| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө, түүний өмгөөлөгч Ж.Давааням,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овгийн Э-ийн М, Ө овгийн Ганболдын Д нарт холбогдох 2128002040002 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М, Г.Д нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Э.М нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарын ахлах нягтлан бодогчоор, Г.Д нь заал зохион байгуулагчаар тус тус ажиллаж байх хугацаандаа салбарын бэлэн мөнгөний орлогоос 273,554,284.23 төгрөгийг бэлнээр, 272,718.18 төгрөгийн бараа, материал нийт 273,827,002.41 төгрөгийг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.М, Г.Д нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...намайг Д-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр салбарын бэлэн мөнгөний орлогоос 273,554,284.23 төгрөг, 272,718.18 төгрөгийн бараа материалыг өөрсдийн хэрэгцээнд авч завшсан гэх 2 үндэслэлээр буруутгаж байгаа. Би нэг ч төгрөгийн бэлэн мөнгө өөрийн гараар орлогоос аваагүй. Би яагаад орлогоос аваагүй гэж хэлж байна вэ гэхээр тухайн компанийн бэлэн мөнгөний болон бараа материалын орлого зарлага яаж явдгийг тайлбарлах шаардлагатай болно. Бараа материалаас эхэлж тайлбарлая. Гадаа машинтай бараа ирээд нярав барааг хүлээж аваад, тоолоод, падаантай нь тулгаад худалдааны заал руу оруулаад худалдааны заалны тухайн хариуцсан тасгийнх нь худалдагч борлуулагчид барааг хүлээлгэж өгнө. Бараа зааланд очоод шууд лангуун дээр өрдөггүй. Тухайн барааны нөөцөөс хамаараад лангуун дээр байна уу, байхгүй юу гэдгээс хамаараад хоосон болсон бараануудыг өрөөд тухайн барааг худалдаанд гарахад бэлэн болгоно. Тэгээд лангуун дээр бараа байж байна. Үүн дээр та бүхнийг нэг зүйл дээр анхаараасай гэж хүсэж байна. Бараа хүлээн авах, барааг орлогоор аваад заал руу оруулах, зааланд байгаа барааг лангуун дээр өрөх, дараа нь барааг худалдан авах хүртэлх үйл ажиллагаанд ахлах нягтлан бодогчийн гар бие оролцож байгаа ямар ч үйл ажиллагаа байхгүй. Ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарийн дагуу энд бас ахлах нягтлан бодогч оролцдоггүй байгаа. Тэгээд худалдан авагч орж ирээд тухайн барааг худалдан авах гээд лангуунаас аваад касс дээр очсоноор бэлэн мөнгөтэй холбоотой үйл явц эхэлнэ. Худалдан авагч тухайн барааг касс дээр бичүүлэхэд тухайн тооцоог 4 янзаар төлж болно. Нэгдүгээрт худалдан авагч бэлэн мөнгөөр барааг авъя болно. Хоёрдугаарт банкны карт уншуулж болно. Гуравдугаарт Н-гоос бараа авдаг харилцагч байгууллагууд зээлийн гэрээний дагуу зээлийн бараа худалдан авч байвал тухайн талоныг байгууллагын гэрээг үндэслээд тухайн байгууллага зээлээр бараа авсан гэж холбоно. Дөрөвдүгээрт худалдан авагч нар дансаар мөнгөө шилжүүлдэг. Ингээд худалдан авагч бараагаа бичүүлээд аваад гарлаа. Гэхдээ энд зөвхөн худалдагч, худалдан авагч, зохион байгуулагч, касс нараас гадна энэ том дэлгүүрт чинь харуул хамгаалалтын алба гэж байгаа. Касс дээр бараа хүн худалдаж аваад гарахад гарахын шалган гээд харуул хамгаалалтын албаны хүн байгаа. Тэр хүн бараа яаж бичигдэж байна, яаж худалдаж авч, яаж гарж байна гэдгийг хянана. Дээрээс нь камер хянагч байгаа. Эдгээр хүмүүсийн хяналт доор худалдан авагч бараагаа бичүүлээд аваад гарна. Тэгээд өвөл орой 22 цагт, зун 22 цаг 30 минут дэлгүүр хаана. Тэгээд кассчин өөрийн кассаа унтраахаасаа өмнө посын тайлангаа хэвлээд бэлэн мөнгөө тоолоод заал зохион байгуулагчид хүлээлгэж өгнө. Манай байгууллагад 2 ээлжийн заал зохион байгуулагч байдаг. Нэг нь Д, нөгөөдөх нь Ч гэж хүн байгаа. Энэ хоёрт бэлэн мөнгөө кассаас хэвлэж авсан тайлантайгаа хүлээлгэж өгнө. Нэг ээлжид 2-3 касс ажиллана. Энэ мөнгийг зохион байгуулагч нь хүлээж аваад тоолоод гарсан тайлантай нь тулгаад хүлээж авсан мөнгөө өөрийнхөө ширээн доогуур байх сейфэндээ хийх ёстой. Н-гийн зохион байгуулалтын хувьд 3 касстай, өөдөөс нь хараад хаалттай ширээтэй. Ширээний ард 2 зохион байгуулагч сууна. Ширээн доор нь мөнгө хадгалдаг сейф нь байдаг. Тэгээд кассуудаа явуулчхаад өөрсдөө тоолоод сейфэнд байх зохих ёсны үлдэгдлийн хэмжээгээр сейф рүүгээ хийнэ. Түрүүн яллах дүгнэлт дээр дурдагдсан 10,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг байх ёстой гэж Н-гийнхон өөрсдөө мэдүүлэг өгсөн байсан. Яг тэр хэмжээгээр сейфэнд үлдээгээд үлдсэн мөнгийг нь яах вэ гэхээр 2 янзын арга байна. Нэгдүгээрт Хаан банкны АТМ машин манай дэлгүүрт байрлаж байгаа. Тэр АТМ машинд “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн салбарын Хаан банкны картыг хийгээд тухайн илүү гарсан мөнгөн орлогыг тушаана. Тэгэхээр Н-гийн данс руу орно. Хоёрдугаарт Голомт банк нь цүнхтэй мөнгөө өөрсдөө заримдаа ирээд аваад явчихдаг. Заримдаа зохион байгуулагч нар мөнгөө аваачиж өгдөг. Голомт банканд цүнхтэй мөнгөө тушаана гэсэн 2 аргаар илүү гарсан бэлэн мөнгөний орлогыг Н-гийн дансанд төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр тухайн өдрийн орж ирсэн бэлэн мөнгөний орлоготой шууд харьцаад баримтаар тоолж хүлээж аваад тушаах ажил үүргийн хуваарийн үүрэгтэй хүмүүс нь заал зохион байгуулагч нар байсан. Миний хувьд би түрүүн дэлгүүр 22 цаг хаадаг гэж хэлсэн. Оффисын ажил 17 цаг 30 минутад хаадаг. Тэгэхээр миний ажлын цаг дуусаад би явчихсан тэнд байхгүй байсан гэсэн үг. Миний ажил үүргийн хуваарь болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тэр үед би өөрөө хажууд нь хараад юм уу, хянаад, тэрийг нь хамт тоолоод байж байх ямар ч ажил үүргийн хуваарь байхгүй. Надад ямар ч хамаагүй. Сейфийн тухай ярья. Нягтлан бодогч нарын суугаад байгаа оффисын өрөө хоёр давхарт байгаа. Кассаас мөнгө хүлээж авч байгаа ажил нэг давхарт байгаа. Сейфийг 2 ээлжийн заал зохион байгуулагч нар хариуцдаг. Хоёр заал зохион байгуулагчаас гадна дэлгүүр хариуцсан дэлгүүрийн эрхлэгч гэж хүн байдаг. Сейфийн түлхүүр 2 заал зохион байгуулагч болон дэлгүүрийн эрхлэгчид байдаг. Сейф түлхүүрээс гадна кодоор онгойно. Сейфийн кодыг мөн адил 2 заал зохион байгуулагч дэлгүүрийн эрхлэгч мэдэж байгаа. Тэгэхээр дэлгүүрийн сейфийн кодыг мэдээд онгойлгох боломжтой 3 хүн л байгаа. Би 2 давхарт суудаг. Дэлгүүр хаах үед би ажлаа тараад яваад өгсөн байгаа. Надад сейфийн түлхүүр байхгүй, би кодыг нь мэдэхгүй. Би сейф онгойлгох, хаах, бэлэн мөнгө хариуцах хадгалах, тоолох хүлээлцэх албан тушаалтан биш. Мөн энэ 2 ажилтан маань мөнгийг тоолоод хүлээлцээд АТМ рүү хийж байхад харуул хамгаалалтын хүмүүс тэнд байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр харуул хамгаалалтын хүн байж байхад би тэнд очоод мөнгө аваад хуваагаад байж байх ямар ч боломж байхгүй. Харуул хамгаалалтыг маш чухал гэж бодож байгаа. Харуул хамгаалалт, камерын доор энэ ажиллагаа явагдаж байгаа. Н-гийн камерын бичлэгийг шүүгээд гаргаад ирэх юм бол бүр тод харагдана. Н-д камерын бичлэг нь байгаа байх гэж бодож байна. Тэгээд бэлэн мөнгөний орлогыг тушаахдаа Н-гийн картад хийхгүйгээр Д өөрийнхөө нөхрийн картыг АТМ-д хийгээд тухайн мөнгийг нөхрийнхөө дансаар орлого болгож авч байсан гэсэн үг. Мөн цүнхтэй мөнгөө тушаахгүйгээр хуурамч баримт үйлдээд авч байсан гэсэн үг. Бэлэн мөнгөний орлогоос 273,554,284.23 төгрөгийг би огт гар хүрч аваагүй, хараач үгүй. Би ямар мөнгө авсан талаараа тайлбарлая. Хамгийн анх 2020 оны 01 дүгээр сард намайг цалингаа бодоод байж байхад Д орж ирсэн. Би тухайн өдрийг яагаад санаж байна гэхээр 01 дүгээр сарын 03-нд цалин тавьдаг учраас би өмнөх орой нь цалингаа бодоод өрөөндөө сууж байсан. Тухайн үед ажил тараад явчихсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд надад 5,000,000 төгрөгийн хэрэг гарлаа би авчих уу гэж надаас асуухаар нь би үгүй ерөөсөө ийм юм байж болохгүй чи өөрөө учраа ол гээд хэлээд гаргасан. Тэгсэн чинь маргааш нь орж ирээд би нөгөө 5,000,000 төгрөг авсан шүү гэсэн. Тэгэхээр нь би тэгж болохгүй чи яаж байгаа юм мөнгөө хурдан буцааж хий гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө мөнгөө хийсэн гэхээр нь би шалгаад сейф дэх мөнгөө тоолоод үзтэл үнэхээр хийсэн байсан. Тэгээд таны ширээн доогуур байгаа шүүгээнд чинь юм үлдээсэн байгаа та үзээрэй гэж хэлсний дагуу би өрөөндөө ороод шүүгээгээ нээгээд үзсэн чинь 20,000 төгрөгийн дэвсгэрттэй боодолтой 1,000,000 төгрөг байсан. Энэ 1,000,000 төгрөгийг би авч хэрэглэсэн нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруутай үйлдэл мөн. Би энэ 1,000,000 төгрөгөө төлнө. Мөн миний дахиад авсан мөнгө бол Хаан болон Голомт банкны дансаар Д болон Д-ын нөхрийн данснаас над руу мөнгө орсон байдаг. 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 2022 оны 08 дугаар сарын 03-ны хооронд Голомт банкаар Д-ын данснаас над руу 12,100,000 төгрөг, Хаан банкаар Д-ын данснаас над руу 12,548,000 төгрөг, Хаан банкаар Д-ын нөхөр Оын данснаас 1,000,000 төгрөг нийт 26,578,000 төгрөгийг энэ хугацаанд над руу дансаар уурхайн ажлаас олж байгаа ашгаасаа өгч байгаа мөнгө шүү баярлалаа гэж шилжүүлж өгдөг байсан. Энэ мөнгийг би нээрээ л уурхайдаа бараа нийлүүлээд тендерт оролцоод ашиг олоод надад мөнгө өгөөд байна гэж бодоод би авч хэрэглэсэн нь үнэн. Энэ маш буруу байсан. Би энэ мөнгийг авч хэрэглэх ёсгүй байсан. Шууд компанидаа мэдэгдэж энэ асуудлыг шалгуулах ёстой байсан. Гэхдээ энэ мөнгийг компани мөнгө гэж ерөөсөө мэдээгүй. Тэгж бодож байгаагүй. Уурхайн ажлаасаа олсон орлогоосоо өгч байгаа мөнгө гэж бодож авч хэрэглэдэг байсан. Үүндээ маш их харамсаж байгаа. Үүнээс болоод өнөөдөр энд ирээд зогсож байна. Бусдаар Д-ыг сейфээсээ надад тэдэн төгрөг гаргаж өг, наад компанийнхаа мөнгөнөөс надад талыг нь өгөөч гэж хамтарч цуг бэлэн мөнгөнд өөрийн гар бие оролцож шахаж шахамдуулж авсан зүйл надад огтоосоо байхгүй. Үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ миний дансаар авсан 26,578,000 төгрөг “...” ХХК-ийн мөнгө байна гэж шүүх ялгаж зааглаад тогтоогоод өгвөл би энэ мөнгийг төлж барагдуулна. Энэ миний буруу, би өөрийн шуналаас болж энэ мөнгийг авсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд Д-ын анх гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Үүн дээр би Ма-д дансаар 20,000,000 төгрөг, бэлнээр 69,000,000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байна. Би нийт 26,578,000 төгрөг авснаа дансаа шүүгээд гаргаад ирсэн. Энэ мөнгөө би хүлээн зөвшөөрч байгаа. Бэлнээр 69,000,000 төгрөг Д-аас авсан зүйл огтоосоо байхгүй. Би шүүхийн өмнө үнэн зөвөө ярьж, хэргээ зөвөөр шийдүүлэхийн тулд энд зогсож байна. Тийм ч учраас би шүүх надад үнэн зөвөөр шийдэж өгч чадна гэж итгэсэн учраас хамгийн анх буруугаа хүлээж энэ хэргийг мэдээлсэн. Тэгээд Н-гоос аудитын шалгалт ирээд өр авлагуудыг шүүсэн. Би өөрийн бүх задаргаагаа гаргаж өгсөн. Миний Н-той хамтарч ажиллаж гаргаж өгсөн задаргаанаас нэг ч төгрөг дутаагүй гэдгийг би онцлон хэлмээр байна. Хэрвээ би энэ мөнгийг нуугаад өөрөө авах гэж байсан бол задаргааг гаргаж өгөөд хамтарч ажиллаад нэг ч төгрөгийн зөрүүгүй таарах уу, үгүй юу гэдгийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Энэ хэргийг байгууллагадаа мэдэгдээд хэргээ хүлээгээд хамгийн анх таслан зогсоосон хүнийг шүүх шийдвэр гаргахдаа харж үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр намайг очоод хэлэх хүртэл Д-д мөнгө аваад байгаа үйлдлээ зогсооё гэсэн өчүүхэн ч санаа бодол байгаагүй. Би очиж хэлээгүй бол үргэлжлүүлээд авсаар байх байсан. Энэ нь бас нотлогдоно. Би хотод Б ахын гэрт очоод 218,000,000 төгрөг манай байгууллагаас дутсан гээд хэлсэн. Б ахын мэдүүлэгт байгаа. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 03-нд аудитынхан хүрч ирээд мөнгөө тоолсон чинь 61,900,000 төгрөг Голомт банк руу цүнхтэй мөнгө өгсөн гэж хэлсэн. Би тухайн үед байхгүй байсан. Би аудитынхнаас нэг хоногийн өмнө хотоос ирсэн. Аудитынхан маргааш нь ирсэн. Тэгэхэд мөн 5,000,000 төгрөг цүнхтэй мөнгө Голомт банканд тушаасан гээд худлаа баримт үйлдээд кассын тайланд оруулаад нийт 66,900,000 төгрөг намайг байхгүйд авсан байсан. Би 218,000,000 төгрөг гээд хэргээ хүлээгээд ирсэн байхад миний мэдэхгүй, намайг байхгүй байхад дахиад 66,900,000 төгрөг аваад явсан байсан учраас энэ хүнд энэ үйлдлээ таслан зогсоох, энийгээ болих, өөрийнхөө бурууг ойлгож байгаа ямар ч юм байгаагүй. Би дандаа чи буруу зүйл хийж байна, чи амьдралаа сүйрүүлж байна, одоо наад мөнгөө төлчих, компанийг хохиролгүй болгочих гэж байнга гуйдаг байсан. Тэгэхэд өөрийнхөө хийж байгаа зүйлийнхээ бурууг ойлгодоггүй, энэ зүйлээ таслан зогсоох ямар ч бодол байгаагүй. Үүний дараа нэг чухал юм байгаа. Нэгдүгээр дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал дээр Д-ын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гараар “...” ХХК-д бичиж өгсөн тайлбар байгаа. Энэ нь Н-гоос аудитынхан хүрч ирээд бид хоёрыг оффисын өрөөнд оруулж суулгаад асуулт асууж дуусаад болсон асуудлын талаар бүгдийг нь бичиж өг гэсэн. Тэгэхэд бичиж өгсөн тайлбар байгаа. Тэгэхээр гадагшаа гарч өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авах ямар ч мэдээлэл аваагүй яг тухайн нөхцөл байдал дээр өөрийнхөө гараар бичсэн тайлбар байгаа. Үүнийг шинжлэн шинжлэн судлуулах хүсэлттэй байна. Тэгэхээр өөрийн гараар бичиж өгсөн тайлбар бол хамгийн үнэн зөв, хуулийн зөвлөгөө аваагүй зөвхөн өөрийнх нь сэтгэлээс гарсан тайлбар учраас энэ тайлбар дээрээ хамгийн үнэн ярьж байгаа гэж би үзэж байна. Би мөн адил Н-д ийм тайлбар бичиж өгсөн. Хамгийн анхаарч ёстой зүйл нь Д-ын анхны тайлбар, дараа нь гэрчээр өгсөн мэдүүлэг, тэрний дараа яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь анхны тайлбараасаа хойш зөрөөд зөрөөд явсан. Ерөөсөө тууштай байгаагүй. Би бас анх тайлбар гаргасан, мэдүүлэг өгсөн, миний тайлбар мэдүүлэг дээр ямар ч зөрүү байхгүй. Тухайн болсон зүйлийг яг байгаагаар нь ярьсан. Тийм учраас өөрчлөлт зөрүү гаргаагүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь 272,718.18 төгрөгийн бараа материал өөрийнхөө хэрэгцээнд авсан гэж намайг буруутгасан байна. Энэ барааг би огт аваагүй. Тухайн барааг хараач үгүй. Энэ нь ямар учиртай бараа вэ гэхээр манай нэг ажилтан гэрийн цайллага хийгээд тэр цайллагад манай хамт олон очихдоо хамт олноороо нийлж тухайн айлд бэлэг болгож аваачиж өгсөн аяга тавгийн ком. Энэ талаар хоёр дугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд байгаа 2024 оны 12 дугаар сарын 18-ны Д-ын яллагдагчаар татагдаад мөрдөгч Т-д өгсөн мэдүүлэгт байгаа. Энэ нь айлын найранд очихдоо худалдаж авсан бараа юм. Тухайн өдөр би өөрөө ажилтай байсан учраас миний нэр дээр тухайн барааг бүртгүүлээд би бичүүлж гаргаж авсан нь үнэн. Гэхдээ энэ нь ажилчдын айлын найранд очихдоо өгсөн бараа байгаа гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр тухайн үед 2021 оны 6 сард Н-д 28 хүн ажиллаж байсан. Тэгэхээр тэр 28 хүн 272,718.18 төгрөгийг хувааж төлөх ёстой. Ингээд хуваахаар нэг 9739 төгрөг оногдож байгаа. Би энэ мөнгийг төлнө. Тэгэхээр намайг яллаад байгаа хоёрдугаар үндэслэл надтай огт хамаагүй. Би үүнийг авч хувьдаа завшсан зүйл байхгүй. Би дансаар их хэмжээний мөнгө авч хүлээн аваад хувьдаа завшаад байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсандаа үнэхээр харамсаж байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар энд байгаа хүмүүсээс би албан ёсоор буруугаа хүлээж уучлалт гуйж байна. Би дахиж ийм хууль бус зүйл хийхгүй. “...” ХХК-аас албан ёсоор уучлалт гуйж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж өгөх мэдүүлэг байхгүй. Хохирол төлбөрийн тухайд байгууллагад нийт 273,827,002.41 төгрөгийн хохирол учирсан байгаа. Үүнээс Д-ын хувьд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн хохирол төлбөр өнөөдрийн байдлаар төлсөн байгаа. М-ын хувьд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,100,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийн хохирол төлбөр өнөөдрийн байдлаар төлсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа. Нийт 251,727,002 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... “Би “Н” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай компанийн Өмнөговь аймаг дахь салбарын ахлах нягтлан бодогч Э.М, заал зохион байгуулагч Г.Д нар нь байгууллагын орлогын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан асуудалд компанийг төлөөлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Ахлах нягтлан бодогч Э.М, заал зохион байгуулагч Г.Д нар нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж бүлэглэн дэлгүүрийн борлуулалтын орлогын бэлэн мөнгийг банкаар дамжуулж компанийн данс руу шилжүүлэхдээ зарим хэсгийг нь авч үлдэж хувьдаа завшдаг, орлогын мөнгийг хяналт тавих үүрэг бүхий ажилтнуудаас нуун далдлахдаа байгууллагын бусад харилцагчаас авах өр төлбөр гэх мэтээр санхүүгийн программд бичилт хийж санхүүгийн бичиг баримт болох тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж байсан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. …2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухайн мөрдөгчийн тогтоолтой 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтээр нийт 276,814,215,18 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлснээс шинжээчийн дүгнэлтээр 171,321,653 төгрөгийн дутагдлыг санхүүгийн баримтаар тогтоосон байна. Харин 102,230,463 төгрөгийн дутагдлыг тооцоо нийлсэн актыг хуурамч эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөн Алтан тариа гурил бусдад борлуулсан гэх орлогыг компанид тушаагаагүй 2,760,673,63 төгрөг, 226,539,09 төгрөг, хоол цайны ком 272,718 төгрөгийг тус бүр хувьдаа завшсан үйлдлүүдийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж үзсэн байна. …Аудитын шалгалтаар М болон Д нар нь тус тусдаа хэдэн төгрөг завшсаныг тогтоох боломжгүй байсан бөгөөд шалгалтаар компанид учирсан нийт хохирлын хэмжээг л тогтоосон. Учир нь Д нь компанийн мөнгөнөөс М-ад бэлнээр өгсөн гэж тайлбар хэлдэг бөгөөд М, Д нар нь хоорондоо өгсөн мөнгөний үнийн дүн дээр маргаантай байдаг юм. …Нягтлан зохион байгуулагч нар нь бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн нь гэмт хэрэг тухайн цаг хугацаанд илрэх боломжгүй байсан. Учир нь тайлан гаргаж байгаа салбарын нягтлан хуурамч санхүүгийн баримт үйлдэж хяналт тавьж байгаа санхүүгийн дээд шатны албан тушаалтанд хүргүүлсэн болно…” (1 дүгээр хавтаст хэргийн 101-102, 104 дэх тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг уг албан тушаалд 2021 оны 07 дугаар сараас томилогдон ажиллаж байна. “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад агуулах худалдааны салбарын ажилтнууд борлуулалтын орлого завшсан гэмт хэрэг үйлдэгдсэн. …Манай “...” ХХК нь “Н” ХХК-ийн охин компани юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай байгууллагын дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээ болох 3,259,930,09 төгрөгийн бараа материал дутагдсан байгаа. Мөн шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3,259,930,09 төгрөгийн гурил, бараа материалын тооцоо дутагдсан гэсэн байгаа нь үндэслэлтэй юм. Харин 14,445,716 төгрөгийн бараа материал завшсан гэдэг асуудлыг бол аудитын дүгнэлт гарахаас өмнөх хугацааны бараа материалын дутагдлын асуудлыг Э.М, Г.Д нартай холбож үзэх шаардлагагүй гэж үзэж байна. …Манай байгууллагаас гаргасан хүсэлт нь 273,554,284,23 төгрөгийн завшсан гэж бичсэн нь миний бичиг техникийн алдаа байна. Би хохирлын мөнгөн дүнг андуурч бичсэн байна. Нийт хохирлын хэмжээ 276,814,215,13 төгрөг байгаа юм... Дотоод аудитын шалгалт болон бэлэн тооллогын баримтаар 171 сая тогтоогдсон. Харин 102,230,463,00 төгрөг хуурамчаар бичиг баримт бүрдүүлж хувьдаа завшсан үйлдэл юм. Энэ хоёр үйлдэл нь тус тусдаа болсон үйлдэл бөгөөд дотоод аудитын шалгалт, тайлангаар тогтоогдсон.” (1 дүгээр хавтаст хэргийн 116, 118-119, 5 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал)
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Даланзадгад суманд агуулах худалдааны салбартай юм. Тус салбарын ахлах нягтлан бодогч Э.М зохион байгуулагч Г.Д нар нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан бүлэглэн, дэлгүүрийн борлуулалтын орлогын бэлэн мөнгө болон харилцагч иргэн, хуулийн этгээдийн барааны төлбөр зэрэг нийт 273,554,284 төгрөгийг өөртөө завшин манай компанид их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. …Г.Д нь ахлах нягтлан бодогч Э.Ма-д хууль бус үйлдлийн шан харамж болох 50 орчим сая төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн гэж тайлбар гаргасан. Харин энэ талаар ахлах нягтлан бодогч Э.М нь надад 21 21 сая төгрөг авсан гэж тайлбар гаргадаг. Г.Д нь өөрийн хүсэлтээр арилжааны банкны харилцах дансны хуулгаа бидэнд үзүүлэхэд Голомт банкны .. дугаарын дансны хуулгыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хоорондхыг үзэхэд 213 сая 509,817 төгрөгийн орлого орж, 214,023,890 төгрөгийн зарлага гаргасан. Нөхөр Т.О-ын Хаан банкны .. дугаарын харилцах дансанд дээрх хугацаанд 346,672,565 төгрөгийн орлого орж, 345,967,494 төгрөгийн зарлага гарсан байсан. Мөн гэмт хэрэгт хамтран оролцогч ахлах нягтлан бодогч Э.М-ын Голомт банкин дахь ... дугаарын дансанд дээрх хугацаанд 73,495,211 төгрөгийн орлого орж, 80,696,328 төгрөгийн зарлага гарсан. Харин Хаан банк дахь .. дугаарын дансанд 96,452,384 төгрөгийн орлого орж 96,497,336 төгрөгийн зарлага гарсан байсан. Дээрх орлого, зарлагын талаар Э.М, Г.Д нар нь дэлгүүрийн орлогын мөнгө болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн мөнгийг өөрсдөө завшиж үрэгдүүлсэн талаараа хэлдэг. …Энэ оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г.Д өөрийн тээврийн хэрэгслээ худалдан борлуулж 15 сая төгрөг, Э.М нь 2 сая төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал)
Гэрч З.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-нд дотоод аудитороор ажилладаг юм. Энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай захирал Д.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Н агуулах худалдаа салбарт мөнгөний ашиглалтай холбоотой хэрэг гарсан байна мөнгөн дүн нь их өндөр юм шиг байна чи явсан нь дээр байх гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлээд 08 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсгийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирэн ... салбарын санхүүгийн баримтад шалгалт хийж эхэлсэн. Эхлээд байгууллагын бэлэн мөнгөө тоолж, харилцах данс тайлантай тулган баталгаажуулахад кассын тайлангууд программд холбогдоогүй байсан, түүний дараагаар харилцагчаас авах авлагуудыг тулгаж үзэхэд нийт 273 сая 554 мянга 284 төгрөгийн авлага нь эзэн холбогдогчгүй байсан. Тэгээд ахлах нягтлан бодогч Н.М-аас уг авлагыг тодруулж ярилцлага хийхэд “Энэ нь манай салбарын зохион байгуулагч Г.Д гэх хүнтэй холбоотой асуудал байгаа юм. Би бол нуун дарагдуулж байсан нь үнэн Г.Д-аас шан харамж гэж 20 сая төгрөг авсан нь ч бас үнэн бусад нь бол Г.Д-ын авсан мөнгө байгаа юм гэж хэлсэн” Тэгэхлээр нь би чи одоо энэ авлагыг яаж бүртгэн санхүүгийн баримтаа үйлдсэн юм бэ гэхэд "би бүгдийг нь хуурамчаар хийсэн надад бүртгэж байсан эксель файл нь байгаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн файлыг нь нээн шалгаж үзэхэд 2020 оны 03 дугаар улирлаас хойших хуурамчаар үйлдсэн авлагуудын жагсаалт нь улирал бүрээрээ байсан. Манай байгууллагын дотоод журмаар өдрийн бэлэн орлогыг оройдоо дэлгүүр хаасны дараагаар байгууллагын дансанд тушаах үүрэгтэй, харин сейфт үлдэх мөнгө нь 10-20 сая төгрөг байж болно гэж заасан байдаг.
Харилцагч аж ахуй нэгжүүд тооцоогоо байгууллагын дансанд тушаахыг шаарддаг. Орон нутгийн онцлогоос хамаарч харилцагчид маань бэлнээр тооцоогоо хийгээд байдаг юм…, Д-д мөнгийг Ма-д мэдэгдэхгүйгээр авах боломж байгаа. Энэ боломжийг Д-д М бүрдүүлж өгсөн. Байгууллагын дотоод журмын дагуу бэлэн мөнгөний тооллогыг ахлах нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч нар хийх ёстой. Байгууллагын бэлэн мөнгөний орлогыг их хэмжээнд хүртэл нь хадгалах ёсгүй. Банкаар дамжуулж байгууллага руу шилжүүлэх ёстой байдаг. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж зохион байгуулах үүрэгтэй хүн нь М юм. Кассын орлого зарлагын өдрийн тайланг журмын дагуу зохион байгуулагчаар хийлгэж, программд бүртгэх ажлыг ахлах М хийх ёстой байтал энэ ажлаа хийдэггүй байсан. Тэгэхээр бид М-ыг мөнгийг хувьдаа завшихын тулд дээрх үүргүүдийг зориудаар биелүүлдэггүй байсан гэж үзэж байгаа. Энэ хугацаандаа М нь тооцооны нягтланг бэлэн мөнгөтэй огт харьцуулдаггүй байсан. Байгууллагын журамд зааснаар заал зохион байгуулагчийн гаргасан кассын тайланг тооцооны нягтлан бодогч шалгаж нягтлаад ахлах нягтлан бодогчдоо өгөх талаар заасан байгаа. Тооцооны нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарьт бас энэ талаар заасан байгаа. Гэвч тооцооны нягтлан бодогчоор энэ ажлыг нь хийлгэдэггүй М өөрөө шууд заал зохион байгуулагчаас тайланг нь авдаг байсан нь зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа. Энэ байдлаар Э.М-ын оролцоог тодорхойлж болно. ...Тухайн салбар дээр бэлэн орлогын мөнгийг хадгалах зориулалт бүхий сейф байдаг. Энэ сейфийн кодыг заал зохион байгуулагч нар мэднэ. Хадгалалт аюулгүй байдлыг заал зохион байгуулагч өөрөө хариуцдаг. Ахлах нягтлан бодогч нь мөнгөний үлдэгдлийг их хэмжээнд хүргэхгүй байх, үнэн бодит байлгахад хяналт тавьж долоо хоногт 3 удаа шалгаж байх үүрэгтэй. …Д-ын хувьдаа завшсан 3,457,524 төгрөгийн барааны хохирлоос бусад хохирлын дүн нь бүгд бэлэн орлогын мөнгөнөөс завшсан хохирол юм…” (1 дүгээр хавтаст хэргийн 127-128, 132-133 дахь тал)
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “...” ХХК-нд ахлах нягтлан бодогч ажилтай хүн байгаа юм. Миний ажил орон нутаг болон бүсийн нягтлан бодогч нарын өдөр тутмын ажилд төвөөсөө хяналт тавьдаг юм. Орон нутгийн ахлах нягтлан бодогч нар улирал бүрийн сүүлээр Улаанбаатар хотод очиж тайлангаа тушаадаг. 2021 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлангаар Өмнөговь аймгийн Н худалдааны төвийн ахлах нягтлан бодогч Э.М ирсэн юм. Ажлын шалгалтаар харилцагч нарын авлага шалгаж байхад харилцагч хооронд бичсэн гүйлгээ байсан. Тэрийг би Э.М-аас асуухад тооцооны нягтлан буруу бичсэн байсныг нь би залруулсан юм гэж тайлбарлан хэлж байсан. Тэгэхээр нь өмнөх улирлын тайлан мэдээ рүү орж шалгалт хийхэд арай бага тооны харилцагч хоорондын бичсэн авлагын бичилтүүд байсан. Тэгэхээр нь тооцоо нийцсэн актуудаа хуулбарлаад явуулаарай гэж хэлэхэд тооцоо нийцсэн актаа огт өгөөгүй. Тэгээд тайлан балансаа өгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг руу буцахаар болсон. Харин 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед Э.М над руу гар утсаар залгаад хоёулаа уулзъя гэхээр нь би гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай гэрийн гадаа уулзахад "эгчээ намайг уучлаарай би буруу юм хийсэн болохоор эхнээс нь бүгдийг нь яръя та намайг сайн сонсоод ярьж дууссаны дараагаар асуух зүйлээ асуугаарай" гэж хэлсэн. Тухайн үед надад хэлэхдээ “манай салбарын заал зохион байгуулагч Г.Д нь олон удаагийн үйлдлээр байгууллагын бэлэн мөнгөнөөс авчхаад эргүүлж тушаахгүй байна. Харин би авсан мөнгөний баримтыг Даар явуулж тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн төв рүү явуулдаг байсан юм. Одоо мөнгөө хийхгүй болохоор миний тэвчээр барагдлаа. Цаашлаад ийм байдалтай яваад байвал үнэхээр хэцүү юм байна гэж надад хэлсэн.
…Надад тухайн үед хэлэхдээ 218 сая төгрөг Г.Д авсан гэж хэлж байсан. Тэгээд би энэ асуудлыг тэр дор нь өөрийн захиралдаа мэдэгдсэн. Түүний дараагаар манай байгууллагаас ажлын хэсэг гарч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ... төвийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн. Санхүүгийн баримтаар манай байгууллагад нийт 213 сая 554 мянга 284 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
…Олон удаагийн үйлдлээр заал зохион байгуулагч Г.Д нь байгууллагын мөнгийг бэлнээр авч түүнийхээ тооцоог нуун дарагдуулан хуурамч баримт бүрдүүлдэг байсан. Үүнд ахлах нягтлан бодогч Э.М нь мөн холбогдолтой бөгөөд санхүүгийн баримтаа хуурамчаар тайлагнан хүргүүлдэг байсан нь тогтоогдсон. …Харилцагч аж ахуй нэгжийн авлагын мөнгийг өөрийн данс руугаа шилжүүлж авч байгууллагын данс руу огт хийдэггүй, мөн сейфт байсан бэлэн мөнгийг авч өөрийн болон ойр дотнын хүрээллийн хүмүүсийн дансанд АТМ-ээр дамжуулж хийж, байгууллагын данс руу огт шилжүүлдэггүй хувьдаа зарцуулдаг нь тогтоогдсон. Энийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Уул нь манай байгууллагын дотоод журамд дэлгүүрт орсон бэлэн мөнгөний орлогыг тухайн өдрийн орой болгон байгууллагын дансанд тушаах ёстой. Мөн харилцагч аж ахуй нэгж иргэдийн мөнгийг өөрийн дансаар бус байгууллагын дансаар шилжүүлж авах ёстой гэж заасан байдаг. Бид нар ч энэ шаардлагыг тавьдаг. Харин ахлах нягтлан бодогч Э.М нь дансныхаа бичилтээр өмнөх авлагыг барагдуулснаар харагдуулж дараагийн авлагыг өөр харилцагч дээр үүсгэдэг байсан тогтоогдсон байгаа. Ахлах нягтлан бодогч Э.М нь анхнаасаа үнэн зөвөө бид бүхэнд ярьж байсан Харин заал зохион байгуулагч Г.Д нь эхний өдөртөө худал зүйл ярьж байгаад маргаашаас нь үнэн зөвөө ярьсан. Харин тэр үедээ энэ бүхэн надад хамааралтай Э.Ма-д бол хамаагүй шүү гэж хэлээд Э.М руу хараад уйлж байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал)
Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Дэлгүүртэй зээлийн гэрээгээр хамтарч ажилладаг аж ахуй нэгжүүдтэй хийгдэж байгаа борлуулалтын мэдээлэл нь надад ирэх боловч хийгдэж байгаа мөнгөний гүйлгээ, санхүүгийн талаар мэдээлэл ирдэггүй. ...Миний хувьд М, Д хоёртой хамтарч хууль бус үйлдэл гаргаагүй. Дэлгүүрийн бэлэн мөнгөний орлого, бараа, материалаас завшсан ашигласан асуудалд оролцоогүй. ...Д “Тоёота кроун” гэдэг машинтай байсан. Тэр машинаа зарсан гэж ярьж байсныг нь сонсоод тухайн үед манай гэр бүлд мөнгөний хэрэгцээ гараад зээлсэн. Тэр мөнгөөр нь автомашин худалдаж авах гэж байгаад авах гэсэн машинаа аваагүй учраас мөнгийг нь удаагүй буцааж өгсөн. Тэр мөнгийг байгууллагын мөнгө гэж мэдээгүй. Машинаа зарсан мөнгө гэж бодсон. Би өөрийн нөхөр Б-ийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй байгаа ... тоот дансаар авсан. Д энэ мөнгийг өөрийн нөхөр О-ын данснаас шилжүүлж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дэх тал)
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын хууль ёсны төлөөлөгч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан байдаг. Уг дүгнэлтээр нийт 276,814,215,13 төгрөгийн хохирол учирсан шинжээчийн дүгнэлтээр 171,321,653 төгрөгийн дутагдлыг санхүүгийн баримтаар тогтоосон байна. Манай байгууллагын дотоод аудитын тайлангаар М, Д нар нь “...” ХХК-аас 277,011,808 төгрөгийн хохирол учруулсан гэж гарсан. Харин 102,230,463 төгрөгийн хохирлыг М, Д нар хамтран хуурамч бичиг бүрдүүлж завшсан ба холбогдох баримт бичгийг өгсөн...” (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал)
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Н" ХХК-д өглөг бол байгаагүй, харин авлага бол байдаг байсан. ...Манай нягтлангийн тэмдэг дарагдсан байна. Миний хувьд ерөнхий захирал учир үнийн дүн өндөр худалдан авалт хийхэд танилцсан байх ёстой. Уг баримт бичгийг мэдэхгүй танилцаагүй баримт бичиг байна. ... Тооцоо нийлсэн акт 2 хувь хийгдэх ёстой байдаг. Н ХХК-аас авлага байсан. Харин өглөг огт байгаагүй. Сая надад үзүүлсэн баримт бичиг хуурамч хийгдсэн харагдаж байна” (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал)
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би мэдүүлэг өгөхгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал)
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би мэдүүлэг өгөхгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал)
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хэрэгт холбогдоод байгаа Г.Д нь миний эхнэр учраас би эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Миний Хаан банкны ... дугаартай дансыг манай эхнэр Г.Д ашигладаг. Виза картыг эхнэр хэрэглэж явдаг байсан. Миний хувьд энэ хэргийн талаар огт мэдээгүй байсан. Анх буюу 2021 онд Н ХХК-ийн хуулийн зөвлөх гэх залуу нь надтай уулзаад эхнэр чинь ийм их мөнгөний өрөнд орчихсон байна гэж хэлэхэд л мэдсэн. Өмнө нь эхнэр миний данс руу мөнгө шилжүүлээд ажлын мөнгө байгаа юм буцааж компани руу, нягтлан руу шилжүүлж байна гээд гүйлгээ хийгээд байдаг байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал)
“А” ХХК-ийн захирал, нягтлан бодогч асан Б.Эн бичгээр гаргасан тайлбартаа: “А ХХК нь А-Март хүнсний найман дэлгүүрийг 2017 оноос эхлэн тогтвортой ажиллуулж ирсэн ба ... ХХК-ийн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн бэлэн төлөлтөөр болон зээлээр худалдан авдаг байсан. Тус байгууллагын нягтлан бодогчтой сар бүр тооцоо нийлж зээлээр худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын сүүлээр төлж барагдуулж, өмнөх худалдан авалтын төлбөрийг бүрэн барагдуулсан үед дараагийн бараа дахин зээлээр авах эрх үүсэх журмаар худалдан авалт хийдэг байсан. ...Миний тав трейдийн 2021.01.01-ний өдрөөс 2021.03.31-ний өдрийг хүртэлх тооцоо нийлсэн акт дээр тэмдэглэсэн 9,138,147 төгрөг бүхий худалдан авалтыг манайх хийгээгүй бөгөөд тухайн тооцоо нийлсэн актыг манай нягтлан бодогч хариуцах эзэнтэй нь тооцоо нийлэлгүйгээр шууд дэлгүүрт очиж худалдагчаар ажиллаж байсан хүнээр тамга даруулсан байна. Мөн зээлээр худалдан авалт хийхэд тухай бүр худалдан авалтын баримт дээр гарын үсэг зуруулан авч үлддэг байсан болно. Манай байгууллага ... ХХК-ийн Н дэлгүүрт ямар нэгэн өр төлбөргүй болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал)
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... ХХК-ийн захирлаар ажилладаг. Манайх Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг. ...Миний хувьд Н дэлгүүрээс сардаа 1 удаагийн бараа худалдан авдаг байсан. Гэхдээ сарын эцэс, эсхүл улирлын эцсээр өртэй байдаггүй байсан. Тухайн үед нягтлангууд нь өрөө нэхээд өмнөх барааны өрийг төлөөгүй бол дахин зээлээр бараа өгөхгүй гэдэг байсан учраас авсан барааны мөнгийг сар дуусахаас өмнө төлдөг байсан. Манайх нэг удаагийн зээлээр авдаг барааны үнийн дүн 1-2 сая төгрөгөөс хэтэрдэггүй байсан. Тийм учраас энэ мэдээ тайлан нь худлаа байна. Манайд ийм өр байгаагүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хуудсан дээрх миний гарын үсэг миний гарын үсэг биш байна. Хуурамчаар дуурайлган зурсан байна. Мөн энэ баталгааны хуудсан дээрх 2021 оны 2-р улиралд манайх Н компанид 8 сая гаран төгрөгийн үнийн дүнтэй зээл хийж өр үүсгэж байгаагүй. Энэ хуурамч баримт байна. Ер нь манайх зээлээр авсан барааны мөнгийг сар бүрийн 20-ны өдөр төлж дуусгадаг байсан юм...” (5 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал)
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ баримтан дээрх гарын үсэг минийхтэй төстэй байна. Гэхдээ бол ийм баримтад гарын үсэг зураагүй. Тухайн үед манай компани Н-д ийм их хэмжээний өр төлбөр тавьж байгаагүй. Энэ хуурамч баримт байна. Манай нэг удаадаа нэг сая орчим төгрөгөөр л бараа авч тэрийг сарын 25-нд багтаагаад төлдөг байсан. 2021 онд бол манай дэлгүүр ажиллахаа больсон байсан болохоор хувийн хэрэгцээний зүйлийг л хааяа авдаг байсан юм...” (5 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал)
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ доторх бичилт буруу байна. Манай компани тухайн үед ийм дүнтэй зээл хийж байгаагүй. Хэрэв зээлээр бараа авсан тохиолдолд тухайн сарын 20-ны дотор төлж барагдуулдаг байсан. Тэгэхгүй бол дахиж зээл өгөхгүй гэдэг байсан юм. ...Тухайн үед Н-гийн ажилтан Д нь дэлгүүрт ирээд тооцооны баталгааны хоосон хуудсан дээр гарын үсэг зуруулаад, тэмдэг даруулж авч байсан юм. Тэгэхдээ би нэг тооцоог сар дамжуулаад хийчихсэн чинь тэр тооцоон дээр бичнэ гэж хоосон маягт авч байсан...” (5 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал)
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хуудсан дээрх миний гарын үсэг тамга нь үнэн байна. Доторх бичилт бол хуурамч байна. Манай дэлгүүр нь Н агуулах худалдаатай 3,000,000 төгрөг хүртэлх барааг зээлээр худалдан авах гэрээтэй байсан. Түүнээс дээш үнийн дүнтэй бараа зээлээр худалдан авах эрхгүй байсан юм. Мөн зээлээр авсан барааны мөнгийг сар сард нь төлж дуусгаад дараагийн барааг авдаг байсан...” (5 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал)
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хуудсыг үзлээ. Энэ хуурамч баримт байна. Би Н агуулах худалдаанаас бараа зээлж авдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ баримтан дээрх шиг их үнийн дүнтэй бараа авдаггүй, мөн дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Тэмдгийн дардас бол манай компанийнх мөн байна. Тухайн үед буюу 2021 онд ковид 19 цар тахал өвчин гараад Хятадын хил гааль хаагдчихсан байсан болохоор би бараа худалдаж аваагүй. Би авсан бараагаа Хятад улс руу хадалдан борлуулдаг байсан. Энэ бараа хуурамч байна.... Тухайн үед Г.Д болон Э.М нар аль аль нь миний гарын үсгийг зуруулаад тэмдэг даруулсан хоосон тооцооны маягт авч байсан. Үүнийгээ надад тайлбарлахдаа намайг хил рүү явчихсан байхад тооцооны баримт хэрэгтэй болдог гэж хэлдэг байсан. ... тооцооны үлдэгдэл байвал зээлээр бараа худалдан авах гэрээг цуцалдаг байсан...” (5 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал)
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тамга нь манай байгууллагын тамга мөн байна. ...Миний гарын үсэг хуурамч байна.” (5 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал)
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тэмдэг нь мөн манай байгууллагын гарын үсэг мөн байна. Гэхдээ энэ баримтан дээрх мөнгөн дүнгээр манай аж ахуйн нэгж Н компанид өр төлбөр үүсгэж байгаагүй. 2021 оны 08 дугаар сард Н компаниас явж байна гээд нэг залуу ирж энэ баримтын талаар шалгуулаад энэ хуурамч баримт бичиг байна гэдгийг мэдсэн. Тэр залуу нь ч бас мэдсэн. Манайх зээлээр авсан барааны тооцоог 7 хоног дотроо хийдэг, тухайн үед сар дамжуулж тооцоо үлдээгээгүй байсан. Нэхээд авчихдаг байсан...” (5 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал)
Гэрч П.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ баримтан дээрх гарын үсэг манай эхнэрийн гарын үсэг мөн байна. Тамга нь ч манай байгууллагын тамга мөн байна. Тухайн үед буюу 2021 онд бол манай дэлгүүр Н агуулах худалдаанаас хүнсний бараагаа 7 хоног болгон л авдаг байсан юм. Тэгээд зээлээр авсан барааныхаа мөнгийг нь сард нь багтааж төлж дуусгаж байж дараагийн сард бараа зээлээр авах эрх үүсдэг. Тэр Н-гийн зохион байгуулагч Д буюу Д гэдэг хүүхэн сарын эцэс болохоор л танайх тооцооны үлдэгдлийн баталгааны хуудсан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Тэгж байхдаа хоосон баримтан дээр гарын үсэг зуруулж авсан байх, бусдаар бол манайх ийм их 7 сая гаран төгрөгийн бараа зээлж авч байгаагүй. Энэ баримтан дээрх шиг улирал дамжуулан өр үүсгэж байгаагүй...” (5 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал)
Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээр цалингаа бодоод байж байхад Д өрөөнд орж ирээд надад 5 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надаас гуйж байна гэж бодоод надад тийм их мөнгө алга байна гэхэд би танаас авах гээгүй байна, сейфт байгууллагын мөнгөнөөс түр аваад 2-3 хонуулаад буцаагаад өгье гэж гуйсан. Байгууллагын мөнгөнөөс авах боломж байхгүй, чи өөр хүнээс зохицуулахгүй юу гэж хэлээд гаргасан. Маргааш нь Д дахиад өрөөнд орж ирээд яана аа би нөгөө 5 сая төгрөгийг чинь байгууллагын сейфээс авчихсан, би удаахгүй 2 хонуулаад буцаагаад хийчихье, та битгий уурлаарай, хүнд хэлэхгүй түр хүлээж байгаач гэж надаас уйлж гуйхаар нь чи ямар дэмий юм хийсэн юм бэ, ингэж болохгүй, мөнгөө хурдан авч ирж хий гээд загнаад гаргасан, Хоёр хоногийн дараа Д надад ахлахаа би нөгөө 5 сая төгрөгөө буцаагаад хийчихсэн шүү, танд маш их баярласан шүү, хэрэгтэй үед надад тусалсан, би таны ширээний шургуулгад баярласнаа ”илэрхийлээд цөөхөн хэдэн төгрөг хийсэн байгаа, өөртөө хэрэгтэй юм аа аваарай гэж хэлсэн. Тэгээд 5 сая төгрөг нь тушаагдсан учраас миний санаа амарсан.
Намайг шүүгээгээ нээгээд үзэхэд 20,000 төгрөгийн дэвсгэртэй боодолтой мөнгөнүүд байсныг тоолоход 1 сая төгрөг байсан. Би тэр мөнгийг нь авч хувьдаа ашигласан. Энэ асуудлын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Д надтай уулзъя гэж ажлаас дуудаж гаргаад миний машинтай Голомт банкны гадаа зогсоод гэнэт уйлаад эхэлсэн. Яасан талаар нь асуухад манай аймгийн сум дундын ойн ангийн дэд даргаар ажилладаг, ажлын шугамаараа танилцсан уул уурхайн аж ахуй нэгжийн хүмүүстэй хувиараа тохиролцоонд хүрээд хүнс ахуйн барааг нийлүүлэхээр болсон. Нөхөр бид хоёрт энэ ажил ашиг өгнө, би тэгээд эргэлтийн мөнгө хэрэг болоод 33 сая төгрөг сейфээс авчихсан. Одоо та намайг албал ал, хүн цагаа тулахаар болохгүй гэдгийг мэдсээр байж авчихдаг юм байна, одоо би яах вэ гэхээр нь би бүр гайхаад юун их мөнгө, юу яриад байгаа юм бэ чи, ингэж болохгүй шүү дээ гэхэд, би 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд буцаагаад хийчихнэ гэж хэлсэн. Би тухайн үед их айсан, дээш нь мэдэгдэх, эсхүл мөнгөө хийтэл нь хүлээх үү гэж бодоод за чи яг 5 хоногийн дараа мөнгийг нь заавал хийнэ шүү гэж хэлээд өнгөрсөн.
Тэгээд 5 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёрын ажил бүтсэн, би мөнгө авч ирээд буцаагаад сейф рүү хийчихсэн. Та мөнгөө тоолж шалгаж үзээрэй гэж хэлсэн. Намайг шалгахад сейфийн мөнгө бүрэн байсан, тэгээд би тайвшраад баярласан. Энэ өдрөөс хэд хоногийн дараа Д миний данс руу мөнгө хийсэн байсан, тэгэхээр нь юун мөнгө вэ гээд асуухад нөгөө нөхөр бид хоёрын хийсэн нөгөө худалдааны ажлынхаа ашгаас танд баярлалаа гэж өгч байгаа юм гэж хэлсэн. Үүнээс хойш 04 cap гараад шинэ улирал эхэлсэн, Д надад шинэ улирал эхэлж байна, уурхайгаас барааны захиалга орж ирсэн, бараа татах мөнгө хэрэгтэй байна гээд байдаг байсан. Тэгээд байгууллагын сейфээс мөнгө аваад байдаг байсан, мөнгө авахаасаа өмнө нь надад хэлэхгүй, авсныхаа дараа тэдэн төгрөг авчихсан шүү гэж хэлээд байсан. Нэг авахдаа 5-10 сая төгрөг авдаг байсан. Би 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд Д-ын сейфээс авсан мөнгийг тооцож үзэхэд 55 сая төгрөг болсон байсан. Би Д-д чиний байгууллагаас авсан мөнгөний тоо маш их боллоо, одоо энийгээ боль, авсан мөнгөө эргэж төл, дахиж мөнгө чи авахгүй шүү гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл 06 сарын сүүлээр нөгөө дутуу байсан Д-ын авсан 55 сая төгрөг бүгд ороод ирсэн. Үүнээс хойш 07 cap дөнгөж гарсны дараа Д надад уурхайгаас наадмын захиалга ороод ирлээ ашиг их гарна тийм учраас сейфээс мөнгө авчихсан шүү, энэ сүүлийн удаа, дахиж авахгүй, захиалга яаруулаад байна, гэж ярихад нь болохгүй ээ хоёулаа тохирсон шүү дээ гэж загнасан.
Дараа нь бас уурхайн захиалга гээд л мөнгө аваад байх шиг байсан. Д намайг загнаад байхаар надад мөнгө авч байгаагаа хэлэхээ больсон байсан. Би 09 дүгээр сарын 20 гаргаад Д-ын авсан мөнгөний тооцоог гаргахад 82 сая төгрөг авсан байсан. За чи одоо боль, улирал дуусаж байна, авсан мөнгөө одоо буцааж хий, дахиж ийм юм хийхгүй, гэхэд за би мөнгөө асуудалгүй хийнэ, дахиж авахгүй гэж хэлсэн. Д энэ мөнгөө улиралдаа багтаж хийгээгүй, уурхайгаас орж ирэхгүй байгаа гэсэн шалтаг хэлээд байдаг байсан. Би Д-д уурлаад яагаад мөнгө хийхгүй байгаа юм бэ улирал өнгөрчихлөө гэж загнахад юун сүртэй юм бэ өмнө нь аваад л буцааж өгөөд болоод байсан биз дээ, энэ удаа коронавирусээс болоод уурхайн үйл ажиллагаа доголдоод хугацаандаа мөнгө ирж чадахгүй байна, наад асуудлаа нэг удаа аргалж гарахаас өөр арга байхгүй шүү дээ гэж хэлсэн. Энэ асуудлаас хойш Д надад хэлэхгүйгээр мөнгө аваад дараа нь хэлэхээ ч больсон. Дураараа мөнгө авдаг болсон. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоход 143 сая төгрөг болсон байсан. Би энэ хугацаанд болиулах, эргэж мөнгийг нь төлүүлэх талаар олон удаа уулзаж, загнаж, гуйж үзсэн. Надад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өглөө төлнө гэж хэлсэн байснаа тэр өдрийнхөө өглөө нь төлөгдөхөөргүй боллоо гэж хэлэхээр нь айгаад ажлаа хийж чадахгүй болсон. Тэгснээ өдөр нь надад мөнгө хайж байгаа, нөхрөө Хаан банк руу явуулчихлаа, манай зээл гарах юм шиг байна. Та сайн залбираад байж байгаарай гэхээр нь би Хаан банкны гадаа очиход, нөхрийнх нь машин банкны үүдэнд байгаагүй. Гэрийнх нь гадаа очиход нөхрийнх нь машин гэрийнх нь гадаа байсан. Би Д руу нөхөр чинь банканд байгаа юу гэж асуухад банканд байгаа гэж худлаа ярьсан. Тэгээд худлаа яриад байгааг нь мэдээд, тал руу ганцаараа гарч зогсоод амиа хорлож үхье гэж бодсон. Энэ хооронд Д-аас надад та хаана байгаа юм, би мөнгө хайж байгаа шүү, гадаадад байгаа эгчээс ээж бас мөнгө асууж байгаа гэх мэтээр мессеж ирээд байсан. Энэ өдөр ингээд мөнгө орж ирээгүй. Шинэ он гарсны дараа буюу 2021 он гарснаас хойш байгууллагын мөнгөнөөс нэмж авсаар л байсан. Би мөнгөө өгөхгүй бол байгууллагад мэдэгдэх гэж байгаа талаар хэлэхэд Д намайг таныг нөхөрт чинь надтай хамт байгууллагаас мөнгө авсан гэж хэлнэ, ашиг авдаг талаар хэлнэ гэж сүрдүүлдэг байсан. Ийм байдлаар мөнгө аваад байхаар нь би 03 сард нь тооцоо хийж үзэхэд 171 орчим сая төгрөг болсон байсан. Д-ын дээрх байдлаар авсан мөнгийг 06 сард дахин тооцоход 200 орчим сая төгрөг болсон байсан. Би 07 сарын сүүлээр санхүүгийн тайлангаа өгөхөөр явдаг учраас Д-аас тайлан өгөхөөс өмнө мөнгөө өг, тэгэхгүй бол болохгүй гэсэн боловч мөнгөө төлөөгүй. Тэгээд би 200 гаруй сая төгрөг нуун дарагдуулсан тайлан гаргаж төвд аваачиж өгчхөөд явах гэснээ болохгүй байх гэж бодоод орон нутаг хариуцсан ахлах нягтлан бодогч Б гэдэг хүнд гэрийнх нь гадаа очиж бүх үнэнээ хэлсэн. Б ахлах намайг очоод ажлаа хийж бай, араас чинь шалгалтын хүмүүс очно гэж хэлээд явуулсан. Ингээд шалгалт ирээд шалгахад намайг тайлан өгөхөөр явсан хойгуур 70 гаруй сая төгрөг нэмээд авсан байсан. Шалгалт ирэхэд нь би Д-ын авсан мөнгөний задаргааг үнэн зөв гаргаж өгөхөд Н-гийн шалгалттай яг таарч байсан. Энэ асуудлаар ажлаасаа халагдсан.
... Би Д-д мөнгө гаргаж авах, тайлан бичих талаар заасан зүйл байхгүй, өөрсдөө мэддэг байсан байх. ...Д өөрөө мөнгөө авсныхаа дараа Голомт банкаар дамжуулж байгууллагын данс руу хийх ёстой мөнгийг өөрөө аваад хоосон орлогын баримт дээр гүйлгээ хийсэн талаар бичилт хийж тайлангаа гаргаад ороод ирдэг байсан. Энэ баримт чинь хуурамч байна, мөнгөө хийгээгүй байж тамгагүй баримт хийсэн байна гэхэд би нөгөө мөнгөө авсан юм, хуулбарлах талон олдохгүй байсан учраас ингэчихлээ гэж хэлдэг байсан. ...Дансаар орж ирсэн мөнгийг би авсан нь үнэн, хамгийн анх авсан 1 сая төгрөгөөс гадна өөр бэлнээр мөнгө аваагүй. Дансаар орж ирж байгаа мөнгийг байгууллагын мөнгө гэж мэдээгүй. Өөрийнх нь хийж байгаа уурхайн ажлын ашгаас олж байгаа мөнгөнөөсөө өгч байна гэж бодсон. ...Би хуучин Хонда Сивик гэдэг машинтай байсан, энэ машиныг зараад Д-аас авсан мөнгөнүүдээ цуглуулж байгаад 9 сая төгрөгөөр авсан. ... Би өөрийн цалингаас хуримтлуулж байсан 2 сая төгрөг дээрээ Д-ын өгсөн мөнгөнөөс 1 сая төгрөг нэмээд авч байсан.
...Эхлээд хэлсэндээ буцааж төлдөг байсан, Д мөнгөө төлж чадахгүй болохоороо надад одоо удахгүй төлнө, яг өнөөдөр маргааш гэх байдлаар намайг хуураад итгэл төрүүлээд байдаг байсан учраас би найдаад хүлээгээд байдаг байсан, тэгээд бүр болохгүй болохоор нь өөрөө мэдэгдсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 153-158 дахь тал)
Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Миний ажиллаж байсан Н дэлгүүр нь зарагдаагүй богино хугацаатай хугацаа нь дууссан барааг хариуцсан ажилчдаар нь төлүүлээд барааг нь устгуулдаг юм. Тэгээд миний хариуцсан богино хугацаатай хугацаа нь дууссан барааны авлага хуримтлагдсаар 5 сая төгрөгийн өр байгууллагад төлөхөөр болсон, энэ мөнгийг би төлөх боломжгүй байсан учраас тухайн үед ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Ма-д бараа нийлүүлдэг тендерт оролцох гэж байгаа юм мөнгө хэрэг болоод байна гэж худлаа хэлээд бэлэн мөнгө гаргаж өгч болох талаар асуухад болно, би чамд 5 сая төгрөг гаргаж өгье, надад 1 сая төгрөгийг нь өгөх үү гэхээр нь би зөвшөөрч нягтлан өөрөө 1 сая төгрөг аваад би 5 сая төгрөг аваад 6 сая төгрөгийг би буцааж өгөхөөр болоод мөнгө авсан. Анх ийм байдлаар мөнгө авч эхэлсэн. Өрөө төлөх болоход болон нягтлан бодогч М-ад мөнгө өгөх шаардлага гарах үед тэдэн төгрөг хэрэгтэй байна гэж М-ад хэлэхэд яаж гаргаж авах талаар надад хэлж, хэлснийх нь дагуу би мөнгө гаргаж авч өөртөө авч, М-ад өгдөг байсан. Ер нь М 3 янзаар тайлан бичүүлж мөнгө гаргуулдаг байсан. Эхнийх нь гэрээтэй байгууллага руу хий бичилт хийж, кассад орсон орлогоос авдаг. Энэ нь кассад байгаа орлогын талоныг хуулбарлаж авч, тухайн орлогуудыг зээлийн гэрээтэй аж ахуйн нэгжид зээлээр бараа өгсөн мэтээр холбодог, жишээ нь 2 сая төгрөгийн орлогын талоныг авч А гэдэг зээлийн гэрээтэй компанийг зээлээр авсан мэт холбодог, ингэхээр кассаас 2 сая төгрөг гаргаж авах боломжтой болдог. Бас касс руу орсон бэлэн мөнгөний орлогыг банкаар дамжуулж байгууллагын данс руу хийдэг. Дэлгүүрт банкнаас түргэн шуурхай байдлыг хангах үүднээс хоосон орлогын баримтыг их хэмжээгээр урьдчилж өгдөг, энэ нь орлого банканд хийх үед орлогын баримт бичиж цаг алдахгүйн үүднээс тухайн орлого хийх ажилтан өөрөө бичиж бэлдээд авч явах зориулалтаар ирүүлсэн байдаг, тус орлогын баримт дээр байгууллагын дансанд хийгээгүй өөрсдийн авсан орлогыг бичиж тайланд тусгадаг, тэгээд байгууллагын данс руу хийхгүйгээр мөнгөө авдаг. Мөн ахлах нягтлан бодогч дээр мобайл банкаар хийсэн гүйлгээний орлогыг төвлөрүүлэх зориулалттай Хаан банкны данс байдаг. Кассад байгаа бэлэн орлогын мөнгийг аваад авсан мөнгөө бэлнээр ороогүй, мобайлын банк руу орлого оруулсан болгож, орлогын талоноос хуулбарлаж, хуулсан талон дээрээ мобайлын орлого гэж бичиж тайланд оруулдаг байсан. Энэ дансыг төвөөс хянадаггүй, зөвхөн ахлах нягтлан бодогч өөрөө хянадаг юм шиг байна лээ. Би мөнгө авах бүртээ тайлангаа хэрхэн бичих талаар асууж өөрийнх нь хэлсний дагуу тайлангаа бичиж орлогоос авсан мөнгөө нуун дарагдуулдаг байсан. Би мөнгийг анх үүссэн 6 сая төгрөгийн өрийг дарах зорилгоор авдаг байсан, мөн М-ад давхар мөнгө өгдөг байсан учраас М надаар мөнгө авхуулж, баригдахгүй байхыг зааж өгч, өөрөө төв рүү мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулдаг байсан.
...Надад кассаас мөнгө гаргаж авах боломж байдаггүй хэрэв тэгж авсан бол шууд мэдэгдэнэ, ахлах нягтлан бодогч буюу зөвхөн М-ын оролцоотой авах боломжтой, М өдөр тутмын орлого зарлагыг хянадаг учраас шууд мэднэ. Миний хувьд 106.712.580 төгрөгийг байгууллагын орлогоос завшиж үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа, энэ мөнгийг төлж барагдуулна. Мөн дээр нь байгууллагын тооллого хийхэд их хэмжээний мөнгөн дүнтэй хугацаа дууссан бараа гарч ирэх тохиолдол байдаг. ...Мөн нягтлан өөрийнхөө гэрт угаалгын машин авсан бөгөөд үүнийхээ үнийг төлөлгүй үлдэгдэлтэй байгаа мэтээр тайлагнаж явж байсныг хотоос электрон барааны менежер Б гэж хүн над уруу залгаад энэ угаалгын машин танайд зарагдахгүй бол буцаа гэхэд би мэдсэн. Тэгээд нягтланд энэ талаар хэлэхэд одоо бичүүлчихье гэж хэлээд бичүүлээгүй байсан. Тэгээд яасан нь мэдэгдэхгүй чимээгүй болсон тэр бас энэ мөнгөн дүнд орсон байх гэж бодож байна. Мөн кассаас орой бүр тухайн өдрийн орлогыг зарлагатайгаа тулгахад янз бүрийн дүнгээр мөнгө дутдаг дээд тал нь 2 сая төгрөгийн хэмжээтэй орлого дутаж байсан, энэ үзэгдэл сард 2-3 удаа давтагддаг байсан, энэ дутагдлыг ахлах нягтлан бодогч шалгаад шалтгааныг нь тогтоох ёстой байдаг, гэтэл энэ арга хэмжээг авахгүйгээр тухайн өдрийн тайланг ямар нэг асуудалгүй хаахын тулд, кассын дутуу гэсэн утгаар дээрх хэлбэрүүдээр шингээж тайланд тусгадаг байсан. Дараа нь учрыг нь олно гэж ярьдаг байсан боловч дараа нь ямар нэг арга хэмжээ авдаггүй байсан энэ мөнгийг бас надтай холбосон байх гэж боддог. Тэгээд бусад мөнгийг М авсан.
... Би анх үүсгэсэн өрөө төлөх зорилгоор мөнгө авахдаа М-ад тодорхой хувийг өгдөг байсан. Сүүлдээ М ч намайг мөнгө гаргаж өг гэж, өрөөр далимдуулж дарамталж эхэлсэн. Тэгээд өөрийнх нь заасан аргын дагуу өөрт нь мөнгө гаргаж өгдөг байсан.
... М намайг чи тендерт орчихсон биз дээ, одоо миний хувийг өг, гэх байдлаар мөнгө нэхдэг байсан. Тэгээд намайг анхнаасаа тендерт ороогүй худлаа ярьж байсныг мэдээд тийм байдлаар шантайж хийж мөнгө нэхдэг байсан. Чи надад тендерээс олсон хувийнхаа 50 хувийн ашгийг надад өгөх ёстой өгөхгүй бол би амиа хорлоно гэх байдлаар дарамталдаг байсан. Тэгээд сүүлдээ надад мөнгөний хэрэг байна, кассад байгаа орлогоос аваад ир гээд авдаг байсан. Би М-ад 69 сая төгрөг бэлнээр өгсөн. Өөрийнх дансаар 20 гаруй сая төгрөг өгсөн. Энэ мөнгөн дүнгүүд бол миний санаж байгаа мөнгөн дүн, миний санахгүй байгаа М-ад өгсөн мөнгө байгаа. М 2021 оны 04 сард Н дэлгүүрийн урд зогсоол дээр дүүдээ тавилгатай гэр авч өгнө гэж 20 сая төгрөг надаас авсан. Би энэ мөнгийг машин дотор нь өгсөн. Бас 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу хагас сайн өдөр байсан автомашин, хашааны мод авна гээд 30 сая төгрөг авсан. Би энэ мөнгийг цаасан уутанд хийгээд өөрийнх нь өрөөнд нь өгч байсан, өөрөө саарал үүргэвчинд хийгээд авч гарч байсан. Мөн газар авна гээд 2021 оны 01 сард 4 сая төгрөг авсан. Бас нэг 15 сая төгрөг автомашинд нь цуг сууж байхдаа өгсөн. Энэ мөнгөөр юу хийснийг нь сайн мэдэхгүй байна, надаас мөнгө авахдаа энэ мөнгийг нөхрөөсөө нууна гээд машиныхаа запаас дугуй хийдэг газраа нууж байсан. Дүүдээ бас автомашин авч өгч байсан. Дүү нь тэр машинаа унадаг байсан.
...М өөртөө Тида гэдэг нэртэй машин, 12 сая төгрөгөөр авсан гэсэн. Дүүгийнх нь машиныг сайн мэдэхгүй байна. Одоо машинууд нь хаана байгааг нь мэдэхгүй байна. Аргалант хороололд газар авсан гэж байсан. ...Нэг автомашин худалдаж авсан. Бусад мөнгийг үрээд дууссан. ... “Тоёота Кроун” загварын автомашиныг 20 сая төгрөгөөр авсан. ...Би автомашинаа 15 сая төгрөгөөр зараад Н--д өгсөн...
Эдгээр баримтууд нь ахлах нягтлан бодогч Э.М надад хэвлэж өгснийг би авч яваад баримтуудад нэр нь дурдагдсан байгууллагуудын дарга болон нягтлан бодогч нартай нь уулзаад “би Н компаниас явж байна манайх танайхтай тооцоогүй гэсэн баримт хийх гэсэн юм намайг нягтлан явууллаа гэж хэлээд тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нарын аль байгаагаар нь гарын үсэг зуруулж тэмдгийг нь даруулаад дотор нь бичилт хийхгүйгээр авчирч ахлах нягтлан Э.М-ын өрөөнд авчирч бичих зүйлийг Э.М-аар заалгаж хэлж өгснийг нь би бичсэн юм. Энэ баримтууд дээрх бичиг нь миний бичиг мөн байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дэх тал)
Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...М бид хоёрын авсан мөнгө нийтдээ 171 сая гаран төгрөг болсон гэж бодож байна. Харин энэ 102,230,463.00 төгрөг гэдэг нь М бид хоёрын авсан 171 сая гаран төгрөгтэй холбоотой бүрдүүлж байсан баримтууд байна. Харин энэ мөнгөн дүнг “... ХХК-ийн аудитын шалгалтын хүмүүс нэмж тооцсон байна. Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ хэлж байснаар гэрээтэй байгууллага руу хий бичилт хийж касст орсон орлогоос авдаг байсантай холбоотой баримтууд учир энэхүү мөнгөн дүнтэй 102,230,463.00 төгрөг нь тусдаа уг компанид учирсан хохирол бол биш юм. Миний санаж байгаагаар энэ гурилуудыг тухайн үед хугацаа нь дууссан байсан болохоор манай дэлгүүрийн эрхлэгч, нягтлан бодогч бид нар өөрсдөө өрөнд орохгүй тулд хоорондоо ярилцаж тохиролцоод арай хямд үнээр дэлгүүр, цехүүдэд зараад мөнгийг нь ахлах нягтлан Э.М-ад мөнгийг нь бэлнээр өгсөн. 2021 оны 06 дугаар сард манай байгууллагын ажилтан Э.С шинэ гэр барьж цайллага хийхэд нь манай ажилчид очихдоо дэлгүүрээс энэ комыг авсан юм. Тухайн үед манай ажилчид тэр комны мөнгийг нь цалин буухаар хувааж төлнө гэж тохиролцсон байсан, тэр өдөр нь би ажилтай байсан болохоор миний нэр дээр бичиж гаргасан байсан юм. Энэ комыг би авсан нь үнэн.” (2 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал тодруулах)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт1: “Н" ХХК-ийн дотоод аудитор З.З, Дотоод аудитын газрын захирал Д.Э нар нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд санхүүгийн хэсэгчилсэн аудит хийж Дотоод аудитын ажлын тайлан гаргахдаа “Аудитын дүгнэлт: Н агуулах худалдаа Даланзадгад салбарын зохион байгуулагч Г.Д 2019.07.01-2021.08.03-ны хоорондох хугацаанд байгууллагын 273,554,284.23 төгрөгийн бэлэн мөнгө, 3,457,524.54 төгрөгийн бараа материал, нийт 277,011,808.77 төгрөгийг хувьдаа завшсан нь анхан шатны баримт, бүртгэл, харилцах дансны хуулга, ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна.” гэсэн байгааг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Харин хохирол учруулсан үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “..." ХХК-ийн Н-АХ- Өмнөговь салбарын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд кассаар борлуулсан барааны мөнгийг тушаалгүйгээр Сумдын ой анги нэртэй харилцагчид нэхэмжлэхээр авлага үүсгэн бүртгэсэн 104,421,653.00 төгрөгийн дутагдал, харилцахад тушаасан гэж тайлагнасан боловч тушаагаагүй 66,900,000.00 төгрөгийн дутагдал, нийт 171,321,653.00 төгрөгийн дутагдал тогтоогдож байна.
Нэхэмжлэхээр авлага үүсгэн бүртгэсэн 104,421,653.00 төгрөгийн дэлгэрэнгүй тооцоог Хавсралт-1-ээр үзүүлэв. Хавсралт-1. “..." ХХК-ийн Н-АХ-Өмнөговь салбарын борлуулалтаас харилцагчид нэхэмжлэхээр авлага үүсгэн бүртгэсэн боловч төлөгдөөгүй дутагдлын дэлгэрэнгүй тооцоо (2020.01.01-2021.08.03)-1 хуудас “Н” ХХК-ийн дотоод аудиторуудын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийсэн Дотоод аудитын ажлын тайлангаар тогтоосон дүнгүүдийн үндэслэлийг нэг бүрчлэн Хүснэгт-1-ээр тогтоосон болно.
Хариулт 2: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдсон 171,321,653.00 төгрөгийн тушаагдаагүй бэлэн мөнгөний дутагдлыг тогтоосон нэхэмжлэхүүдийг Г.Д, Д.Ч нар бичсэн, тайланг Э.М, Г.Д, Д.Ч нар гаргасан байх тул дутагдлыг хүн бүрээр тооцох боломжгүй байна.
Хариулт 3: Асуулт-2-д хариулсан болно.
Хариулт 4: Шинжилгээнд Б.Ба, Д.Ч, Э.С нартай холбогдох баримт ирүүлээгүй болно.
Хариулт 5: Хэрэв Б.Ба, Д.Ч, Э.С нартай холбогдох баримт ирүүлээгүй болно.
Хариулт 6: Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй.
Хариулт 7: Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй.
Хариулт 8: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд авагдсан харилцагч байгууллагуудтай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны 44 хуудсыг хуурамч, 27 хуудсыг жинхэнэ гэж “..." ХХК нь Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдолдоо дурджээ. Эдийн засгийн шинжилгээгээр баримтыг хуурамч эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд эдгээр харилцагчдаас авсан тодруулга, холбогдох баримт байхгүй тул аудитын тайланд дурдагдсан 102,230,463.00 төгрөгийн дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Бараа материалын борлуулалтын баримтаар "Харилцагчийн барааг устгасан хямдруулж зарсан мөнгө орж ирээгүй" гэсэн гүйлгээний утгатайгаар Г.Д гэсэн худалдан авагчид барааг борлуулсан гээд 2,958,267.27, 226,539.09, 272,718.18, нийт 3,457,524.54 төгрөгийг бүртгэсэн байгаа боловч барааг хүлээн өгсөн баримт байхгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.” (2 дугаар хавтаст хэргийн 139-143 дахь тал)
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дахь тал)
Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 71-88 дахь тал)
“...” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03/54 дугаартай “...Д.Өд итгэмжлэл олгох тухай...” албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал)
Н Агуулах худалдаанд хийсэн “Дотоод аудитын ажлын тайлан” (1 дүгээр хавтаст хэргийн 196-2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал)
Г.Д-аас “...” ХХК-д хохирлын мөнгө төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 169, 6 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал)
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 147 дахь тал)
Э.М-ын Хөдөлмөрийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 189-192, 194-197 дахь тал)
Э.М-ын ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 170, 223 дахь тал)
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 548 дугаартай тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал)
Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр (2 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал)
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал)
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал)
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал)
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал)
Суурь боловсролын гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 179 дэх тал)
Ажил горилогчийн анкет (2 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал)
Э.М-ын “...” ХХК-д гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал)
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал)
Бакалаврын дипломын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 183, 202-203 дахь тал)
Батлан даалтын гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал)
“...” ХХК-ийн Хүний Нөөц Захиргааны газарт ажилтны гарын үсгийн баталгаа (2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал)
Ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаарх нэгдсэн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал)
ERP системд ашиглах цахим гарын үсгийн баталгааны гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал)
“...” ХХК-ийн Ажлын байранд шилжүүлэн авч ажиллуулах тухай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал)
Э.М-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал)
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал)
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал)
Эрүүл мэндийн даатгалын төлөлт (2 дугаар хавтаст хэргийн 209-212 дахь тал)
Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал)
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 215-216 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээл (2 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал)
Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал)
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал)
Төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал)
Г.Д-ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 230-232 дахь тал)
Г.Д-ын Хөдөлмөрийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 240-243 дахь тал)
Г.Д-ын ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 244-248 дахь тал)
Хохирлын тооцооны хүснэгт (4 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал)
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал)
Г.Д цайны газар ажиллуулж байгаа гэх фото зураг (6 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал)
Г.Д-ын дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 80-83 дахь тал)
Э.М-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 229-250, 6 дугаар хавтаст хэргийн 1-59 дэх тал)
Мобиком корпорацийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 366 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Д, Э.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч Э.М, Г.Д нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч байгууллагад нийт 273,827,002.41 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс бэлнээр авч завшсан 273,554,284.23 төгрөгийг шүүгдэгч Э.М, Г.Д нараар адил тэнцүү хэмжээгээр гаргуулах, мөн шүүгдэгч Г.Д-ын бараа материал бэлнээр авч завшсан 272,718.18 төгрөгийг шүүгдэгч Г.Д-аас гаргуулах саналтай байна. Үүнийг тооцоход шүүгдэгч Э.М-аас 136,777,000 төгрөг, шүүгдэгч Г.Д-аас 137,049,000 төгрөг тус тус гаргуулахаар байна. Уг хохирлоос шүүгдэгч Э.М 4,100,000 төгрөгийг хохирогчид төлсөн, шүүгдэгч Г.Д нь 18,000,000 төгрөгийг төлсөн байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, шүүгдэгч Э.М-аас 132,077,000 төгрөг, шүүгдэгч Г.Д-аас 119,049,000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням нь улсын яллагчийн дүгнэлттэй 100 хувь санал нийлж байна. Учир нь шүүгдэгч Э.М, Г.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нар гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа боловч өөрийн хариуцах хохирлын хэсэг дээр маргаж байна гэж ойлгож байна. Тухайлбал Э.М-ын хувьд би 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 26,578,000 төгрөг буюу нийт 27,578,000 төгрөгийг авсан. Үүнийг шүүх төл гэвэл би төлнө гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ нь үндэслэлгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоос шинжлэн судлаад үзэхэд Э.М нь тухайн салбар дэлгүүрийн санхүүгийн бүртгэл хяналтыг өөрөө хариуцаад явж байх ёстой ахлах нягтлан бодогч ажилтай хүн, гэтэл заал зохион байгуулагч буюу мөнгөтэй шууд харилцдаггүй албан тушаалтантай хамтраад үргэлжилсэн үйлдлээр үгсэн хуйвалдаж нэгдээд энэ гэмт хэргийг үйлдсэн. Тийм учраас хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Д-ын тухайд гэмт хэрэг үйлдсэн буруугаа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлээд явж байсан байна. Хохирлын талаар маргадаггүй. Өнөөдрийн байдлаар энэ гэмт хэргийн улмаас 273,827,002.41 төгрөгийн хохирол учирсан. Уг учирсан хохирол шүүгдэгч нарын мэдүүлээд байгаагаар давхцал үүсэх боломжгүй. Учир нь 102,230,463 төгрөгийн хохирол буюу 14 харилцагчийн авлагыг зохиомлоор бүртгэж байна гэдэг нь энгийн ухаанаар ч гэсэн тэнд байх ёстой мөнгийг үргэдүүлчхээд тэрийгээ байгаа гэж нотолж байгаа хэлбэр юм. Хэрвээ энэ мөнгө давхцал үүссэн бол шүүгдэгч нар нь 14 харилцагчид холбогдох 102,000,000 төгрөгийн санхүүгийн бичилтийг хуурамчаар хийж энэ мөнгө компанид байхгүй, компанийн харилцагч нарт байгаа энэ мөнгийг компанид оруулаад ирвэл компанийн мөнгө бүрэн бүтэн болох ёстой гэдэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх шаардлагагүй байсан. Нэгтгээд дүгнэхэд 102,000,000 төгрөгийн хохирол давхцах боломжгүй гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд 273,827,002.41 төгрөгөөс 272,718.18 төгрөгийн бараа, материал хувьдаа завшиж учруулсан хохирлыг шүүгдэгч Г.Д-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үлдэгдэл хохирол 273,554,284.23 төгрөгийг хоёр шүүгдэгчид хуваагаад үзэхэд шүүгдэгч тус бүрээс 136,777,142 төгрөг гаргуулахаар байна. Үүнээс Э.М-ын хариуцан төлөх 136,777,142 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 4,100,000 төгрөгийг хасаж, үлдэх 132,677,142 төгрөгийг гаргуулахаар байна. Харин шүүгдэгч Д-ын тухайд 272,718.18 төгрөгийн бараа, материал дээр 136,777,142 төгрөгийн хохирлыг нэмэхэд нийт 137,049,860 төгрөг гарч байгаа бөгөөд уг хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 18,000,000 төгрөгийг хасаж тооцвол Д-ын үлдэгдэл хохирлын хэмжээ 119,049,860 төгрөг байна. Ингээд Э.М-ын төлөх үлдэгдэл хохирол төлбөр 132,677,142 төгрөг, Г.Д-ын төлөх үлдэгдэл хохирол төлбөр 119,049,860 төгрөгийг нэмээд үзэхэд өнөөдрийн байдлаар гаргуулах нийт хохирлын хэмжээ 251,727,002 төгрөг байна. Үүнийг 2 шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.Д нь улсын яллагчийн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Харин хохирогчид учруулсан хохирлын хэмжээ эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл давхардсан үнийн дүнгээр хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа учраас үүнийг бодит байдлаар тогтоолгох хүсэлтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Өмгөөлөгчийн хувьд мөн адил байр суурьтай байна. Улсын яллагчийн зүгээс нийтдээ 273,827,002 төгрөгийн хохирлыг Э.М болон Г.Д нар бүлэглэн “...” ХХК-д учруулсан гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 139 дүгээр хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр нийт дутагдлын хэмжээ 171,321,653 төгрөг байна. Харин 102,230,463 төгрөгийн үлдэгдлийг тогтоох боломжгүй гэдэг байдлаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч компанид учирсан нийт хохирлын хэмжээ 171,321,653 төгрөг, харин 102,230,463 төгрөгийн баримт компанид учирсан хохирол биш. Зөвхөн 171,321,653 төгрөгийн хохирол төлбөрөөр халхавчлах, мөнгө санхүүгийн баримтдаа нуух зорилгоор бүрдүүлж байсан хуурамч баримт материал гэж үзэж байгаа. Үүнийг хохирол төлбөрт оруулан тооцох нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Тиймээс 102,230,463 төгрөгийг нэхэмжилж буй үнийн дүнгээс хасаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Харин үлдэгдэл 171,321,653 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт бид яагаад 171,321,653 төгрөгийг үндэслэлтэй гэж үзээд байна гэхээр Г.Д мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн үнэн зөв, тууштайгаар мэдүүлэг өгдөг. Уг мэдүүлэгтээ нийт авсан мөнгөний хэмжээ 170,000,000 гаруй төгрөг гэж хэлдэг. Үүнийг нийт задаргаанаас харахад энэ талаараа тодорхой мэдүүлдэг. Харин 102,230,463 төгрөгийн баримтыг энэ мөнгийг халхавчлах, санхүү тооцоонд оруулах зорилгоор Э.М-ын заавраар бүрдүүлсэн баримт байгаа юм гэдэг байдлаар мэдүүлдэг. Үүнийг хэргийн хүрээнд нотлох баримтаар шинжлэн судлаад үзэхэд гэрч нар манайх Н-д өглөгтэй төлбөр биш, манайх аваагүй мөнгө, тамга тэмдэг нь мөн боловч дээрх мөнгөн дүн буруу юм гэдэг байдлаар буюу Г.Д-ын мэдүүлэгт дурдагдсан үйл баримтыг тодорхой баталж мэдүүлдэг. Тиймээс хохирол төлбөрт дээрх дүнг давхардуулан тооцож нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т мэдүүлэгтээ энэ ямар учиртай төлбөр юм бэ, үүний үндэслэлийг тайлбарлаач гэхээр энэ нь цаад компаниудаас тодруулахаар тодорхой болох байх. Магадгүй компаниуд нь энэ хуурамч гэдэг зүйлийг яривал манайх энэ мөнгийг авах үндэслэлгүй, үнэхээр өгөх ёстой байсан бол энэ мөнгө манай авах ёстой мөнгө болно гэдэг агуулгаар мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө мэдүүлэгтээ энэ нь тус тусдаа үйлдэл гэдэг байдлаар тайлбарладаг боловч маргаад буй 102,230,463 төгрөг нь яг хэзээ, ямар бараа материалын үлдэгдлээс зөрсөн, хэдийд төлбөл зохих ёстой мөнгийг төлөөгүйгээс гарсан төлбөр болохыг нотолж чаддаггүй. Үүнтэй холбоотой баримт хэргийн хүрээнд авагдаагүй учраас шинжээчийн дүгнэлтэд мөн дурдагдаагүй болов уу гэж бодож байна. Иймд хохирол төлбөрийн асуудлыг шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэмжээгээр буюу 171,321,653 төгрөгөөр шийдвэрлэж, уг хохирол төлбөрийг шүүгдэгч нараар адил тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд хүндрүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэж, хэргийн үйл баримт болоод хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтад тулгуурлаж дараах санал дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар хуудаст миний үйлчлүүлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татдаг. Яллагдагчаар татахдаа хоёр үндэслэлээр ялладаг. Эхнийх нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 273,554,284.23 төгрөгийг бэлнээр авсан. Өөрөөр хэлбэл тухайн бараа материалын мөнгийг бэлнээр авсан гэж буруутгадаг. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гагцхүү хохирол төлбөрийн хэмжээ дээр холбоотой тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Хэдийгээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааг хамруулж 273,554,284 төгрөгийн хохирол учруулсан гэж үздэг. Уг хохирол учруулсан үйлдэл нь аргынхаа хувьд ямар байдлаар үйлдэгдээд байгаа юм, 273,554,284 төгрөгийг яг хэдэн сарын хэдний өдөр хэн авсан бэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зайлшгүй тогтоох ёстой. Уг хэргийн явцад шинжээчийн дүгнэлт болон “...” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт гарсан. Эдийн засгийн шинжилгээгээр 171,321,653 төгрөгийн хохирлыг учруулсан гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Э.М-ыг Улаанбаатар хот руу хэргээ илчлэхээр явсан үед 61,900,000 төгрөгийг Г.Д авсан талаар хэлдэг. Тэгэхээр 273,554,284 төгрөгийг хоёр хуваагаад явна гэдэг үйлдэлтэй шалтгаант холбоо үүсэхгүй. Гэмт хэрэг илрүүлж байх хугацаанд энэ хүн тусдаа бие даасан байдлаар авч үйлдэгдэж байгаа хэргийг миний үйлчлүүлэгчээс гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Мөн 5,000,000 төгрөгийн хохирол байдаг. Уг 5,000,000 төгрөгийн хохирлыг эзгүй байх үеэр нь өөрөө хувьдаа аваад завшсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу “...” ХХК-д мэдүүлэг тайлбар өгөх, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 98 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул миний үйлчлүүлэгч энэ хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах ёсгүй. Хэргийн хүрээнд авагдсан 31 төрлийн нотлох баримтуудыг үндэслэж миний үйлчлүүлэгчийг ялладаг. Эдгээр нотлох баримт дундаас миний үйлчлүүлэгчтэй холбоотой энэ мөнгийг би авсан юм, Г.Д надад аваад өгөөч гэх байдлаар үйлдэгдсэн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байгаа гэдгийг эрхэм шүүгч та анхааран үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь 272,827.018 төгрөгийн бараа материалыг хувьдаа авч завшсан гэдэг. Энэ бараа материалыг миний үйлчлүүлэгч аваагүй, үүнийг Г.Д би өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, дээрээс нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс уг мөнгийг Г.Д-аас нэхэмжилж байна. ...Г.Д би өөрөө авсан, би хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд байхад бусдад уг үйлдлийг нялзах, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Э.М хувийн хэрэгцээндээ авч зарцуулсан идэвхтэй үйлдэл хийгээгүй байна. Үйлдэл хийсэн гээд байгаа боловч хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаарх нотлох баримтыг хэргийн хүрээнд цуглуулж бэхжүүлээгүй, нотлогдоогүй байна гэж үзнэ. Харин Г.Д бараа материалыг компанийн ажилтан С гэх хүний гэрийн цайллагад өгсөн гэж мэдүүлж, үүнийг компанийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хоёрдугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудаст авагдсан Г.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул миний үйлчлүүлэгчийн уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж гэж хүндрүүлж зүйлчилсэнтэй маргаж байна. Хууль хэрэглээний тал дээр Улсын дээд шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр, тогтоолууд байдаг. Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчмаар шийдвэрлэсэн хэрэгт салбарын бэлэн мөнгөний орлогыг авч завшсан хууль бус үйлдэл хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол гэж байгаа. Дахин албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдал, ашиглаагүй л бол албан тушаалын байдлаа ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилж болохгүй тул үндэслэлгүй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт субъектийнхээ хувьд энэ хүн итгэмжлэн хариуцуулсан гэх албан тушаалын нөхцөл байдлыг хамаатуулж, уг хэргийг зүйлчилж байгаа. Энэ хүн албан тушаалаараа итгэмжлэн хариуцуулсан хүн байна, албан тушаалын чиг үүргээрээ хариуцуулж, хамаатуулж зүйлчлэгдэж байгаа учраас гэдэг нэг ухагдахуун байна. Мөн тухайн мөнгийг аваад, албан тушаалын байдлаа ашиглаад дахин давхар үйлдэл хийгдсэн нөхцөл байдал байвал хүндрүүлж зүйлчлэгддэг эрх зүйн үндэслэлтэй юм байна. ...Дахин ашиглаж ямарваа нэгэн байдлаар үйлдэл хийгээгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж гэж хүндрүүлэн зүйлчилж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Уг үйлдэл холбогдлыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Компанид учруулсан хохирлоо өөрийн мэдүүлэг өгсөн дүнгээр нөхөн төлнө гэх тайлбарыг,
Шүүгдэгч Э.М нь гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирлыг хүн тус бүрээр гаргаж өгнө үү. Миний хувьд өөрийнхөө учруулсан 26,758,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлнө. Би хууль эрх зүйн мэдлэгтэй хүн биш, гэхдээ гайхаад байгаа нэг зүйл нь шинжээчийн дүгнэлт байгаад байна. Д 61,900,000 төгрөг авсан баримт нь байна. 5,000,000 төгрөг авсан баримт нь байна гээд байхад энэ хүмүүс харахгүй байгаа юм уу, хараад ойлгохгүй байгаа юм уу яагаад 66,900,000 төгрөгийг нийт дүнгээсээ хасаад дараа нь хуваахгүй надад оногдуулаад байгааг үнэхээр гайхаж байна. Буруутай үйлдэл хийж хохирол учруулсандаа дахиад компаниасаа уучлалт хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.М, Г.Д нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Э.М нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарын ахлах нягтлан бодогчоор, Г.Д нь заал зохион байгуулагчаар тус тус ажиллаж байх хугацаандаа салбарын бэлэн мөнгөний орлогоос 273,554,284.23 төгрөгийг бэлнээр, 272,718.18 төгрөгийн бараа, материал нийт 273,827,002.41 төгрөгийг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулж завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-102, 104 дэх тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал), иргэний нэхэмжлэгч Д.Ө-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116, 118-119, 5 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал), гэрч Г.Т-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал), гэрч З.З-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128, 132-133 дахь тал), гэрч Ц.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал), гэрч Б.Ба-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дэх тал), гэрч Т.А-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал), гэрч Ц.Э-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал), гэрч Т.О-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал), “А” ХХК-ийн захирал, нягтлан бодогч асан Б.Э-н бичгээр гаргасан тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал), гэрч Ч.Ц-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал), гэрч Б.Т-гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал), гэрч С.О-ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал), гэрч Д.Г-ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал), гэрч Г.А-гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал), гэрч А.Э-ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал), гэрч Б.С-ын мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал), гэрч Д.Н-ын мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал), гэрч П.На-ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), шүүгдэгч Э.М, Г.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 153-158, 166-169 дэх тал), Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 139-143 дахь тал), гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 71-88 дахь тал), “...” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03/54 дугаартай “...Д.Ө-д итгэмжлэл олгох тухай...” албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал), “...” ХХК-ийн дотоод аудитын ажлын тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 196-2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байх тул шүүх эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, аудитын тайланг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд Э.М нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарын ахлах нягтлан бодогч, Г.Д нь заал зохион байгуулагч албан тушаал нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.М нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ахлах нягтлан бодогчоор (2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал), шүүгдэгч Г.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр заал зохион байгуулагчаар (2 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал) тус тус томилогдон ажиллаж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын бэлэн мөнгөний орлогоос бэлнээр, мөн бараа, материалыг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулж завшсан дээрх үйлдэл нь Хөрөнгө завших гэмт хэргийн “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул албан тушаалын байдлаа ашиглаж үйлдээгүй гэх өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна.
Шүүгдэгч Г.Д, Э.М нар нь бүлэглэн Хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр үргэлжилсэн үйлдлээр үйлдэхдээ “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарт 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол тус тус учруулснаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог болно.
Тодруулбал, Э.М, Г.Д нарын албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг өөрсдөө завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Д, Э.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д, Э.М нар нь санаа зорилгоороо нэгдэж үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Д, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын зүгээс хоол, цайны комыг аваагүй, байгууллагын ажилтны шинэ гэрийн найранд ажилчдын зүгээс бэлэг болгож өгсөн, мөн хууль бус үйлдлийг илчлэхээр хот руу явсан үед Г.Д-ын авсан 61,900,000 төгрөгтэй холбоотой үйлдэлд Э.М оролцоогүй тул энэ хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар, дүгнэлт гаргав.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд, шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 06 дугаар сард манай байгууллагын ажилтан Э.С шинэ гэр барьж цайллага хийхэд нь манай ажилчид очихдоо дэлгүүрээс энэ комыг авсан юм. Тухайн үед манай ажилчид тэр комны мөнгийг нь цалин буухаар хувааж төлнө гэж тохиролцон байсан, тэр өдөр нь би ажилтай байсан болохоор миний нэр дээр бичиж гаргасан байсан.” (2 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал) гэж мэдүүлсэн бөгөөд уг хоол, цайны комыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 45ш Tirana Blue Luminarc Q4155” 1 ширхэг, 272,718.18 төгрөг (2 дугаар хавтаст хэргийн 139-143 дахь тал) гэж үнэлсэн байна.
“...” ХХК-иас баталсан ахлах нягтлан бодогч Э.М-ын Ажлын байрны тодорхойлолтод: “Үндсэн чиг үүргийн хүрээнд: “...1.9-д “Дэлгүүрийн гадаад, дотоод өр авлагын мэдээг гарган өр авлагыг барагдуулах талаар санаачилгатай ажиллаж барагдуулах, барагдуулахтай холбоотой бүхий л ажиллагаанд оролцон шийдвэрлүүлнэ.”, 1.12-т “Бараа материалын нэгдсэн тооллого тооцоог тодорхой хугацааны давтамжтай чанартай хийлгэж тайлан мэдээг хянаж холбогдох албан тушаалтнуудад тайлагнана.”, 1.13-т “Дэлгүүрийн санхүүг бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан процесс, журмын дагуу хийлгэх, тэдгээрт хяналт тавих, процессын сайжруулалтыг байнга хийнэ.” (2 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал) гэх мэт ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар заажээ.
Энэхүү гэр ахуйн бараа буюу хоол, цайны ком 1 ширхгийг Г.Д-ын нэр дээр бичүүлж авсан хэдий ч уг ажиллагаанд хяналт тавьж, холбогдох албан тушаалтнуудад тайлагнах үүргийг шүүгдэгч Э.М нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн байхад уг хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авах, захиран зарцуулах эрх олгогдоогүйгээс гадна уг эд хөрөнгийн үнийг төлөөгүй, хууль хяналтын байгууллагад шалгагдах явцад энэ үйлдэл илэрсэн байх тул хууль бус үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
“...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарын ахлах нягтлан бодогч Э.М-ын Ажлын байрны тодорхойлолтод: “Үндсэн чиг үүргийн хүрээнд: ... 1.7-д “Салбар компаниудтай хоорондын тооцоох нийлэх: Салбар компаниудтай сар бүрийн 15-ны дотор бараагаар нь тооцоо, мөнгөөр нь тооцоо, компани хоорондын тооцоо нийлэх. Тооцоо нийлсэн актыг дэлгэрэнгүй тайлангийн хамт хариуцсан нягтлан бодогчоор улирлын эцэст гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.”, 1.9-д “Дэлгүүрийн гадаад, дотоод өр авлагын мэдээг гарган өр авлагыг барагдуулах талаар санаачилгатай ажиллаж барагдуулах, барагдуулахтай холбоотой бүхий л ажиллагаанд оролцон шийдвэрлүүлнэ.”, 1.11-т “Мөнгөн хөрөнгийн бүртгэлд хяналт тооллогыг шаардлагатай хугацаанд хийлгэж хяналт тавих, мөнгөний үлдэгдлийг боломжит хамгийн бага түвшинд байлгана.”, 1.12-т “Бараа материалын нэгдсэн тооллого тооцоог тодорхой хугацааны давтамжтай чанартай хийлгэж тайлан мэдээг хянаж холбогдох албан тушаалтнуудад тайлагнана.”, 1.13-т “Дэлгүүрийн санхүүг бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан процесс, журмын дагуу хийлгэх, тэдгээрт хяналт тавих, процессын сайжруулалтыг байнга хийнэ.”, 1.16-д “Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн түвшин, хэмжээ, учирч болох хохирлыг үнэлэх, эрсдэлээс сэргийлэх, бууруулна.”, 2.1-д “Шууд харьяалан удирдах албан тушаалтнуудын үндсэн чиг үүргийн биелэлтэд хяналт тавих, ажил үүрэгт зааварчилгаа, зөвлөгөө өгөн мэргэжлийн удирдлагаар хангана.”, 2.2-т “Салбарын тооцооны нягтлан бодогч нараар мөрдөгдөж буй тооллогын журмын дагуу эд хөрөнгийн тооллогыг улирал бүр хийлгэж, баримтаар баталгаажуулан ажилтан, албан хаагчдын нэр дээр бүртгэл хөтлүүлэх, тооллогын дүн шинжилгээ хийн дүгнэлт гаргана.”, 2.3-т “Кассчины орлого зарлагыг үндсэн баримттай тулган холбож баталгаажуулах, хүлээн авсан хүний гарын үсэг, кассчины гарын үсэг, дагалдах баримтын хамт байгаа эсэхэд хяналт тавих, бусад бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэлд хяналт тавина.”, 2.4-т “Бэлтгэн нийлүүлэгч, захиалагч нартай холбогдож гарсан бүх төрлийн тооцоог нийлж, тайлан тэнцэл гаргах үед үлдэгдлийг баталгаажуулна.” (2 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал) гэх мэт,
“...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарын заал зохион байгуулагч Г.Д-ын ажлын байрны тодорхойлолтод: “Үндсэн чиг үүргийн хүрээнд: ...1.7-д “Бараа материалын тооллого тооцоог “Тооллого явуулах журам”-ын дагуу хийгдэж байгаа эсэхэд биечилсэн хяналт тавина.”, 1.9-д “Бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын журмын дагуу бараа бүтээгдэхүүнийг бүлэглэн ангилж, төрөлжүүлэн технологийн дагуу байршуулах, хурааж хадгалах зарчмыг баримтлах, хяналт тавина”, “1.10-д “Бараа бүтээгдэхүүн алдагдах нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах, дэлгүүрийн өр дутагдал, хулгай болон бусад сахилгын зөрчил гаргуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллана.” (2 дугаар хавтаст хэргийн 244-248 дахь тал) гэх мэт ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар тус тус заасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь миний үйлчлүүлэгч Э.М-ын хувьд Улаанбаатар хот руу хэргээ илчлэхээр явсан хугацаанд 61,900,000 төгрөгийг Г.Д авсан бөгөөд энэхүү үйлдэлд Э.М-ын оролцоо байхгүй тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байх боловч Э.М нь заал зохион байгуулагч Г.Д-ын байгууллагын кассад байгаа бэлэн мөнгөний орлогоос удаа дараа бэлэн мөнгө авч буй үйлдлийг мэдсээр байж ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, тухайлбал Э.М нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглан ашиг сонирхлын зөрчил үүсгэж Г.Д-д ашигтай байдал бий болгож, түүний компанид хохирол учруулж буй үйлдлийг мэдсээр байж таслан зогсоож, тухайн үед нь холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй, хууль бус үйлдлийг нь дэмжин нэгдэж оролцсон байх тул энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгох, хохирлыг хариуцуулахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх шүүгдэгчийн тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдөр” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан:
шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээр цалингаа бодоод байж байхад Д өрөөнд орж ирээд надад 5 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надаас гуйж байна гэж бодоод надад тийм их мөнгө алга байна гэхэд би танаас авах гээгүй байна, сейфт байгууллагын мөнгөнөөс түр аваад 2-3 хонуулаад буцаагаад өгье гэж гуйсан. Байгууллагын мөнгөнөөс авах боломж байхгүй, чи өөр хүнээс зохицуулахгүй юу гэж хэлээд гаргасан. Маргааш нь Д дахиад өрөөнд орж ирээд яана аа би нөгөө 5 сая төгрөгийг чинь байгууллагын сейфээс авчихсан, би удаахгүй 2 хонуулаад буцаагаад хийчихье, та битгий уурлаарай, хүнд хэлэхгүй түр хүлээж байгаач гэж надаас уйлж гуйхаар нь чи ямар дэмий юм хийсэн юм бэ, ингэж болохгүй, мөнгөө хурдан авч ирж хий гээд загнаад гаргасан...
Энэ асуудлын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Г.Д надтай уулзъя гэж ажлаас дуудаж гаргаад миний машинтай Голомт банкны гадаа зогсоод гэнэт уйлаад эхэлсэн. Яасан талаар нь асуухад манай аймгийн сум дундын ойн ангийн дэд даргаар ажилладаг, ажлын шугамаараа танилцсан уул уурхайн аж ахуй нэгжийн хүмүүстэй хувиараа тохиролцоонд хүрээд хүнс ахуйн барааг нийлүүлэхээр болсон. Нөхөр бид хоёрт энэ ажил ашиг өгнө, би тэгээд эргэлтийн мөнгө хэрэг болоод 33 сая төгрөг сейфээс авчихсан. Одоо та намайг албал ал, хүн цагаа тулахаар болохгүй гэдгийг мэдсээр байж авчихдаг юм байна, одоо би яах вэ гэхээр нь би бүр гайхаад юун их мөнгө, юу яриад байгаа юм бэ чи, ингэж болохгүй шүү дээ гэхэд, би 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд буцаагаад хийчихнэ гэж хэлсэн. Би тухайн үед их айсан, дээш нь мэдэгдэх, эсхүл мөнгөө хийтэл нь хүлээх үү гэж бодоод за чи яг 5 хоногийн дараа мөнгийг нь заавал хийнэ шүү гэж хэлээд өнгөрсөн. ” (1 дүгээр хавтаст хэргийн 153-158 дахь тал) гэх мэдүүлэг,
Э.М-ын “...” ХХК-д гаргасан “...2020 оны 01 дүгээр сарын 03-нд орой намайг өрөөндөө ганцаараа сууж байхад заал зохион байгуулагч Г.Д орж ирсэн. Ахлахаа надад түрхэн зуур 5 сая төгрөг хэрэгтэй байна. Доор кассаас авч хэрэглэчхээд хэдхэн хоногийн дараа буцаагаад хийчихье тэгэх үү гэж гуйсан. Гартаа боодолтой 1 сая төгрөг барьсан байсан. Би айгаад үгүй ээ юу яриад байгаа юм бэ тийм юм байхгүй гээд зөвшөөрөөгүй. Гэтэл 1-2 хоногийн дараа Д над руу залгаад түрхэн зуур 5 сая төгрөг кассаас авсан байгаа, тэгээд шүүгээгээ үзээрэй тэрийг би баярлалаа гээд өгч байгаа юм шүү өөртөө хэрэглээрэй гэж хэлсэн. ... Удалгүй Д ч авсан 5 сая төгрөгөө буцааж хийсэн байсан. 2020 оны 03 сард гэж санаж байна. Д намайг машинд цуг уулзъя гэж дуудаад ахлахаа манай нөхөр Сум дундын ойн ангид ажилладаг тэднийх нэг уурхайд хүнсний бараа нийлүүлэх тендер манай нөхөр танилын шугамаар олж авсан. Тэр барааг нийлүүлбэл 30 сая төгрөгийн бараа 40 сая болдог улирлын эхэнд бараагаа захиалаад улирлын сүүлд мөнгө нь орж ирдэг маш их ашигтай наймаа байна, надад эргэлтийн мөнгө байхгүй байсан би тэгээд доор кассаас аль хэдийн 33 сая төгрөг авчихсан танаас айгаад одоо л хэлж байна намайг ойлгооч би удаалгүй буцаагаад хийнэ гээд намайг тэвэрч уйлсан. Нэгэнт мөнгөө авчихсан байсан. ...Мөн 2020 оны 4-6 сард кассаас мөнгө авч нөгөө газраа бараа нийлүүлээд буцаагаад өгье гэхэд нь би зөвшөөрөөгүй ч мөн л авчихсан байсан. Тэр мөнгөө буцаагаад төлсөн. 40-50 сая төгрөг...” (1 дүгээр хавтаст хэргийн 211-214 дэх тал) гэх тайлбар,
Г.Т-ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Зохион байгуулагч Г.Д нь компанийн мөнгийг завшихдаа Голомт банкин дахь өөрийн харилцах данс болон нөхөр Т.О-ын Хаан банкин дахь харилцах дансыг тус тус ашигладаг байжээ. Голомт банкин дахь Г.Д-ын .. дугаарын дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулганаас үзэхэд 213,509,817 төгрөгийн орлого орж, 214,023,890 төгрөгийн зарлага гарсан байна. Харин түүний нөхөр Т.О-ын Хаан банкин дахь .. дугаарын харилцах дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулгаар нийт 346,672,565 төгрөгийн орлого орж, 345,967,494 төгрөгийн зарлага гарсан байна. Мөн гэмт хэрэгт хамтран оролцсон дэлгүүрийн ахлах нягтлан бодогч Э.М-ын Голомт банкин дахь 2715009711 дугаартай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулгаар 73,495,211 төгрөгийн орлого орж, 80,696,328 төгрөгийн зарлага гарсан, Хаан банкин дахь .. дугаарын харилцах дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулгаар нийт 96,452,384 төгрөгийн орлого орж, 96,497,336 төгрөгийн зарлага гарсан байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дахь тал) гэх гомдол,
Н Агуулах худалдаанд хийсэн Дотоод аудитын ажлын тайланд: “Аудитын хамрах хугацаа: 2020.01.01-2021.08.03-ны өдөр” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 196-2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 139-143 дахь тал) зэрэг баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацааг “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж зөвтгөн шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан тул санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Э.М, Г.Д нар нь хариуцан арилгах үүрэгтэй, харин хохирогч “...” ХХК нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй юм.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын бэлнээр авсан 273,554,284 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс нь 136,777,142 төгрөг, хоол, цайны комын үнэ 272,718 төгрөгийг шүүгдэгч Г.Д-аас дангаар тус тус гаргуулах, шүүгдэгч Э.М-ын төлсөн 4,100,000 төгрөг, шүүгдэгч Г.Д-ын төлсөн 18,000,000 төгрөг хохирлоос хасаж, шүүгдэгч Э.М-аас 132,677,142 төгрөг, шүүгдэгч Г.Д-аас 119,049,860 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүх хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нар завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй нөхцөл байдлыг харгалзан нийт 273,827,002.41 төгрөгийн хохирол, төлбөрийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу 136,913,501 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.М нь байгууллагын бэлэн мөнгөний орлогоос бэлнээр мөнгө авч байгаагүй, мөн хоол, цайны комыг хараагүй, уг барааг ажилчид нийлээд айлын найранд өгсөн тул би хариуцахгүй, өөрийнхөө учруулсан 26,758,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлнө гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бие биеийнхээ үйлдсэн гэмт үйлдэл, оролцсон оролцоо, авсан мөнгөний хэмжээний талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн учир тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийн холбогдох хэсгийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас учирсан гэм хорыг хамтран хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн тул энэ талаарх шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Тухайлбал, шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээр цалингаа бодоод байж байхад Д өрөөнд орж ирээд надад 5 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надаас гуйж байна гэж бодоод надад тийм их мөнгө алга байна гэхэд би танаас авах гээгүй байна, сейфт байгууллагын мөнгөнөөс түр аваад 2-3 хонуулаад буцаагаад өгье гэж гуйсан... Маргааш нь Д дахиад өрөөнд орж ирээд яана аа би нөгөө 5 сая төгрөгийг чинь байгууллагын сейфээс авчихсан, би удаахгүй 2 хонуулаад буцаагаад хийчихье, та битгий уурлаарай, хүнд хэлэхгүй түр хүлээж байгаач гэж надаас уйлж гуйхаар нь чи ямар дэмий юм хийсэн юм бэ, ингэж болохгүй, мөнгөө хурдан авч ирж хий гээд загнаад гаргасан,
...Энэ асуудлын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Д надтай уулзъя гэж ажлаас дуудаж гаргаад миний машинтай Голомт банкны гадаа зогсоод гэнэт уйлаад эхэлсэн. Яасан талаар нь асуухад манай аймгийн сум дундын ойн ангийн дэд даргаар ажилладаг, ажлын шугамаараа танилцсан уул уурхайн аж ахуй нэгжийн хүмүүстэй хувиараа тохиролцоонд хүрээд хүнс ахуйн барааг нийлүүлэхээр болсон. Нөхөр бид хоёрт энэ ажил ашиг өгнө, би тэгээд эргэлтийн мөнгө хэрэг болоод 33 сая төгрөг сейфээс авчихсан. Одоо та намайг албал ал, хүн цагаа тулахаар болохгүй гэдгийг мэдсээр байж авчихдаг юм байна, одоо би яах вэ гэхээр нь би бүр гайхаад юун их мөнгө, юу яриад байгаа юм бэ чи, ингэж болохгүй шүү дээ гэхэд, би 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд буцаагаад хийчихнэ гэж хэлсэн.
...Үүнээс хойш 04 cap гараад шинэ улирал эхэлсэн, Д надад шинэ улирал эхэлж байна, уурхайгаас барааны захиалга орж ирсэн, бараа татах мөнгө хэрэгтэй байна гээд байдаг байсан. Тэгээд байгууллагын сейфээс мөнгө аваад байдаг байсан... Нэг авахдаа 5-10 сая төгрөг авдаг байсан. Би 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд Д-ын сейфээс авсан мөнгийг тооцож үзэхэд 55 сая төгрөг болсон байсан.
... 07 cap дөнгөж гарсны дараа Д надад уурхайгаас наадмын захиалга ороод ирлээ ашиг их гарна тийм учраас сейфээс мөнгө авчихсан шүү, энэ сүүлийн удаа, дахиж авахгүй, захиалга яаруулаад байна, гэж ярихад нь болохгүй ээ хоёулаа тохирсон шүү дээ гэж загнасан. Дараа нь бас уурхайн захиалга гээд л мөнгө аваад байх шиг байсан. Д намайг загнаад байхаар надад мөнгө авч байгаагаа хэлэхээ больсон байсан. Би 09 дүгээр сарын 20 гаргаад Д-ын авсан мөнгөний тооцоог гаргахад 82 сая төгрөг авсан байсан.
...Энэ асуудлаас хойш Д надад хэлэхгүйгээр мөнгө аваад дараа нь хэлэхээ ч больсон. Дураараа мөнгө авдаг болсон. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоход 143 сая төгрөг болсон байсан.
...Шинэ он гарсны дараа буюу 2021 он гарснаас хойш байгууллагын мөнгөнөөс нэмж авсаар л байсан. Би мөнгөө өгөхгүй бол байгууллагад мэдэгдэх гэж байгаа талаар хэлэхэд Д намайг таныг нөхөрт чинь надтай хамт байгууллагаас мөнгө авсан гэж хэлнэ, ашиг авдаг талаар хэлнэ гэж сүрдүүлдэг байсан. Ийм байдлаар мөнгө аваад байхаар нь би 03 сард нь тооцоо хийж үзэхэд 171 орчим сая төгрөг болсон байсан. Д-ын дээрх байдлаар авсан мөнгийг 06 сард дахин тооцоход 200 орчим сая төгрөг болсон байсан.
...Ингээд шалгалт ирээд шалгахад намайг тайлан өгөхөөр явсан хойгуур 70 гаруй сая төгрөг нэмээд авсан байсан.
...Би Д-д мөнгө гаргаж авах, тайлан бичих талаар заасан зүйл байхгүй, өөрсдөө мэддэг байсан байх. ...Д өөрөө мөнгөө авсныхаа дараа Голомт банкаар дамжуулж байгууллагын данс руу хийх ёстой мөнгийг өөрөө аваад хоосон орлогын баримт дээр гүйлгээ хийсэн талаар бичилт хийж тайлангаа гаргаад ороод ирдэг байсан. Энэ баримт чинь хуурамч байна, мөнгөө хийгээгүй байж тамгагүй баримт хийсэн байна гэхэд би нөгөө мөнгөө авсан юм, хуулбарлах талон олдохгүй байсан учраас ингэчихлээ гэж хэлдэг байсан. ...Дансаар орж ирсэн мөнгийг би авсан нь үнэн, хамгийн анх авсан 1 сая төгрөгөөс гадна өөр бэлнээр мөнгө аваагүй. Дансаар орж ирж байгаа мөнгийг байгууллагын мөнгө гэж мэдээгүй. Өөрийнх нь хийж байгаа уурхайн ажлын ашгаас олж байгаа мөнгөнөөсөө өгч байна гэж бодсон.
...Би хуучин Хонда Сивик гэдэг машинтай байсан, энэ машиныг зараад Д-аас авсан мөнгөнүүдээ цуглуулж байгаад 9 сая төгрөгөөр авсан.
...Би өөрийн цалингаас хуримтлуулж байсан 2 сая төгрөг дээрээ Д-ын өгсөн мөнгөнөөс 1 сая төгрөг нэмээд авч байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 153-158 дахь тал) гэж,
шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Ма-д бараа нийлүүлдэг тендерт оролцох гэж байгаа юм мөнгө хэрэг болоод байна гэж худлаа хэлээд бэлэн мөнгө гаргаж өгч болох талаар асуухад болно, би чамд 5 сая төгрөг гаргаж өгье, надад 1 сая төгрөгийг нь өгөх үү гэхээр нь би зөвшөөрч нягтлан өөрөө 1 сая төгрөг аваад би 5 сая төгрөг аваад 6 сая төгрөгийг би буцааж өгөхөөр болоод мөнгө авсан. Анх ийм байдлаар мөнгө авч эхэлсэн. Өрөө төлөх болоход болон нягтлан бодогч Ма-д мөнгө өгөх шаардлага гарах үед тэдэн төгрөг хэрэгтэй байна гэж Мад хэлэхэд яаж гаргаж авах талаар надад хэлж, хэлснийх нь дагуу би мөнгө гаргаж авч өөртөө авч, Ма-д өгдөг байсан. Ер нь М 3 янзаар тайлан бичүүлж мөнгө гаргуулдаг байсан. Эхнийх нь гэрээтэй байгууллага руу хий бичилт хийж, кассад орсон орлогоос авдаг. Энэ нь кассад байгаа орлогын талоныг хуулбарлаж авч, тухайн орлогуудыг зээлийн гэрээтэй аж ахуйн нэгжид зээлээр бараа өгсөн мэтээр холбодог... Бас касс руу орсон бэлэн мөнгөний орлогыг банкаар дамжуулж байгууллагын данс руу хийдэг. Дэлгүүрт банкнаас түргэн шуурхай байдлыг хангах үүднээс хоосон орлогын баримтыг их хэмжээгээр урьдчилж өгдөг, энэ нь орлого банканд хийх үед орлогын баримт бичиж цаг алдахгүйн үүднээс тухайн орлого хийх ажилтан өөрөө бичиж бэлдээд авч явах зориулалтаар ирүүлсэн байдаг, тус орлогын баримт дээр байгууллагын дансанд хийгээгүй өөрсдийн авсан орлогыг бичиж тайланд тусгадаг, тэгээд байгууллагын данс руу хийхгүйгээр мөнгөө авдаг. Мөн ахлах нягтлан бодогч дээр мобайл банкаар хийсэн гүйлгээний орлогыг төвлөрүүлэх зориулалттай Хаан банкны данс байдаг. Кассад байгаа бэлэн орлогын мөнгийг аваад авсан мөнгөө бэлнээр ороогүй, мобайлын банк руу орлого оруулсан болгож, орлогын талоноос хуулбарлаж, хуулсан талон дээрээ мобайлын орлого гэж бичиж тайланд оруулдаг байсан. Энэ дансыг төвөөс хянадаггүй, зөвхөн ахлах нягтлан бодогч өөрөө хянадаг юм шиг байна лээ.
...кассаас орой бүр тухайн өдрийн орлогыг зарлагатайгаа тулгахад янз бүрийн дүнгээр мөнгө дутдаг дээд тал нь 2 сая төгрөгийн хэмжээтэй орлого дутаж байсан, энэ үзэгдэл сард 2-3 удаа давтагддаг байсан, энэ дутагдлыг ахлах нягтлан бодогч шалгаад шалтгааныг нь тогтоох ёстой байдаг, гэтэл энэ арга хэмжээг авахгүйгээр тухайн өдрийн тайланг ямар нэг асуудалгүй хаахын тулд, кассын дутуу гэсэн утгаар дээрх хэлбэрүүдээр шингээж тайланд тусгадаг байсан.
... Би М-ад 69 сая төгрөг бэлнээр өгсөн. Өөрийнх дансаар 20 гаруй сая төгрөг өгсөн. Энэ мөнгөн дүнгүүд бол миний санаж байгаа мөнгөн дүн, миний санахгүй байгаа М-ад өгсөн мөнгө байгаа. М 2021 оны 04 сард Н дэлгүүрийн урд зогсоол дээр дүүдээ тавилгатай гэр авч өгнө гэж 20 сая төгрөг надаас авсан. Би энэ мөнгийг машин дотор нь өгсөн. Бас 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу хагас сайн өдөр байсан автомашин, хашааны мод авна гээд 30 сая төгрөг авсан. Би энэ мөнгийг цаасан уутанд хийгээд өөрийнх нь өрөөнд нь өгч байсан, өөрөө саарал үүргэвчинд хийгээд авч гарч байсан. Мөн газар авна гээд 2021 оны 01 сард 4 сая төгрөг авсан. Бас нэг 15 сая төгрөг автомашинд нь цуг сууж байхдаа өгсөн. Энэ мөнгөөр юу хийснийг нь сайн мэдэхгүй байна, надаас мөнгө авахдаа энэ мөнгийг нөхрөөсөө нууна гээд машиныхаа запаас дугуй хийдэг газраа нууж байсан. Дүүдээ бас автомашин авч өгч байсан. Дүү нь тэр машинаа унадаг байсан.
...М өөртөө Тида гэдэг нэртэй машин, 12 сая төгрөгөөр авсан гэсэн. Дүүгийнх нь машиныг сайн мэдэхгүй байна. Одоо машинууд нь хаана байгааг нь мэдэхгүй байна. Аргалант хороололд газар авсан гэж байсан. ...Нэг автомашин худалдаж авсан. Бусад мөнгийг үрээд дууссан. ...”Тоёота Кроун” загварын автомашиныг 20 сая төгрөгөөр авсан. ...Би автомашинаа 15 сая төгрөгөөр зараад Н-д өгсөн...
...Энэ баримтууд дээрх бичиг нь миний бичиг мөн байна М бид хоёрын авсан мөнгө нийтдээ 171 сая гаран төгрөг болсон гэж бодож байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дэх тал) гэж тус тус мэдүүлэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, завшсан мөнгөний хэмжээний талаар нотолсон мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгүүдийг үгүйсгэх, няцаах нотлох баримт авагдаагүй болно.
Яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэл, оролцооны талаар өөрийнхөө эсрэг гэрчээр өгсөн мэдүүлгийг түүнийг яллах нотлох баримт болгож ашиглахыг хуулиар хориглож, тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилсан бөгөөд харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн яллагдагч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биеийнхээ гэмт үйлдлийг нотлох, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхийг хуулиар хориглоогүй байх тул шүүгдэгч Г.Д, Э.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс бие биеийнхээ үйлдлийг гэрчилсэн хэсгийг нотлох баримтаар үнэлэв.
Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...” ХХК-ийн Н-АХ- Өмнөговь салбарын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд кассаар борлуулсан барааны мөнгийг тушаалгүйгээр Сумдын ой анги нэртэй харилцагчид нэхэмжлэхээр авлага үүсгэн бүртгэсэн 104,421,653.00 төгрөгийн дутагдал, харилцахад тушаасан гэж тайлагнасан боловч тушаагаагүй 66,900,000.00 төгрөгийн дутагдал, нийт 171,321,653.00 төгрөгийн дутагдлыг тогтоож, 102,230,463 төгрөг, бараа материалын 272,718 төгрөгийн дутагдлыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох талаар дурдсан байна (2 дугаар хавтаст хэргийн 139-143 дахь тал).
Эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй хохирол, төлбөрийг “...” ХХК-ийн Дотоод ажлын аудитын тайлангаар нягталж үзэхэд 14 харилцагчийн өглөгийг зохиомлоор бууруулж бүртгэснийг залруулж “5900” кодтой “Мобайл” харилцагчид үүссэн 102,230,463 төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулахад үлдэгдэлгүй болох нь тогтоогдсоноос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад авагдсан өглөгийн асуудлаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох хүмүүс болох Б.Эн, Ч.Ц, Б.Т, С.О, Д.Г, Г.А, А.Э, Б.С, Д.Н, П.На нараас гэрчийн мэдүүлэг авахад “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... салбарт өглөггүй болох нь давхар нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нар хохирлын хэмжээг давхардуулан тооцсон гэж маргаж байх боловч тэдний мэдүүлгийг давхар нотлох, батлах нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх, хохирлын хэмжээ давхардсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэр бүхий 14 харилцагчийн нэр дээр хий бичилт хийж, тухайн харилцагч нарыг “...” ХХК-д өглөгтэй мэтээр баримт бүрдүүлж шүүгдэгч нар 102,230,463 төгрөгийг завшсан болох нь тогтоогдсон тул энэ талаарх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Г.Д 18,000,000 төгрөг, шүүгдэгч Э.М 4,100,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 169, 6 дугаар хавтаст хэргийн 75, 84-86 дахь тал) болон оролцогчдын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгч нарын хариуцах хохирлоос хасаж, шүүгдэгч Г.Д-аас 118,913,501 төгрөг, шүүгдэгч Э.М-аас 132,813,501 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Д, Э.М нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус 3 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Учир нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Шүүгдэгч нарын тухайд 2021 оны 08 дугаар сарын 03-наас хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хохирол төлбөрөөс нөхөн төлөх үйлдэл хийгээгүй. Өөрийгөө хэдэн төгрөгийн хохиролтой гэмт хэрэгт холбогдсоноо мэдэж байгаа. Хохирол нөхөн төлөх боломж байсан уу гэвэл байсан. Энэ холбогдсон гэмт хэрэг нь торгох болон хорих ялтай гэмт хэрэг байна. ... Тийм учраас эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх тухай улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасны дагуу миний үйлчлүүлэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Яагаад торгох ялын санал тавьж байна вэ гэхээр Г.Д-ын зүгээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргалгүй тодорхой мэдүүлсээр ирсэн. Тухайн үед гэмт хэрэгт холбогдсон даруйдаа өөрт байсан хөрөнгө болох тээврийн хэрэгслээ зарж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан асуудал байгаа. Энэ хугацаанд “...” ХХК-тай очиж уулзаад өөрөө хохирол төлж байя гэдэг нөхцөл байдлаа илэрхийлээд сар болгон 1,500,000 төгрөг төлж байхаар тохиролцсоны дагуу 2 сар төлөлт хийсэн байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч гэсэн Г.Д өөрийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймээс хохирол төлбөрийг 5 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой гэдэг байр сууриа илэрхийлж байгаа учраас энэхүү хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд түүнд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Г.Д гурван хүүхдийн ээж, хувиараа бизнес эрхэлж байгаад сая давхар 6 дугаар сургуулийн цайны газрын үйл ажиллагааг ажиллуулж эхэлсэн. Тэгэхээр өөрөө цаашид бизнес эрхлээд хөрөнгө мөнгө олох боломжтой бөгөөд энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Иймээс торгох ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, хохирол төлбөрөө төлөх, энэрэнгүй зарчимд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т торгох болон хорих ял оногдуулж болохоор хуульчилж өгсөн. Заавал хорих ял оногдуул гэдэг байдлаар хуульчлаагүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтад тулгуурлаж ялыг сонгох боломжтой. Өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Торгох ялын хэмжээг 10,000-40,000 нэгж хүртэл байхаар хуульчилсан. Э.М нь шүүх хуралдааны явцад хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлоготой талаарх дансны хуулга болон бусад баримтыг гаргаж өгсөн. Фэйсбүүк хаягаар хувиараа гар утасны худалдаа, үйлчилгээ хийдэг бөгөөд үүнтэй нотлох баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч нэгэнт нийтэд илэрхий баримт учир дансны хуулгаар нь сардаа олох орлогыг тодорхойлох боломжтой гэж үзэж, үзлэг хийлгэхгүйгээр шинжлэн судалсан. ...мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М нь энэхүү хууль бус үйлдлийг өөрөө илчилсэн үйл баримт авагдсан тул энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогддог бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарч үзэхийг хүсье. Боловсрол, мэргэжлийн хувьд Э.М нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бакалавр зэргээр төгссөн, дээд боловсролтой хүн байгаа. Хавтаст хэргийн 183-205 дугаар талд хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд авагдсан бөгөөд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно. Э.М нь нөхөр, 3, 9 настай хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд бага хүүхэд нь хөхнөөсөө гараагүй, цагаан сүүтэйгээ энэ шүүх хуралдааны танхимд сууж байгаа нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр төлөвшүүлэх боломжийг нь олгох, гэмт хэргийн улмаас учирсан 132,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг нь харгалзан 10,000 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-гийн зүгээс өмгөөлөгчийнхөө болон улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх тайлбарыг,
Шүүгдэгч Г.Д нь би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү. Хохирлоо төлж барагдуулна гэх тайлбарыг,
Шүүгдэгч Э.М нь гар утасны худалдаа үйлчилгээ эрхлээд 2 жил болж байна. Миний бизнес тогтвортой болсон тул хохирол төлбөр болон торгох ялыг биелүүлэх боломжтой. Цаашид нийгэмд аюул учруулахгүй байж чадна. Мөн бага насны хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Д, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Д, Э.М нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Д, Э.М нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хөхүүл бага насны хүүхдүүдтэй болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Д-д 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.М-ад 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.М нарт шүүхээс оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Д, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д шүүгдэгч Г.Д 18,000,000 (арван найман сая) төгрөг, шүүгдэгч Э.М 4,100,000 (дөрвөн сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Г.Д, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Ганболдын Д, Е овгийн Э-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Д-д 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.М-ад 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.М нарт шүүхээс оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 118,913,501 (нэг зуун арван найман сая есөн зуун арван гурван мянга таван зуун нэг) төгрөгийг, шүүгдэгч Э.М-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 132,813,501 (нэг зуун гучин хоёр сая найман зуун арван гурван мянга таван зуун нэг) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч Г.Д, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д шүүгдэгч Г.Д 18,000,000 (арван найман сая) төгрөг, шүүгдэгч Э.М 4,100,000 (дөрвөн сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Г.Д, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ