| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03942/И |
| Дугаар | 181/ШШ2023/00044 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2023/00044
| 2022 12 23 | 181/ШШ2023/00044 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 288,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, харин хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул зохигч талуудыг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г СӨХ нь хариуцагч Н.Б ад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 288,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40-н мянгат, 62 дугаар байрны 13 тоот байрны өмчлөгч Н.Б нь Г СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлын төлбөрөө 2021 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа буюу 288,900 төгрөгийн өр авлага үүсээд байгаа учир нийт оршин суугчдын эрх ашгийн үүднээс 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ.
Н.Б нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа, нийт оршин суугчдын орон сууцны дундын ашиглалтын засвар үйлчилгээ хийгдэх боломжгүй болж иргэд оршин суугчид хохирч буй тул төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.
Төлбөр шаардах үндэслэл нь Г СӨХ нь Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гишүүн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоол гарч засвар үйлчилгээний хуримтлалын хураамжийг шинэчлэн батласан бөгөөд уг тогтоолд заасан үнээр бус 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 06 тоот тогтоолд заагдсан үнээр Н.Б ын 50 м.кв байрыг 300 төгрөгөөр тооцож 15,000 төгрөг, цэвэрлэгээний зардал 4500 төгрөг, дундын цахилгааны зардал 3500 төгрөг, баримтын зардал 150 төгрөг, нийт 23,150 төгрөгийг 1 сарын засвар үйлчилгээний хуримтлал болгон нэхэмжилж байгаа болно.
Иймд Н.Б аас Г СӨХ-ны засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 288,900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...миний бие 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөдөө яаралтай ажлаар явах болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.
Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Г СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Төрийн банкны хуулгаар харагдаж буй 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 288,900 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөөгүй нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбараа гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Г СӨХ-ны бүртгэлийн 13/053 дугаартай гэрчилгээний хуулбар, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Амаржаргалтай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн болон 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоол, хавсралтын хуулбарууд, 62 дугаар байрны 13 тоот орон сууцны эзэмшигч Н.Б ын 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийг харуулсан Төрийн банкны баримт, тодорхойлолт /хх 4-13/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Г СӨХ нь хариуцагч Н.Б аас 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 288,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариу тайлбараа гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, харин хариуцагч Н.Б ад шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсгүүдэд зааснаар зохигч талуудыг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60, 62, 69 дүгээр байрны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажилладаг ба 62 дугаар байрны 13 тоот орон сууцны СӨХ-ны төлбөр 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал 14 сарын хугацаанд төлөгдөөгүй, 288,900 төгрөг хуримтлагдсан болох нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан Г СӨХ-ны бүртгэлийн 13/053 дугаартай гэрчилгээний хуулбар, 62 дугаар байрны 13 тоот орон сууцны эзэмшигч Н.Б ын 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийг харуулсан Төрийн банкны баримт, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын жишиг үнийг тогтоосон байх бөгөөд уг тогтоолд заасан үнээр тооцож нэхэмжилсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзлээ.
5. Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Г СӨХ-ны хувьд хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Н.Б аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 288,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар хариуцагч Н.Б аас 288,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 9320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН