Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/04310

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/04310

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо .... тоот “****” ХХК /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо ....тоот “****” ХХК /РД:/

 

72,393,950 төгрөг гаргуулах, V-2 маркийн 149 ширхэг солонгос сапуд гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Т, хариуцагчийн төлөөлөгч Э.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан 72,393,950 төгрөг гаргуулах, V-2 төрлийн 149 ширхэг солонгос сапуд гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ГР-21/002 тоот “Барилгын хэв хашмал түрээслэх” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгын хэв хашмал, труба, пум, гадна болон дотор булан, сапуд зэрэг бараа, материалыг хариуцагчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 

1.2. Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн бараа, материалыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан ба энэ өдөр тооцоо нийлэхэд түрээсийн төлбөрт 102,263,880 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан.

 

1.3. Талууд хариуцагчийн төлөх төлбөрийн асуудлаар дараах байдлаар тохиролцсон. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50,000,000 төгрөг төлсөн тохиолдолд төлбөрийн тооцоог дуусгах, тухайн хугацааны дотор бүрэн төлөөгүй тохиолдолд 102,263,880 төгрөгийг төлөхөөр тохирсон. Уг төлбөрөөс хариуцагч нь 20,000,000 төгрөгт тооцож приус-20 маркийн автомашин болон дансаар 15,000,000 төгрөг шилжүүлж нийт 35,000,000 төгрөг төлсөн ба 15,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд талуудын болзол тавьж хийсэн хэлцэл хангагдах боломжгүй болсон тул түрээсийн төлбөр 102,263,880 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд үүнээс төлсөн 35,000,000 төгрөгийг хасч 67,263,880 төгрөг нэхэмжилж байна.

 

1.4. Хариуцагч нь түрээсийн бараа, материалыг буцаан өгөхдөө В2 маркийн 149 ширхэг солонгос сапудыг өгөөгүй тул тухайн эд хөрөнгийг биетээр нь гаргуулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд сапудыг эзэмшиж, ашигласны төлбөрт 5,130,070 төгрөг шаардаж байна гэжээ.  

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэлд заасан эд хөрөнгүүдийг хүлээн авсан асуудлаар маргахгүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн төлбөр болон зарим дутагдуулсан эд хөрөнгийн талаар 2 тал тооцоо нийлж, үнийг гэрээнд зааснаар тооцож түрээсийн төлбөр болон дутагдуулсан эд хөрөнгийн төлбөрт 102,263,880 төгрөг төлөх тооцоо гарсан. Үүнээс “****” ХХК-иар 50,000,000 төгрөгийг төлүүлэхээр тохирч 20,000,000 төгрөгт тооцож приус-20 маркийн автомашин, 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр болсон. Үүнээс автомашин болон 15,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрнө.  

 

2.2. Гэрээний дагуу хүлээсэн авсан эд хөрөнгүүдийг буцаан өгсөн бөгөөд  тооцоо нийлсэн баримтад актын төлбөр 9,320,000 төгрөг гэсэн нь дутагдуулсан эд хөрөнгийн үнэ бодогдож нийт төлбөрийг 102,263,880 төгрөгөөр тогтоосон. Иймд манайд В2 маркийн 149 ширхэг солонгос сапуд байхгүй бөгөөд түүнийг эзэмшиж, ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “****” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Барилгын хэв хашмал түрээслүүлэх гэрээ, хүлээлгэн өгсөн бараа материалын тооцоо, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах тухай  талын тамгаар баталгаажуулсан баримт, тооцоо нийлсэн акт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг, зарлагын баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5-16, 42-50 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “****” ХХК-ийн дүрмийг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 37-38 дугаар тал/

 

5. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № Гр-21/002 дугаартай гэрээний дагуу хариуцагч “****” ХХК-иас эд хөрөнгө хүлээн авсан баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ГР-21/002 тоот “Барилгын хэв хашмал түрээслэх” гэрээ байгуулж, гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд түрээсийн төлбөрт 102,263,880 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг төлбөрөөс 50,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд 102,263,880 төгрөгийг төлөхөөр тохирсон ба төлбөрийг тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр 102,263,880 төгрөгийг шаардах эрхтэй ба үүнээс 35,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 67,263,880 төгрөгийг шаардаж байна. “****” ХХК нь түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан сапудаас 149 ширхэг сапудыг буцааж өгөөгүй тул тухайн эд хөрөнгийг гаргуулж, эзэмшиж, ашигласны төлбөрт 5,130,070 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нийт 72,393,950 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэлд заасан эд хөрөнгүүдийг хүлээн авсан. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн төлбөр болон зарим дутагдуулсан эд хөрөнгийн талаар 2 тал тооцоо нийлж, үнийг гэрээнд зааснаар тооцож түрээсийн төлбөр болон дутагдуулсан эд хөрөнгийн төлбөрт 102,263,880 төгрөг төлөх тооцоо гарсан. Үүнээс “****” ХХК-иар 50,000,000 төгрөгийг төлүүлэхээр тохирч 20,000,000 төгрөгт тооцож приус-20 маркийн автомашин, 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр болсон. Үүнээс автомашин болон 15,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлнө. Түрээсийн гэрээгээр хүлээсэн авсан эд хөрөнгүүдийг буцаан өгсөн, харин дутагдуулсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан үнээр бодож нийт төлбөрийг 102,263,880 төгрөгөөр тогтоосон. Иймд манайд В2 маркийн 149 ширхэг солонгос сапуд байхгүй, түүнийг эзэмшиж, ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талууд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Барилгын хэв хашмал түрээслүүлэх” гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “****” ХХК нь хэв хашмал, труба, пум, сапуд зэрэг барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд ашиглах барилгын материалыг “****” ХХК-д шилжүүлэх, эдгээр эд хөрөнгийг 30 хоногийн хугацаанд ашигласны хөлсөнд 31,821,600 төгрөгийг “****” ХХК төлөх үүрэг хүлээжээ. Тухайн гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс гэрээнд заасан тооны барилгын материалыг хүлээсэн авсан болон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээсийн гэрээний төлбөрт 102,263,880 төгрөг төлөх үүрэгтэй байсан асуудлаар талууд маргаагүй, төлбөрийн тооцоог 2 талын нягтлан бодогч нар баталгаажуулсан байна. Харин дээрх төлбөр нь зөвхөн түрээсийн төлбөр эсэх, дутагдуулсан эд хөрөнгийн үнэ тооцогдсон эсэх асуудлаар маргасан. /ХХ-ийн 15 дугаар тал/

 

Мөн “****” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн түрээсийн гэрээний төлбөрт төлөх 102,263,880 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг “****” ХХК-иар төлүүлэх, үүнээс 20,000,000 төгрөгт тооцож приус-20 маркийн автомашин шилжүүлэх, 30,000,000 төгрөгийг мөнгөөр төлөхөөр тохирч, автомашиныг нэхэмжлэгч шилжүүлэн авсан, мөнгөөр 15,000,000 төгрөг төлөгдсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй.

 

Дээрх тохиролцоогоор 50,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрт төлвөл зохих 102,263,880 төгрөгийг “****” ХХК бүрэн төлөхөөр тохирч, болзол тавьж гэрээ байгуулагдсан, уг болзол хангагдаагүй буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Харин хариуцагч ийм тохиролцоо хийгдээгүй, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг төлөх дутуу байгаа гэж маргасан.

 

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд “болзол тавьж хийсэн хэлцэл”-ийн талаар зохицуулсан ба болзол тавьц хийсэн хэлцэл гэдэгт ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй үйл явдал, эсвэл нэгэнт бий болсон боловч үүнийг гэрээний талууд мэдээгүй байгаа үйл явдлаар тодорхойлж, уг үйл явдал болсноор хэлцлийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохыг ойлгоно. Энэхүү үйл явдал нь ирээдүйд бий болох эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалахгүй, нэгэнт бий болсон үйл явдал гэдэгт хэлцэл хийгч талууд мэдэхгүй боловч нийтэд илэрхий болсон, мэдэх боломжтой үйл явдал хамаардаггүй байна. Иймд төлбөрийг хугацаа тогтоож төлөх тохиролцоо нь болзолд хамаарахгүй тул тогтоосон хугацаанд, тохирсон төлбөрийг төлөөгүй явдлыг болзол хангагдаагүй гэж үзэхгүй. Мөн талуудын хооронд “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд тооцоо нийлсэн баримтын дүнгээр буюу 102,263,880 төгрөг төлнө” гэсэн тохиролцоог хийсэн болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй.  

 

Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 50,000,000 төгрөгөөр тогтоосон талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж заасан. Энэхүү үүргээ түрээслэгч биелүүлээгүй тохиолдолд түрээсийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй болох тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй. Дээрх үүргээс В2 маркийн 149 ширхэг солонгос сапудыг хариуцагч буцаан өгөөгүй нь эд хөрөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж, түрээсийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг хүлээн авсан гэх “орлогын баримт”-уудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтуудын зарим нь эд хөрөнгө хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажаагүй боловч В2 маркийн 802 ширхэг сапудыг нэхэмжлэгч тал хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 802 ширхэг сапуд хүлээн авсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь үлдэгдэл сапудыг хариуцагчаас хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн түрээсийн гэрээний 9.2-т “Бараа материалын ширхэг дутсан тохиолдолд 45,000 төгрөгөөр тооцон төлүүлнэ” гэж заасан байх ба уг үнээр 149 ширхэг сапудын үнийг тооцвол 6,705,000 төгрөг болж байна. Иймд талууд тооцоо нийлэхдээ актын төлбөр 9,320,000 төгрөгт 149 ширхэг сапудны үнийг тооцоогүй болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул тухайн эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түрээсийн гэрээний хугацаа дуусахад түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөөгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг түрээслэгч буцаан өгөхгүй байвал тухайн хугацаанд учирсан хохирлын хэмжээг түрээслүүлэгч нотлох шаардлагагүй бөгөөд төлбөл зохих хөлсний хэмжээгээр тодорхойлох эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд 149 ширхэг сапуд байгаа болохыг нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс В2 маркийн 149 ширхэг солонгос сапуд болон эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс учирсан хохиролд 5,130,070 төгрөг шаардах эрхгүй байна.

 

Иймд талуудын тооцоо нийлсэн баримт, хэргийн 13 дугаар талд авагдсан төлбөр барагдуулах тухай баримт, талуудын тайлбарыг үндэслэн түрээсийн төлбөр болон эд хөрөнгийн дутагдлын улмаас учирсан хохиролд хариуцагчаар 50,000,000 төгрөг төлүүлэхээр тохирсон гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс В2 маркийн 149 ширхэг солонгос сапуд болон 57,393,950 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,393,950 төгрөг болон В2 маркийн 149 ширхэг солонгос сапуд гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “****” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “****” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА