| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0398/З |
| Дугаар | 128/ШШ2023/0146 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0146
2023 02 13 128/ШШ2023/0146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.З*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар “А*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Х******* аманд 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, гэрчилгээнд бичилт хийсэн.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А/79 дугаар “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалаар “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
1.4. “А*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/321 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х******* аманд 1,5 га газар ашиглах эрхийг хуулийн дагуу авч үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайд А/79 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал гаргаж бидний эрх ашгийг ноцтой зөрчиж хуулийн дагуу захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олгоогүйд маш гомдолтой байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 09/1516 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг манай компанийн ажилтны гэртэй ойролцоо амьдардаг байгаль хамгаалагч ажилтай хүн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр танай компанид бичиг мэдэгдэл ирсэн ирж аваарай гэж хэлсэн байдаг ба 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2 ажилтан:
-Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 09/1516 дугаартай “Мэдэгдэл”,
-2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаартай "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" тушаал,
-2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Богдхан уулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд 337 дугаартай "Мэдэгдэл"-үүдийг авчирч өгсөн байдаг.
2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэлд “... газар ашиглах эрхийг дуусгавар болгох захиргааны акт гаргах болсныг үүгээр мэдэгдье. ... 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар ашиглах эрхийг тусгай хамгаалалтын бүс газар нутгийн удирдлагын газарт хандана уу” гэсэн байсан.
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 337 дугаартай мэдэгдэлд газрыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж хүлээлгэн өгөхийг анхааруулсан байсан.
Манай компани 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн ашиглалтад байгаа газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг нэг удаа ч зөрчиж байгаагүй хуулийн дагуу ашиглаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаартай "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" тушаалын үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6, 30 дугаар зүйлийн 30.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэж манай компанийг газрыг хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хууль, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар манай компанийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/321 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х******* аманд 1,5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гаргасан байна.
1. Энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчсөн.
-Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт хуульчилсан боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөж буй бидэнд огт мэдэгдээгүй, хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах эрхээр хангаагүй гэнэт танай газрын ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэр гаргах болсон тухай мэдэгдэж шийдвэрийг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа огт хийгээгүй, мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй. Учир нь газар ашиглаж байгаа этгээдэд мэдэгдэлгүй шийдвэр гарсан явдал нь нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн зөв дүгнэлт өгөх, оролцогчийн эрхийг хангаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх боломж олгоогүй зэргээр тогтоогдож байгаа юм. Хэрэв манай компанид мэдэгдэж биднийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан бол манай компани өөрийн ашиглалтын газрыг сунгаж ашиглаагүй мөн барилга бариагүй, газар шорооны ажил хийгээгүй болохыг мэдэх улмаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг бид авах шаардлагагүй байсан болохыг мэдэх бүрэн боломжтой байсан.
Мөн захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг зөрчсөн байна.
2. Захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болох тухайд:
Захиргааны актын гол үндэслэл нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Үүнд:
2.1 “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчсөн”,
2.2 “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар ашиглах эрх дуусгавар болгох”,
40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”,
40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”,
40.1.2-д “Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”,
-Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дуусгавар болох болно”,
39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”,
39.1.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”,
40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”,
40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”,
40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”,
Манай компани хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан байна. Гэтэл манай компани нэг ч удаа хууль зөрчөөгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж газраа хуулийн дагуу ашиглаж байхад ямар ч нотлох баримтгүйгээр удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/321 дугаартай захирамжаар нэхэмжлэгч компани Богдхан уулын дархан цаазат газрын Х******* аманд 1,5 га газар ашиглах эрх авч байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг гаргаснаар манай компанийн эрх ашгийг хөндөгдсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 09/1516 дугаартай мэдэгдэл хүргүүлж 03 дугаар сарын 28-ны өдөр манай компанид бичиг ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус яамны 2 ажилтан ирж газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн. Уг мэдэгдлийг манай компанид хуульд заасны дагуу хүргүүлээгүй гэнэт газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон мэдэгдлийг хүчингүй болгосон тушаалыг хүргүүлсэн байсан. Тушаалыг хууль ёсны дагуу мэдэгдээгүй нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/79 тоот дугаартай газар эзэмших эрхийг цуцалсан тухай шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. А/79 тоот тушаалыг газар ашиглах зөвшөөрөл авсан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон холбогдох захиргааны байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил хийх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хууль, газар ашиглах гуравласан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гаргасан. Маргаан бүхий А/79 тоот тушаалыг гаргасан үндэслэлээ нотлох үүрэг захиргааны байгууллагад байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тухайн үед газар дээр шалгалт хийсэн улсын байцаагч нарын тэмдэглэл байдаг. Цааш нь шалгаж тогтоох ёстойг тайлбарласан хэдий ч шалгалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан. Газар эзэмших эрх олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн газар ашиглаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас маргаан бүхий А/79 тоот тушаалыг гаргахдаа газар нөхцөл байдлыг бодитоор шалгасан байсан бол зөвшөөрөлтэй газрын хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, газар шорооны ажил хийгээгүй байсныг тогтоох байсан. “Т*******” ХХК-ийн техникийн нөхцөл болон техникийн нөхцөлд үндэслэж хийсэн ажлын зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Х******* аманд байгаа барилга байгууламжуудыг нэг техникийн нөхцөлөөр дулааны шугам тавьж бүхэлд нь дулаанаар хангадаг. Дулааны шугам тавих зөвшөөрлийг манай компани аваагүй бөгөөд “Т*******” ХХК техникийн нөхцөлийн дагуу дулааны шугам сүлжээний ажил хийх зөвшөөрлийг авч манай эзэмшлийн газрыг дайруулан шугам тавигдах учраас мөн хэрэв манай компани тухайн газар дээр барилгын ажил явуулахаар болбол мэдээж дулааны шугам татах шаардлагатай учраас манай компани тус компаниас тавьсан дээр дурдсан хүсэлтийг хүлээн авч дулааны шугам тавих ажлыг хийж эхэлсэн байдаг. Тийм учраас манай компани барилгын ажил эхлүүлж, хундам цутгаж газар ухсан зүйл байхгүй. Захиргааны байгууллага маргаа бүхий тушаалыг гаргахдаа газар дээр үзлэг хийж, гэрчийн мэдүүлэг авч тухайн газар дээр манай компани үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоож шалгах бүрэн боломжтой байсан.
Мөн Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааг явуулах зарчмаа баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар сонсох ажиллагаа хийж оролцоог нь хангах гэсэн зарчмыг шийдвэр гаргахдаа хангаж ажиллаагүй. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 9 хоногийн дотор тушаал, шийдвэр гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгт гаргаж өгсөн баримтуудад захиргааны хувийн хэрэг, сонсох ажиллагааны тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/1516 дугаартай сонсох ажиллагаа явуулах тухай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу явуулсан 20 дугаартай албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын манай компанид барилгын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй болохыг тогтоосон албан бичиг, шалгалт хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай санал, 337 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэл, 219 сонсох ажиллагааны хариу тайлбар ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шалгалтын ажлын зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн дурдсанаараа эдгээр баримтууд дунд гэрчийн мэдүүлэг үнэхээр манай компани газар шорооны ажил хийсэн юм уу үгүй юу гэдгийг тогтоохоор хийгдсэн ямар ч ажиллагаа байхгүй. Эдгээр баримтуудаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/1516 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д сонсгох ажиллагаа явуулах журам, он сар өдөр, цаг байрны дарааллыг тодорхой тусгана гэж заасан байдаг бөгөөд үүнийг сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгаагүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар сонсох ажиллагааг явуулах гэж байгаа бол ямар байдлаар сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу өг гэж байгаа нь тодорхой байгаагүй бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан гэтэл хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж 25-ны дотор хариу өг гэсэн байдаг. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгийг тухайн өдрийн 16 цаг 47 минутад манай компанийн цахим шуудан руу явуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д захиргааны шийдвэрийг хүлээн авах эрх бүхий этгээд байх ёстой бөгөөд нэхэмжлэгч компани хувь хүн биш учраас төлөөлөгч томилох тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал байна. Компанийн төлөөлөгч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд хэн ч хүлээлгэж өгөөгүй. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “оролцогч нь энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг мэдээгүй бол түүнд хаяглагдсан баримтыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 хоног, орон нутагт 10 хоног, харин цахим шуудангаар явуулсан тохиолдолд баримт бичгийг илгээснээс хойш ажлын 5 өдөр өнгөрснөөс баримт бичгийг гардуулсанд тооцно” гэж заасан. Хариуцагч байгууллагаас цахим шуудангаар явуулсан баримтыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гардуулсанд тооцох байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас явуулсан албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлж өгөх хугацаа, хариу өгөх хугацаагаар хангаагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явуулсан гэдэг боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн санал нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэсэн байдаг бөгөөд нэг агуулгатай албан бичиг 2 өөр өдрийн огноотой албан бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэг өдрийн хугацаатай баримт өгч өмгөөлөгч авах, шаардлагатай баримт бүрдүүлэх ямар ч хугацаа олгоогүй. Энэ үйлдэлд маш гомдолтой байгаа. 219 дугаартай сонсох ажиллагааны талаарх албан бичгийг манай компанид өгсөн. Мөн энэ албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.4 дэх хэсэгт заалтуудыг тус тус зөрчсөн. Сонсох ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 21-ний инженер Д.Билгүүнд мэдэгдсэн гэж байгаа боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд компанид хамааралгүй хүн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар сонсох ажиллагаанд оролцуулах гэж байгаа этгээдэд итгэмжлэл олгож Иргэний хуульд заасны дагуу итгэмжлэл олгосон байна гэж заасан. Тэгэхээр захиргааны байгууллагын шийдвэрийг гардаж авсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэхгүй байгаа. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл явуулсан хэр нь тухайн өдрөө хариу тайлбараа өг гэдэг боломжгүй шаардлага тавьсан үйл баримтууд байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хариуцагч байгууллага бүхэлд нь зөрчсөн. Яг ямар үндэслэлээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй. Иргэний гомдлоор юм уу? Эсвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн саналын дагуу явагдаад байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан захиргааны хувийн хэрэг хөтлөх журмыг ноцтой зөрчсөн. Захиргааны хувийн хэрэгт холбогдох нотлох баримт цуглуулаагүй, гэрчийн мэдүүлэг авах зэрэг боломжит бүх ажлыг огт хийгээгүй. Энэ шийдвэр гаргах ажиллагаа захиалгатай бөгөөд хэдхэн хоногийн хугацаатай бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс Захиргааны ерөнхий хуулийг биелүүлсэн мэт харагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, газар дээр очиж шалгалт хийгээгүй, эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн оролцох эрхээр хангаагүй, өмгөөлөгч авах болон бусад эрх зүйн хувьд авах ёстой ямар ч боломжоор хангаагүй. Маргаан бүхий тушаалыг гаргах болсон үндэслэлээ захиргааны байгууллага нотлох ёстой байсан. Гэтэл нэг ч нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн тодорхойлолт болон барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй гэсэн баримт гаргаж өгсөн. Газар дээр хийсэн илтгэх хуудсаар нэхэмжлэгч компани газар ухсан, барилгын суурь цутгасан гэдгийг нотлохгүй. Учир нь дулааны шугам тавих зөвшөөрөл авсан компани нэхэмжлэгч компанийн газрыг дайруулан тавих хүсэлт гаргасныг хүлээн авч зөвшөөрсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг холбогдох байгууллагад амаар хэлж байсан. Газар эзэмших гэрээний хүрээнд газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж, газар дээр барилгын үйл ажиллагаа явуулахтай холбоотой их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа гэдэг нөхцөл байдлаа хариуцагч байгууллагад хэлж байсан. Гэрээний хугацаа дуусаж сунгуулсан бөгөөд сунгуулахад газрын гэрчилгээ дээр сунгалт хийсэн хэр нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахгүй байсан. Дархан цаазат газрын хамгаалагчийн байрыг барих учраас манай компанид газар эзэмшүүлэхгүй гэж амаар мэдэгдэж байсан тул удаа дараа хүсэлт гаргаж газар эзэмших гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Бидний эзэмшлийн газрыг цуцлах зорилготой ажиллагаанууд хийгдсээр байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Тус компани нь зөвшөөрсөн талбайгаас хэтрүүлэн газар ашигласан, хамгаалалтын захиргаа болон нийслэлийн холбогдох захиргааны байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэсний 1-д "газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх" гэж заасныг зөрчсөн, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй тул хамгаалалтын захиргааны саналын дагуу газар ашиглах эрхийг нь цуцалсан.
Тушаал гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэсний 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэж заасныг, 6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах” гэж заасныг, 40 дүгээр зүйлийн 1.2-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар ашиглах эрхийг дуусгавар болгоно гэж заасныг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүрэгтэй гэж заасныг, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус үндэслэсэн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндэслэлээ,
-Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй,
-Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж газраа хуулийн дагуу ашиглаж байхад ямар ч нотлох баримтгүйгээр удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Маргаан бүхий А/79 дүгээр тушаал нь “... газар ашиглах эрх авсан талбайн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан, хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хууль, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй...” гэсэн үндэслэлээр “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах”-аас гадна “ Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүрэг хүлээх”-ээр, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээх”-ээр, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”-аар тус тус заажээ.
5. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2020/197 тоот гэрээний 5.9-д “Үйл ажиллагаа эхлэхдээ ..., ерөнхий төлөвлөгөө батлуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, холбогдох баримт бичгийн хамгаалалтын захиргаанд хянуулж ажил эхлэх зөвшөөрөл авах”-аар зохицуулжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан
5.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/60 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...нэгж талбарын 17******* дугаартай газрын хойд хэсэгт байрлах 1125 мкв газарт бетонон хучилттай зам, талбай байрлаж байна. Мөн нэгж талбарын 17******* дугаартай газрын урд хэсэг буюу 3810 мкв талбайтай газарт барилгын шороо асгасан байна” гэсэн,
5.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/04/830 дугаартай албан бичигт “Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А*******” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй болохыг уламжилъя” гэсэн,
5.3. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудаст “... ямар нэгэн зөвшөөрлийн бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн” гэснээс тус тус үзвэл, маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан “... зөвшөөрөл аваагүй, ... гурвалсан гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй” гэх үндэслэлийг үгүйсгэхээргүй байна.
6. Гэвч, маргаан бүхий газар нь эргэн тойрондоо нэлэнхүйдээ барилгажсан, тухайн газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”, 1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нийтэд илэрхий байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй.
7. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/56 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны А/27 дугаартай тушаалаар олгогдсон 2015/554 дугаартай “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь дээрх хавсралт дахь солбицлын утгыг боловсруулан үзэхэд 14994 мкв талбайтай байна. Ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт очиж үзлэг хийхэд “А*******” ХХК-ийн хашаалсан 10096 мкв талбайтай түр хашаан дотор барилгын суурь цутгасан, ухсан, хөрс хуулсан зэрэг асуудал байхгүй, хашаан дотор барилгын материал болон контейнер зэрэг байна. Мөн уг хашааны урд хэсэгт барилгын шороо асгасан байдалтай байна” гэснээс тус тус үзвэл маргаан бүхий актын үндэслэл болсон “...газар ашиглах эрх авсан талбайн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан..., ” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
8. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага нь “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар сонсох ажиллагаа явуулах хугацааг оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаж тогтоох үүрэгтэй.
8.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 219 тоот “Сонсох ажиллагааны хариу тайлбар ирүүлэх тухай” албан бичигт “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ үү” гэсэн атлаа мөн сарын 23-ны өдрийн 240 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар уламжилсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/1516 тоот албан бичигт “... дээрх зөрчилтэй холбоотой тайлбар, мэдээлэл, санал, холбогдох нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс газар нутгийн удирдлагын газарт хандана уу” гэсэн байх боловч эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээж авсан эсэх нь тодорхойгүйн дээр Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “... цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно”, хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь маргаан бүхий А/79 дүгээр тушаалыг гаргасан байх тул “хариуцагч захиргааны байгууллага мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид хуульд заасан боломжит хугацаагаар хангаагүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.
8.2. Хариуцагч талаас “зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурь ухаж, газрыг хөндсөн байсан тул маргаан бүхий акт хуульд нийцсэн” хэмээн тайлбарлах боловч шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газар дээрээ барилгын тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан, харин газраа ухсан, хөндсөн, ашигласан гэж үзэхээргүй байхын зэрэгцээ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудаст “... “Г*******” ХХК-ийн холбогдох хүмүүсээс тайлбар авсан, мэдэгдэл гардуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байх тул хариуцагчийг “А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотойгоор хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.
8.3. Нэхэмжлэгч талаас "газар ухсан хөндсөн асуудал нь гадна дулаан хангамжийн сүлжээний батлагдсан зүргийн дагуу дулааны шугам сүлжээ тавих үйл ажиллагаатай холбоотой хийгдсэн” гэж тайлбарласан ба “В*******” ХХК-иас “А*******” ХХК-д хандан “манай компани танай газрын зэргэлдээ газар дээр барилга, газар шорооны ажил хийж байгаа ба тус газрын ажил хийгдэх явцад барилгын суурийн шороо, барилгын тоног төхөөрөмж, ажилчдын түр байрыг байрлуулах боломжгүй болоод байгаа юм. Иймд танай компанийн Х******* аман дахь манайхтай зэргэлдээ газар дээр түр хугацаагаар барилгын тоног төхөөрөмж, контейнер, машин техник, барилгын шороо зэргийг байрлуулж ашиглуулахыг зөвшөөрнө үү. Энэхүү хугацаанд бид танай байгууллагад ямар нэг хохирол учруулахгүй, саад учруулахгүй гэдгээ мэдэгдье” гэсэн хүсэлт гаргаж байсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 тоот албан бичиг болон “Т*******” ХХК-ийн “Аялал жуулчлал, амины орон сууцны цогцолбор барилгууд”-ын гадна дулаан хангамжийг зургийг ирүүлжээ.
8.3. Гэвч захиргааны байгууллагаас уг зургийн дагуу баригдсан дулааны шугам сүлжээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраар дайрч байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь ирээдүйд уг дулааны шугам сүлжээнээс дулаанаар хангагдахаар тохиролцож газраа ашиглуулсан эсэх, эсхүл Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д заасан “орчны газар байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно” гэж зааны дагуу шугам сүлжээ тавих ажилд саад учруулалгүйгээр газраа ашиглуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
8.4. Хэрэвзээ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудаст дурьдсан газар ухсан ажиллагаа нь “Т*******” ХХК-ийн “Аялал жуулчлал, амины орон сууцны цогцолбор барилгууд”-ын гадна дулаан хангамжийн зургийн дагуу хийгдэж байсан ажиллагаа бол уг ажиллагааг зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс батлагдсан зургийн дагуу хийгдэж байгаа эрчим хүчний шугам сүлжээний ажилд 8.3-т дурьдсанчлан нэхэмжлэгч нь саад учруулах, ажлыг хийлгэхгүй байх эрхгүй тул маргаан бүхий актын “үйл ажиллагаа эхлэхдээ зөвшөөрөл аваагүй” гэсэн үндэслэл үгүйсгэгдэхээр, хариуцагч нь энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна.
9. Иймд хариуцагч нь дээр дурьсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар тушаалыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 45 дугаар зүйлийн 45.1-т “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг” гэж тус тус заасан.
11. Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4984 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба шинжээч нарын ажлын хөлсөнд 761,409 төгрөгийг төлсөн байна.
12. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийн төлсөн байна.
13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэгч болон хариуцагчид хуваан хариуцуулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 56 дугаар зүйлийн 56.9, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2/хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “А*******” ХХК-иар 380,704.5/гурван зуун наян мянга долоон зуун дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаар 380,704.5/гурван зуун наян мянга долоон зуун дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус төсөвт төлүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ