| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/04312/И |
| Дугаар | 184/ШШ2022/03831 |
| Огноо | 2022-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2022/03831
| 2022 оны өдөр | 11 сар 29 р 184/ШШ2022/03831 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД: *********/. Хаяг: ********* дүүрэг, *** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон ******
Хариуцагч: “********* ХХК /РД: *********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот
Гэрээнээс татгалзаж, 140,400,000 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “*********” ХХК-тай худалдах, худалдан авах №22/02 тоот гэрээ байгуулж, 130,000,000 төгрөгөөр ********* маркийн ********* маркийн ********* арлын дугаартай, авто ачигч механизмыг /бобкат/ худалдан авсан. Уг авто ачигч механизмыг ********* аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд хүлээн авч ажиллуулахаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 89-92 УР улсын дугаарыг Авто тээврийн үндэсний төвөөс авч Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ********* сум руу 5,000,000 төгрөгөөр тээвэрлэн хүргүүлсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-нд ********* аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд хүлээн авч ажиллуулсан боловч тухайн авто ачигч механизм нь ажил хийхэд техникийн тодорхойлолтод заасан хэмжээнд буюу газар шорооны ажил хийхэд унтардаг, жолоодлого муутай, давхар үйлдэл хийх нь болхи, хөдөлгөөний хувьд удаан байгаа нь ажлыг удаашруулдаг, шанаганы 3/1-т хүрсэн хэмжээнд шороог ачихад дээш нь маш удаан өргөдөг, газар тэгшлэх, шанагдах түрэхэд байнга унтардаг, хүчгүй зэрэг техникийн үзүүлэлтдээ хүрэхгүй байсан бөгөөд энэ тухай худалдагч талын борлуулалтын менежер ********* хэлсэн бөгөөд уг борлуулалтын мэргэжилтэн нь мөн “********* аймгийн ********* суманд байрлах салбараас хүн очиж үзнэ” гэсэн. 2022 оны 3 дугаар сарын 18-нд борлуулалтын мэргэжилтэн ********* дахин холбогдож асуудлыг дахиж тавихад ********* аймгийн ********* суманд байрлах салбарын захирал очиж үзнэ, асуудлыг тань шийдэж өгнө гэсэн боловч амралтын өдрүүд байсан тул 2022 оны 3 сарын 22-нд салбарын захирал гэх Хятад иргэн ирж шалган үзээд бичлэг хийгээд хотод байдаг захиралдаа явуулна, үзүүлээд эргээ холбогдоно гээд холбогдоогүй. Энэ хугацаанд ямар ч ажил хийлгээгүй бөгөөд хариу өгөхгүй байсан тул манай компанийн тээвэр зохицуулалтын мэргэжилтэн ********* 2022 оны 3 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод байдаг захирал гэх *********/*********/-тай компанийх нь байранд очиж буцаах, эсхүл өөр техникээр солиулах талаар ярьсан. Гэвч хятад улсад байдаг төв компанитайгаа холбогдоно, асууж заавар зөвшөөрөл авч эргээд хариу хэлнэ гэсэн боловч мөн л хариу хэлээгүй. Түүнчлэн доголдолтой уг техникийг буцааж Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т энэ хуулийн 253.1-т зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна гэж заасны дагуу тээвэрлэлтийн зардлыг танайх хариуц гэсэн боловч хариуцагч төлөхгүй гэсэн тул арга буюу авто ачигч механизмыг буцаан өөрсдийн зардлаар 2022 оны 4 дүгээр сарын 6-нд********* аймгийн ********* суманд байрлах төслийн талбайгаас буцаан 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод 5,200,000 төгрөгөөр тээвэрлэн авчирч хариуцагч талын хашаанд байрлуулсан. Гэтэл хариуцагч тал ашиглалтын зардал, элэгдэл хорогдол хэмээх акт үйлдэж 60,000 юань буюу тухайн үеийн ханшаар 30,000,000 төгрөгийг хасаж тооцохыг мэдэгдсэн. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч талын захирал Ч********* /*********/ болон өөр хоёр хятад иргэний хамт авто ачигч механизмыг ажиллуулж үзсэн боловч мөн л унтарсан байсан хэдий ч 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр буцаах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэсэн худалдагч талын үүргээ ноцтой зөрчсөн. Бид 2022 оны 4 дүгээр сарын 11-нд хариуцагч талын захирал *********-тай уулзаж танай нийлүүлэгч авто ачигч механизм нь техникийн шаардлага хангахгүй байх тул доголдолтой эд хөрөнгийг өөр шаардлага хангах техникээр сольж өгөх, эсхүл гэрээг цуцалж манай төлсөн 130,000,000 төгрөгийг буцаахыг шаардсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байна. Бид аль болох эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзсэн хэдий ч шийдэлд хүрч чадаагүй, мөн Иргэний хуульд заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа болсон байна. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн доголдол гарсан учраас 6 сарын дотор техник доголдолтой, техникийн тодорхойлолтод заасан хэмжээнд буюу газар шорооны ажил хийхэд унтардаг, жолоодлого муутай, давхар үйлдэл хийх нь болхи, хөдөлгөөний хувьд удаан байгаа нь ажлыг удаашруулдаг, шанаганы 3/1-т хүрсэн хэмжээнд шороог ачихад дээш нь маш удаан өргөдөг, газар тэгшлэх, шанагадах түрэхэд байнга унтардаг, хүчгүй зэрэг техникийн үзүүлэлтдээ хүрэхгүй гэж үзэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэрээг цуцлах эрхтэй гэсний дагуу Хуульд заасан хугацааны дотор уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “*********” ХХК-тай байгуулсан №22/02 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдсөн 130,000,000 төгрөгийн төлбөрийг, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан доголдолтой эд хөрөнгийг тээвэрлэхэд гарсан зардал 10,400,000 төгрөг, нийт 140,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “*********” ХХК нь 2008 оноос хойш БНХАУ-ын “*********” брэндийн барилга, зам тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмжийг импортлон оруулж ирж худалдан борлуулдаг. “*********” компани нь 100 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, БНХАУ-ын тэргүүлэгч технологийн компани бөгөөд дэлхийн 80 гаруй улсад өөрийн салбарт төхөөрөмж сэлбэг, засварын үйлчилгээг үзүүлж байна. “*********” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ”, Баталгаат засварын гэрээ”-г тус тус байгуулан ********* брэндийн ********* маркийн дугуйт ачигчийг худалдан авсан. Нэхэмжлэгч нь тухайн үед манай компанийн худалдан борлуулж байгаа машин механизмуудын танилцуулгатай бүрэн танилцаад сонголтоо хийсэн. Нэхэмжлэгчийн сонгон авсан машин механизм нь ажиллах хүч 2800 кг, хүчин чадал 36.7 кW/2500rpm, ачаалал 760 кг, татах хүч 18.8 NK, шанаганы өргөх өндөр 3850 мм үзүүлэлттэй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********* нь худалдан авсан машинаа хүлээн авсан. Хүлээн авахдаа машины үзүүлэлт, чанарыг шалган хүлээн авч машин, механизм хүлээн авах акт үйлдсэн бөгөөд уг актанд үзүүлэлт сайн гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч машин механизмаа хүлээн авсныхаа дараа машин унтарч байгаатай холбоотой гомдол гаргаж байсан боловч уг асуудал нь жолоочийн ур чадвартай холбоотой байна гэдгийг тайлбарлуулан ойлгосон бөгөөд манай компанийн ажилд тохиромжгүй машин байна зараад өг гэсэн хүсэлтийг гаргаж манай компанийн хашаанд авчирч тавьсан. Уг машин нь одоо ч өөрийн стандарт үзүүлэлтэд нийцэж байгаа бөгөөд ямар нэгэн доголдолгүйгээр өөрийн хүчин чадалд тохирсон ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой байгаа билээ. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэжээ. Нэхэмжлэгчийн худалдан авсан машин нь гэрээгээр тогтоосон чанар, үзүүлэлтээ бүрэн хангаж байгаа тул гэрээг цуцлах, төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, баталгаат засварын гэрээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээ, “*********” ХХК-ийн нэхэмжлэх, “*********” ХХК-ийн “*********” ХХК-д хүргүүлсэн хүсэлт, ********* брэндийн *********маркийн авто ачигчийн гэрчилгээ, фото зургууд, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 421/22 дугаартай итгэмжлэл, 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн AGT-2022-12 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээ, хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22/93 дугаартай итгэмжлэл, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч “********* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ачигч механизмын /бобкат/ төлбөрт төлсөн 130,000,000 төгрөг, тээвэрлэсэн зардал 10,400,000, нийт 140,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “*********” ХХК шаардлагын үндэслэлээ “хариуцагч “*********” ХХК-ийн худалдсан ********* маркийн ********* загварын ********* арлын дугаартай, авто ачигч механизм /бобкат/ манай ажлын хэрэгцээг хангаагүй, чанарын доголдолтой байсан” гэж, хариуцагч “*********” ХХК нь нэхэмжлэлээс татгалзаж байгаа үндэслэлээ “ чанарын шаардлага хангасан техник хүлээлгэн өгсөн, худалдан авагч тухайн техникийг бусдад худалдахаар үлдээсэн” гэж тус тус тайлбарлаж байна.
Зохигчид 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 22/02 худалдах, худалдан авах гэрээ, 22/03 дугаартай баталгаат засварын гэрээ байгуулсан, гэрээгээр *********маркийн ********* загварын авто ачигч /бобкат/-ийг 130,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, хийгдэх засвар үйлчилгээ, хугацааны талаар тохиролцсон, худалдан авагч үнийг бүрэн төлсөн, 2022 оны 3 дугаар сарын 14-нд худалдагчаас техникийг хүлээн авсан, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр буцаан тээвэрлэж Улаанбаатар хот дахь худалдагчийн эзэмшлийн хашаанд буулгасан үйл баримтын тухайд маргахгүй байна. /хх-ийн 6-17/
Хариуцагч “авто ачигчийг буцаан аваагүй, нэхэмжлэгч бусдад худалдахаар манай хашаанд түр байрлуулсан бөгөөд зарагдаагүй тул одоогоор манай хашаанд байгаа” гэж, нэхэмжлэгч 20 мото/цаг ажиллахад л чанарын шаардлага хангахгүй нь тодорхой болсон, энэ тухай техникийг буцаах тухайгаа хариуцагч компанийн удирдлагад газар дээр нь үзүүлж, буцаан хүргүүлсэн” гэж маргадаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн авто ачигчийг хариуцагч талыг байлцуулан шалгасан байдлаа харуулсан дүрс бичлэг бүхий диск /СD/, хариуцагч талаас авто ачигчийг хариуцагчид буцаан өгөх үеийн яриа бүхий аудио бичлэгтэй диск /F/ -д талуудын хүсэлтийг үндэслэн хуульд заасан журмаар үзлэг хийсэн.
Үзлэгээр нэхэмжлэгч “*********” ХХК-ийн ажилтан нь хариуцагч компанийн төлөөлөл/салбарын захирал хятад иргэн/-ийг байлцуулан ********* аймгийн ********* суманд байрлах төслийн талбай 2022 оны 3 сарын 22-нд шалгасан, шалгалтаар ********* маркийн ********* загварын авто ачигч /бобкат/ нь хөдөлгөөн удаан, хүч зарцуулсан үйлдэлд унтарч байгаа нь тогтоогдсон. /хх-ийн 92/
Мөн нэхэмжлэгч компанийн ажилтан ********* хариуцагчийн Улаанбаатар хот дахь төв салбарт авто ачигч /бобкат/-ийг хүлээлгэн өгөх үеийн яриа бичигдсэн, яриа нь техникийг худалдах зориулалтаар хашаанд байрлуулах агуулгатай байна.
Талуудын гаргаж өгсөн бичлэгийг хийх үед нөгөө тал мэдэж байсан нь бичлэгт агуулагдсан мэдээллээс илэрхий байх бөгөөд хэн аль нь бичлэгийн агуулгатай маргаагүй.
Дүрс бичлэгт агуулагдсан мэдээллийн тухайд хариуцагч нь техникийг ур чадвар муутай, мэргэжлийн хүн бус жолоодсоноос шалтгаалсан гэж, харин нэхэмжлэгч аудио бичлэгийн тухайд хариуцагч тал техникийг буцаан авахаас татгалзаж байсан тул худалдахаар тавьж байгаа гэж ойлгуулснаа тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байгаа төсөлд авто ачигч /бобкат/ хэрэгтэй, авто ачигчийг худалдан авах хүсэл зоригтой байсан нь хариуцагчид авто ачигчийг буцаан хүргүүлсний дараа 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөр этгээдээс ажлын шаардлагад нийцсэн авто ачигч худалдан авсан үйл баримтаар тогтоогдоно. /хх-ийн 83/
Хариуцагч “*********” ХХК-ийн худалдсан ********* маркийн ********* загварын авто ачигч /бобкат/ нь худалдан авагч талын шаардлагад бүрэн нийцсэн, илэрхийлсэн хүсэл зоригт тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдан авагч нь загварын авто ачигч /бобкат/-ийг зориулалтаар нь ашиглах боломжгүй гэж үзэн гэрээнээс татгалзаж, багажийг худалдагч талд буцаан өгсөн нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Маргааны зүйл болох *********маркийн ********* загварын авто ачигч /бобкат/ нь хариуцагч “*********” ХХК-ийн хашаанд байгаа, хариуцагч чанарын шаардлага хангаж байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд техникт учирсан гэмтэл, элэгдлийн тухайд маргаагүй, холбогдох нотлох баримтыг гарган өгөөгүй болно.
Нэхэмжлэгч худалдан авсан техникийг ажлын талбай руу тээвэрлэсэн, гэрээнээс татгалзан буцаан тээвэрлэсэн зардал 10,200,000 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагч заавал хариуцах үүрэг хүлээхгүй, талууд гэрээгээр тохиролцоогүй байна.
Иймд хариуцагчаас авто ачигч /бобкат/ үнэ 130,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс тээврийн зардал 10,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч худалдан авсан техник нь шаардлагад нийцэхгүй, ажлын нөхцөлд тохирохгүй байгааг худалдагч талд удаа дараа мэдэгдэн өөр техникээр солих, засаж өгөх, эсхүл төлсөн мөнгийг буцаахыг шаардсан боловч тодорхой хариу өгөөгүй, арга хэмжээ аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*********” ХХК-иас 130,000,000 /Нэг зуун гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,200,000 /Арван сая хоёр зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 870,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ