| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/03383/и |
| Дугаар | 182/ШШ2022/03427 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2022/03427
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Д,
Нэхэмжлэгч: Д.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Д, Д.Снар нь хариуцагч Г.Х-дхолбогдуулж Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Ц.Д нь 2021.06.23-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 582 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Х-дшилжүүлсэн. Иргэн Ц.Д, Д.Снар мөн өдөр өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Х-дшилжүүлсэн.
Г.Х нь Улаанбаатар хотод орж ирсэн цагаас эхлэн Ц.Дгийнд амьдарч байсан бөгөөд 2018 оноос эхлэн Ц.Дгийн саналын дагуу өөрийн ах дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоотод байрлах хашаа байшинг газрын хамт 18 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож сар бүр 500,000 төгрөг төлөхөөр болж аман хэлцэл байгуулан 2022 оны 7 сар хүртэл амьдарч байгаа. Г.Х нь дээрх аман хэлцлийн дагуу тохиролцсон төлбөрөөс 16 сая төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй удаашруулан хашаа байшинд өөрийн өмч гэсэн сэтгэлээр хандахгүй иргэн Ц.Дг хэл амаар доромжлон, уг хашаанд тавьсан Ц.Дгийн эзэмшлийн чингэлэгний цоожийг эвдэн доторх эд зүйлийг дур мэдэн авах болсноос гадна энэ байдлыг нь хэлэхээр зүй бус авир гаргаж байгаа. Иргэн Ц.Д, Д.Солонго, Г.Х нарын хооронд байгуулагдсан 2021.06.23-ны өдрийн газар, хувийн сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлээр худалдан авсан аман хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд 2021.06.23-ны өдөр иргэн Ц.Д, Г.Х нарын хооронд байгуулсан Газар бэлэглэх бэлэглэлийн гэрээ, Ц.Д, Д.Солонго, Г.Х нарын хооронд байгуулсан хувийн сууц бэлэглэх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 582 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ц.Дгийн нэр дээр шилжүүлэх, мөн хаягт байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ц.Д, Д.Снарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Х-ддаалгаж өгнө үү. Нэхэмжлэлдээ Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах гэсэн боловч хариуцагчид даалгуулахаар тодруулж байна гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа:
Г.Х миний бие нэхэмжлэгч тал болох Ц.Д, Д.Снартай харилцан тохиролцож 2018 оны 10 сараас эхлэн сар бүр 500,000 төгрөгийн эргэн төлөлт болох нийт 16,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ хохирлыг барагдуулахад тус өмчлөлийн газрыг шилжүүлж өгөхөд бэлэн байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, 2021.06.23-ны өдрийн 0560, 0559 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг зэрэг баримтыг, хариуцагч талаас хариу тайлбарыг шүүхэд гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ц.Д, Д.Снар нь Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан, дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нь: Нийт төлсөн 16,000,000 төгрөгийн төлбөрийг буцаан олговол үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, 2021.06.23-ны өдрийн 0560, 0559 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Ц.Д нь 2021.06.23-ны өдөр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 582 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Г.Х-дшилжүүлсэн. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Снар мөн өдөр өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Г.Х-дшилжүүлсэн байна.
6.Үүнээс өмнө буюу 2018 онд талууд Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 18,000,000 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлцэл хийж, худалдан авагч Г.Х нь сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, түүнээс хойш Г.Х нь нийт 16,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
7.Дээрх худалдах, худалдах авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг хариуцагч талд шилжүүлж өгөхдөө талууд бэлэглэлийн гэрээ байгуулж хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ хийх хүсэл зоригийг илэрхийлээгүй, Ц.Д, Д.Снар нь үл хөдлөх хөрөнгийг Г.Х-дбэлэглэх хүсэл зориг байгаагүй, тус бэлэглэлийн гэрээнүүд нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна.
8.Иймд 2021.06.23-ны өдөр иргэн Ц.Д, Г.Х нарын хооронд байгуулсан гэр бүлийн хэрэгцээний газар бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, 2021.06.23-ны өдөр Ц.Д, Д.С, Г.Х нарын хооронд байгуулсан хувийн сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж, мөн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хэлцэл хийсэн талууд энэхүү хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.
10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлд дурдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл бөгөөд шүүх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэнэ. Хэлцлийн дагуу үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн, хариуцагчаас 16,000,000 төгрөг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг үүссэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан ба хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг талууд харилцан шаардах эрхтэй байна.
11.Дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 582 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Ц.Дд, мөн хаягт байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ц.Д, Д.Снарын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Г.Х-ддаалгаж, нэхэмжлэгч нараас 16,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Х-долгох нь зүйтэй гэж үзэв.
12.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,100 /70,200+142,950+174,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 388,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 33 гудамж 558 Б тоот хаягт байрлах 582 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Ц.Дгийн өмчлөлд, мөн хаягт байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Д, Д.Снарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Х-ддаалгаж, нэхэмжлэгч Ц.Д, Д.Снараас 16,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Х-долгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,100 /70,200+142,950+174,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 388,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ У.С