| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2021/03337/И |
| Дугаар | 182/ШШ2022/03377 |
| Огноо | 2022-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2022/03377
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Б ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны татан буугдсан А банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Б-г тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.01.10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013.04.17-ны өдрийн 287 дугаар магадлалаар намайг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хадгаламж эзэмшигч мөн гэдгийг тогтоож, 3,446,159,752 төгрөгийг А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол, магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013.07.03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх 2013.12.10-ны өдрийн 21 тоот Гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн бөгөөд үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага 2014.01.28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 88 дугаар тогтоол гаргасан.
Банкны эрх хүлээн авагчийн “...Ц.Дид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг эрх хүлээн авагчид шилжүүлж өгнө үү” гэх 2014.02.14-ний өдөр 147 тоот албан бичгийн дагуу Ц.Дид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 111 хуудас баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн боловч төлбөр барагдуулах ажиллагаа явагдаагүй.
Ингээд 2015.04.06-ны өдрийн А-66 дугаар “Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” М Банкны Ерөнхийлөгчийн тушаал гарснаар төлбөр төлөгч банкны эрх хүлээн авагч татан буугдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах боломжгүй болсноор нэхэмжлэгч Ц.Дийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн болно.
Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхцөл байдал бий болсон тул “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч эрх залгамжлагчаар М Банкийг солихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах” нэхэмжлэл гаргасан боловч шүүх мөн хуулийн 35.3.1-д заасан “эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр байхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан болно.
М банк нь захиргааны байгууллага тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаар Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь захиргааны байнгын бус үйл ажиллагааны чиг, үүргийг хэрэгжүүлэхээр томилогдсон захиргааны байгууллага байна. М Банк нь 2015.04.06-ны өдрийн А-66 дугаар “Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болсон тул эрх зүйн үр дагаврыг хариуцах этгээд нь М Банк байна. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т зааснаар М Банк нэхэмжлэгчид учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулна гэсэн императив буюу заавал биелэгдэх хэм хэмжээтэй зохицуулалт байгаа болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан “эрх залгамжлан авбал зохих этгээд” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007.11.29-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 43 дугаар тогтоолд “эрх залгамжлан авбал зохих этгээд гэдэгт төлбөр төлөгч ...хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс харилцагчдын шаардлагыг хангасны дараа үндсэн эд хөрөнгө болон тодорхой эрхийг авсан этгээдийг гэж тус тус ойлговол зохино” гэж тайлбарласан. Энэхүү тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгаа бөгөөд 2002, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан “эрх залгамжлан авбал зохих этгээд” гэсэн хуулийн зохицуулалт хэвээр хадгалагдаж байгаа болно.
М Банк нь татан буугдсан банкны актив хөрөнгийг авсан, тодорхой эрхийг хэрэгжүүлж байгаа болох нь “...төлбөр авагч А Банк ХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгүүдийн шаардах эрхийг М Банк хэрэгжүүлж, бусдаас авах авлагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно” гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021.09.02-ны өдрийн 2/2799 тоот албан бичиг, М Банкинд 137.0 тэрбум төгрөгт тооцон актив хөрөнгө шилжүүлсэн А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2014.06.10-ны өдрийн М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, гэрээний хавсралт “Авлагын жагсаалт” зэрэг баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд эрх залгамжлан авах ойлголтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбартай нийцэж байх тул эрх залгамжлан авбал зохих этгээд нь М Банк мөн болох нь тогтоогдож байгаа болно.
А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан татан буугдсан хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг М Банкны ерөнхийлөгч дэмжиж зөвшөөрөл олгосон болох нь 2015.03.12-ны өдрийн А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын тайланд тусгагдсан. М Банкны ерөнхийлөгч нь хууль заасан татан буугдсан хуулийн этгээдийн төлбөр барагдуулах хуулийн зохицуулалтыг зөрчихийг зөвшөөрч шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн, эрх хүлээн авагчийн тайланд “...эрүүгийн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр А Банк ХК дахь эрх хүлээн авагчаас 3,4 тэрбус төгрөг гаргуулж хадгаламж эзэмшигч Ц.Дид... олгохоор тус тус шийдвэрлэсэн” гэж тайлагнаж байхад М Банкны ерөнхийлөгчийн 2015.04.06-ны өдрийн А/66 дугаар тушаалаар “Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” шийдвэр гаргасан.
Энэ нь М Банкны Ерөнхийлөгч Банкны тухай /Төв банк/-ны тухай хуулийг зөрчиж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үндсэн зарчмаа зөрчсөн үйлдэл юм.
Мөн М Банк нь Төв банкны тухай хуулийг ноцтой зөрчиж банкны актив хөрөнгийг дээшлүүлэх зорилгоор олгогдсон зээлд хүү тооцсоноор хадгаламж эзэмшигч Ц.Дид барагдуулах төлбөрийг санаатайгаар саатуулсан гэж ойлгогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны татан буугдсан А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Банкийг тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч тал хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М Банкны Ерөнхийлөгчийн 2009.11.30-ны өдрийн 668 дугаар Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар А Банк ХК-д ажиллах банкны эрх хүлээн авагчаар /банкны эрх хүлээн авагчийн зөвлөл/ С.Э томилогдож, 2010.07.23-ны өдрийн 446 дугаар тушаалаар А Банк ХК-ийг татан буулгах шийдвэр гарсан. Татан буулгах шийдвэр гарснаас хойш гурван сарын хугацаанд А Банк ХК-аас авлагатай этгээдүүдээс нэхэмжлэлээ ирүүлэх тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн ба авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах дарааллыг тогтоосон байдаг.
Холбогдох баримтыг судлаж үзэхэд иргэн Ц.Д нь 2010 онд А Банк ХК-д бүртгэлтэй хадгаламж эзэмшигч биш байсан төдийгүй, хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад орох талаар гаргасан хүсэлт /нэхэмжлэл/ байгаагүй. Дээрх нөхцөл байдлын улмаас Ц.Д нь төлбөр барагдуулах дараалалд хамрагдаагүй байна.
М Банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон.
Банкны салбарт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч зохицуулагч байгууллагын хувьд М Банк нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон банкийг буюу тусгай этгээдийг татан буулгаж, банкны үйл ажиллагааг зогсоож, зөвхөн банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй банкны эрх хүлээн авагчийг томилсоноос бус тухайн банкны эрхэлж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах этгээдийг томилоогүй. Тиймээс банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээд гэсэн ойлголт энэ тохиолдолд байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасны дагуу эрх зүйн үр дагаврыг М Банк хариуцахааргүй буюу хамааралгүй зохицуулалт байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
М Банк нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4, 74 дүгээр зүйлийн 74.2. 74.3 дахь хэсэгт тус тус зааснаар Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг томилох, эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авч хэлэлцэн баталж, улмаар банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, энэ талаарх шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх, тухайн банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх эрх, үүрэгтэй байна.
М Банкны Ерөнхийлөгчийн А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авч, банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг иргэний хэрэг хянан шийдвэрлэдэг шүүхээр хянан хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгч талаас харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр байхгүй болно.
Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй гэж заасны дагуу Татан буугдсан банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээд нь М Банк гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
М Банк А Банкны бусад этгээдэд төлөх өглөг түүнд хамаарах эрхийг өөр дээрээ аваагүй. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр М Банк, А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 0214/313 дугаартай “М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ээр “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль"-ийн заалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар /Сангийн яам/ болон М Банк хооронд 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т заасны дагуу Засгийн газрын бонд гаргах хүртэл хугацаанд А Банк ХК дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан М Банкнаас А Банк ХК-д олгосон зээлийн өрийн үндсэн зээлийн үлдэгдэл 75,800,000,000.00 төгрөгийн зээлийн өрийг 61,205,401,876.60 төгрөгийн хүүгийн хамт нийт 137,005,402.60 төгрөгийг барагдуулах зорилгоор А Банк дахь актив хөрөнгийг М Банкинд шилжүүлсэн байдаг. Үүнд:
2,0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 535 зээлдэгчид хамаарах 64,5 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх, 70,3 тэрбум төгрөгийн авлагын шаардах эрх, 101,6 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө, 1,9 сая төгрөгийн үндсэн хөрөнгө.
Үүнээс харахад М Банк нь А Банк ХК-ийн бусдад өгөх өглөгийг өөр дээрээ шилжүүлж аваагүй нь тодорхой харагдана.
Банкны тухай хуулийн 69.1.13, 69.1.74 дахь заалт банкны эрх хүлээн авагч банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй болохыг, мөн Төв банк (М Банк)-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жилээс дээш хэтэрсэн тохиолдолд авлага барагдуулах зорилгоор боломжтой хугацааны дотор худалдах нөхцөлтэйгээр энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хөрөнгө худалдах, худалдан авах хамаарахгүй байх зохицуулалттай бөгөөд дээрх гэрээ нь хууль зөрчөөгүй, төлөөлөх эрхтэй этгээдүүдийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл болно.
Иймд М Банк нь А Банк ХК-ийн удирдлагуудын хууль бус буруутай үйл ажиллагаанаас бусдад учруулсан өр төлбөрийг төлөх үүргийг хууль гэрээ, шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй, тэдний иргэн Ц.Дид учруулсан хохирлыг М Банк хүлээх хууль зүйн үндэслэл, шалтгаант холбоо байхгүй, тус хэргийн хууль ёсны хариуцагч биш тул иргэн Ц.Дийн М Банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас:
Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал,
2013 оны 12 сарын 10-ны өдрийн 21 дүгээр гүйцэтгэх хуудас,
2014 оны 01 дүгээр 28-ны өдрийн 88 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол,
2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 153/81 тоот Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл,
2014 оны 02 сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2014 оны 02 сарын 14-ний өдрийн 147 тоот А Банк-ХК-дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлт,
2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тогтоол,
2014 оны 02 сарын 19-ний өдрийн 1/3162 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг,
2010 оны 07 сарын 23-ны өдрийн 446 дугаартай М Банкны Ерөнхийлөгчийн тушаал,
2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаартай М Банкны Ерөнхийлөгчийн тушаал,
2015 оны 03 сарын 12-ны өдрийн А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын тайлан,
2015 оны 03 сарын 25-ны өдрийн 709 тоот А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн албан бичиг,
2018 оны 03 сарын 09-ний өдрийн Б-10/304 тоот албан бичиг,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00864 дугаартай шийдвэр,
2018 оны 05 сарын 04-ний өдрийн А-10/549 дугаартай М Банкны албан бичиг,
2019 оны 01 сарын 14-ний өдрийн 4/79 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх хуудас,
2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол,
2020 оны 10 сарын 05-ны өдрийн 04/2892 дугаартай Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 21-ний өдрийн 673 дугаар магадлал,
2021 оны 09 сарын 02-ны өдрийн 2/2799 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2021/09629 дугаартай захирамж,
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, тус гомдлыг хянан шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШТ2021/00213 дугаартай тогтоол,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бүх шүүгчдийг татгалзах тухай хүсэлт, тус хүсэлтийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ЗТ2021/00676 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол,
4.Хариуцагч талаас:
2014 оны 06 сарын 10-ны өдрийн 0214/313 дугаартай М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээний хуулбар,
2015 оны 03 сарын 12-ны өдрийн 700 дугаартай А Банкны эрх хүлээн авагчийн А Банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох тухай албан бичиг,
А Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлын тайлан,
М Банкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаартай А Банк ХК-ийг татан буулгах тухай тушаал,
2015 оны 04 сарын 06-ны өдрийн А-66 дугаартай Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай тушаал,
Ц.Дийн нэр дээр нээгдсэн хадгаламжийн дэвтрийн гүйлгээг шалгасан 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас,
Ц.Дийн А Банкны 36578 дугаартай хадгаламжийн дэвтэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00159 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШТ2018/0788 дугаар тогтоол,
Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00141 дугаар тогтоол,
М Банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай тушаал,
М Банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 668 дугаар Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШТ2019/00159 дугаар тогтоол,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01233 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1635 дугаар магадлал,
5.Шүүхээс талуудын хүсэлтээр:
Ц.Дийн А Банкны 36578 дугаартай хадгаламжийн дэвтрийн хуулбар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00159 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,
Тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШТ2021/00180 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол,
Өдрийн сонины 2010 оны 08 сарын 10-ны өдрийн 188 дугаарт нийтлэгдсэн А Банк ХК-аас авлагатай этгээдийн нэхэмжлэл хүлээн авах тухай мэдэгдэл,
Өнөөдөр сонины 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн А Банкны эрх хүлээн авах албадлагын үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсоныг мэдэгдсэн мэдэгдэл,
М Банкны 2020 оны 07 сарын 08-ны өдрийн Б-10/772 дугаартай Хариу өгөх тухай албан бичиг,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2-184/23869 дугаартай мэдэгдэл,
2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний хавсралт,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу:
2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тухай тогтоол,
2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21/24 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/3162 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны татан буугдсан А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Банкийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
М Банк нь татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй болгосон, А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 137 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр тогтоогдох үндэслэлтэй бөгөөд “эрх залгамжлан авбал зохих этгээд” гэдгийг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолд зааснаар ойлгоно гэж,
Банкны эрх хүлээн авагч нь захиргааны байнгын бус үйл ажиллагааны чиг, үүргийг хэрэгжүүлэхээр М Банкнаас томилогдсон захиргааны байгууллага тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар М Банк нь эрх зүйн үр дагаврыг хариуцна,
Шаардах эрхийн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, Төв банк /М Банк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдоно.
М Банкны ерөнхийлөгч нь хуульд заасан татан буугдсан хуулийн этгээдийн төлбөр барагдуулах хуулийн зохицуулалтыг зөрчихийг зөвшөөрч шийдвэр гаргасан, Ц.Дийн төлбөр барагдаагүй байхад А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гаргасан, банкны актив хөрөнгийг дээшлүүлэх зорилгоор олгогдсон зээлд хүү тооцсоноор хадгаламж эзэмшигч Ц.Дид барагдуулах төлбөрийг санаатайгаар саатуулсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг болон Төв банкны, Банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Д нь А Банкны хадгаламж эзэмшигч байгаагүй, банкны эрх хүлээн авах ажиллагаа явагдах тухайн үед хадгаламж эзэмшигчдийн жагсаалт болон Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дараалалд ороогүй гэж,
А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д заасан “захиргааны байгууллага”-д хамаарахгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасны дагуу эрх зүйн үр дагаврыг М Банк хариуцах үндэслэлгүй,
М Банк А Банкны эрх хүлээн авагчаас 137 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан ч бусдад өгөх өглөгийн үүргийг шилжүүлж аваагүй. Уг шилжүүлж авсан хөрөнгө нь М Банкнаас А Банкинд олгосон зээлийн эргэн төлөлт байсан. Иймд Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан хөрөнгө шилжүүлэн авсан этгээд гэдэгт хамаарахгүй,
М Банк нь Банкны эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авч, банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.М Банкны ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 668 дугаар тушаалаар А Банк ХК-нд Банкны эрх хүлээн авагч /банкны эрх хүлээн авагчийн зөвлөл/ томилогдож, улмаар М Банкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар А Банк ХК-ийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан байна. /хх1-50, 2-149/
7.А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2010.08.11-ний өдрөөс 2010.10.11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд А Банк ХК-иас авлагатай этгээдүүдээс нэхэмжлэлээ ирүүлэхийг 2010.08.10-ны өдрийн “Өдрийн сонин” сонинд зарласан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Д банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ бүртгүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
8.Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар Ц.Д нь хадгаламжийн мөнгөөрөө хохирсон болохыг тогтоож, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт зааснаар А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт 3-т заасан хохирогч Ц.Дид олгохоор заасан байна. /хх1-ийн 7-73/
9.Уг шийтгэх тогтоол, магадлалд 2013.12.10-ны өдрийн 21 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2014.01.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 88 дугаартай тогтоол гарсан. А Банкны эрх хүлээн авагч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 147 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан Ц.Дид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг өөрт шилжүүлэн ирүүлэхийг хүссэн байна. /хх1-47/
10.Шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 320 дугаартай тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3162 дугаартай албан бичгээр Ц.Дид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичгүүдийг А Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна. /хх-ийн 48, 49 дүгээр тал/
11.М Банк, А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2014.06.10-ны өдрийн 0214/313 дугаар “М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр М Банкнаас олгосон зээлийн өрийн үндсэн зээлийн үлдэгдэл 75,800,000,000 төгрөгийн зээлийн үндсэн өр, 61,205,401,870 төгрөгийн хүүгийн төлбөрт тооцож гэрээний 1-4 дүгээр хавсралтад заагдсан А Банк ХК-ийн актив хөрөнгийг шилжүүлжээ. /хх1-107-109, хх2-91-128/
12.А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс 2015.03.12-ны өдөр ажлын тайланг гаргаж мөн өдрийн 700 дугаартай “А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох тухай” албан бичгээр уг тайланг хавсарган М Банкны ерөнхийлөгчид хүргүүлж, банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлжээ. М Банкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А-66 дугаар тушаалаар Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх1-51, 110-116,/
13.2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А Банкны эрх хүлээн авагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан 709 дугаартай албан бичиг хүргүүлж, уг албан бичигт “...Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т дахь хэсэгт заасны дагуу А Банк ХК-аас авлагатай этгээдүүдийн өр төлбөрийг бүрэн барагдуулахад тус банкны актив хөрөнгө хүрэлцээгүй тул дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах боломжгүй болсон болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Тус албан бичиг болон Банкны эрх хүлээн авагчийн тайланд дурдсанаар А Банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болох үед Ц.Дийн авлагыг барагдуулаагүй байна.
14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин үүсгэсэн боловч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21/24 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасны дагуу түдгэлзүүлсэн байна. /хх1-235-243/
15.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 23869 дугаартай албан бичгээр М Банкинд хандан Ц.Дид олгогдох төлбөрийн 3,446,159,752 төгрөгийг Төрийн банк дахь дансанд шилжүүлж төлбөрийг гүйцэтгэхийг шаардсан байна. М Банкнаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр, хууль тогтомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичгээр М Банкийг эрх залгамжлагчаар тогтоогоогүй нөхцөлд хуулийн үндэслэлгүй, шүүхийн шийдвэртэй асуудлаар төлбөр төлөгч бус М Банкинд төлбөрийн шаардлага дахин гаргахгүй байхыг хүсье” гэх хариуг өгсөн байна. /хх1-235-239/
16.Нэхэмжлэгч Ц.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Банкийг сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх эрх залгамжлагчаар тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл шаардах эрх шилжсэн, өв залгамжчлагчаар тогтоосон зэрэг бусад баримт бичиг гараагүй байх тул төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар буюу М Банкаар солих боломжгүй гэж дүгнэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль ёсны гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. /хх1-ийн 61, 67-71/
17.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.” гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох тохиолдлыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 35.3-д эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр, хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичгийг үндэслэн эрх залгамжлан авбал зохих этгээдээр солихоор заасан байна.
18.М Банк нь А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон, мөн тодорхой эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Хуулийн этгээд татан буугдах зэргээр эрх, үүрэг нь дуусгавар болж хөрөнгө, эрхээ бусдад шилжүүлсэн бол түүнийг хүлээн авсан этгээд авах авлагын дагуу авч байгаагаас бусад тохиолдолд хүлээн авсан хөрөнгө, эрхийн хэмжээгээр шилжүүлсэн этгээдийн эрх, үүргийг хэрэгжүүлэх буюу эрх залгамжилж болно.
19.Хариуцагч нь дээр дурдсанаар тодорхой эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй бөгөөд харин ийнхүү шилжүүлэн авсан хөрөнгө, шаардах эрх нь М Банкнаас А Банкинд олгосон зээлийн төлбөрт тооцон авсан бөгөөд бусдад өгөх өглөгийн үүргийг шилжүүлж аваагүй гэж маргасан. Гэвч зээлийн төлбөрт тооцож А Банк ХК-иас шилжүүлсэн актив хөрөнгийн хувьд М Банк нь ийнхүү авлага авах эрх бүхий этгээд мөн эсэх нь баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж үзэв. Тодруулбал, актив хөрөнгө шилжүүлэх гэрээнд хөрөнгө, шаардах эрхийг зээл, хүүгийн төлбөрт тооцож шилжүүлсэн байх боловч М Банк нь 137 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн төлбөр тооцож авах эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба тухайн актив хөрөнгө шилжүүлэх гэрээг үндэслэн гэрээний үүргийн дагуу авах ёстой төлбөрөө барагдуулсан гэж үзэх боломжгүй байна.
20.Иймд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан бол ийнхүү шилжүүлэн авсан хэмжээгээр үүргийг хүлээх буюу үүрэг ч мөн адил шилжинэ гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
21.М Банкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар “Татан буугдсан А Банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал гарснаар төлбөр төлөгч А Банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болж, төлбөр авагч Ц.Дийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цааш үргэлжлэн явагдах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, М Банкны дээрх шийдвэрийн үр дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал буюу төлбөр төлөгч байхгүй болсон буюу Ц.Дийн төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болсон үр дагавар нь М Банкны дээрх шийдвэртэй шалтгаант холбоотойгоор үүссэн гэж үзэхээр байна.
22.Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалын дагуу төлбөр авагч Ц.Дийн төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Банкийг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
23.Банкны эрх хүлээн авагч нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллага гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгосон М Банк нь эрх зүйн үр дагаврыг хариуцна гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
24.Түүнчлэн, М Банк нь холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй, зөрчсөн эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй тул “М Банк нь Иргэний хуулийн холбогдох заалтыг болон Төв банкны, Банкны тухай хуулийг биелүүлээгүй буюу ноцтой зөрчсөн, Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д зааснаар хохирлыг барагдуулах боломжтой” гэх нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарлаж буй үйл баримтыг тогтоож дүгнэлт хийх боломжгүй.
25.Нэхэмжлэгч Ц.Д хадгаламж эзэмшигч байгаагүй гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар Ц.Д нь хадгаламжийн мөнгөөрөө хохирсон болохыг тогтоож, хохирлыг А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэх баримт хэрэгт байхгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
26.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.8-д заасныг баримтлан төлбөр авагч Ц.Дид холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч А Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр М Банкийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ У.С