Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 83

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: С.Мөнхтулга,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Д.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэлгэрцогтын Одгэрэлд холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.Одгэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, .. дүгээр сургуулийн баруун талын гудамжинд Д.Ганболдыг түлхэн унагаж, бие махбодид нь гавал тархины далд гэмтэл, дагз-суурь ясны хугарал, зүүн талын тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсны дээрхи цусан хураа, духны хэсгийн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Яллагдагч Д.Одгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Илгээлтийн байрны ар талын зам дээр Энхтөр, Гансүх хоёртой таарсан. Тэгсэн тэр хоёр нэг шил архи авсан байсан болохоор гурвуулаа яваад хамт ууя гэхээр нь бид гурав хамтдаа 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар гараад явж байхад араас Баянаа гүйгээд ирсэн дөрвүүлээ хойно байсан овгор шороон дээр очоод нөгөө архиа гаргаад уусан нэг мэдсэн би Баянаатай хэрүүл хийж байсан. Тэгээд зүгээр болсон нэг мэдсэн хаанаас ч юм бэ Ганболд гараад ирсэн байсан түүнтэй би хэрүүл хийж байсан. Дараа нь Энхтөр надад хэлэхдээ Ганболд хоёр архинаас болоод хэрэлдээд байсан гэж хэлж байсан гэхдээ би тухайн үед юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Ганболд миний араас дагаад хэрүүл хийгээд яваад байсан гэж хэлээд байсан нэг мэдсэн Гансүх над руу чи ахыг унагачихлаа ш дээ наад хүн чинь бие муутай ш дээ гэж хэлсэнийг санаад байгаа юм би аюгүй бол зодоон болох байх гэж бодоод тэндээс яваад өгсөн. Би өглөө нь хоёр шил архи хүнтэй хувааж уусан нэлээд согтуу байсан. Зарим үйлдэлээ санаад зармыг нь санахгүй байгаа юм. Ганболдыг тухайн үед хэр зэрэг согтуу байсаныг мэдэхгүй байгаа юм. Тэр үед надтай хамт архи уусан Гансүх, Энхтөр, Баянаа нар архи уусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Одгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Илгээлтийн байрны хойно явж байхад Энхтөр, Гансүх хоёртой таараад нэг шил архи уусан. Тэр үед 3 дахь өдөр байсан. Дэлгүүрээс нэг шил архи аваад гараад ирсэн. Тэгээд бид 3, 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар явсан. Тэр үед Ганболд ирээгүй байсан. Бид 3-н араас Баяндэлгэр гэдэг залуу ирсэн. Тэгээд нэг шил архиа уусан. Би өглөө нь айлд 2 шил архи уусан байсан. Ганболдыг би ирснийг мэдээгүй, Ганболд нь Баярдэлгэр гэдэг залууг хараад дагаад  ирсэн юм байна лээ. Би их согтуу байсан. Нэг ухаан орсон чинь Гансүх чи Ганболд ахыг түлхээд унагаачихлаа шдээ гэж хэлсэн. Тэгээд би за зодоон болох юм байна гэж бодоод яваад өгсөн. Дараа нь 2 хоногийн дараа эмнэлэг дээр Ганболдын бие муу байна гэхээр очсон. Би гэмтэл учруулна гэж бодоогүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Эрүүл мэндийн болон эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан” гэв.

          Хохирогч Д.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цагийн үед Одгэрэл, Энхтөр, Гансүх нартай нэгдүгээр арван жилийн хойд талд уулзалдаад юм яриад жаахан суусан. Бид нар уулзалдаж байхдаа нэг шил архи уугаад сууж байсан. Би Одгэрэлтэй гаанханар утасны үнэнээс болоод маргалдсан. Би өөрийнхөө хэлсэн зүйлийг үнэн зөв гэж хэлсэн. Тэгсэн Одгэрэл өөрийнхөө хэлсэн зүйлийг үнэн зөв гээд байсан. Би тухайн үед согтсон байсан. Тэгсэн Одгэрэл намайг тулхсэн чинь би газар унасан унахдаа тархиараа чулуу мөргөөд унасан. Тэгээд юу болсоныг мэдээгүй маргааш өглөө нь босоод юу болов яав гэж бодоод эргүүлээд болсон зүйлээ санасан. Тэгээд би тэр өдрөө гэрээсээ гараагүй маргааш нь буюу 28-ны өдөр эмнэлэгт хэвтсэн нэг шил архи уусан. Одгэрэл намайг зодоогүй. Одгэрэл намайг түлхэх шиг болсон чинь би арагшаагаа унасан. Харин яаг яаж түлхсэнийг санахгүй байна. Одгэрэл намайг Нэгдүгээр арван жилийн баруун хойд талд овоолсон шороо, цэцэрлэгийн хажуу талын шороон дээр түлхсэн. Миний бодож байгаагаар Одгэрэл бид хоёр утаснаас болж маргалдсан шиг санагдаад байгаа юм. Би 2013 оноос хойш ерөнхийдөө архинд дуртай болоод уудаг болсон. Надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

          Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө гэрээсээ гараад худалдааны төв дээp ирээд хүн хүн царай алдаж мөнгө гуйж байгаад архи авч уусан. Тэгээд шөнө гэртээ харьсан. Өглөө нь дахиад гарах гээд Ганболд ахьг явах уу гэхэд тэр өнөөдөр ахынх чь толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан дахиад архи уусан дараа өдөр нь Ганболд ахыг эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Яагаад юунаас болоод Ганболд ах эмнэлэгт хэвтсэнийг мэдээгүй. Баянаа гэж нэг өндөр залуу байдаг. Аргалантад гэр нь байдаг бид нар Худалдааны тев дээр таараад архи уудаг найзууд. Би Баянаатай уулзаагүй хоёр хонож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

          Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарыч 25-ны шөнө Жаал-Уулд хоноод өгпөө нь 12 цагийн үед гэрээс гараад худалдааны төв дээр ирээд Очир худалдааны төвийн үүдэнд Гансүхтэй таарсан бид хоёр тэнд зогсож байгаад 90 ортын зүүн өмнө талд Илгээлтийн байрны арын засмал замаар Зүүнсайханы ... тоот айлруу явж байхад Одгэрэлтэй таарсан. Одгэрэл гурвуулаа жаахан ярьж байгаад архи уyxaap болсон. Ганболд нэлээд согтуу Баянаатай хамт хүрээд ирэхээр нь бид гурав архиа харамлаад Баянаа Ганболд хоёрыг яв яв гэж хөөсөн. Тэгсэн нөгөө хоёр явахгүй байсан чинь Одгэрэл за за адилхан эр хүмүүс байна наашаагаа суу гэж хэлээд нөгөө архиа хамтдаа ууж байхад Одгэрэл Ганболд хоёр хоорондоо хэрэлдээд байсан, би тухайн үед эхнэртэйгээ утсаар ярьж байсан юм. Тэгээд харахад Ганболд Одгэрэл хоёр өөд өөдөөсөө хараад зогсчихсон байсан, тэгсэн Одгэрэл нь Ганболдыг баруун гараараа цээж рүү нь цохиод авсан тэгсэн Ганболд арагшаагаа саваад суугаад унасан. Ганболд бид нартай уулзах үед тэр нэлээд согтуу байсан болохоос хүнтэй зодолдсон шинж тэмдэг байгаагүй хэвийн байсан. Одгэрэл Ганболдыг цохисон гэж хэлэхэд хэцүү түлхсэн гэхэд хэцүү л болоод байгаа юм. Би өмнө өгсөн байцаалтаар баруун гараараа Одгэрэл- Ганболдыг цохисон гэж андуу хэлсэн байна одоо бодоод байхад Одгэрэл зүүн гарынхаа дотор талаар нь ёворсон шиг санагдаад байна. Би тухайн үед архи уусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/

          Гэрч С.Баяндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 он 10 дугаар сарын 26-ны өдрийн үдээс хойно болж байхад худалдааны төвөөс Зоригийн хамт гараад явсан. Илгээлтийн байранд очиход машинтай хүн ирээд Зоригыг аваад явсан. Би ганцаараа зогсож байхад Гансүх, Гөө, Одгэрэп гурав илгээлтийн байрнаас гарч ирээд баруун хойшоогоо 90 ортын тэрээд явсан. Би Гөө Гансүх хоёрыг хөөе гэж дуудахад тэр эргэж хараад цаашаагаа яваад байхаар нь би араас нь явсан. 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар нөгөө гурав хойшоогоо явсан. Би ч нөгөө хоёр дээр очсон. Тэгээд бүгдээрээ архийг хуваагаад уусан. Ганболд хоёр удаа архи уучихаад Одгэрэлийг өдөөд чи архиа харамлаад байна гэж баахан юм хэлээд байсан яг тэгээд байж байхад нь би хажуу тийшээгээ бөөлжих гэж байхад Одгэрэл, Ганболд Гөө гурав зогсож байсан. Тэр хооронд Одгэрэл Ганбопдыг түлхэх шиг болсон чинь Ганболд гэдэргээ саваад унасан. Тэгхээр нь хөөе юу болж байна гэж хэлээд босоод ирэхэд Ганболд газар гэдэргээ савж унасан байсан. Би түүнийг суганаас нь өргөж овгор шороо руу суулгасан. Тэгсэн Одгэрэл яваад өгсөн. Би Ганболд гайгүй юу яасан бэ гэж хэлсэн чинь тэр юу ч хэлэхгүй байсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй маргааш нь Ганболд түргэний машинаар гэртээ хүргүүлсэн гэж Гансүх надад хэлж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

          Гэрч Д.Гансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үдээс хойно 15 цагийн үед би Одгэрэл Энхтөр бид гурав илгээлтийн байранд явж байгаад нэг шил архитай 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар нь яваад хойд талд нь ухсан нүхний шороон дээр суугаад нөгөө архиа задлаад уух гэж байтал араас Баянаа хүрээд ирсэн.  Архинаасаа нэг нэг татчихаад сууж байхад, Ганболд ах хүрээд ирсэн. Одгэрэл Ганболд ахтай хэрэпдсэч чинь гэнэт л Одгэрэл түүний цээж рүү цохих шиг болсон чинь Ганболд ах газар арагшаагаа саваад унасан. Тэгээд босохгүй байсан жаахан өндийхөөр нь би түүнийг өндийлөөд шороо налуулсан. Тэгсэн нөгөө хэд яваад өгсөн. Би Энхтөрийн утсаар түргэн дуудсан түргэн бид нар дээр ирээгүй нүх ухсан байсан болохоор нь машин орж чадахгүй байсан. Тэгэхээр нь Энхтөр бид хоёр Ганболдыг сугадаад арван жилийн хашаанд орж байхад зүүн талаас түргэний машин хүрээд ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ганболдыг Одгэрэл цээж рүү нь нэг түлхэх шиг болсон чинь л Ганболд ах арагшаагаа саваад унасан. Би тухайн үед архи уусан манарсан байсан. Ганболд ах миний төрсөн ах байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

          Гэрч Н.Шинэмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Одгэрэл бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна миний нөхөр тэр болгон архи уугаад байдаггүй. Бид хоёр Худалдааны төвд лангуу түрээслэдэг. Намайг эзгүй байхад тэр лангуун дээр суудаг. Одгэрэл 1996 онд нагдүгзэр сургуулийн аравдугаар ангийг төгсөөд Чойрт хэдэн жил болж байгаад ирсэн. Бид хоёр нэг ангийг төгссөн. Одгэрэл Говьсүмбэр аймагт 1996 оноос 2008 оны хооронд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчийн ажил хийж байгаад Өмнөговь аймгийн төвд ирээд жуулчины баазад 2009 онд нярав аж аухйн ажил хийж байсан. Манай нөхөр даруу төлөв зантай тэр болгон уугаад байдаггүй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

          Гэрч Д.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манай хүү ганцаараа амьдардаг. Архи дарсыг уудаг хүн уг нь гайгүй байсан одоо уудаг л болсон байна. Тухайн үед би гэрт байгаагүй эмнэлэгт хүүхдээ хараад хэвтэж байсан. Ганболд тэр өдрөөс хойш гэртээ хэвтсэн юм билээ. Ганболд одоо архи уухаараа дэмий балай юм яриад байдаг болсон байна лээ. Ганболд өдөр болгон архи уугаад байдаг болсон. Өчигдөр согтуу тасарч ирсэн, өнөөдөр бас байхгүй байна. Тэр архи уучихаараа юу ярьж байгаагаа ч ойлгойхгүй болдог. Ганболд гайгүй л юм байгаа байлгүй архи уугаад тэнээд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

          Гэрч Н.Бадамханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би тэр өдөр ээлжтэй байсан 14 цаг 17 минутанд нэгдүгээр арван жилийн баруун талд шорооны хажуу талд нэг хүн ухаан алдаад унасан байсан гэж Гансүх гэдэг хүн түргэн тусламжид дуудлага өгсөн. Ингээд 14 цаг 20 минутанд дуудлага өгсөн газар дээр очиход гурван согтуу хүн байсан. Намайг Ганболд харсанаа ухаан алдаж унаж байгаа дүр эсгэсэн. Тэгээд хүрээд очиход Ганболд өмнөөс загнаад агсам тавиад байсан. Би артерийн даралтыг нь үзэхэд 110/70 зүрхний цохилт 68, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 95 хувь байхад үзүүлэлтүүд хэвийн байсан. Ганболд өөдөөс маш их согтуу байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Ил харагдах шарх сорви цус гоожсон зүйл байгаагүй. Намайг дуудлагаар очиход дуудлага өгсөн хүмүүс нэгдүгээр арван жилийн баруун талд хашаан дотор ороод ирсэн байсан. Тэгээд тэр босож яваад хашааны баруун талд очиж байсан. Угаасаа тэр хэд бүгдээрээ согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

          Гэрч Ц.Баттөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Тухайн үед уг агзарт дулааны шугам сүлжээний нүх ухаад шинэ шугам сүлжээ татах гэж байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

          Хохирогч Д.Ганболд, гэрч Б.Энхтөр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: ...гэрч Б.Энхтөр “Би тэр өдрийн он cap өдрийг нь санахгүй мартсан байна тэр өдөр 11 цагийн үед Очир төвийн өмнө талд Гансүхтэй уулзаад тэдний охиных руу Зүүнсайрхан руу явсан. Тэгээд явж байгаад Илгээлтийн байрны ар талд Одгэрэлтэй таарсан. Бид гурав ярьж байгаад нэг юм уухаар болж архи аваад 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар гараад хойд талд нь нүх ухсан шорооны өмнө талд нь очиж нөгөө архийг уусан. Тэгээд байж байтал араас Ганболд Баянаа хоёр хүрээд ирсэн бид нар хамтдаа архийг уусан. Архи уугаад сууж байхад Одгэрэл Ганболд ах хоёр хоорондоо маргалдах шиг болсон харин юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэр хоёр өөд өөдөөсөө харж маргалдаж байсан. Тэгсэн Одгэрэл Ганболд ахын цээж хэсэг рүү зүүн гарынхаа дотор талаар ёворсон. Тэгсэн Ганболд ах арагшаагаа шороо налаад лаг хийгээд суугаад шороогоо налаад суусан. Тэгэхээр нь Одгэрэлийг салгаад хойш нь гэр лүү нь явуулсан. Буцаад ирэхэд Ганболд ах унасан газраа хэвтэж байсан тэгэхээр нь Гансүх бид хоёр түргэн дуудсан түргэн нэгдүгээр арван жилийн хашаан дотор ирээд зогсохоор нь Гансүх бид хоёр Ганболд ахыг хоёр талаас нь өргөөд эмнэлэгийн машин дээр очиход эмч нь бид нарыг загнаад архи ууж чадахгүй муусайн юм нууд цагдаа дуудлаа гэхээр нь Гансүх бид хоёр Ганболд ахыг орхичихоод явсан” хохирогч Д.Ганболд... “Би Одгэрэлтэй маргалдсанаа хальт мульт санаад байгаа юм архинаас болж л маргаан болсон гэж бодоод байгаа. Би тухайн үед согтуу байсан болохоор би хольж хутгаад яриад байж магадгүй гэхдээ он, cap, өдөр нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байсан цагийг нь бас мэдэхгүй байна. Тэр өдөр гурав дахь өдөр байсан би яагаад санаад байгаа вэ гэвэл 3 хоногийн өмнө нь хөдөөнөөс ирсэн байсан болохоор өдрөө санаад байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр хуудас/

          Гэрч Б.Энхтөр, Д.Гансүх нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: ...Б.Энхтөр “Би он cap өдрөө санахгүй байна. Тэр өдрийн өглөө худалдааны төвд Очир дэлгүүрийн өмнө талд Гансүх бид хоёр уулзаад Зүүнсайхан руу манай охины гэр лүү явсан явж байхад Илгээлтийн байрны ар талын засмал зам дээр Одгэрэлтэй таарсан. Бид гурав нийлээд нэг шил архи аваад уух гэж явсан. Бид гурав 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар нарийн гудамжаар хойшоогоо гараад гудамжинд ухсан нүхний өмнө талд очоод нөгөө авч очсон архи уугаад сууж байхад араас Ганболд Баянаа хоёр хүрээд ирсэн. Нөгөө хоёр ирээд бид нартай архийг хуваагаад ууж байх зуур Ганболд, Одгэрэл хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг сайн анзаараагүй. Би тухайн үед эрхнэртэйгээ утсаар ярьж байсан. Тэр хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Одгэрэл нь зүүн талынхаа дотор талаар нь Ганболдын цээж хавьцаа руу ёвроод авсан тэгсэн Ганболд нь арагшаагаа шороон дээр налаад унасан, бид нар Одгэрэлийг салгаад хойш нь гэр лүү нь явуулсан. Эргээд ирэхэд Ганболд нөгөө унасан газраа хэвтэж байсан тэгэхээр нь Гансүх бид хоёр түргэн дуудсан. Түргэний машин ирхээр нь Гансүх бид хоёр Ганболдыг эмчид нь хүлээлгэж өгөөд явсан.” Гэрч Д.Гансүх “Би он cap өдрийг нь санахгүй байна тэр өдрийн өглөө Очир худалдааны төвийн өмнө талд зогсож байхад Энхтөр хүрээд ирсэн бид хоёр хамтдаа Зүүн сайхан руу Энхтөрийн охины гэр лүү явж байхад Илгээлтийн байрны ар талд Одгэрэлтэй таарсан тэндээс нэг шил архи аваад бид гурав 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар хойшоогоо гараад ус сувгийн ухсан нүхний овоолсон шороон дээр очоод нөгөө архийг задлаад ууж байхад араас Ганболд Баянаа хоёр хүрээд ирсэн. Тэр хоёрт нэг нэг аягалаад өгсөн байхад Ганболд ах Одгэрэл хоёр хоорондоо маргалдах шиг болсон. Би юу болсон юм бол гээд харахад Одгэрэл Ганболд ахыг нэг гараараа ёврох шиг болсон чинь Ганболд ах газар саваад унах шиг болсон. Би тухайн үед архи уусан манарсан байсан. Одгэрэлийг тэндээс явуулаад Энхтөрийн гар утсаар түргэн дуудсан, түргэний машины сургуулийн хашаанд ороод ирхээр нь Гансүх бид хоёр Ганболд ахыг хоёр талаас нь сугадаад амдаад очсон тэгсэн эмч нь бид нарыг загнаад байсан эмч нь цагдаа дуудлаа шүү гэж хэлхээр нь Гансүх бид хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/

          Гэрч Б.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би тухайн өдөр жижүүрийн туслахаар ажиллаж байсан. Тэр үед 1-р 10-н жилийн баруун талд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлага ирсэн санагдаж байна. Тэгээд би тэр дуудлаганд очиход 1-р 10-н жилийн баруун талд согтуу хүн байгаагүй, ба дуудлага нь яг хэдэн цагт ирснийг нь санахгүй байна үдээс хойш байсан шиг санагдаж байна” гэх мэлүүлэг /хх-ийн 144 дүгээр хуудас/

          Гэрч Д.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би тухайн үед гэртээ байгаагүй. Манай хашаанд ч хүн байгаагүй. Ээж эмнэлэгт хүүхэд хараад хэвтсэн байсан. Тэр өдрийн орой 23 цагийн үед би гэртээ ирэхэд Ганболд гэртээ ирчихсэн унтаж байсан. Харин хэдэн цагт ирсэнийг нь мэдээгүй. Намайг гэртээ ирэхэд Ганболд согтуу ч юм шиг сонин сонин юм яриад байсан. Би тэгэхээр нь гараад явсан. Түүнээс хойш тэр гэрээсээ гараагүй тэгсэн тэр эрүүл байж гуйвж дайваад байхаар нь 2 хоногийн дараа эмнэлэгт хандсан чинь түргэн ирээгүй. Тэгэхээр нь би ахыгаа аваад эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Ганболд юм хэлж чадахгүй байсан. Дараа нь Ганболдыг эрүүл болсон дараа нь хэн зодсон юм бэ гэж асуухад тэр намайг Од зодсон гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 145 дугаар хуудас/

          Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би тухайн үед Ганболдод үзлэг хийж өвчний түүхийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Ганболдод учирсан гэмтэл нь эмнэлэгт хандахгүйгээр тодорхой хугацаагаар явж байж болно гэхдээ хэдий ч хугацаа байж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.11.10-ны өдрийн №591 дүгээр дүгнэлт:

1. Ганболдын биед гавал тархины далд гэмтэл, дагз-суурь ясны хугарал, зүүн талын тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, духны хэсгийн няцрал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-инй 29 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Хэрэгч учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 04-05, 11-13 дүгээр хуудас/

Сэтгэцийн эмгэг судлалын магадлагаа №50/16

а/ Д.Ганболд нь сэтгэцийн хувьд эрүүл болно.

б/ Д.Ганболд нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай /хх-инй95-96 дугаар хуудас/

Сэтгэцийн гэм судлалын магадлагаа №79/16

а/ Д.Одгэрэл нь сэтгэцийн хувьд эрүүл болно.

б/ Д.Одгэрэл нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, хэрэг хүлээх чадвартай. /хх-ийн 99 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банк санхүүгийн байгууллагын тодорхойлолт /хх-ийн 48-52 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчтөний түүх, түргэн тусламжийн хуудас /Ц.Ганбол/ /хх-ийн 57-85, 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

          2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

          Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн бөгөөд шүүгдэгч Д.Одгэрэлд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2015 оны  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж, оногдуулах эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Одгэрэлийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Д.Одгэрэл нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр сургуулийн баруун талын гудамжинд Д.Ганболдыг түлхэн унагаж, бие махбодид нь гавал тархины далд гэмтэл, дагз-суурь ясны хугарал, зүүн талын тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсны дээрхи цусан хураа, духны хэсгийн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Ганболдын “Би Одгэрэлтэй гар утасны үнэнээс болоод маргалдсан. Би өөрийнхөө хэлсэн зүйлийг үнэн зөв гэж хэлсэн. Тэгсэн Одгэрэл өөрийнхөө хэлсэн зүйлийг үнэн зөв гээд байсан. Би тухайн үед согтсон байсан. Тэгсэн Одгэрэл намайг тулхсэн чинь би газар унасан унахдаа тархиараа чулуу мөргөөд унасан” гэх мэдүүлэг /хх-15-16 дугаар хуудас/, гэрч Б.Энхтөрийн “Одгэрэл нь Ганболдыг баруун гараараа цээж рүү нь цохиод авсан тэгсэн Ганболд арагшаагаа саваад суугууд унасан. Ганболд бид нартай уулзах үед тэр нэлээд согтуу байсан болохоос хүнтэй зодолдсон шинж тэмдэг байгаагүй хэвийн байсан” гэх мэдүүлэг /хх-18-20 дугаар хуудас/, гэрч Д.Гансүхийн “. Одгэрэл Ганболд ахтай хэрэпдсэч чинь гэнэт л Одгэрэл түүний цээж рүү цохих шиг болсон чинь Ганболд ах газар арагшаагаа саваад унасан. Тэгээд босохгүй байсан жаахан өндийхөөр нь би түүнийг өндийлөөд шороо налуулсан” гэх мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт №591 дүгээр дүгнэлт “Ганболдын биед гавал тархины далд гэмтэл, дагз-суурь ясны хугарал, зүүн талын тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, духны хэсгийн няцрал гэмтэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-29 дүгээр хуудас/, өвчний түүх /хх-59-85 дугаар хуудас/ болон хэрэгт цуларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Иймд шүүгдэгч Д.Одгэрэлийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Д.Одгэрэлийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм.

Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгоно. 

Хохирогч Д.Ганболд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүх шүүгдэгч Д.Одгэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Д.Одгэрэлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Одгэрэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 10000 нэгж түүний хоёрны нэгээс багагүй буюу 5500000 төгрөгөөр торгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан торгох ял болох 55000000 төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр 152777 төгрөг 07 мөнгө хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2 зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрцогтын Одгэрэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрцогтын Одгэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэл торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 152.777.07 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун далан долоо төгрөг долоо мөнгө/ төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэл торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одгэрэлд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт зааснаар хувийн баталгаа авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ