ховдод зэсийн орд нээсэн, одоо тус компани нь алтны болон зэсийн хайгуулын, худалдаа үйл ажиллагаа эрхэлж байгаа. “Их үүсгэл” ХХК-ийн агуулахуудыг түрээслэж орлого олж байгаа. 200 сая төгрөгийн орлоготой, би өөрөө сард 50 сая төгрөгийн орлоготой. ...” гэх түүний тайлбар, гэрч Т.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр Ц.М нь хохирогч нараас авсан мөнгөнөөс гадна өөр орлогын эх үүсвэртэй, тухайн хохирогч нараас авсан гэх мөнгийг өөрийн амьжиргаа, амьдралын эх үүсвэр болгох шаардлагагүй байсныг болон тэдгээр хохирогч нараас мөнгийг амьжиргаандаа зарцуулж, амьдралын эх үүсвэр болгоогүй болохыг:

-Хохирогч нартай байгуулсан гэрээ нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хийгдсэн байдаг. Алт олборлох үйл ажиллагаа нь улирлын шинжтэй явагддаг. Хохирогч нартай байгуулсан гэрээний хугацааг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзвэл энэ нь нэг улирал /сезон/-ын хугацаанд хамаарахаар байгаа нь “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” байх шинжийг тодорхойлох “гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил, амьдралынх нь хэвшил болгосон”, “харьцангуй тогтвортой үйлдэл байх” хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна. Түүнчлэн тэдгээртэй гэрээ байгуулсны дараа эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Ц.М эсхүл “Монгол газар” ХХК, “Эс Жи Эйч” ХХК-ийн үйл ажиллагаанаас үл хамааран өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал болохыг:

-Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байршилтай “Монгол газар” ХХК, “Эс Жи Эйч” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 20 аж ахуйн нэгж, 35 иргэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх эрх бүхий албан тушаалтнуудын тайлан, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тухайн талбайд хохирогч нартай гэрээ байгуулсан үйлдэл нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилгогүй байсан. Харин хохирогч нартай байгуулсан гэрээ нь хэрэгжих боломжгүй болсны дараа тэднээс авсан мөнгөө буцаан өгөөгүй хохироосон болохыг:

-Ц.М нэр бүхий 13 хохирогчийн төлбөрийг бүрэн барагдуулсан баримтууд нь “залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” байх шинжийг тодорхойлох “гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон”,  “амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон” гэх хууль зүйн ойлголтыг үгүйсгэж байна. Товчхондоо хэрвээ Ц.М нь хохирогч нараас авсан мөнгийг өөрийн болон гэр бүлийн, эсхүл хамаарал бүхий хүмүүсийн амьжиргаанд зарцуулсан бол энэ хохирлыг төлөх болмжгүй байх байсан болохыг... тус тус хангалттай нотлож байна.

Иймд прокуророос Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүргийн хүрээнд хангалттай баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог бүхэлд нь бүрдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндсэн шалгуурын нэг болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн зарчмын хүрээнд Ц.Мын бусдыг залилсан үйлдэлд уг гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж байгаа эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-д хамаарах нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Ц.М нь “залилах” гэмт хэргийг “амьдралынхаа эх сурвалж болгосон” болохыг хангалттай баримтаар нотлож чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан уг хүндрүүлэх шинжийг үгүйсгэсэн хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..., шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгч...,-д ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг үндэслэн Ц.Мын нэр бүхий 13 хүнийг залилан мэхэлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...бусдад..., эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэнд хамааруулан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, эсхүл “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр заасан.

Ц.М нь анхан шатны шүүх хуралдаан дээр “залилах гэмт хэрэг үйлдсэнээ” хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийг зөв тогтоон өгөх хүсэлтийг гаргасан байна.

Түүнчлэн хохирогч нарт төлөх бүх төлбөрийг төлсөн болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гурав. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт:

Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолын Ц.Мт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, торгох  ялаар шийтгэж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Шүүгдэгч  Х.Дгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолд заасан “...Ц.Мын зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах алтны уурхайд очиж ажилласнаас хойш 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Монгол газар” ХХК-ийн газраас түрээслэнэ гэж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байх тул түүнийг уг мөнгөөр өөрийн амьжиргааг залгуулах эх үүсвэр болгосон гэж үзэх үндэстэй байна. Түүнийг 2017 онд хорих ангиас суллагдсан үеэс гар урлал, уран дарханы үйл ажиллагаа, Говь-Алтай аймгийн Тайшир суманд жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоогүй ба түүний хамтран амьдрагч Ундралын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Таван Богд” ХХК-иас 235.500.000 төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер” автомашин, “Соёмбо” хотхоны 55 дугаар байрны 20 тоот байр нь Х.Дд хамааралгүй байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтанд үндэслээгүй дүгнэлт болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Х.Д нь Ц.Мтай тохиролцож “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байрлах “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2000 гаруй га газарт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулахаар тус компанийн захирал Ц.Мтай тохиролцож, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөрт Ц.М нь “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 90 га газрыг ашиглах, эзэмших эрхийг олгож, түүнээс олсон орлогоороо харуул хамгаалалтын ажилтны цалин хөлс, хоол хүнс, унааны зардлыг Х.Д хариуцан ажиллаж, Ц.Маас харуул хамгаалалтын ажилтны цалин хөлс, бусад зардлын мөнгө огт авч байгаагүй, Х.Д нь гэмт хэргийн улмаас олсон орлого, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэр бүлийн хэрэгцээ, амьжиргаандаа бус харин “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулан болох нь:

гэрч Ц.Мын “... яллагдагч Х.Дд болон түүний ажилчдад цалин өгдөг байсан эсэх” гэсэн мөрдөгчийн асуултанд хариулахдаа “Би Х.Дд цалин хөлс өгч байгаагүй. Газар ухах гэрээнээсээ л мөнгө гаргадаг байсан” гэх мэдүүлэг /3хх 80/,

гэрч Б.Цын “Х.Д надад “Би “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын даргын ажлыг авчихлаа, хамт ажиллая гэсэн. ...би тэнд кэмпийг хариуцахаар болж, гэрээ хийгээд сарын 1.500.000 төгрөгийн цалин авахаар болсон. ...Х.Д эхнэр А.Уаа караокены өрөө түрээсэлж байсныг мэднэ. Хороололын “Рояал хаус” гээд буудлын караоке байгаа, би тэнд 2-3 удаа очиж байсан. Хэр удаан түрээсэлсэн, хэдэн төгрөгийн ашиг олсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3хх 96/,

гэрч Э.Аийн “Х.Д ахын удирдлага доор манай хамаатны Тото хочтой Ц, мөн Д, , Н Д нарын хүмүүс миний мэдэхээр байдаг байсан. Би Х.Д ахтай гэрээ байгуулаагүй, сарын 1.000.000 төгрөгийн цалингаар ажилласан. Цалин нь “Монгол газар” ХХК-иас тавигдах ёстой гээд тэр газраасаа өгдөггүй байсан юм шиг байна лээ, гэхдээ бол Х.Д ахаас цувуулаад мөнгө авдаг байсан.” гэх мэдүүлэг /3хх 99/,

Х.Дгийн гэрт нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Анхан шатны шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн, харуул хамгаалалтын гэрээ, үйлчилгээ үзүүлэх гэрээ,

А.Уын Хаан банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Х.Д нь иргэний бүртгэл мэдээллийн бүртгэлээс шалтгаалан өөрийн гэсэн дансгүй, эхнэр А.Уын дансаар өдөр тутмын гүйлгээ, орлого, зарлага хийдэг байсан, энэхүү дансны дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл хохирлын нийт дүн болох 166.800.000 төгрөгийн хохирлоос их мөнгө уг дансаар орж гарсан, хэрэв амьдралын их үүсвэр, амьжиргаагаа гэмт хэргийн улмаас олсон хохирлоор залгуулж байсан бол 235.000.000 төгрөгийн үнэ бүхий өндөр үнэтэй, тансаг машин хэрэглэх шаардлага, боломж байхгүй болох нь тодорхой юм. Мөн “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилд 2 жил гаран 10 гаруй ажилчдад цалин хөлс өгч, хоол, унааны зардлыг өөрөөсөө гаргаж байсан болохыг шүүх хэрхэн үзсэн нь тодорхойгүй, дансаар орсон бусад орлогыг шүүх хэрхэн тайлбарлаж байгаа болох нь ойлгомжгүй, уг баримтыг үгүйсгэх нотлох баримтыг дурдаагүй байна.

“Байнга үйлдэж, амьдралын их үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь:

“Нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг орлого олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарвал зохино”. /УДШ-ийн 2020.10.29-ний өдрийн 563 дугаартай тогтоол/

Мөн “Байнга үйлдэж, амьдралын их үүсвэр болгосон” гэдэг ойлголтод “Амьдралынхаа хэр хугацааг зарцуулсан, тухайн гэмт хэргийн орлогоос өөр амьдрах эх үүсвэр, орлого байсан эсэхээс хамаарч зүйлчлэгдэх ёстой. /УДШ-ийн 2020.12.18-ний өдрийн 684 дугаартай тогтоол/

Гэтэл анхан шатны шүүх Х.Дгийн үйлдэл эдгээр шинжийг хэрхэн яаж хангаж, юугаар нотлогдсон болохыг дурдаагүй, хохирол болох 166.800.000 төгрөгийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн амьжиргааг хэрхэн, яаж залгуулж байсан нь ямар нотлох баримтаар нотолсон болохыг заагаагүй, Х.Д нь амар хялбар аргаар ашиг олох зорилгыг хэрхэн байнга эрэлхийлж байсан, өөрийн орлогын их үүсвэр болох Харуул хамгаалалтын ажлын гэрээ, гар урлалын гэрээ, Говь-Алтай аймаг дахь кемпийн үйл ажиллагааны орлогыг хэрхэн үгүйсгэж байгаа нотлох баримтыг мөн дурдаагүй нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Яллагдагч, шүүгдэгч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй ба харин мөрдөгч, прокурор, шүүх нь Х.Дг гэмт хэргийн улмаас орсон орлогоор амьдарч байсан, өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулж байсан гэж үзвэл нотлох үүрэг нь тэдэнд байгаа юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Дг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай анггийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-т заасныг өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч нарыг гомдол саналгүй болгосон зэргийг харгалзан торгох ялаар сольж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2018 онд манай компани 45 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Өнөөдрийн ярьж буй асуудал нь 2018 оны асуудал байгаа. 2016, 2017 онуудад ямар ч хэл амгүй алтаа олборлоод ашгаа гаргаж авсан. 2018 онд 45 аж ахуйн нэгжийн 38 аж ахуйн нэгж нь алтаа олборлоод бүрэн дүүрэн ажиллаад намар буусан байдаг. 8 аж ахуйн нэгж гомдол гаргасан. Миний буруугаас болоод хохирол учирсан байгаа. Хэдийгээр газрыг хариуцсан ажилтан, инженер, геологийн мэргэжилтэй ажилтанууд байдаг ч гэсэн би хяналт тавиагүй, шалгаж очоогүй, шаардлага тавиагүй. Хохирогч нарын мөнгийг өөрийнхөө охин компаниуд болон бусад өөрийнхөө зардалд зарцуулсан учраас би буруугаа хүлээж байна. Анхан шатны шүүхийн “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсны дараа мөнгийг буцааж өгөөгүй” гэсэн дүнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ингээд хохирогч нарын хохирлыг бүгдийг нь төлсөн. Би нийт 23 жил уул, уурхайн салбарт ажиллаж байна. Монгол Улсын Эрдэнэсийн санд 15 тонн алт тушаасан. “Амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлж зүйлчилсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Д.Батсүхээс “зохимол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэж байна. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсугай” гэсэн шүүгчийн захирамж гарсан. Тэгэхээр уг компани эрх зүйн чадамжгүй болсон байсан. Гэтэл уг компанийн нэрийг барьж нэр бүхий иргэдээс мөнгө аваад байдаг. Хохирогч нар өөрсдөө мөнгөө аваачиж өгөөд байдаг. Мөнгөө өгөх болсон шалтгаан нь “Монгол газар” ХХК-тай холбоотой. Хохирогч нар компани дампуурсан эсэхийг мэдэхгүй. Хохирогч нар “Монгол газар” ХХК болон Ц.Мт итгээд мөнгөө өгөөд байдаг. Компани байхгүй болсон байхад байгаа мэтээр гэрээ байгуулж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн. Мөн “амьдралын эх үүсвэр болгосон, байнга үйлдсэн гэх шинж байхгүй” гэж байна. Шүүгдэгч Ц.Маас “2016 оны 9 дүгээр сарын 16-наас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулаад орлоготой байсан, улсад татвар төлсөн” гэх боловч энэ асуудал нь тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.М анхан шатны шүүх хуралдаанд “би өөрөө сард 50.000.000 төгрөгийн орлоготой, манай компани 200.000.000 төгрөгийн орлоготой” гэж мэдүүлсэн. Гэхдээ энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Тухайн компанийх нь нягтлан бодогч Хишигзул гэх хүн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Шүүх хуралдаанд “манай компани орлоготой” гэж мэдүүлсэн боловч татвар төлсөн болон бусдад цалин олгосон талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Энэ талаараа хангалттай нотолж чадаагүй. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд 2 жил шалгагдсан. Энэ хугацаанд шүүгдэгч Ц.М хохирлыг барагдуулж чадаагүй. Яллах дүгнэлт үйлдсэний дараа хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Хохирлын 568.000.000 төгрөг нь шүүгдэгч Ц.Мын мэдүүлсэнээр бол 2 сарынх нь л орлого байдаг. Шүүгдэгч Ц.М болон түүний хамаарал бүхий этгээд болох нягтлан бодогч Хишигзул нарын өгсөн мэдүүлэг хангалттай нотлогдоогүй тул амьдралын эх үүсвэр болгож, байнга үйлдсэн гэж үзсэн. Мөн “Монгол газар” ХХК-ийг дампуурсны дараа аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй гэрээ байгуулаад мөнгийг нь авсан байдаг. Иймд шүүгдэгч Ц.Мын хувьд зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд “гар урлалын чиглэлээр компаниудтай гэрээ байгуулсан” гээд гэрээ гаргаж өгсөн. Гэхдээ гэрээ байгуулсан боловч гэрээ биелэгдсэн эсэх, гэрээний дагуу тодорхой хэмжээний орлого олсон эсэх талаар баримт байдаггүй. Иймд тодорхой хэмжээний орлого олсон гэж үзээгүй. “Соёмбо” хотхоны орон байр, тээврийн хэрэгсэл нь Ундрал гэх хүний нэр дээр байсан. Х.Дгийн нэр дээр эд хөрөнгө байгаагүй. Өмгөөлөгчөөс “амьдралын хэвшил болсон зүйл байхгүй” гэж байна. Шүүгдэгч Х.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. Шийтгүүлсэнийхээ дараа энэ аргаараа дахин гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байдаг. Тэгэхээр амьдралынхаа хэвшил болгосон гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч Х.Дгийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.М нь:

1. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас иргэн Д.Птай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Б.Эод Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 55.000.000  төгрөгийг,

2. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас хохирогч Д.Птэй 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 32.000.000 төгрөгийг,

3. Хохирогч Г.О нь Монгол газар ХХК-ийн 10 га газрыг түрээслэхээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буянтын 5315090640 дугаарын Хаан банкны дансаар 70.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөн дансанд  26.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн  Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглахаар Д.Цэндээгийн нэрээр 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол газар ХХК-тай 12/11 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, мөн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглахаар Д.Нандинцэцэгийн нэрээр 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Монгол газар ХХК-тай 08/41 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” тус тус байгуулан 5.000.000 төгрөг, нийт 101.000.000 төгрөгийг,

4. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас хохирогч Ж.Бээс 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 60.000.000 төгрөгийг гэрээний төлбөрт авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглахаар 12/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 60.000.000 төгрөгийг,

5.  Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас иргэн Э.Бтай 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 06/04 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Л.Мд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 25.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээг сунган дахин гэрээ байгуулж, сунгалтын төлбөрт 10.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг,

6. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас иргэн Х.Бат-Өлзийтэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/46 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Ө.Жд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Өлийн ам нэртэй 2426 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 30.000.000 төгрөгийг,

7. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас иргэн Х.Бтэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/46 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Ө.Од Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Өлийн ам нэртэй 2426 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 15.000.000 төгрөгийг,

8. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас иргэн Х.Б 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/46 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Л.Мт Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Өлийн ам нэртэй 2426 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг,

9. Эм Жи Эйч ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас Сөртийн гол ХХК-ийн захирал иргэн Н.Жтай түлш нийлүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Б.Бээс гэрээний төлбөр гэсэн утгатайгаар 50.000.000 төгрөгийг,

10. Монгол газар ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас Далайн гүнж ХХК-ийн захирал С.Бтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09/42 дугаартай “Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 116.000.000 төгрөгийг,

11. Эм Жи Эйч ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас Цэнхэрийн хөгжил НҮТББ ХХК-ийн захирал Т.Жтай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Ястын ам нэртэй 9258 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 29.791.800 төгрөгийг,

12. Эм Жи Эйч ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас Цэнхэрийн хөгжил НҮТББ ХХК-ийн захирал Т.Жтай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, хохирогч Н.Бд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Ястын ам нэртэй 9258 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 12.000.000 төгрөгийг,

13. Эм Жи Эйч ХХК-ийн ерөнхий захирлын байр сууринаас Т.Жавзандуламтай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, хохирогч Г.Б.Эод Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Ястын ам нэртэй 9258 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 12.500.000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 568.291.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Х.Д нь: 

1. Хохирогч Г.Отай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын ам нэртэй 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 40.000.000 төгрөгийг,

2. Хохирогч Г.Мд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Ястын ам нэртэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 20.000.000 төгрөгийг,

3. Хохирогч Д.Оаас 2018 оны 1 дүгээр сарын үед “Монгол газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж 20.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Б.Таас 2017 оны 11 дүгээр сард “Монгол газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж 15.000.000 төгрөгийг,

5. Түвд майнинг ХХК-ийг төлөөлөн Блюгоулд ХХК-ийн захирал Ш.А 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 00/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Өлтийн гол нэртэй 2426 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг,

6. Түвд майнинг ХХК-ийг төлөөлөн Цаст Очирваань ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00/04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Өлтийн гол нэртэй 2426 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт хохирогч Ж.Нээс 3.000.000 төгрөгийг,

7. Түвд майнинг ХХК-ийг төлөөлөн Бэсүд жонон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ттай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Харгуйт голын 5529 А ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар гэрээний төлбөрт хохирогч С.Маас 20.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж хохирол учруулан,

8. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд байсан 4 ширхэг Ёмкость худалдана гэж 19.000.000 төгрөг шилжүүлэн авсан атлаа 2 Ёмкостийг бусдад худалдан Н.Зд 8.800.000 төгрөгийн хохирол учруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 166.800.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Э /2хх 220-221/, Г.О /2хх 209-210/, Д.П /2хх 229-230/, Г.О /2хх 226-227/, /4хх 116-116/, Л.М /7хх 188/, Ж.Б /7хх 114-115/, Ө.Ж /8хх 4-9/, Ө.О /8хх 11-12/, Л.М /8хх 14/, Б.Б /8хх 218-222/, С.Б /10хх 28-29/, Т.Ж /5хх 151-152/, Н.Б /5хх 155-156/, Г.Б.Э /5хх 158-159/, Д.О /2хх 217-218/, Б.Т /2хх 223-224/, Ш.А /4хх 138-139/, Ж.Н /5хх 167-170/, С.М /7хх 147/, Н.З /11хх 47-48/,

гэрч Ч.Б /2хх 235-236/, Л.Э /2хх 239-240/, Д.П /3хх 1-2/, М. /3хх 16-17/, Ч. /3хх 22-23/, Ж.Э /3хх 19-20/, Г.Л /3хх 28-29/, Н.А /3хх 30-31/, гэрч Д.Б /3хх 60-61/, Б.Б /3хх 63-64/, Д.Б /3хх 67-67/, Т.Д /4хх 190/, Х.Э /4хх 191/, Г.Т /4хх 192-193/, Т.Д /4хх 192-193/, Д.О /7хх 193/, Э.Б /7хх 191/, Х.Б /8хх 26/, Н.Ж /8хх 223-225/, Д.Б /8хх 232-233/, Л.Д /10хх 50/, Ю.Ч /10хх 58/, С.Т /7хх 150/, Б.Ч /11хх 54-55/ нарын мэдүүлгүүд,

 

Д.Паас 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Гэрээний төлбөр" гэсэн утгатай 55,000,000 төгрөг төлсөн талаарх кассын орлогын ордер /2хх 174/, Ц.М, Д.Пдаш нарын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ /2хх 166-168/, Ц.М, Д.П нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 02/23 дугаартай Хамтран ажиллах гэрээ /2хх 200-203/, Г.Оын гаргаж өгсөн Ц.М Д.Ц нарын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 12/11 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” /2хх 176-178/, Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б 5315090640 дугаарын данс руу 20,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26,000,000 төгрөгийг тус тус “Ос” гэсэн утгатай шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2хх 195-196/, Ц.М, Т.Д.Псүрэн нарын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /2хх 184-188/, Ц.М Г.Д.Псүрэн нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 12/07 дугаартай Хамтран ажиллах гэрээ /9хх 127-129/, “Монгол Газар” ХХК-иас “Онолт мөнх” ХХК-д хүргүүлсэн “...та бүхнийг хохиролгүй болгох үүднээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн танай компанитай байгуулсан 12 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г тус гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж буйг үүгээр мэдэгдэж байна. Иймд танай компанийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох төлбөр тооцооны асуудлыг тус компанийн санхүүгийн албатай холбогдож шийдвэрлүүлнэ үү” гэсэн мэдэгдэл /7хх 97/, Ж.Б, Ц.М нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 12/01 дугаартай гэрээ /7хх 99-101/, Ж.Бэс “Монгол газар” ХХК-д "гэрээний төлбөр” гэсэн утгатай 60,000,000 төгрөг тушаасан болохыг тогтоосон кассын орлогын ордер /7хх 102/,

Ц.М, Э.Б нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /7хх 215-221/, Ц.М, Х.Б нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 04/46 дугаартай Хамтран ажиллах гэрээ /8хх 51-55/, "Монгол газар” ХХК-д Б.Б 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Гэрээний төлбөр” гэсэн утгатай 50,000,000 төгрөг шилжүүлсэн кассын орлогын ордер /8хх 206/, Ц.М, Н.Ж нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ /8хх 207-209/, С.Бас 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Б дансанд 40,666,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /10хх 75/, С.Б 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монгол газар” ХХК-д гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай 7,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5006150078 дугаартай дансны хуулга /10хх 81/, С.Баас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Монгол газар” ХХК-д газрын үнэ гэсэн гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /10хх 82/, С.Баас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газар” ХХК-д нэмэлт гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /10хх 88/, С.Баас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Монгол газар" ХХК-д газрын үнэ гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /10хх 89/, Ц.М, С.Б нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ /10хх 90-94, 95-100/, С.Баас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Монгол газар" ХХК-д гэрээ гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /10хх 101/, Ц.М, Т.Ж нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" /5хх 144-148/, Х.Д, Г.О нарын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ /2хх 158-159/, Г.Маас 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5009743804 дугаарын данснаас “Мгаас газрын төлбөр Х.Дд” гэсэн гүйлгээний утгатай 20,000,000 төгрөгийг А.Уын "Хаан" банкны 5011417607 дугаартай дансанд шилжүүлсэн болохыг нотолсон А.Уын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 61/, Д.Оаас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 5135447799 дугаарын данснаас "газрын үнэ Оаас” гэсэн гүйлгээний утгатай 20,000,000 төгрөгийг А.Уын “Хаан" банкны 5011417607 дугаартай дансанд шилжүүлсэн болохыг нотолсон А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 57/, Х.Д, Ш.А нарын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан 00/02 дугаартай хамтран ажиллах гэрээ /5хх 130-136/, А.Уын “Хаан” банкны 501141/607 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 57-90/, Ж.Нэй холбоотой Х.Д, П.Э нарын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 00/04 дугаартай Хамтран ажиллах гэрээ, А.Уын нэр дээрх 5011417607 дугаарын дансанд 20,000,000 төгрөг хүлээн авав гэсэн гэрээний нэмэлт хавсралт /2хх 54-59/, Х.Д, С.Т нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 21- ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ, 5011417607 дугаарын дансаар 20,000,000 төгрөг хүлээн авсан талаарх гэрээний нэмэлт хавсралт /7хх 134-138/, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "Бэсүд Жонангаас Х.Дд” гэсэн утгагай 5011417607 дугаарын дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон С.Мын Хаан банкны 5019710481 дугаартай депозит дансны хуулга /7хх 141/,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 4 ширхэг Ёмкостийг 17,600,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 70-74/, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Цэнхэр сумын Орхон багт алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаартай танилцуулга /2хх 136-138/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Прокуророос Ц.М, Х.Д нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол ...” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх шинжийг тодорхойлж, ял шийтгэл оногдуулахаар заажээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгон хэрэглэхээр практик тогтоожээ.

 

Шүүгдэгч Ц.Мын үүсгэн байгуулсан Монгол газар ХХК нь төлбөрийн чадваргүй болж, улмаар Ц.М нь шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол газар ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцжээ.

 

Шүүгдэгч Ц.М нь шүүхээс Монгол газар ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсоныг мэдсээр байж уг компаний нэрийн өмнөөс иргэд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, уг гэрээнүүдийн үндсэн дээр бусдаас төлбөр авчээ.

 

Шүүгдэгч Ц.М нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудад төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой газруудад иргэд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан алт олборлуулах үйл ажиллагаа явуулж, зохих төлбөр авч байсан боловч зарим иргэд, хуулийн этгээдтэй алт олборлуулах үйл ажиллагаа явуулах нэрээр гэрээ байгуулж, төлбөрийг урьдчилан авч, улмаар тухайн иргэд, хуулийн этгээдийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажиллах ашиглалтын талбайг давхардуулсан зэргээр эхнээсээ гэрээ биелэгдэх боломжгүйг мэдсээр байж тэднээс төлбөр авах санаа зорилгоо уртал болгож, урьдчилж авсан мөнгөө компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан байдал тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.М нь иргэд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан алт олборлуулах үйл ажиллагаа явуулахад бус уг иргэд, хуулийн этгээдээс мөнгөний эх үүсвэр бүрдүүлэн компанийхаа үйл ажиллагааг явуулах санаа зорилгыг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтХуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭнэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

Дээрх хууль зүйн зохицуулалтын агуулгаас үзэхэд, хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө болон бусдаар үйлдүүлсэн байх, уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгай ангид заасан байх тус тус нөхцлийг хангасан байхыг шаарджээ.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас бусад гэмт хэрэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд болон хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд зөвхөн хувь хүний үйлдэлд нь гэмт хэргийн шинж байгаа бол хариуцлага хүлээлгэнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд эрүүгийн харицулага хүлээлгэхээр заагаагүй байх тул хувь хүн хариуцлага хүлээнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдэл хамаарах бөгөөд энэ шинжүүд нь хувь хүний үйл ажиллагаатай илүү холбоотой утгыг илэрхийлжээ.

 

Хуулийн этгээд нь өөрийн хэлбэр, бүтэц, үйл ажиллагааны онцлог бүхий зохион байгуулалтын нэгдэл бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.М нь хэд хэдэн хуулийн этгээдээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг, тухайн компаниуд нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлдэг ажилчидтай /нягтлан, хуульч гэх мэт/ болох нь тогтоогдож байх бөгөөд тэдэнд цалин хөлс өгч ажлуулж байсныг хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулсан гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн нэр бүхий хохирогч нараас гадна иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажлуулж, тэднээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж байсан нөхцөл байдал авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд нэр бүхий иргэд, хуулийн этгээдийг залилан мэхэлсэн шүүгдэгч Ц.Мын үйлдэлд тухайн гэмт хэргийг “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж байхгүй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ц.Мын бусдыг 13 удаагийн үйлдлээр залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бусдад ..., эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэсэн шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Д нь “Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулахаар тус компанийн захирал Ц.Мтай тохиролцож, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөрт Ц.М нь “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг ашиглах, эзэмших эрхийг олгож, түүнээс олсон орлогоороо харуул хамгаалалтын ажилтны цалин хөлс, хоол хүнс, унааны зардлыг Х.Д хариуцан ажиллаж, Ц.Маас харуул хамгаалалтын ажилтны цалин хөлс, бусад зардлын мөнгө авч байгаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Үүнээс үзэхэд, шүүгдэгч Х.Д нь гэмт хэргийн улмаас олсон орлого, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дээрх байдлаар компаний харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхээр байх тул түүний 8 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бусдад ..., эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэсэн шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн “…хуурч мэхлэх арга…”-д бусдын эд хөрөнгийг авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдал хамаарна.

 

Мөн “…итгэл эвдэх арга…”-д гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.

 

Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг.

 

Анхан шатны шүүхээс шүүдэгч Ц.М, Х.Д нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

 

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

 

Иймээс давж заалдах шатны шүүх шүүдэгч Ц.М, Х.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлын хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзлээ.

 

Шүүдэгч Ц.М, Х.Д нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дүгнэлт хийж, түүнчлэн үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэмжээг баримтлан тусгай ангийг хэрэглэх үндэслэл, зарчимд нийцсэн байх тул ерөнхий ангийн заалтыг удирдлага болгох хууль зүйн техникийн хэрэгцээ шаардлага байхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Д.Батсүх, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.М, Х.Д нарт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон тус бүрийн 83 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор заав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, шүүгдэгч Х.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Бумба бурхан овогт Цэвээнжавын Ц.М, Түвд овогт Хоролсүрэнгийн Х.Д нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Бумба бурхан овгийн Цэвээнжавын Ц.М, Түвд овгийн Хоролсүрэнгийн Х.Д нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ц.Мыг 6 /зургаа/ жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Х.Дг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мыг 6 /зургаа/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Дг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...”  гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Х.Д нар нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                                Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                                Т.ӨСӨХБАЯР