Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03977

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03977

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо тоот “О” ХХК /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20  дугаар хороо өөрийн байр “Т” ХХК /РД:/

 

Тус бүр нь 1,000 м.кв талбай бүхий, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Я.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан тус бүр нь 1,000 м.кв талбай бүхий, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

1.1. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр “О” ХХК-иас 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах, “Т” ХХК нь Улаанбаатар хотод байрлах тус бүр 1000м2 талбай бүхий халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган мөн хотын Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо .... урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлэх, барих, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, ашиг хуваарилах үүргийг хүлээж, олсон ашгийн 51 хувийг “О” ХХК, 49 хувийг “Т” ХХК авахаар тохиролцож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.  

 

1.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогдсон. Харин “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан ба мөн хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд хэн нэгэнд худалдах, барьцаалахыг хориглосон байтал “Голомт банк” ХХК-ийн барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэн. Иймд манайх хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 108,672,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох буюу цуцлахад саад болохгүй, түүнтэй холбоотой гарах үр дагаврыг шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдсан.   

 

1.3. Үүнээс хойш гэрээгээ үргэлжлүүлэх эсэх асуудлаар “Т” ХХК-д удаа дараа хандсан, уулзалт хийсэн боловч ямар ч үр өгөөж өгөөгүй, тайлан мэдээ ирүүлээгүй, харин дахин хөрөнгө оруулалт хийвэл хамтран ажиллах боломжтой гэсэн тул бид гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Мөн гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан 4000 м2 талбайтай хүлэмжийн 51 хувийг “О” ХХК-ийн өмчлөлд шилжинэ гэж тохиролцсоноор шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд тус түр нь 1000м2 талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж хамтран ажиллахаар болж, манай компанийн өөр газарт байсан 4 хүлэмжийг буулгаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед манайхыг  “Голомт банк” ХХК-иас зээлтэй гэдгийг “О” ХХК-ийн захирал Н.Э мэдэж байсан бөгөөд манайхыг хариуцсан зээлийн эдийн засагчтай очиж уулзсан байсан. Үүнийг нуун дарагдуулснаас гэрээнээс татгалзсан гэж худлаа ярьж байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрүүлсэн.   

 

2.2. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч тал 100 сая төгрөгөө л өгсөн, гэтэл манайх ус, дулаан, тог цахилгаан, ажилчдын цалин гээд бүх зардлыг гаргасан. Дээрээс нь хураасан ногоогоо 100 хувь нэхэмжлэгч тал авч байсан, надаар гарын үсэг зуруулаад бүгдийг авсан мөртлөө шүүхэд баримт гаргаж өгдөггүй. Би агрономич мэргэжилтэй бөгөөд дахин боловсруулах цех байгуулж ногоогоо даршилж байсан, эднийх даршилсан ногоог бүгдийг авсан. Хамтран ажиллаж байгаа тохиолдолд талууд бүх зардлаа хасаад үлдсэн ашгийг хувь тэнцүүлж хуваарилах ёстой байтал нэхэмжлэгч тал нь оруулсан 100 сая төгрөгөө авна гэж нэхэмжилсэн, гэтэл ямар ч зардал хариуцахгүй хураасан бүх нарийн ногоог авсан нөхцөл байдал шүүхээр тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон.

 

2.3. Хамтран ажиллах гэрээгээр “О” ХХК нь оруулсан хөрөнгө оруулалт 100 сая төгрөгөө авна, бас ашгийн 51 хувийг авна, дээрээс нь хүлэмжийн 51 хувийг авна гэсэн байгаа нь хэт нэг талыг барьсан, тэгш бус гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээтэй холбоотой асуудлыг өмнө шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжэ маргасан.

 

3. Нэхэмжлэгчээс “О” ХХК-ийн дүрэм, “О” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан тоотууд, “Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05/859 дугаар тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/811 дугаар  тодорхойлолт, хүлэмжийн хөрөнгө оруулалт гэх тооцоо нийлсэн баримт, тооцооны үлдэгдлийн бараа,  Хаан банкны орлогын мэдүүлгүүд, бэлэн мөнгөний зарлагын баримт, 4,000 м.кв талбай бүхий нийлэг  хальсан хүлэмж нүүлгэж, барихад болон нөөшлөх цехийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтын тухай баримт, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны чекийн баримт, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаартай магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаартай шийдвэр, гэрэл зургууд, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/001 дугаартай хамтран ажиллах гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-6-11, 13, 15-55, 64-68, 95-117 дугаар тал/

 

4. Хариуцагчаас “Т” ХХК-ийн дүрэм, нотлох баримтаар гаргаж өгсөн. /ХХ-ийн 71-73 дугаар тал/

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаартай шийдвэртэй хэргээс хариуцагчийн хүсэлтээр нотлох баримт шинжлэн судалж, хуулбарлан хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу хөрөнгө оруулалтад 108,672,000 төгрөг төлсөн ба энэхүү гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалтаа шаардсан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш гэрээний харилцаа үргэлжлээгүй бөгөөд гэрээний 5 жилийн хугацаа дууссан. Иймд гэрээгээр 4000м2 талбай бүхий халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийн 51 хувийг “О” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Иймд 1000м2 талбай бүхий 2 хүлэмжийг шаардах эрхтэй гэжээ.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтаа буцаан авна, мөн ашгийн 51 хувийг авна, хүлэмжийн 51 хувийг авна гэж шударга биш, тэгш бус гэрээ байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулалтаа буцаан авна гэсэн нэхэмжлэл гаргахад ямар ч зардал хариуцахгүй хураасан бүх нарийн ногоог авсан нөхцөл байдал шүүхээр тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргав.  

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр “О” ХХК-иас 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах, “Т” ХХК нь тус бүр 1000м2 талбай бүхий халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо .... байршилтай газарт нүүлгэн шилжүүлэх, барих, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үүргийг хүлээж, энэхүү хамтын ажиллагаанаас олсон ашгийн 51 хувийг “О” ХХК, 49 хувийг “Т” ХХК авахаар тохиролцжээ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлалаар талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр “О” ХХК-ийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, “Т” ХХК-ийг Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000м2 талбай 4 ширхэг хүлэмжийг буулган 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо .... байрлах газарт нүүлгэн шилжүүлж барих, мөн сарын 31-ний өдрийн дотор нарийн ногоо буюу огурцы тарих, даршлах, борлуулах үүргийг тус тус хүлээсэн, энэхүү хамтын ажиллагаанаас олсон ашгийн 51 хувийг “О” ХХК, 49 хувийг “Т” ХХК авахаар тохиролцсон гэж дүгнэжээ. Дээрх шүүхийн шийдвэрээр “хамтран ажиллах гэрээнээс ашиг олоогүй, “Т” ХХК-ийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу нарийн ногоо тариагүй, ашиг, алдагдал хуваарилаагүй, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт болох 108,672,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий маргаан”-ыг “О” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрээр дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

“О” ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 108,672,000 төгрөг төлсөн, талууд хамтын ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд явуулсан, нэхэмжлэгчийн төлсөн хураамж нь гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд хүлэмж зөөх, барих, ногоо тарих зэрэг ажилд зарцуулагдсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн байна. Иймд “О” ХХК нь “Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болохыг нотолсон байхыг шаардана. Харин “О” ХХК нь хуульд заасан гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдсэн, “Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй болохыг нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад дахин дүгнэлт хийхгүй.   

 

Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд гэрээг хугацааны өмнө дуусгавар болгох эсэх, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй, хамтын ажиллагаа үргэлжлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй байх ба 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан байна. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болжээ. Ийнхүү хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж заасан үр дагавар бий болно.

 

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор энэхүү гэрээний дагуу явуулах хамтын үйл ажиллагаа дуусах бөгөөд тухайн үйл ажиллагааг явуулахтай холбоотой биелүүлээгүй хэлцэл буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгож, дундаа өмчлөх хөрөнгөөс үлдсэнийг гэрээ болон хуульд заасан журмаар талуудад хуваарилна.

 

Хамтран ажиллах гэрээгээр дундаа хамтран өмчлөх хөрөнгө хэрхэн бий болох талаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4 дэх хэсэгт “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус заасан.

 

Хураамж гэдэгт хамтын ажиллагааны зорилгод хүрэхийн тулд хувь оруулах бүх төрлийн хөрөнгө, эрх, ажил, үйлчилгээ хамаарах бөгөөд хураамжийн төрлөөс болон талуудын тохиролцооноос хамаараад дундаа өмчлөх хөрөнгө бий болсон эсэх нь тодорхойлогдоно. Иймд дундаа өмчлөх хөрөнгө бий болсон эсэхийг тогтоохын тулд хамтран ажиллах гэрээгээр талуудын төлөх хураамж болон хамтын үйл ажиллагааг хэрхэн тодорхойлсон, хураамж нь дундаа өмчлөх хөрөнгөд хамаарч байгаа эсэх /талууд өөрөөр тохирсон байж болно/, ашиг, алдагдал болон дундын өмчийн хөрөнгийг хэрхэн хуваарилахаар тохиролцсоныг тогтоох шаардлагатай.   

 

Хамтран ажиллах гэрээний 1.2-т “Гэрээний талууд Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000м2 дөрвөн /нийт 4000м2/ өвөл, зуны, хүлэмж тус бүр халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо .... байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллана”, 1.3-т “Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана. 1.3.1. А тал 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийнэ. 1.3.2. Б тал хүлэмж нүүлгэн шилжүүлж барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл”, 2.1-д “хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд А тал дангаар хөрөнгө оруулах, Б тал дангаар хүлэмжийн үйл ажиллагааг эрхлэх”, 2.4-т “Энэхүү гэрээний зүйл болсон 4000м2 хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, сайжруулах үйл ажиллагаа түүнтэй холбоотой гарах зардлыг Б тал хариуцна”, 3.1.1-д “Энэхүү гэрээний 1.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааны зардлыг А тал бүрэн хариуцна”, 3.2-т “Энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000м2 хүлэмжийн 51 хувь нь А талын өмчлөлд үлдэнэ”, 3.6-д “Хамтын ажиллагаанд зориулан ашиглаж буй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны .... байрлах 4000м2 хүлэмжийн газрыг талууд харилцан тохиролцохгүйгээр өөр зорилгоор ашиглахыг хориглоно”, 4.1-д “Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна” гэж талууд тохиролцсон байна.  

 

Энэхүү тохиролцоо болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл гэрээний 1.2-т хамтын үйл ажиллагааг тодорхойлсон байх ба энэ үйл ажиллагааны зардлыг “О” ХХК хариуцах, уг ажиллагааг “Т” ХХК дангаар эрхлэн явуулахаар тохиролцож, гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан. Харин хамтын үйл ажиллагааг явуулах зардал буюу хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч тал 5 жилийн хугацаанд 100,000,000 төгрөгөөр нэг удаа хариуцах эсвэл тухай бүр зардлыг хариуцах эсэх нь тодорхойгүй байх боловч хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг урьд шийдвэрлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.   

 

Талуудын төлөх хураамжийн хувьд нэхэмжлэгч 100,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, харин хариуцагчийн төлөх хураамжийг гэрээний 1.3-т хүлэмж нүүлгэн шилжүүлж барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл гэж тодорхойлжээ. Үүнд маргааны зүйл болж буй тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмжийг хамааруулаагүй гэж үзэхээр байна. Энэхүү хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, засан сайжруулахтай холбоотой бүх зардлыг “Т” ХХК хариуцахаар гэрээнд заасан нь тухайн хөрөнгийг хураамж буюу дундын өмчид хамаарахгүй, дангаар “Т” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болохыг илэрхийлж байна. Хэрэв хүлэмжийг хураамжид тооцохоор талууд тохирсон бол Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу талуудын дундын өмчид хамаарах ба тухайн хөрөнгөтэй холбоотой гарах эдийн засгийн болон эрх зүйн үр дагавар нь хамтын үйл ажиллагаанаас гарах зардал, алдагдал болон гэрээний талуудад хамаатай. Иймд маргаан бүхий хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засан сайжруулалт, засвар, үйлчилгээний зардал, устаж үгүй болох эрсдэлийг “Т” ХХК хүлээхээр гэрээнд заасан нь уг хөрөнгийг гэрээний талуудын дундын хөрөнгө биш болохыг тодорхойлсон гэж үзэв.     

 

Дээрх үндэслэлээр тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмж Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар талуудын дундын өмч гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний 3.2-т зааснаар хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д холбогдох тус бүр 1,000 м.кв талбай бүхий халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701,310 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА