Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/629

 

 

 

 

 

     2021             6             29                                         2021/ДШМ/629

 

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганчимэг,

хохирогч Ц.Эын өмгөөлөгч М.Энхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Бт холбогдох 2010010800679 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

___________ овгийн Б.Б, _______ оны _ дугаар сарын _-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй_________________________ ажилтай, ам бүл 1, _________________________________ бүртгэлтэй боловч _______________________________, ял шийтгэлгүй, /РД:ШЗ____________________/;

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалан эко хотхоны 38а тоотын гадна талд Ц.Этой “Нохой зодлоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гарыг нь хазах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, буйлны цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41, 42, 31, 32 дугаар шүд унасан” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Сонин овгийн Балдангийн Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 541.000 /таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Эод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тэр хүний 3-4 шүдийг цохих чадал тэнхээ байхгүй. Зүгээр л намайг хилс хэрэгт унагах гэж байна гэж бодож байна. Байгаагүй шүдээ унасан, унагасан гэсэн дүгнэлт эмнэлгээр гаргуулсан. Авхуулсан гэх шүд нь эд мөрийн баримт байхгүй, шүүх хуралд ч өөрийн биеэр ирдэггүй.

Мөрдөн байцаах явцад надаас хаана нь хэдэн удаа цохьсон гэж тулгаж асуугаад байсан. Тэр үед би өмгөөлөгчгүй байсан. Тэгээд би 2 хүн зууралдаад зодолдоход ганц арга буюу цохьсон байх л гэж хариулсан. Хэрэг явдал болсноос хойш 7 хоногийн дараа намайг цагдаагаас дуудаж байцаалт авч байсан. Тухайн үед миний бие хөх няц, боолтны ором гэмтлүүд эдгэсэн байсан учир шүүх эмнэлэгт үзүүлээд нэмэргүй байх гэж бодоод үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд ч арай ийм хэрэгт холбогдохгүй байх гэж бодсон. Эхний шүүх эмнэлгийн дүгнэлтийг өөрчилж, дахин хүндрүүлж гаргуулсан гэж бодож байна. Үнэхээр би хүнийг ийм хүнд байдалд ортол нь зодоод гомдоосон бол юу боллоо гэж өдий хүртэл ингэж явах вэ дээ. Хийгээгүй хэрэгт унаад байгаа учраас л үнэн мөнийг нь олж өгч өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд хандаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Б.Бт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 541.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эод олгуулахаар шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6143 тоот шинжээчийн дүгнэлтэнд ...баруун талын 1 дүгээр шүд булгарсан, ... доод талын баруун 1, 2, зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй эмзэглэлтэй, ..., дүгнэлт хэсэгт ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 19-20/,

Хохирогч Б.Ц.Эын өмгөөлөгч М.Энхбаярын хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Н.Туяа нар 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №887”-ийн 2-т 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Глобал дентал шүдний эмнэлгийн зураг болон тодорхойлолтод: 41, 42, 31, 32-р шүд авсан байна. Шинжээчид бид санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав. Дүгнэлт: Ц.Эод шүүх эмнэлгийн 6143 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс гадна 41, 42, 31, 32-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52-ын д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 15% сарниулах гэмтэл тул хүндэвтэр зэрэг болно. /хх70-71/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар нар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ №2” /хх 131-135/-т Дүгнэлт 3. 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 887 дугаартай дүгнэлтэд дурдсан 41, 42, 31, 32 шүднүүдээс урд гаргасан 6143 дүгнэлтэд баруун доод 1, 2-р буюу 31, 32-р шүд, зүүн доод 1-р шүд буюу 41-р шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байх тул дээрх 41, 42, 31, 32 шүднүүд нь ШШҮХ-ийн 6143 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжгой байна гэсэн ШШҮХ-ийн 6143, 887, 2 тоот дүгнэлтүүдийг үндэслэл болгожээ.

Дээрх гурван шинжилгээний дүгнэлтээс харвал 6143 тоот шинжээчийн дүгнэлтийг Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Н.Туяа нар 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №887, Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар нар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ №2-т 6143 тоот Шинжээчийн дүгнэлтэнд ...баруун талын 1 дүгээр шүд булгарсан, ... доод талын баруун 1, 2, зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй эмзэглэлтэй, ... гэж дүгнэсэн байхад хохирогч Ц.Эын 41, 42, 31, 32 дугаар шүд унасан, ...дээрх гэмтлийн улмаас авахуулсан байх боломжтой гэж гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулан дүгнэлт гаргаж, түүнчлэн Булган дент шүдний эмнэлэг /хх 43/ 6143 тоот шинжээчийн дүгнэлт гараагүй байхад 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 41, 42, 31, 32 дугаар шүдийг авсан мэт тодорхойлолт гаргаж ирүүлснийг шинжээч нар дүгнэлт гаргахдаа хэрэглэсэн байна. Мөн Глобал дент шүдний эмнэлэгт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ц.Э шүдний зураг авахуулсан. Энэ зурагт шинжээч нарын дүгнэлт болон Булган дент шүдний эмнэлгийн тодорхойлолтод заасан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авахуулсан гэсэн доод 42, 32, дээд талын 1 дүгээр шүднүүд тус тус авахуулаагүй байгаа нь харагдаж байгаа болно. Энэ нь шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт цугларсан болохыг харуулж байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.Э 41, 42, 31, 32 дугаар шүд авахуулсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн, уг хуурамч баримтаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчиж байна.

Хохирогч Ц.Э 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт “таныг Б.Б юугаар хэдэн удаа хаана чинь цохисон бэ? гэж асуухад Намайг гар хөлөөрөө цохиж зодсон. Тэрнээс ямар нэг зүйлээр зодсон зүйл байхгүй. Намайг хаана хэдэн удаа цохисон талаар би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна” /хх 3/, ...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэгт “Б.Б гэх залуу ирээд чи яагаад нохой зодоод байгаа юм бэ гэж хэлээд надтай маргалдаж, улмаар миний хоёр нүд, хамар, ам толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалж Б.Б гэх залууг заамдаж ноцолдож байгаад газар унагасан, унагаад заамдаад байж байтал миний баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууг хазсан. Энэ үед Б.Б гэх хүнийг хүргэж ирсэн жолооч бид хоёрыг салгасан” /16-17/ гэж зөрүүтэй мэдүүлжээ.

Гэрч Д.Б “...Б.Б ахын хашаанд нэг халзан толгойтой өндөр махлаг биетэй эрэгтэй хүн орчихсон, нохой дээр нь гишгэчихсэн зодож байхаар нь Б.Б автомашинаас буугаад нохой зодохоо болиоч гэхэд энэ нохойг чинь алчихья гээд зодоод Б.Б ах “чи болиоч гэсэн” чинь шууд хүрч ирээд заамдаад боогоод унагасан гэснээс үзвэл хохирогч Ц.Э согтуу байсан учир өөрийн үйлдлээ хянах чадваргүй байснаа өөрөө гэрчилдэг, сүүлд буюу 2020 оны 6 дугаар сарын 17-ны мэдүүлэгтээ “Б.Б намайг зодсон” гэж мэдүүлж байгааг гэрч Д.Б мэдүүлгээрээ үгүйсгэсэн байх ба хохирогчийн буруутай үйлдэл илтэд байсанд шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг харгалзан үзсэн гэх боловч энд Б.Б аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд байсан, өөрийн амь биеийг хамгаалах үүднээс хуруу хазсан нь гэмт хэрэг болох эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Б.Бийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “холбогдогчоос авсан мэдүүлэг” /хх 6/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрчээс авсан тэмдэглэл /хх 13-14/ нь хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Д.Бийн мэдүүлгээр нотлогдож байхад ...шүүх Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Э эмчилгээний зардалд /хх 28-29, 42/ нийт 526,000 төгрөг гаргасан гэсэн баримт хэрэгт хавсаргасан. Уг баримтууд нь Булган дент шүдний эмнэлэг, Халиун эмнэлэгт тус тус эмчилгээний зардал төлсөн гэх боловч Ц.Эын нэр үгүй, ямар эмчилгээнд төлсөн нь тодорхойгүй баримтууд байсан. Харин энэ баримтан дотор /хх 42/ Глобал шүдний эмнэлэгт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр рентген зураг авахуулсан, үйлчлүүлэгч Ц.Э гэсэн 20.000 төгрөг төлсөн баримт нь баримтын шаардлага хангасан баримт байсан бөгөөд Ц.Э 506,000 төгрөгийн хуурамч нотлох баримт бүрдүүлж хэрэгт хавсаргасан байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6143 тоот, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Н.Туяа нарын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №887 тоот, Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар нарын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ №2” тоот шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, зөрүүтэй, эмчилгээний зардал гэх баримт хуурамчаар бүрдүүлсэн зэрэг нь Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн болон 541,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан байна. 506.000 төгрөгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүхийн тэмдэгтийн хураамж төлж байгаа тохиолдолд л иргэн, хуулийн этгээдийн нэр тасалбар дээр гардаг. Бусад тохиолдолд үйлчилгээний байгууллагууд үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний төлбөрийн хэрэгслийн дугаар НӨАТ-ын баримтад бичигддэг. Энэ баримтыг гаргаж өгсөн. 506.000 төгрөгийн баримт нь хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримтууд байгаа. Шүдний эмнэлэгт үзүүлж үйлчлүүлсэн баримтууд байдаг. Мөн 3 удаагийн шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж гомдолдоо дурдсан. Хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаар магадлалаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна гэсэн магадлал гарсан. Энэхүү магадлал хуулийн хүчинтөгөлдөр байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдолд үйл баримтуудыг гуйвуулж дурдсан агуулгатай байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж гаргасан гомдол байна гэж үзсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх 9-11 дүгээр хуудсанд дүгнэхдээ “хохирогч Ц.Э нь цаашид гарах хор уршиг болон эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Бээс 541.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн байгаа. Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн 4 шүд байхгүй болж эрүүл мэндээрээ хохирсон. Шүүхийн шатанд 15.000.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж байгаад 12.000.000 төгрөг болгосон. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 12.000.000 төгрөг байх бүрэн боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Ц.Э нь 2 бага, 2 өсвөр насны 4 хүүхэдтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь хууль болон шийтгэх тогтоолоор олгогдсон боловч хүн бүр энэхүү 12.000.000 төгрөгийг төлж шүдээ хийлгэчихээд дараа нь Иргэний журмаар нэхэмжлэх бодит боломж байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох агуулгатай. Хавтас хэрэгт мэргэжлийн шүдний эмнэлгийн үнийн саналыг хавсаргаж оруулсан. Энэ үнэд үндэслэж 2.500.000-3.000.000 төгрөгийн хооронд нэг шүдийг үнэлж, нийт 4 шүд 12.000.000 төгрөгөөр хийх боломжтой гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Хохирогч Ц.Эын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын хувьд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Бийн 2020 оны 06 дугаар сарны 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “би Ц.Эын нүүрэн тус газар баруун, зүүн гараараа тус бүрдээ 1 удаа цохисон. Мөн 2 гарынх нь нэг нэг хурууг хазсан. Ц.Э надтай зодолдох үедээ миний нүүрэн тус газар цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би нилээн согтуу байсан, гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ц.Этой зодолдох үедээ би учруулсан” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. 2021 оны 03 дугаар сарны 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн. 6143 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хувьд анх хэрэг болсны дараа гарсан байдаг. Энэ дүгнэлтээр хөнгөн зэргийн дүгнэлт гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээч томилсноор 887 дугаартай дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч дээрх 2 шинжээчийн дүгнэлт зөрүүтэй учраас зөрүүг нь гаргах гэж хэргийг прокурорт буцаасныг хүлээн авч, 02 дугаартай гарч хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийг үгүйсгээгүй. Гэхдээ 6143 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй гарсан. 887, 02 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчид учирсан гэмтлийн талаар зөрүүтэй зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Б.Бт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалан эко хотхоны 38а тоотын гадна талд Ц.Этой “Нохой зодлоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гарыг нь хазах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, буйлны цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41, 42, 31, 32 дугаар шүд унасан” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Эын: “...Тухайн үед Б.Б миний нүүр, хамар, ам хоёр луу гараараа ээлжлээд цохьсон. Мөн миний баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууг шүдээрээ хазсан. ...” /хх 17/

гэрч Д.Бийн “...Б.Б ах нөгөө  залуутай маргалдаад зогсож байгаад дахиж ноцолдоод эхлэхээр нь би дахин очиж салгасан . ...Б.Б ах Ц.Эын биеийн аль хэсэгт нь юугаар хэдэн удаа цохьсоныг би харж чадаагүй, учир нь гадаа харанхуй, гэрэлтүүлэггүй байсан. Ямар ч байсан тэр хоёр дээр, доороо ороод ноцолдоод байсан. ...” /хх 7, 15/,

шинжээч Б.Ундармаагийн “...намайг үзэх үед 11 дүгээр шүд булгарч унасан. 31, 41, 42 дугаар шүднүүд хөдөлгөөнтэй суларсан байсан. ...” /хх 120/,

шүүгдэгч Б.Бийн “...Би Ц.Эын нүүрэн тус газарт баруун, зүүн гараараа тус бүрдээ нэг нэг удаа цохьсон. Мөн 2 гарынх нь нэг хурууг хазсан. ...надад гомдол санал байхгүй, би хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6143 дугаартай, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 887 дугаартай /хх 70-71/, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай /хх 131-135/ тус тус дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Б “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн “...хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан”, мөн журмын 2.3.1-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмтлийн хүндэвтэр зэрэг нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах шинжтэй болохыг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заажээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох заалтад “Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ. ...” гэж тайлбарлажээ.

Шинжээчийн 6143 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг ... дээд талын баруун 1 дүгээр шүд булгарсан, доод талын баруун 1, 2 дугаар, зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй гээд дүгнэлт хэсэгт 1 шүдний булгаралт, 3 шүдний сулрал гэжээ.

Харин шинжээчийн 887 дугаар дүгнэлтэд 6143 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс гадна 41, 42, 31, 32 дугаар шүд унасан гэмтэл тогтоогдсон талаар дүгнэжээ.

Шинжээчийн 2 дугаартай дүгнэлтэд ... 887 дугаартай дүгнэлтэд дурдагдсан 41, 42, 31, 32 шүднүүдээс урд нь гаргасан 6143 дүгнэлтэд баруун доод 1, 2 дугаар буюу 31, 32 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүд буюу 41 дүгээр шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байх тул дээрх 41, 42, 31, 32 шүднүүд нь 6143 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжтой ... гэсэн бөгөөд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, хохирогч Ц.Эын баруун доод 1, 2 дугаар буюу 31, 32 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүд буюу 41 дүгээр шүд, нийт 3 шүд хөдөлгөөнтэй байсан болохыг тогтоожээ.

Шүүгдэгч Б.Бийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Ц.Э нь баруун доод 1, 2 дугаар буюу 31, 32 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүд буюу 41 дүгээр шүд, нийт хөдөлгөөнтэй 3 шүдээ авхуулсан, зодуулсан даруйдаа 1 шүдний булгаралтай байсан нь тогтоогдож байна.

Хэрэгт гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт /хх 131-135/-ээр өмнөх хоёр удаагийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал, шинжээчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Бийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР