Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/219      

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

            Улсын яллагч: Т.А  

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Эд холбогдох эрүүгийн 2512000000040 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 сарын 21-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, А аймгийн Ж сумын Б багийн М гэх газар оршин суух хаягтай, урьд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Дын Э/РД:АВ....../

                      

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх хугацаандаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт, дахин согтуугаар, улсын дугааргүй, М маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн 2512000000040 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

     *Гэрч А.Пийн өгсөн:

     “...Би 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Э сумын СДЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Аын хамт хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 20 цаг 10 минутын үед М маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ирэн Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Иргэн Д.Эгийн РД-г шалгахад “В” ангиллын эрхээ 2024 оны 06 сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох “А" ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан. Иргэн Д.Эгийн жолоодож явсан М маркийн тээврийн хэрэгслийг саатуулж, өөрийг нь ар гэрт нь хүлээлгэж өгсөн. ...Тухайн үед Д.Эг согтуурал шалгах драгер шалгах багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.43% гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

*Яллагдагч А.Пийн өгсөн:

            “...Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хадам ээжийндээ мод хагалж байхад 2 найз У хот руу явах гэж байгаа юм гэж ирээд тэгээд бид 3 Сэрүүн нэртэй 2.5 литрийн савалгаатай 2 сав пиво хувааж уугаад 2 найз яваад өгсөн. Тэгээд би модоо хагалчихаад гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй М маркийн мотоциклийг жолоодон явж байхад цагдаагийн алба хаагч зогсоож согтуурал шалгах багажаар шалгахад миний согтолтын зэрэг 1.43 хувийн согтолттой гэж гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

              * Эрх бүхий албан тушаалтнаас жолоочийн согтуурал шалгасан тухай 2025 оны 02 сарын 06-ны өдрийн тэмдэглэл /согтуурлын зэрэг 1.43%/ /хх-н 6 дугаар тал/,

* Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-н 5 дугаар тал/,

* Зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 сарын 10-ны өдрийн тэмдэглэл, хавсралт гэрэл хэргийн үзүүлэлтүүд /хх-н 11-12 дугаар тал/,

* Торгуулийн мэдээлэл шалгасан хуудас /хх-н 13-15 дугаар тал/,

*Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн талаарх А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоол /хх-н 25-28 хуудас/ зэргийг

 

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Эд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх хугацаандаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт, дахин согтуугаар, улсын дугааргүй, М маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт, дахин согтуугаар, улсын дугааргүй, М маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч А.Пийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Э сумын СДЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Аын хамт хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 20 цаг 10 минутын үед М маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ирэн Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Иргэн Д.Эгийн РД-г шалгахад “В” ангиллын эрхээ 2024 оны 06 сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох “А" ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан. Иргэн Д.Эгийн жолоодож явсан М маркийн тээврийн хэрэгслийг саатуулж, өөрийг нь ар гэрт нь хүлээлгэж өгсөн. ...Тухайн үед Д.Эг согтуурал шалгах драгер шалгах багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.43% гарч байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Эгийн мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтнаас жолоочийн согтуурал шалгасан тухай 2025 оны 02 сарын 06-ны өдрийн тэмдэглэл, Зөрчлийн тухай тэмдэглэл, Зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 сарын 10-ны өдрийн тэмдэглэл, хавсралт гэрэл хэргийн үзүүлэлтүүд, Торгуулийн мэдээлэл шалгасан хуудас, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн талаарх А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Эгийн зүгээс  гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан хуульд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан.

Шүүгдэгч Д.Э  нь А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн .:.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүй  нэг жил тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

 

А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нэмэгдэл ялыг эдэлж дууссан талаар нотлох баримтыг прокурор шүүхэд гаргаж өгсөн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн  А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Дын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлэсэн А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2,700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуу/ мянга төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Эд энэ тогтоолоор оногдуулсан 3.000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуу/ мянга төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5,700/таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан 5,700/таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,00/таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч Д.Эд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР