| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02343/И |
| Дугаар | 102/ШШ2022/04086 |
| Огноо | 2022-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/04086
| 2022 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2022/04086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг ........тоотод оршин суух Б овогт Э.Э /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо .... тоотод оршин суух Ш овогт Б.Ц /РД:/
4,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч П.М, гэрч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан 4,420,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ц-оос Сонгинохайрхан дүүрэг ....д байршилтай тоосгон гаражийг 4,700,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авснаас хойш 2 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас гаражийг нурааж, газар чөлөөлөх мэдэгдэл ирсэн.
1.2. Гаражийг худалдан авах үедээ нураах эсэхийг асуухад ойрын 5 жилдээ нураахгүй гэсэн тул түүнд итгэж худалдан авсан. Мөн гаражийг нураавал үнийг буцааж өгнө гэж хариуцагч Б.Ц-той тохиролцсон болно.
1.3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй, зөвшөөрөлгүй газар дээр байсан гаражийг худалдсан. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой. Иймд гаражийн хаалгыг зарсан үнэ 100,000 төгрөг, 3 сарын хугацааны түрээсийн төлбөрт 180,000 төгрөгийг тооцож нийт 280,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч 4,420,000 төгрөг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Маргаан бүхий гаражийг манайх 2020 оны 4 сард 5,100,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2021 оны 6 дугаар сараас нэхэмжлэгчид түрээслүүлсэн. 2021 оны 12 дугаар сард Баянгол дүүрэг рүү нүүхээр болж, гаражийг 2022 оны 1 сард Э.Э 4,700,000 төгрөгөөр худалдан авсан.
2.2. Манайхыг нүүснээс хойш буюу 2022 оны 3 сард газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Иймд гаражийг нураасан асуудалд манайх ямар ч буруугүй, хэрэв гаражийг нураавал мөнгийг буцааж өгнө гэж тохиролцоогүй. Иймд гаражийн үнийг бүхэлд нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, Голомт банкны дансны хуулгууд, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ц-ын бичсэн гар бичмэл, гаражийн гэрэл зураг, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3-6, 13, 20-23 дугаар тал/
4. Хариуцагч талаас гэрлэлтийн гэрчилгээ нотлох баримт гаргаж өгсөн байна.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: С.Ч-оос гэрчийн мэдүүлэг авсан, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, холбогдох баримт /ХХ-ийн 58-60 дугаар тал/
6. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, түүний хавсралтууд /ХХ-ийн 41-45 дугаар тал/
7. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Хаан банкны дансны хуулга /ХХ-ийн 69 дүгээр тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ....нутаг дэвсгэрт байршилтай тоосгон гаражийг Б.Ц-оос 4,700,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн гаражийг худалдан авах үедээ нураагдах эсэхийг асуухад ойрын 5 жилдээ нураахгүй гэсэн боловч худалдан авснаас хойш 2 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдэл ирж, гаражийг нураасан. Мөн хэрэв гаражийг нураавал буцаагаад мөнгийг маань өгсөн гэсэн тохиролцоо хийсэн юм. Иймд гаражийн хаалгыг худалдсан үнэ 100,000 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 180,000 төгрөг нийт 280,000 төгрөгийг хасч, гаражийн үнийн үлдэгдэл 4,420,000 төгрөгийг шаардсан гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Манайх нүүх болоод гаражаа зарсан бөгөөд гаражийг нураах талаар огт мэдээгүй, 2022 оны 4 сард нэхэмжлэгч ярьж гаражийг нураасан талаар мэдсэн, гаражийг нураавал мөнгийг нь буцааж өгнө гэж тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөний 50 хувийг зөвшөөрнө гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Э.Э нь Б.Ц-оос Сонгинохайрхан дүүрэг ....нутаг дэвсгэрт байршилтай тоосгон гаражийг 4,700,000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 4,700,000 төгрөгийг төлж, гаражийн эзэмшлийг шилжүүлэн авсан байх ба энэ асуудлаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх явдал юм.
Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 84.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хамаарах ба үл хөдлөх эд хөрөнгөд газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс хамаарна. Иймд нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон гэрээний зүйл буюу гараж нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд тухайн эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шилждэггүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид шилждэг ба худалдагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө буюу гараж нь эзэмших, өмчлөх эрхгүй газар дээр баригдсан, өмчлөх эрх үүсэх боломжгүй эд хөрөнгө болох нь тэдний тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, түүний хавсралтаар тогтоогдсон, энэ асуудлаар маргахгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчид гэрээ байгуулах үедээ өмчлөх эрх үүсэх хууль зүйн боломжгүй эд хөрөнгө болохыг хэн аль нь мэдэж байсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “хөрөнгийг хуулиар хориглоогүй” аргаар олж авах эрхтэй, энэ тохиолдолд тухайн олж авсан баялаг нь эд хөрөнгө болох юм гэдгийг заасан. Иймд нийтийн эзэмшлийн газар дээр баригдсан гараж нь хуулийн дагуу олж авсан эд хөрөнгөд хамаарахгүй бөгөөд тухайн эд хөрөнгийг бусдад худалдаж буй үйлдлийг хууль зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу олж аваагүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хуулиар хамгаалах боломжгүй юм. Иймд талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл /зөрчил/ нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Иймд талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул тэдний хооронд эрх зүйн үр дагавар агуулсан гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахыг шаардах эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас тухайн хэлцлийн талуудын хэн аль нь шударга бусаар хөрөнгөжих үндэслэлгүй тул харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн гаражийг газрын зөвшөөрөлгүй үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийг үндэслэн албадан буулгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар гаражийг хариуцагчийн эзэмшилд буцаан шилжүүлэх боломжгүй болсон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан төлөх, харин нэхэмжлэгч нь гаражийн үнийг төлөх үүрэг хүлээж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, гаражийг эзэмшсэн хугацааны зардалд 180,000 төгрөг, гаражийн хаалганы үнэ 100,000 төгрөг нийт 280,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн үнийг 4,420,000 төгрөгөөр тодорхойлжээ. Иймд зохигч нь хэн алиндаа харилцан мөнгө төлөх үүрэг хүлээснийг үндэслэн энэ үүргийг харилцан тооцож, хариуцагчаас 2,210,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 2,210,000 төгрөгийн /энэ мөнгийг хариуцагчийг авсан гэж үзнэ/ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-оос 2,210,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлээс 2,210,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 50,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА