| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0217/Э |
| Дугаар | 301/ШЦТ/236 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 301/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.Ундармаа,
Шүүгдэгч С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У ургийн овогт С-ийн А-д холбогдох эрүүгийн 25120000..... тоот хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Ч... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл ., эхнэр ... хүүхдийн хамт А аймгийн Ч.. сумын Ө... гол баг З... гарам гэх газарт оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, У ургийн овогт С-ийн А /РД:....../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.А-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ж.Ундармаа яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч С.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 1647 дугаартай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
- 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн “...үзлэгийг А аймгийн Ч сумын Ө гол багийн Н гэх газар шинэс мод унанги хожуул зэргээр бүрхэгдсэн ...ойд оролцогч С.А-ын заасан 1 ширхэг хожуулд үзлэг хийхээр тогтов. Тухайн шинэ тайралттай хожуул модыг 1 гэж дугаарлан өндөр, радиусыг тогтоохоор сантиметр ашиглан үзлэгийг үргэлжлүүлэв. 1 газраас 98см өндөр 39 см радиустай хожуул модноос тайрч унагасан мод хүртэл 6.90 см зайд байрлах модыг хэмжиж үзэхэд 3.60 см урттай 33 см радиустай шинэс төрлийн мод, 1.40 см урттай, 35 см радиустай мод бэлтгэж орхисон байв. “1” дугаартай модны хожуулаас шинжилгээнд зориулж дээж авахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14, 92- 94 дүгээр хуудас/,
- Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ч сумын Ө гол багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж байх үед Ч сумын Ө гол багийн зөрүү гарам гэх газар гэрийнхээ гадна хөрөөдөж, банзалж бэлтгэж байсан. Тухайн мод бэлтгэсэн эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Он гарснаас хойш С.А нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно. ...Хайрхан багын Б , Х багийн А өвөлжөө, У мөрөн гэх газар нь талбай тусгаарлалттай газар мөн. Харин Н гэх газар талбай тусгаарлалт хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр сумыг төлөөлж байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн 100010200914 тоот дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- А аймгийн Ч сумын И-ийн Т-ийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай “Ойгоос хэрэглээний мод галын түлээ бэлтгэх хэмжээг тогтоох тухай” тогтоол, хавсралтын хуулбар /хх-ийн 42-45 дугаар хуудас/,
- Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “...А аймгийн Ч сумын Ө багийн N 47° 32' 23", Е 100° 13' 48" солбицлын цэгтэй Н гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 51 дугаар хуудас/,
- Х-ийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн АЦ25-130 дугаартай “...машины үнэлгээг 6.027.000, мод-181.210, цахилгаан хөрөө- 138.000, сүх-21.000 төгрөгөөр” үнэлсэн талаар дүгнэлт үнэлгээний тайлан /хх-ийн 81-90 дүгээр хуудас/,
Яллагдагч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...маргах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ойн тухай хуулийн
35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.А нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос ургаа болон унанги мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч С.А-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.
Иймд шүүгдэгч С.А нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 937,235 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор /937,235*3=2,811,705 /хоёр сая найман зуун арван нэг долоон зуун тав/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 2,811,705 /хоёр сая найман зуун арван нэг долоон зуун тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.А-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,027,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай маркийн тээврийн хэрэгсэл, 181,210 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 138,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 21,000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан 2,811,705 /хоёр сая найман зуун арван нэг долоон зуун тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 3,555,505 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ургийн овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.А-од шүүхээс оногдуулсан 450 нэгжээр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч С.А-оос 2,811,705 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,027,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 181,210 төгрөгийн үнэлгээ бүхий мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 138,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 21,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод хагалах зориулалттай сүх зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 2,811,705 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 3,555,505 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч С.А нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР