Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/618

 

 

 

 

   2021             6             24                                       2021/ДШМ/618

 

Д.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тын өмгөөлөгч Н.Гантөмөр,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Энхбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.Тд холбогдох 2006044770134 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

___________ овгийн Д.Т, _____ оны _ дүгээр сарын __-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, _______________ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ________________________________ бүртгэлтэй, /РД:УЕ________________/;

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Д.Т нь “Монголын алт” (МАК) ХХК-ийн эзэмшлийн 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалангийн зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын зам дээр цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 62 настай Ц.Атэй “урсгал сөрлөө” гэх шалтгаанаар автомашинаасаа буун маргалдаж, улмаар буцаж суун хөдлөх явцдаа хохирогч Ц.Ахийг автомашинаараа санаатай дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овгийн Дарьбазарын Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзсэн боловч уг нөхцөл байдлыг огт авч үзсэнгүй.

1 дүгээр хавтас хэргийн 80 дахь талд, туршилт хийсэн тэмдэглэлээс үзвэл 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинаас 1-1.2 метр зайд байх 1.70 метр өндөртэй явган зорчигч харагдахгүй байгаа бөгөөд замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хөдөлгөөн явагдаж байх үед хохирогч дүрэм зөрчсөн буруутай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг төлсөн. Шүүгдэгч нь 3 сараас 17 насны 4 хүүхэдтэй. Ар гэрээ ажил хийж тэжээдэг ганц хүн бөгөөд ийм хэрэг гарсанд чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх...” гэж заасан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Тд оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тын өмгөөлөгч Н.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Т нь “Монголын алт” (МАК) ХХК-ийн эзэмшлийн 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалангийн зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын зам дээр цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 62 настай Ц.Атэй “урсгал сөрлөө” гэх шалтгаанаар автомашинаасаа буун маргалдаж, улмаар буцаж суун хөдлөх явцдаа хохирогч Ц.Аийг автомашинаараа дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тын “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний төрсөн эцэг болох Ц.А нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замд том оврын тээврийн хэрэгсэлд дайруулж, амь насаа алдсан. Тухайн үед аав маань өөрийн эзэмшлийн хүний нэр дээр байдаг 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. ...гомдолтой байна, хохирлоо баримтаар гаргаж нэхэмжлэх болно.” /1хх 94/,

гэрч Д.Нгийн “...Түгээгч Энхтуул бид хоёр гадаа орлогын машинаас орлого авч байхад ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад шатахуун түгээх станцын хойд замын нэгдүгээр эгнээгээр ачааны том машин явж байхад замын хойд талын эгнээнээс зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашинтай жолооч урсгал сөрж орж ирээд том ачааны автомашины урдаас тулаад ороод ирсэн. Ачааны автомашины жолооч тоормозлож зогсоод сигналаа байн байн дараад байсан. Урсгал сөрж орж ирсэн цагаан приүс-20 маркийн автомашиныг том автомашины жолооч зогсоогүй бол мөргөх шахсан. Том машины жолооч бууж ирээд “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд цагаан приүс-20 машины жолооч руу орилоод байсан. ...Түгээгч Энхтуул бид хоёр орлогын түлшээ аваад зогсож байтал том ачааны автомашины жолооч сандарсан байдалтай гүйж ирээд “би хүн дайраад унагачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед бид нар орлогын түлшээ авч байсан учраас машин хаагаад осол болсныг хараагүй. ...” /1хх 32-33/

гэрч М.Эын “...Колонкийн хойд замын эгнээгээр явж байсан ачааны автомашины урдаас эсрэг талын эгнээнд зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн Приүс-20 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд урдаас нь тулаад зогсчихсон. Приүс-20 машины жолооч ухарч байсан чинь том ачааны автомашин урагшаа яваад шахаад сигналаа дуугаргаад яваад байсан. Том ачааны автомашины жолооч бууж ирээд цагаан өнгийн Приүс-20 маркийн автомашины жолооч руу “чи яаж яваад байгаа юм бэ” гээд орилоод байсан. ...” /1хх 34-35/,

иргэний хариуцагч “Монголын алт” /МАК/ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жын “...манай компанийн эзэмшлийн ачааны машинтай явсан жолооч Д.Т хүн дайрч хохироосон гэдгийг ерөнхийдөө мэдэж байна. ...” /1хх 98/,

шүүгдэгч Д.Тын “...хажуу талаас хүн дайрчихлаа гээд орилох шиг болохоор нь машинаа зогсоогоод бууж үзэхэд машины ард, зам дээр тэр хүн дайруулсан хэвтэж байсан. Тухайн үед тэр хүн машинаасаа бууж ирсэн гэдгийг хараагүй, мөн машины зүүн хажуу хэсэгт болон урд хэсэгт тэр хүн харагдаагүй юм. ...Хүн нас барсанд маш их харамсаж байгаа, хохирлыг барагдуулж байгаа. ...” /1хх 245/ гэсэн мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-18/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 20/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /1хх 21/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 22/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 23-26/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх 27-28/, ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх 31/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 67/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 68/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 80-91/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2380 дугаартай дүгнэлт /1хх 100-104/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1201 дугаартай дүгнэлт /1хх 112-113/, хохирлын талаарх баримтууд /1хх 187-213/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 224-228/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд нь хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг урдчилан харж, түүнийг хүсч, эсхүл үхэлд зориудаар хүргэх санаа зорилгоор хандсан байдаг.

Харин болгоомжгүй байдлаар бусдын амь насыг хохироох гэмт хэргийн хувьд, үйлдэлдээ хөнгөмсөгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байдаг.

Хөнгөмсөгөөр найдахын хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийн үр дүнд бий болох нөхцөл байдлыг урдчилан харж, гарах үр дагавраас урдчилан сэргийлж чадна гэж тооцсон боловч хохирол учирсан байдаг бол хайхрамжгүй хандахын хувьд, өөрийн үйлдлийн үр дагаварт анхааралтай хандаагүйгээс хохирол учирсан нөхцөл байдал хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих тус тус гэмт хэргийн хувьд ялган зүйлчлэх асуудал үүсч байх бөгөөд 27.10 дугаар зүйлийн хувьд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байдаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад 27.10 дугаар зүйлд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаас бусад хэм хэмжээ тогтоосон хууль, акт хамаарч байгаагаараа ялгагдана.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд ... эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, ... гэсэн нөхцөл заасан бөгөөд энэ шинжид шүүгдэгч Д.Тын автомашиндаа суун хөдөлгөх үйлдэл хийхэд амь хохирогч урд нь ирснийг үл анзааран дайрч амь насыг нь хохироосон нөхцөл байдал хамаарагдаж байна гэж үзэв.

Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат “...шүүгдэгч Д.Тд оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой.

Хэдийгээр шүүгдэгч Д.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан дээрх хуульд заасан тэнсэх нөхцлийг хангасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Давж заалдах шатны шүүх шүүдэгч Д.Тын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан “...Д.Тд оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Тд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР