| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ны О-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн ..суманд төрсөн, .. настай, эмэгтэй, яс үндэс .., бүрэн дунд боловсролтой, сүлжих машины оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., нөхөр, .. хүүхдийн хамт, ... аймгийн ... сумын .. дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ны О /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь согтуурсан үедээ хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Оргилох хувь заяа хуулийн этгээдийн ажилтнуудын амьдрах байранд 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч Г.Э-ийн эзэмшлийн нөтбүүк эд хөрөнгийг хулгайлж түүнд 5,093,328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь согтуурсан үедээ хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Оргилох хувь заяа хуулийн этгээдийн ажилтнуудын амьдрах байранд 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч Г.Э-ийн эзэмшлийн нөтбүүк эд хөрөнгийг хулгайлж түүнд 5,093,328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч С.А-ийн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Ө.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Ү.Д-ын мэдүүлэг /хх-ийн 18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-40/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-725-912718 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-54/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын 20.. оны .. сарын ...-ны өдрийн .... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 78-80/, тэмдэглэл, шүүгдэгч Ж.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж-ны О /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж-ны О-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийн эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б