Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,   

Шүүгдэгч З.У,     

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн З-ын У-д холбогдох 2528002050221 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт:           

Холбогдсон гэмт хэргийн талаар:     

Шүүгдэгч З.У нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн орчимд тус аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг буюу Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлийн 17 дахь километрт ... улсын дугаартай “Прадо-150” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас засмал замын хажуу руу онхолдож, Э.Т, Ш.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.У-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч З.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагынхан 2025 оны 05 дугаар сарын 27-ноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт албан томилолтоор ажилласан. Тэгээд 05 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед маргааш хүүхдийн баяртай тул явъя гэсэн санал гаргасан. Тэгээд аймаг руу явж байгаад 2025 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 04 цагийн үед аймгаас 17 дахь километрт осолд орсон. Ослын улмаас хоёр хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Төрийн банканд харуулын ажилтай хүн байгаа юм. Би тухайн ажилд томилогдоод 8 сар болж байна. 2025 оны 05 дугаар сарын 27-ноос 31-ний өдрийн хооронд манай ажлынхан Гурвантэс суманд албан томилолтоор ажилласан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг өнгөрч байх үед манай ажлынхан 3 машинтай Гурвантэс сумаас Даланзадгад сум руу явсан. Тухайн үед би захирал 3.У-ын жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ажлын хамтрагч Д, Б нарын хамтаар суусан. Би Д-ын хамтаар машины арын суудал дээр харин Б жолоочийн эсрэг талын суудалд буюу урд сууж явсан. Би тухайн үед Гурвантэс сумаас хөдлөөд унтаад өгсөн. Нэг сэрэхэд машин түр зогсчихсон удалгүй эргээд хөдөлж байсан. Яг хаана явж байсныг нь би сайн мэдэхгүй. Ямар ч байсан манай захирал 3.У гэнэт хашхирсан. Тэгээд би сэрээд хартал манай машин замын хажуу руу онхолдож байсан. Тухайн үед би юу болсныг огт санахгүй байгаа. Ямар ч байсан машин онхолдоод тогтсоны дараа би машины кабины гол хэсэгт нэг юманд хавчуулагдаад босож чадахгүй байсан. Тэр үед манай ажлынхан намайг татаж гаргаад хэвтүүлсэн. Нэлээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд намайг авч явсан... Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал)   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд би ажлын хамт олны хамтаар албан томилолттой ажилласан. 2025 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг өнгөрч байх үед бид нар Гурвантэс сумаас Даланзадгад сумын чиглэлд гарсан. Тухайн үед би салбарын захирал 3.У-ын жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Харин арын суудалд Т, Д нар суусан. Бусад ажлын хүмүүс албаны 2 машинд хуваагдаж суун манай машины араас дагаж явсан. Шөнийн 03 цаг 40 минутын үед би өөрийн охин руугаа уулнаас уруудаж байна гэсэн чат бичсэн. Яг тэр үед захирал 3.У машинаа зогсоогоод нойроо сэргээсэн. Тухайн үед би захиралд нүдний дусаалгыг нь авч өгсөн. Мөн нойроо сэргээхээр машины цонхыг буулгаж 2-3 минут агаар амьсгалсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд явж байхдаа би нойрмоглоод зүүрмэглэсэн. Тэгтэл гэнэт машин шарвах шиг болоод засмал замаас гарч байгаа харагдсан. Тэрнээс цааш юу болсныг би санахгүй байна. Ямар ч байсан эхний 2 эргэлтэн дээр машин онхолдож байгааг би мэдэрсэн. Тэгээд би тухайн үед ухаан алдаад эмнэлэг дээр толгойгоо оёулж байхдаа сэрсэн... Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. Би сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй. Учир нь миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед би Төрийн банкны ажлын газрын хүмүүсийн хамт Гурвантэс сумаас Даланзадгад сумын чиглэлд явсан. Тухайн үед би салбарын захирал 3.У-ын жолоодож явсан ... улсын дугаартай автомашины арын суудалд ажлын хамтрагч Э.Т-ийн хамтаар харин жолоочийн эсрэг талын суудалд манай ажлын Ш.Б сууж явсан. Тухайн үед би Гурвантэс сумаас хөдлөөд машинд унтсан шөнийн 02 цаг 32 минутад Сэврэй сумын урд хэсэгт засмал зам дээр явж байсан. Нэг сэрээд харахад аймаг эндээс 50 км-ын зайд байгаа гээд хамт явж байсан машинууд замын хажууд зогсчихсон байсан. Машин хөдлөөд явахад би гар утсаа оролдож байгаад буцаад унтсан. Тэгтэл жолоо барьж байсан манай захирал З.У нь хүүе яана аа гэж хашхираад машиныхаа үрүүлийг зүүн гар тал руу дарж байгаа харагдсан. Яг тухайн үед манай машин тэнцвэрээ алдаад эхэлсэн тэгээд би сандлаасаа зуурсан санагдаж байна. Тэгтэл гэнэт машин өнхөрч онхолдсон. Тухайн үед юу болсныг би сайн санахгүй байгаа ямар ч байсан манай машин нэлээд хэдэн удаа өнхөрч эргээд хажуу талаараа тогтож  зогссон. Ямар ч байсан өндийгөөд харахад Э.Т арын суудалд миний хажууд, захирал З.У нь жолооны ард суудлын бүснээсээ хажуу талаараа дүүжлэгдсэн байдалтай байсан. Тэгээд би эхлээд З.У-ыг машинаас гаргаад дараа нь Э.Т-ийг гаргасан. Яг тэр үед араас явж байсан манай ажлынхан хүрээд ирсэн. Би өөрөө тухайн үед нэлээд сандарсан байсан болохоор Ш.Б эгчийг сайн анзаарч хараагүй ямар ч байсан өөрийн сууж явсан суудал дээрээ байсан.” (хавтаст хэргийн 35-36 дахь тал)      

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Төрийн банкны Говь Гурвансайхан тооцооны төвийн захирал ажилтай хүн байгаа юм. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд манай Төрийн банкны тооцооны төвийн захирлууд Гурвантэс суманд албан томилолтоор ажилласан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 30 минутын үед Гурвантэс сумаас Даланзадгад сумын чиглэлд 3 тээврийн хэрэгсэлтэй бөөндөө гарсан. Хамгийн урд талд нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай Төрийн банкны салбарын захирал 3.У жолоодож явсан. Түүний араас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ж.Ба, араас нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Г нар жолоодож явсан. Шөнийн 03 цагийн үед бид хэд Баяндалай сумыг дайрч өнгөрөөд 04 цагийн үед Даланзадгад сумын чиглэлд явж байтал манай машины жолооч Ж.Ба нь “Ээ хулгайчаа юу болчихвоо” гээд уулга алдахаар нь би сэрээд харсан чинь хамгийн урд талд явж байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хойд тал руу онхолдсон байсан. Тухайн үед би машинаасаа буун гүйж очтол осол гаргасан машинд сууж явсан манай ажилтан Ц.Д нь машинаасаа гарчихсан захирал 3.У, Э.Т хоёрыг машинаас гаргаад газар хэвтүүлээд зогсож байсан. Тэгээд би урд талын суудалд сууж явсан Ш.Б-г машинаас гаргах гэсэн чинь суудлын бүс нь зүүлттэй тайлагдахгүй байсан. Тухайн үед би сандраад буцаад өөрийн сууж явсан машин дээрээ ирээд гар утсаараа түргэн дуудсан. Түүний дараагаар ослын талаар цагдаад мэдэгдсэн.” (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ажлынхан 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу албан ажлаар явсан юм. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 31-ний 22 цаг өнгөрч байх үед буцаад Даланзадгад сум руу явсан. Тэгээд бид 3 машинд нийт 14 хуваагдаад суугаад явж байсан бөгөөд хамгийн урд захирал У явж байсан, ард нь жолооч Ба, тэгээд би хамгийн ард нь явж байсан бөгөөд шөнө болчихсон байсан учир бид нар замдаа зогсоод нойроо сэргээгээд яваад байсан бөгөөд хамгийн сүүлд айргийн амралтын дэнж дээр зогсоцгоогоод нойроо нэг сэргээцгээчхээд хөдөлсөн. Тэгээд явж байтал манай нөгөө хоёр машин надаас арай түрүүлээд хөдлөөд жаахан зай авчихсан явж байсан ба миний урд явж байсан Ба-ийн унаж явсан машин замын урд талд аваараа татчихсан зогсож байхаар нь би дахиад зогсож дээ гэж бодоод ойртоод иртэл зам дээр машины эд зүйл болон ачаа бутарчихсан байхаар нь би зогстол Б гүйж ирээд захирлын машин осолдчихсон байна яах вэ гээд яаралтай түргэнд дуудлага өгөөд дараа нь цагдаад дуудлага өгсөн.” (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Гэрч Ж.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай захирал У өөрийн машинтайгаа, би албаны тэрэгтэй, Г албаны тэрэгтэй бид 3 машинд нийт 14 хүн хуваагаад албан ажлаар Гурвантэс сум руу явсан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 22 цаг дөхөж байх үед Гурвантэс сумаас Даланзадгад чиглэл рүү хөдөлцгөөсөн. Тэгээд бид нар замдаа эхний удаа зогсоод шээцгээчхээд хөдөлцгөөгөөд яваад удалгүй засмал зам руу орсон бөгөөд засмал руу ороод явж байгаад нийт замын талдаа ороод дахин бүгдээрээ зогсоод дахин шээгээд тархи толгойгоо сэргээчхээд дахин хөдлөөд явцгааж байгаад айргийн амралтын ойролцоо дахин зогсоод одоо 50 орчим км үлдсэн байхаа гэж ярьцгаагаад хөдлөөд явцгаасан. Тэгтэл аймаг дөхөөд явж байтал захирал У-ын машин урд явж байгаад гэнэт бөгсний гэрэл нь харагдахаа болиод нэг гэрэл гялбаад явчихаар нь би гайхаад осолдчихов уу даа гэж бодоод дөхөөд очтол захирал У-ын унаж явсан “Прадо 150” загварын тээврийн хэрэгсэл замын хойд хэсэгт онхолдчихсон байсан. Тэгээд буугаад очтол захирал У, Т, Д нар машиныхаа гадаа зогсож байсан бөгөөд Б машинаасаа гарч чадаагүй, бүснээсээ салаагүй байдалтай байж байсан бөгөөд цагдаа түргэн дуудсан.” (хавтаст хэргийн 47-48 дахь тал)       

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2025/44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Материалд авагдсан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг, оролцогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн байна. Хариулт-2.Материалд авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийн тоормосны мөр 32 метр үүссэн нь харагдаж байна... Иймд ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгсэл 75.4 км/ц хурдтай хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байна. Энэхүү тодорхойлолт нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно. Хариулт-3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй. Харин ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 51-56 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн авто техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Б-ы 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ... улсын дугаартай “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжтой. 2. Тээврийн хэрэгслийн жолооны механизм, хурдны хайрцаг, холимгийн хаалт /хаазны тороос хэвийн ажиллагаатай, явах эд анги, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг эд ангиуд зам тээврийн осол болоход бүрэн ажиллагаатай байсан. 3. ... улсын дугаартай “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны систем, явах эд анги, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг нь зам тээврийн ослын улмаас үүссэн бүрэн бус ажиллагаатай эвдрэл гэмтэлтэй байна. Бүхээгийн орой хэсэг, хаалганууд гажиж хэлбэрээ алдсан, урд хойд бамбай, урд хойд талын баруун, зүүн далбаанууд хэлбэрээ алдаж гажсан, моторын таг урд нүүрний хэсэг гажилт үүсэж, гэрэл гэрэлтүүлэх хэрэгслүүд, зүүн урд болон хойд цонхны шил, хойд талын хаалганы цонхны шил, хойд талын баруун болон зүүн цонхны шил байхгүй, жолооны механизмын аппаратын татуурга /чөмөг/ мурийж гулзайсан, тэнхлэг тохиргоо алдагдсан, урд салхины шил байхгүй, зүүн хойд талын пүрш сууринаасаа булгарч салсан, зүүн хойд талын тоормосны аппаратын гуурс хоолой тасарч битүүмж алдагдсан, 4 дугуй хийгүй, зүүн хойд талын дугуй хагарч урагдаж хий тогтохгүй, хойд талын тэнхлэгийн дагуу, босоо, хөндлөн татуурга мурийсан, тээврийн хэрэгслийн моторын суурь /лап/-ны байрлал төвөө алдаж баруун хойд тал руу шилжсэн доошоо болсон, моторын агаарын хоолой хагарсан, тоормосны төв дээд аппаратын шингэн нөөцийн савандаа байхгүй, зүүн хойд талын тоормосны аппаратын тасарсан гуурсаар гоожиж шингэн алдсан, зай хураагуур /аккумлятор/ сууринаасаа салж хагарсан, зүүн урд их гэрлийн суурь хагарсан, бусад гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслүүд байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 4. ... улсын дугаартай “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийн эд ангийн эвдрэлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн эвдрэлүүд байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлд нөлөөлөхгүй болно. Уг тээврийн хэрэгсэл нь 2025 оны 05 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгээр орж тэнцсэн байна. 5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.“ (хавтаст хэргийн 82-97 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ш.Б-гийн биед Th11 нугалмын хугарал, зүүн тавхай ясны хөндлөн хугарал, духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Ш.Б-гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 108-110 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Т-ийн биед баруун дал ясны хугарал, баруун сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Э.Т-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 115-116 дахь тал)  

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 141 дэх тал)

Прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 75 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 168-169 дэх тал) 

Прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 75 дугаартай санал (хавтаст хэргийн 170-171 дэх тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.У-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.У нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн орчимд тус аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг буюу Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлийн 17 дахь километрт ... улсын дугаартай “Прадо-150” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас засмал замын хажуу руу онхолдож, Э.Т, Ш.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.         

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), хохирогч Ц.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч Э.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), гэрч О.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрч Ж.Ба-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2025/44 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-56 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн автотехникийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Б-ы 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 038 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-97 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/212 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 108-110 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/213 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                              

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                             

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан хүндэвтэр гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.   

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2025/44 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хариулт-1.Материалд авагдсан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг, оролцогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн байна... Харин ... улсын дугаартай “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 51-56 дахь тал) гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч З.У-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.    

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч З.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв. 

Шүүгдэгч З.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-гийн биед Th11 нугалмын хугарал, зүүн тавхай ясны хөндлөн хугарал, духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Тийн биед баруун дал ясны хугарал, баруун сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/212 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 108-110 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ӨМГ0725/213 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.    

Шүүгдэгч З.У нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.У нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.       

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.У-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.               

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  тус тус заасан тул болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч З.У нь хариуцан арилгах үүрэгтэй, харин хохирогч Ш.Б, Э.Т нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал) гэх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. Би сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй. Учир нь миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэж мэдүүлж байх ба шүүгдэгч З.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 4,200,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлснээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-гийн Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан тайлбар “...2025 оны 07 дугаар сарын 08-нд хагалгааны төлбөрт 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-нд сэргээн засах эмчилгээний төлбөрт 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд зээлийн төлбөрт 1,200,000 төгрөг тус тус авч хохирлыг барагдуулсан нь үнэн болно.” (хавтаст хэргийн 166 дахь тал)-аар давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч З.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүмүүст хүндэвтэр хохирол учруулсандаа гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч З.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ш.Б-д 4,200,000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч З.У-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч З.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б, Э.Т нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Д овгийн З-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

6. Шүүгдэгч З.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б, Э.Т нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.             

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                                        

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ