Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/04144

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/04144

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо  .... тоотод оршин суух Ц овогт Л.О /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо өөрийн байранд байрлах НЕБЛ “Э” ЦС /РД: /

 

НЕБЛ “Э” ЦС-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, гэрч Д.Г, С.Э, Б.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч НЕБЛ “Э” ЦС-д холбогдуулан НЕБЛ “Э” ЦС-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Э” ЦС-д 2008 оноос зохицуулагч багшаар ажилд орсон ба 2014 оноос 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл номын санчаар ажиллаж байгаад няраваар ажиллах хүсэлт гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс няраваар ажилласан бөгөөд номын санчийн ажлыг хавсран хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр номын санчаар томилогдсон хүнд номын санчийн ажлаа хүлээлгэн өгсөн, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин номын санчийн ажлыг хавсран хийж эхэлсэн.

1.2. 2022 оны 4 дүгээр сард С.А захирал томилогдож ирсэн бөгөөд ирсэн цагаасаа ажлын байрны дарамт үзүүлж байсан, энэ үед нөхөр маань хүнд хагалгаанд орж сэтгэл санаа, амьдралын хүнд нөхцөлд байхад ажил, ар гэр хувийн асуудлаа зохицуулж чаддаггүй гэх мэтээр загнаж сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлсний улмаас няравын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

 

1.3. Одоо маргаж буй зүйл нь хуучин захирлыг байх үед 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр номын санчаар ажиллах хүсэлтээ өгсөн, мөн ар гэрийн нөхцөл байдлын улмаас номын санчийн ажилдаа үлдэх хүсэлтээ байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн ба энэ асуудлаар ямар нэг дүгнэлт гаргаагүй, асууж тодруулалгүй, номын санчаар ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.      

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Л.О нь 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл номын санчийн ажлыг хийсэн, няравын ажлыг хийх хүсэлтийг өөрөө гаргасны дагуу тухайн үеийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс няраваар ажилласан байна. Мөн энэ өдрөөс номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр номын санчийн ажлаа хүлээлгэн өгсөн, номын санч ажлаасаа гарснаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Энэ нь өмнөх захирлын үед болсон бөгөөд шинээр томилогдсон захирлын хувьд ажлын байрыг хольж, солих ажлыг хийгээгүй.   

 

2.2. 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Л.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд энэ хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч ээлжийн амралтаа авч байсан тул ээлжийн амралтыг нь дуусгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тушаалыг нь гаргахаар тохиролцоод, тушаалын төслийг танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь номын санчаар ажиллах талаар ямар нэг хүсэлтийг гаргаж байгаагүй, харин хамт ажиллаж байсан хүмүүстээ няравын ажлаа өгмөөр байна, ажлын ачаалал их байна гэж ярьсан байсан. Нэхэмжлэгч нь номын санчаар ажиллах хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагүй, мөн ирэх жилийн ажлын тайлангаа өгөөгүй. Иймд номын санчаар ажиллах хүсэлтэй байсан гэж ойлгоогүй.

 

2.3. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өмнөх захирлын үед номын санчаар ажиллах хүсэлтээ өгсөн гэж байгаа боловч хүлээн авсан бичиг баримтуудад ийм хүсэлт байгаагүй.

 

2.4. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарахаар өөрөө ирж авахаар болсон боловч байшин барьж байгаа гээд аваагүй байсан. Сургуулийн захиргаанаас номын санчийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласны дагуу Л.О нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болсон шалгалтад оролцож, онооны дарааллаар хоёрт орсон байсан. Энэ хүртэл хугацаанд огт холбоогүй байсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүн мэдээний дараа сургуулийн удирдлагын багийнхан хуралдаж байх үед дайрч орон шалгуулагчийн материалыг булаан авах, зураг дарах, бичлэг хийх зэргээр зүй бус үйлдлийг гаргасан. Үүнээс хойш 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж авна гэж тушаалаа авсан байсан.

 

2.5. Тухайн үед хичээлийн жил дуусах гэж байсан учраас хөрөнгийн тооллого, сурагчдад тараасан номыг хураан авах, ном, сурах бичгийн тооцоо хийх гэх мэт ажлын ачаалал ихтэй үе байсан, иймд захирлын хурлаар ажлын үүрэг даалгавар, чиглэлийг ажил хариуцсан бүх албан тушаалтанд үүрэг өгч байсан. Харин 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг ар гэрийн асуудалтай байгаа гэдгийг мэдэж байсан учраас эд хөрөнгийн тооллогын ажлыг сургалтын менежер болон Б байрны няравт хариуцуулан ажиллуулсан. Иймд нэхэмжлэгчид ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй.

 

2.6. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, НЕБЛ“Э” ЦС-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаартай тушаал, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгээс гарах үеийн эпикриз, гэрэл зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3, 4, 70-73, 115-119  дугаар тал/

 

4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: НЕБЛ“Э” ЦС-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаал, 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдийн Б/17 дугаартай тушаал, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/70 дугаартай тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/93, Б/94, А/75 дугаартай тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/81 дугаартай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/110 дугаартай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/27, А/36 дугаартай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын А/41 дугаартай тушаал, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаартай тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Л.О-ийн гаргасан өргөдөл, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Л.О-тэй байгуулсан 260 дугаартай хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Л.О-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын төсөл, “Э” ЦС-ийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын протоколын дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 25-27, 29-40-44, 46, 48 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:  Б.А-ийн гэрчийн мэдүүлэг, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Л.О-ийн цалингийн тооцоолол /ХХ-ийн 80-105 дугаар тал/

 

6. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Л.О-д 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүйдлийн тэтгэмж олгосон эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд, Д.Г, С.Э-ийн нарын гэрчийн мэдүүлэг /ХХ-ийн  59-66 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл номын санчаар ажиллаж байгаад няраваар ажиллах хүсэлт гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс няраваар ажилласан, номын санчийн ажлыг хавсран хийж байсан. 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр С.А захирал томилогдож ирсэн, ирсэн цагаасаа ажлын байрны дарамт үзүүлж байсан, энэ үед нөхөр маань хүнд хагалгаанд орж сэтгэл санаа, амьдралын хүнд нөхцөлд байхад ажил, ар гэр хувийн асуудлаа зохицуулж чаддаггүй гэх мэтээр загнаж сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлсний улмаас няравын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоо маргаж буй зүйл нь хуучин захирлыг байх үед 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр номын санчаар ажиллах хүсэлтээ өгсөн, мөн ар гэрийн нөхцөл байдлын улмаас номын санчийн ажилдаа үлдэх хүсэлтээ байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн ба энэ асуудлаар ямар нэг дүгнэлт гаргаагүй, асууж тодруулалгүй, номын санчаар ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Л.О-ийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс няраваар ажиллуулж, давхар номын санчийн ажлыг хавсран хийлгэж байсан.  Энэ нь өмнөх захирлын үед болсон бөгөөд шинээр томилогдсон захирлын хувьд ажлын байрыг хольж, солих ажлыг хийгээгүй. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Л.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн,  түүний ээлжийн амралтыг дуусгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тушаалыг нь гаргахаар тохиролцоод, тушаалын төслийг танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь номын санчаар ажиллах талаар ямар нэг хүсэлтийг гаргаж байгаагүй, мөн ирэх жилийн ажлын тайлангаа өгөөгүй. Иймд номын санчаар ажиллах хүсэлтэй байсан гэж ойлгоогүй. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өмнөх захирлын үед номын санчаар ажиллах хүсэлтээ өгсөн гэж байгаа боловч хүлээн авсан бичиг баримтуудад ийм хүсэлт байгаагүй. Сургуулийн захиргаанаас номын санчийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласны дагуу Л.О нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болсон шалгалтад оролцож, онооны дарааллаар хоёрт орсон байсан. Хичээлийн жил дуусах гэж байсан учраас хөрөнгийн тооллого, сурагчдад тараасан номыг хураан авах, ном, сурах бичгийн тооцоо хийх гэх мэт ажлын ачаалал ихтэй үе байсан, иймд захирлын хурлаар ажлын үүрэг даалгавар, чиглэлийг ажил хариуцсан бүх албан тушаалтанд үүрэг өгч байсан. Иймд нэхэмжлэгчид ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.О нь “Э” ЦС-тай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр няраваар ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс сургуулийн номын санчийн ажлыг хослон гүйцэтгэж байсан болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/94, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/41 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 33, 34-37, 46 дугаар тал/  

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, 4.1.15 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Л.О-ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн сургуулийн захирал 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн өдрөөс Л.О-ийг няравын ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Энэ асуудлаар зохигч маргаагүй. /ХХ-ийн 47-49 дүгээр тал/

Харин дээрх харилцааг дуусгавар болгосон нь хариуцагчаас хамааралтай буюу 1-20 насны 5 хүүхэдтэй, нөхөр нь өвчтэй сэтгэл санаа, амьдралын хүнд нөхцөлд орсон байх үед захирлын зүгээс ажил, хувийн асуудлаа зохицуулж чаддаггүй гэх мэтээр удаа дараагийн дарамт, шахалтаас няравын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хавсран гүйцэтгэж байсан номын санчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, номын санчийн ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ гаргасан ба ээлжийн амралтаа дуусгаад номын санчаар ажиллана гэж ойлгосон” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь “Л.О ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд тухайн үед сургуулийн өмчийн тооллого явагдаж байсан тул энэ ажлыг бүрэн дуусгаад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарах байсан боловч түүний ээлжийн амралтыг дуусгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тушаалыг нь гаргахаар Л.О-тэй тохиролцсон, тухайн үед тушаалын төслийг танилцуулсан ба үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, үргэлжлүүлэн номын санчаар ажиллуулахаар тохиролцоогүй, номын санчийн нэг сул оронд тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу Л.О шалгалтад оролцсон боловч онооны дарааллаар хоёрт орсон, нэхэмжлэгчид ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлж байгаагүй бөгөөд ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж маргав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж дуусгавар болгох эрхтэй бөгөөд энэхүү хүсэл зоригийг ажилтан зөвхөн сайн дурын үндсэн дээр ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл хөндлөнгийн ямар нэг оролцоогүйгээр илэрхийлсэн байх нь хуульд нийцнэ.   

Л.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ “миний бие тус с-д няраваар ажилладаг. Ар гэрийн гачигдлаар ажлаас гарах болсон тул харгалзан үзэж чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгаар илэрхийлсэн байна. Энэ үед нэхэмжлэгчийн нөхөр хагалгаанд орж, сахих шаардлагатай байсан бөгөөд уг асуудлаас шалтгаалан ажил олгогчийн шахалтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогчийн зүй бус шаардлага, нөлөөллөөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь няравын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад маргаагүй, харин номын санчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байхад асууж тодруулалгүй, хүсэлтийг шийдээгүй нь хууль зөрчсөн гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь сургуулийн номын санчаар ажиллаж байхдаа 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс жирэмсний амралт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан байх ба 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх ажил буюу номын санчаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад няраваар ажиллах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс няраваар ажиллуулах ажил олгогчийн шийдвэр гарч, талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, мөн өдрөөс номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэх, үндсэн цалингийн 40 хувиар тооцож нэмэгдэл хөлс өгөхөөр талууд тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь номын санчийн ажлыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин номын санчийн ажлыг үндсэн ажлын хамт гүйцэтгэхээр болжээ. Энэхүү тохиролцоо Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцсэн байна. /ХХ-ийн 26, 29, 30, 33, 39, 42-43, 46 дугаар тал/

Э ЦС-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/41 дугаар “Ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалд “нярав Л.О-ийг номын санчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх”-ээр заасан боловч энэ нь “ажил хослон гүйцэтгүүлэх” гэсэн ойлголтод хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан “ажил хослон гүйцэтгүүлэх” гэдэгт ажил олгогч нь ажилтныг үндсэн үүрэгт ажилд нь
хамаарахгүй өөр мэргэжил шаардагдах ажлыг /тухайн байгууллагын бүтцийн доторх ажлын байр, орон тоон дээрх/ үндсэн үүрэгт ажилтай нь зэрэг
гүйцэтгүүлэхийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажилтан үндсэн ажлынхаа цалин дээр давхар хийж буй ажлын цалингийн тодорхой хувийг авах эрхтэй. Өөрөөр хэлбэл үндсэн ажлын байр, хослон хийж буй ажлын байр тус бүр дээр бие даасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхгүй юм. Иймд үндсэн ажлын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноор хослон хийж буй ажлын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.

Харин нэхэмжлэгч нь номын санчаар ажиллах хүсэлтээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өмнө гаргаж, энэ асуудлаар ажил олгогчтой тохиролцсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэх боломжтой. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр номын санчаар ажиллах хүсэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэхүү хүсэлтийг гаргаснаар ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахгүй бөгөөд ажилтны өөр ажилд томилогдох /шилжих/ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаал гарснаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна. Иймд “Э” ЦС-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчийн хүсэлтээр авсан гэрч нарын мэдүүлгээр хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай үйл баримт тогтоогдоогүйгээс гадна тэдний мэдүүлэг бусад нотлох баримтаар эргэлзээгүйгээр үнэн зөв болох нь тогтоогдсон байх нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн “Э” ЦС-д холбогдох тус сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА