Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 134/ШШ2022/00210

 

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 134/ШШ2022/00210

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ........ тоотод оршин суух Б........ овогт Д-н Б /РД:..............., утас ................/

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг ............ тоотод оршин суух Б овогт Г..........ийн Э.... /РД:.............., утас ............./

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,810,200 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Д.Д.Ээ нь хариуцагч Г.Г.Эд холбогдуулан үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 131,200 төгрөг, алданги 521,000 төгрөг нийт 1,810,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх 2022 оны 02 дугаар сарын 01-нд надаас 1000,000 төгрөг зээлсэн. Үүнээс 03 дугаар сард хүүнд 200,000 төгрөг, үндсэн зээлд 300,000 төгрөг төлж, 700,000 төгрөг үлдсэн. 04 дүгээр сараас эхлээд ажил нь зогссон гээд мөнгөө өгч чадаагүй учраас 06 дугаар сарын 25-ны өдөр хүү, алдангиа тооцоод 1,158,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийсэн. Өмнө нь бичгээр гэрээ хийсэн байсан боловч дахин гэрээ хийсэн учраас гэрээгээ устгасан. Ингээд 06 дугаар сарын 27-нд 100,000 төгрөг, 07 дугаар сарын 09-нд 100,000 төгрөг өгсөн. Энэ 200,000 төгрөгийг хүүнээсээ хассан. Тэгээд үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, очоод нэхэхээр хамтран амьдардаг эмэгтэй нь хэрүүл хийгээд өгүүлэхгүй байгаа. Иймээс би үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 131,200 төгрөг, алданги 521,000 төгрөг нийт 1,810,200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1000,000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд 500,000 төгрөг өгөөд 700,000 төгрөг үлдсэн. Үүний дараа гурван удаа 100,000 төгрөг өгсөн. Банкны зээл төлдөг болохоор илүү мөнгө гарахгүй байна. Ямар хүүтэй мөнгө зээлсэн гэдгээ ойлгохгүй байгаа. Сар болгон  мөнгө нь нэмэгддэг. Би уншиж чаддаггүй гэж хэлэхэд би уншаад өгье гээд уншиж өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Ганцхан удаа л бичгээр гэрээ хийсэн. Ер нь бол би өгөхгүй гээгүй, адуу хүртэл өгье гэхэд авсан ч гэсэн мөнгөнийхөө хүүг бодно гэсэн. Гэхдээ ийм их мөнгө төлөхгүй, минийхээр бол 700-800 мянган төгрөг л төлнө гэж бодож байна. Миний яаж ажилладаг нь энд ямар ч хамаа байхгүй. Намайг утсаар болон ажил, гэр гээд хаа явсан газарт ирж дарамталдаг. Надтай суусан хүнийг хүртэл хэл амаар доромжлоод байдаг гэв.

4.Нэхэмжлэгчээс, 2022.06.25-ны өдрийн зээлийн гэрээ, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022.10.26-ны өдрийн 746 дугаартай тодорхойлолт, Г.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг, хариуцагчаас, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 131,200 төгрөг, алданги 521,000 төгрөг нийт 1,810,200 төгрөгийг гаргуулах гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“1 сая төгрөг зээлсэн нь үнэн. Тодорхой мөнгийг төлсөн, одоо 700-800 мянган төгрөг  л төлнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.06.25-ны өдрийн зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1.Зээлдүүлэгч Д.Д.Ээ, зээлдэгч Г.Г.Э нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагджээ.

4.2.Уг гэрээний төлбөрт хариуцагч Г.Г.Э нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 200,000 төгрөгийг хүүнд, 300,000 төгрөгийг үндсэн зээлд тооцсон.

4.3.Үндсэн үүрэг 700,000 төгрөгийн хүү, алдангийг тооцож 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд нийт 1,158,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бичгийн гэрээ байгуулсан.

4.4.Дээрх гэрээний дагуу хариуцагч Г.Г.Э нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д.Ээд төлсөн.

4.5.Хариуцагч Г.Г.Э нь нэмж 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөг өгсөн гэх боловч хариу тайлбараа нотлоогүй.

5.Дээрхээс дүгнэхэд талууд анх 1,000,000 төгрөг зээлсэн болон 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бичгийн гэрээ байгуулсан талаар маргаангүй, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаантай байна.

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан болох нь  маргаангүй тогтоогдсон.

Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэснээр хүү, алданги шаардах эрхтэй.

Гэхдээ бичгийн гэрээнд заасан 1,158,000 төгрөгийг зээлдэгч нь бодитоор шилжүүлээгүй, өмнөх гэрээний хүү, алдангийг тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэсэнд нийцэхгүй.

Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэснээр 700,000 төгрөгийн хэмжээгээр 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан  гэж үзлээ.

Зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 09-нд нийт 200,000 төгрөг төлснөөс 1 сарын хүү 140,000 төгрөгийг тооцож, үлдсэн 60,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцно. /700,000-60,000=640,000/

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээг бичгээр сунгасан нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч нь 07 дугаар сарын 26-наас хойш хүү авах эрхээ алдаж, зөвхөн гэрээнд зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги шаардах эрх үүссэн. Иймд 07 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 93 хоногт ногдох /640,000 х 0,5% х 93 хоног/ алданги 297,600 төгрөг нийт 937,600 /640,000+297,600/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

7.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,913 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 27,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Э-ас зээл, алданги нийт 937,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, үлдсэн 872,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,913 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НАРАНЧИМЭГ