Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,  

Улсын яллагч Ш.Наранчимэг,

Шүүгдэгч Б.З,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,                                                 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ы З-т холбогдох 2528000420173 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Тэсгэн худаг гэх газарт тэмцээн үзэж байгаад “Geely Azkara” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож урагш хөдлөхдөө автомашины урд талд хэвтэж байсан насанд хүрээгүй Б.Б-ыг болгоомжгүйгээр дайрч биед нь зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.З-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед тэмцээн үзэж байгаад Ба биеэ засъя гээд хөдөлсөн. Тухайн үед машины өмнө 2 хүүхэд байж байгаад явахаар нь тоглож байсан хүүхдүүд явлаа гээд хөдөлтөл хүүхэд байсан. Тэгээд тухайн үед хүүхэд мөргөснөө мэдээд хариуцаж байгаа ээж, аав нь байна уу гэсэн чинь ахтайгаа очсон байсан. Ах нь гүйгээд ирсэн. Тэгээд ирсэн хүнд утасны дугаараа үлдээгээд шууд эмнэлэг рүү авч явж анхны тусламж үзүүлээд өөрөө цагдаа дуудаад мэдүүлэг өгсөн гэв.  

Насанд хүрээгүй хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр адуучин тэмцээн болсон. Тэр үед дүү Б-ы хамт аавын найз Т ахтай адуучин тэмцээн болж байгаа газар руу хамт явсан. Очоод тэмцээн үзэж дуусаад хүмүүс цуглаад хурал хийж байхад аавын найз Т-ын 3 хүүхэдтэй дүү бид хоёр барилдаад, ноцолдоод тоглож байсан. Надтай барилдаж байсан хүүхдийн ах нь намайг урдуур хөлөө хийж байгаад түлхсэн тэр үед би газар унасан. Тэгсэн М миний дээрээс дараад хэвтсэн, хэвтээд бараг нэг минут орчим болсон байх тэгтэл хүмүүс хашхиралдаад байсан. Тэгтэл машины хамар миний толгой дээгүүр гараад ирсэн. Тэрнээс хойш юм санахгүй байгаа. Миний эгэм хугарсан, зүүн уушги бяцарсан, 2 хавирга хугаралтай байна гэж хэлсэн. Одоо биеийн байдал гайгүй байгаа.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Насанд хүрээгүй хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр адуучин тэмцээн аймгаас хойшоо 20 орчим километрт болсон. Адуучин тэмцээн болоод адуу уургалах булгуйлах зэрэг зүйлс болж байсан. Тэгээд аавыг хүлээгээд манай хоёрын болон би аавын найзын хоёр хүүхэдтэй тавуулаа хамт тоглож байсан. Бид хэд хоорондоо барилдаад тоглож байсан. Тухайн үед Б-тай манай ах Ононмөр барилдаж байгаад унагаачихаар нь би Б-ы дээр гараад суусан. Тэр үед Б-ы дүү нь ирж босгох байсан. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад гэнэт машин ирээд бид хоёрын дээгүүр гарсан. Одоо яг хаагуур яаж гарсан талаар санахгүй байгаад байгаа. Тухайн үед гэдэс толгой өвдсөн. Хөл бадайрсан, түнх сонин болсон. Одоо унтахад нуруу өвдөж байгаа... Эрүүл мэндийн тал дээр асуудалгүй бол гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)   

Насанд хүрээгүй хохирогч Т.М-ын хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Бид нарт нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед бид нарт эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн, өгөөд уг мөнгийг бид нар хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулаад таарсан. Өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы хууль ёсны төлөөлөгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Б-ы төрсөн ээж нь надаас өөр хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүн байхгүй. Би хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би тухайн үед гэртээ байсан. Миний хүү Б-ыг Т гэх хүн өөрийн хүүхдүүдийн хамт салхинд гаргаж адуучин тэмцээн үзүүлэхээр авч явсан. Тухайн үед хүүхдүүд тал дээр барилдаж байгаад давхралдаад хэвтэж байх үед нь машинтай хүн хараагүй дайрчихсан байсан. Би энэ талаар хэрэг болсны дараа Т-аас асууж мэдсэн. Б.З нь манай хүүхдийг эмнэлэгт байхад хэрэгтэй бүх зүйлээр хангаж хоол унд эм тариа зэрэг хэрэгтэй бүгдийг нь авч өгсөн. Мөн миний хүү Б-д учирсан хохирлын төлбөрт 6 сая төгрөгийг өгсөн. 6 сая төгрөгийг бол Б-ы эмнэлгээс гарсан дараах эмчилгээ болон сургалт зэрэгт нь зарцуулсан. Б-ы сэтгэл санааны байдал зүгээр хэвийн байгаа. Мөн биеийн байдал зүгээр болчихсон, дугуйлан сэкцэндээ хамрагдаад явж байгаа. Цаашид манай зүгээс сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй тэгэх шаардлага байхгүй. Уг хэрэгтэй холбоотой гомдол санал хүсэлт байхгүй.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгаас 23 километрт адуучин тэмцээн болсон. Нэрийг нь мэдэхгүй газар. Тэрийг үзэхээр З гэх найзтайгаа хамт явсан. Очоод тэмцээнээ үзэж дууссан. Тэгээд манай Хүрмэн сумын Ба гэх залуу тухайн тэмцээнд оролцсон байсан. Тэгээд бид 3 машинд суугаад юм яриад суусан. Ба гэх залуу бие засах гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед машины урдаас хоёр хүүхэд зогсож байгаад машин асахад гүйгээд явсан. Тэгээд хөдөлтөл хүмүүс хашхиралдсан. Зогсоод хартал хоёр хүүхэд дайруулсан байсан. Тэгээд аваад аймгийн эмнэлэг рүү ирсэн.” (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

Гэрч О.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгаас 20 гаран километр Тэсгэн худаг гэх нэртэй газар адуучин тэмцээн болсон. Уг тэмцээнд би оролцсон. Тухайн тэмцээн дуусаад З, Б гэх хоёр найзтайгаа уулзсан. Тухайн үед машинд юм ярьж суунгаа 2 литр айраг байсан тэрийг ууж байгаад бие засахаар машинаа асаахад урдуур 2 хүүхэд гүйгээд өнгөрсөн. Тэгээд хөдлөөд явтал хүмүүс хашхичаад унасан. Тэгээд буугаад хартал 2 хүүхэд орилоод босоод ирж байсан. Тэгээд машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед машинд суулгаад явж байхад тухайн хоёр хүүхэд ноцолдож байгаад газарт унасан байсан юм байна лээ. Тэгээд машины урд хамран доор байсан болохоор хараагүй хөдөлсөн. Тухайн үед замд явж байхад нэг хүүхэд нь хавирга өвдөөд байна гэж байсан. Нөгөөх нь гайгүй гээд байсан.” (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ы биед зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Б.Б-ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 57-59 дэх тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/48 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар зам тээврийн осол болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Тэсгэн худаг гэх газарт байх зорчих хэсэггүй, тээврийн хэрэгсэл явах тогтсон шороон замгүй талбайд болсон байна. Зам тээврийн осол гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан байна. Харин зам гэж мөн хуулийн 3.1.4. “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15. “зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг; гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон газар явган зорчигчийн замгүй, хучилттай буюу шороон зурвас газаргүй, тээврийн хэрэгсэл явахад зориулсан зорчих хэсгийн бусад хэсэггүй газар байна. Дээрх хэрэг нь зам тээврийн осол биш тул мөрдөгчийн тогтоолын бусад асуултад хариулах боломжгүй байна.” (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тухайн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Насанд хүрээгүй хохирогчид эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдсэн. Тухайн хэргийг өөрөө цагдаад мэдүүлж хохирогчийг хохирол төлбөргүй болгосныг харгалзан аль болох хуулийн боломжтой нөхцөлөөр шийдэж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.З нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Тэсгэн худаг гэх газарт тэмцээн үзэж байгаад “Geely Azkara” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож урагш хөдлөхдөө автомашины урд талд хэвтэж байсан насанд хүрээгүй Б.Б-ыг болгоомжгүйгээр дайрч биед нь зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), насанд хүрээгүй хохирогч Т.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), гэрч О.Ба-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/48 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарсан газар нь явган зорчигчийн замгүй, хучилттай буюу шороон зурвас газаргүй, тээврийн хэрэгсэл явахад зориулсан зорчих хэсгийн бусад хэсэггүй буюу Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.6-д заасан зам, зам тээврийн осол гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болохыг тогтоосны дагуу шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.З-ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы биед зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-59 дэх тал)-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.    

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Т.М-ыг хохирогчоор, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Б.О-ыг томилж, мэдүүлэг авч, улмаар түүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор Өмнөговь аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийг шинжээчээр томилсны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52 дахь тал) гарч, Т.М-ын биед баруун хацар, нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон боловч энэ нь түүний эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхаар хуульчилсан тул насанд хүрээгүй Т.М-ыг энэхүү гэмт хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй болно. Харин насанд хүрээгүй Т.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  тус тус заасан тул болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.З нь хариуцан арилгах үүрэгтэй, харин насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй юм.

Шүүгдэгч Б.З-ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы биед зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.          

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний хүү Б-д учирсан хохирлын төлбөрт 6 сая төгрөгийг өгсөн. 6 сая төгрөгийг бол Б-ы эмнэлгээс гарсан дараах эмчилгээ болон сургалт зэрэгт нь зарцуулсан. Б-ы сэтгэл санааны байдал зүгээр хэвийн байгаа. Мөн биеийн байдал зүгээр болчихсон, дугуйлан сэкцэндээ хамрагдаад явж байгаа. Цаашид манай зүгээс сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй тэгэх шаардлага байхгүй. Уг хэрэгтэй холбоотой гомдол санал хүсэлт байхгүй.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал) гэж мэдүүлж байх ба шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нарт нийт 7,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаарх мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.            

Шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы биед зүүн эгэм ясны хугарал, зүүн талын гялтангийн хөндийн шингэн хуримтлал, зүүн уушгины уналт гэмтэл бүхий хүнд хохирлыг болгоомжгүй учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.         

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.З-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь би одоогоор хүүхдээ хараад ажилгүй байгаа. Тийм учраас торгох шийтгэлийг хамгийн бага дүнгээр оногдуулж өгнө үү. Би өмнө уул уурхайд хүнд машин механизмын оператороор ажиллаж байсан. Хүүхэд 2 нас хүрээд цэцэрлэгт өгөөд уул уурхайд ажилд орох бодолтой байгаа. Тийм учраас жолоодоох эрхийг хасахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Шүүгдэгч Б.З нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа насанд хүрээгүй хохирогч Б.Б-д эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролд 7.500,000 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.       

Шүүх шүүгдэгч Б.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл, эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заагаагүй тохиолдолд шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болох бөгөөд харин хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар байна.

Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг зүйлд эрх хасах нэмэгдэл ялыг сонгож хэрэглэх эрх хэмжээ хуулиар шүүхэд олгогдоогүй, харин үндсэн ял дээр нэмж  хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байх тул эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахгүй байх шүүгдэгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Б.З нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл болох “Geely Azkara” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч Б.З-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах нь дээрх хуулийн зүйл, хэсэг болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нарт 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ы З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ч нарт 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                         

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ