| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/00819/И |
| Дугаар | 182/ШШ2022/02626 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2022/02626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 10,408,708 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ж,
Гэрч Г.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь манай компанид 2018 онд ажилд орж 2019.11.30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон. Иймд тооцоо нийлэхэд 8,633,774 төгрөг төлөх төлбөр гарсан. Билгүүн нь өөрөө энэхүү тооцоог хүлээн зөвшөөрч 2020.06.15-ны өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэй хугацаа авч, төлж чадахгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр захирал Ц.Бтай гэрээ хийсэн болно. Иймд А.Бий өр авлагын тооцоо болон зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүний үлдэгдэл 6,939,139 төгрөг, алданги 3,469,569 төгрөг, нийт 10,408,708 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2019 оны 11 сарын 30-ний өдрийн Ш ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн гэрээний дагуу 8,633,774.96 төгрөгөөс сарын 3 хувийн хүүг 6 сараар тооцон, үүнээс А.Бий төлсөн төлбөр болох 3,350,000 хасаад үлдэгдэл 6,939,139.42 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар өр авлагын тооцоог ажилтантай хийж болно гэсний дагуу 3 хувийн хүүтэй өр авлагын тооцоог гаргасан. Үүнээс 3 удаагийн үйлдлээр 3,350,000 төгрөгийг А.Бий өр гээд ээж Энхчимэг, эгч Анугийн данснаас мөнгө гарсан байсан. Үүнийг хасаад 6,939,139 төгрөгийг нэхэмжилж байгаа. А.Б нь Яшкино компанид ажиллаж байхдаа өртэй байсан нь Шижиржин компанид шилжиж ирсэн. Мөн машин аваад өгчих тэгвэл би түгээлтэд явъя гэхээр нь 7,500,000 төгрөгөөр машин авсан. Билгүүн нь мөнгөө 2 жилийн хугацаанд суутгуулаад машинаа өөрөө авна гэж байсан. Билгүүний унаж байсан машины торгуулийг төлсөн. Билгүүний өр авлагын тооцоог тодруулах гэж ажилчид Билгүүний өмнөөс ажлаа алдаад явсан учраас ажилчдын ажлыг алдуулсан, тооцоонд явсан шатахууны үнэ орсон гэв.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд хавсарган өгсөн баримт бичгүүд нь үнэн бодит санхүүгийн тооцоололд тулгуурлан гаргасан баримт биш буюу А.Б нь захирал гэх Л.Шижирмаагийн нөхөр Ц.Бтай хуурамч дүр үзүүлсэн гэрээг аргагүйн эрхэнд байгуулсан юм. Учир нь Ш ХХК нь А.Бийг БНСУ руу явах гэж буйг мэдэн түүний гадаад паспортыг барьцаалж, хууль бус гэрээ болон баримтууд дээр А.Бээр гарын үсэг зуруулсан байдаг. А.Бд хамааруулж зохиомол өр үүсгэсэн болно. Харилцагч нарт нийлүүлсэн бараатай холбоотой үнийн дүнг дараа нь нөхөж төлсөн байх боломжтой. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төлбөрийг Билгүүнийг төл гээд байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Торгуулийн 400,000 төгрөгийг тухайн үед Билгүүн найзаараа төлүүлсэн байдаг. Билгүүнд 7,500,000 төгрөгөөр машин авч өгсөн гэх боловч Ц.Б нь Билгүүнд машин авч өгөөгүй. Доминик ХХК-д өгч тус компанийн өмчлөлд машин шилжсэн байдаг. Алдсан айлуудын авлага гэх 602,782.23 төгрөгийн санхүүгийн баримт байхгүй. 57,000 төгрөгийн төлбөр гарсан дугаарыг Билгүүн ашиглаж байгаагүй. Компанийн ажилчдын 4 хоногийн ажлыг алдагдуулсан цалин болон шатахуунд 788,333.33 төгрөгийг нэхэмжилж байгаа нь компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой зардал учир зөвшөөрөхгүй байна. Иймд А.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гэрч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Миний хүүг өрийн асуудалтай гээд Шижиржин компаниас манай хашаа байшинг барьцаалсан байсан. Зээл авсан талаар мэдэхгүй. Тэгээд хашаа байшинг Золжаргал гэдэг хүн өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Миний хүүгийн гадаад паспортыг авчихаад өгөхгүй байсан. ..Билгүүн ажлын машин гээд машин унаж байсан... Билгүүний тавьсан өрийг төл, тэгэхгүй бол хашаа байшингаасаа гар гээд байсан учир 3,350,000 төгрөгийг төлсөн... гэв.
4. Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн баримт: 5281УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, А.Бий зээлийн тооцоолол, 2019.11.30-ны өдрийн зээлийн гэрээ, Ц.Бийн дансны хуулга, А.Бий тодорхойлолт, 2019.11.30-ны өдрийн А.Бий өр авлагын тооцоо, Шижиржин компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2022.04.11-ний өдрийн итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.Бий хүсэлтүүд, 94493133 дугаарын нэхэмжлэх, А.Б 2019.11.18-ны байдлаарх авлагатай харилцагчдын мэдээлэл, Яшкино трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, бараа захиалгын баримт.
5. Хариуцагч талаас бүрдүүлсэн баримт: А.Бий гадаад паспортын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 00062 дугаар шүүхийн шийдвэр, 2022.03.04-ний өдрийн 03455 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 00329 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022.03.18-ны өдрийн итгэмжлэл, П.Мөнхдэлгэрийн Хаан банкны дансны хуулга, А.Бий Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга.
6. Шүүхээс талуудын хүсэлтээр: 5281УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн мэдээлэл бүхий хуудас, Мобиком корпораци ХХК-ийн 94493133, 94064255 дугаар эзэмшигчийн мэдээлэл, Хаан банкны 5749918831 тоот дансны мэдээлэл, хуулга зэрэг баримтыг бүрдүүлж, гэрч Ж.Батсүх, Ж.Ууган-Эрдэнэ, Г.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш ХХК нь А.Бд холбогдуулж өр авлагын тооцоо болон зээлийн гэрээний үүрэгт 10,408,708 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2019 оны 11 сарын 30-ний өдрийн Ш ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн гэрээний дагуу 6,939,139.42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Шаардлагын үндэслэлээ А.Б нь ажлаас гарахдаа зээл болон тооцооны өртэй байсныг тооцоо нийлж баталгаажуулсан. Иргэний хуулийн 466-р зүйлийн 466.1-д зааснаар талууд ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцон гэрээ хийгдсэний дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлав.
2. Хариуцагчийн төлөөлөгч нь А.Б тухайн тооцоо нийлсэн гэх баримтын төлбөрийг төлөх үндэслэл байхгүй. Бодит байдал дээр ийм өр төлбөр үүсгэсэн нь нотлогдоогүй, А.Бийг гадаад улс руу явах гэж байхад нь паспортыг нь барьцаалсан тул аргагүйн эрхэнд олон баримтад дүр үзүүлж гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3.1 Хариуцагч А.Б нь Ш ХХК-нд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, компаниас өр авлагын тооцоо хийж 2019.11.30-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үйлдэж талууд гарын үсэг зурсан байна. Тухайн тооцооны баримтаар А.Бийг 8,633,774.96 төгрөгийг төлөх төлбөртэй гэж тооцсон байна. /хх-9/.
3.2 Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь тус зүйлийн 466.2-д зааснаар шаардах, 466.5-д зааснаар хүү тооцох эрхтэй байна.
3.3 Шүүх тус өр авлагын тооцооны баримтаар тооцсон төлбөрөөс хувь чихэрийн гэх 248,000 төгрөгийн төлбөр нь “айлын тооцоо алдсан, 248.000 төгрөгийн өртэй нь үнэн болно” гэсэн баримтаар /хх-46/, алдсан айлуудын авлагын дүн гэх 602,782.23 төгрөгийн төлбөр нь “А.Б 2019.11.18-ны байдлаарх авлагатай харилцагчдын мэдээлэл” гэх баримтаар /хх-50-51/ тус тус тогтоогдсон, тус баримтууд болон машины торгуульд төлсөн гэх 50,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй тул нийт 900,782.23 төгрөгийн төлбөр нь нотлогдсон гэж дүгнэв.
Үүнээс сарын 3 хувийн хүүг 6 сараар тооцоход /27,023.4*6/ хүүнд 162,140.8 төгрөг, нийт 1,062,923.03 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
3.4 А.Б нь Ш ХХК-ийн охин компани болох Яшкино ХХК-д ажиллаж байхдаа гаргасан өр төлбөр гэж тайлбарласан тооцоо алдсан гэх 2,281,396 төгрөг, ярианы төлбөр 57,000 төгрөг, ажилчдын 4 хоногын ажлыг алдуулсан 688,333.33 төгрөг, тооцоонд явсан шатахуун 100,000 төгрөг зэрэг төлбөрүүд нь холбогдох баримтаар нотлогдоогүй, хариуцагч тухайн өр төлбөрийг үүсгэсэн нь тогтоогдоогүй, тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой зардлууд байх тул эдгээр төлбөрийг хариуцагч хариуцах үндэсгүй байна.
Гэрч Ж.Ууган-Эрдэнэ нь А.Бий 2,281,396 төгрөгийн өр төлбөрийг Ш ХХК руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн ч энэ мэдүүлэг дангаараа 2,281,396 төгрөгийн төлбөртэйг нотлохгүй, түүнчлэн нэхэмжлэгч талаас ярианы төлбөр 57,000 төгрөгийн төлбөртэй гэж 94493133 дугаарын нэхэмжлэх баримтыг өгсөн бөгөөд А.Б тухайн дугаарыг ашиглаж байсан нь тогтоогдсонгүй. Утасны төлбөрийг компаниас төлдөг ч ажилчид илүү хэрэглээний төлбөрөө өөрөө төлдөг гэж байгаа ч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
3.5 Нэхэмжлэгч нь А.Бий хүсэлтийн дагуу 7,500,000 төгрөгөөр автомашин авч өгсөн, төлбөрийг цалингаасаа суутгуулахаар тохирсон гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь машиныг худалдаж аваагүй, 5281 УНР улсын дугаартай автомашин Доминик трейд ХХК-ний өмчлөлд шилжсэн, төлбөрийг Ц.Б төлсөн, тухайн автомашиныг А.Б ажил үүргээ гүйцэтгэхдээ ашиглаж байсан, ажлаас гарахдаа буцаан хүлээлгэж өгсөн нь Ц.Бийн дансны хуулга /хх-7/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-39/, гэрч Ж.Ууган-Эрдэнийн мэдүүлэг зэрэг баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн тухайн автомашиныг компани нь ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх зорилгоор ашиглуулахаар олгосон эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Иймд өр авлагын тооцооны баримтад 7,500,000 төгрөгийн төлбөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талаас “...Борлуулалт, захиалгад явах зорилгоор автомашин хэрэгтэй болсон тул 7,500,000 төгрөг зээлнэ үү” /хх-45/ гэсэн А.Бий хүсэлтийг нотлох баримтаар өгсөн бөгөөд үүний дагуу түүнд зээл олгогдож, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
3.6 А.Б нь 5281 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж байхдаа 2018.11.09-ний өдөр Налайхын замд зам тээврийн зөрчил гаргаж 400,000 төгрөгөөр торгуулсан, тус торгуулийн төлбөрийг 5447011860 тоот данснаас Налайх дүүргийн Татварын хэлтсийн 5749918831 тоот дансанд 2018.11.09-ний өдөр төлсөн болох нь Хаан банкны 2022.05.25-ны өдрийн албан бичиг, 5749918831 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал үүнийг баримтаар үгүйсгээгүй, тухайн торгуулийг төлсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.
4. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Бээс 1,062,923.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,876,216.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.5-д заасныг баримтлан хариуцагч А.Бээс 1,062,923.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,876,216.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У.С