Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/00006

 

 

 

 

 

 

 

                               2022        12          21

                   101/ШШ2023/00006

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т. Б /рд:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,138,746.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Төмөрбат овогтой Б нь тус банктай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2019/000390/0171 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулан 30,000,000 (гучин сая төгрөг) төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 10,227,519.37 ( арван сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун арван есөн төгрөг, гучин долоон мөнгө) төгрөг;

Зээлийн үндсэн хүү: 2,796,338.52 ( хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 106,388.61 ( нэг зуун зургаан мянга гурван зуун наян найман төгрөг, жаран нэгэн мөнгө) төгрөг;

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 8,500 ( найман мянга таван зуун) төгрөг;

Нэхэмжлэлийн шаардлага:

Талуудын хооронд байгуулагдсан 2019/000390/0171 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 13,138,746.50 ( арван гурван сая нэг зуун гучин найман мянга долоон зуун дөчин зургаан төгрөг, тавин мөнгө) төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч нь цалингийн зээл авсан. 30 саяын зээл авсан. 11 сарын байдлаар үндсэн зээл 10 227 519.37 төгрөг, хүү 2 796 338.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106 388.61 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 8 500 төгрөг, нийт 13 138 746.50 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би 2021.10.22-нд ажлаас халагдсан. Энэ нь цалингийн зээл байсан. Ажлаас халагдахаас өмнө хугацаанаас нь өмнө төлөх хүсэлт өгч байсан. Ажлаас халагдсанаас хойш зээлийн хэмжээ их байсан. Ажилгүй болсны дараа эвлэрэх санал гаргаж уулзсан. Гэтэл энэ хугацаандаа л төлөх ёстой гэсэн. Ковидын үед ажилгүй болсноор төлөх боломжгүй болсон. Хүүгээ өндөр хүүгээр тооцож хугацааг нь дуустал явсан. 30 сая төгрөг орсон. Хэзээ орсон талаар санахгүй. Ажлаас халагдсаны дараа данс хаагаад мэдээллээ харах боломжгүй болсон. Дансаа нээж өгөх талаар хүсэлт гаргасан боловч нээж өгөөгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: нотариатын үйлчилгээний төлбөрийн баримтын хуулбар /хх9/, зээлийн хүсэлтийн хуулбар /хх10/, цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх11/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх12-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх14/, баталгааны гэрээний хуулбар /хх15/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтын хуулбар /хх17/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх18/, үүргээ гүйцэтгэхийг шаардсан 3 ширхэг албан тоотын хуулбар /хх19-21/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх22-23/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,227,519.37 төгрөг, хүү 2,796,338.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,388.61 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8,500 төгрөг, нийт 13,138,746.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Т.Баянмөнх нь ажлаас халагдсан бөгөөд гэрээг хугацаанаас өмнө төлж дуусгавар болгох санал гаргасан боловч зөвшөөрөөгүй, улмаар өндөр хүү тооцсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийн үнэ бүхий цалингийн зээлийн гэрээ байгуулсан байна. /хх7/

Гэрээг 30 сарын хугацаатайгаар, сарын 1.4 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсаны маргааш буюу 4-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл олгосон гэж тайлбарлаж, холбогдох тооцоог шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй, өөрөөр хэлбэл, 30,000,000 төгрөгийн зээл олгогдсоныг зөвшөөрсөн.

Гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж байжээ. /хх19-21/

Улмаар гэрээний үүрэг биелэгдээгүй гэж нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь үндсэн зээл болон хүүг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцох боломжтой бөгөөд гэрээний 2.4-т энэ талаар заасан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийг хугацаанд нь буцаан төлөөгүй нь хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчид гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол гэрээ 3 жил, 5 сар, 17 хоног хэрэгжсэн байх тул 1 сард 420,000 төгрөг, 41 сард 17,220,000 төгрөг, 1 хоногт 13,808.22 /1 жилийн хүүг 365 хоногоор/ 17 хоногт 234,739.74 төгрөг, нийт 17,454,736.74 төгрөгийн хүү тооцогдоно.

Цаашлаад, хариуцагч нь гэрээний хугацааг 11 сар 17 хоногоор хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцох эрх үүссэн байна. Улмаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцвол 3,490,947.35 төгрөг юм.

Дээрхийг нэгтгэн тооцвол үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд хариуцагчид нийт 50,945,684,.09 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 17,282,746.78 төгрөг төлсөн гэх тооцоог шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь зээлийг ажлаас чөлөөлөгдөх үед хугацаанаас нь өмнө төлж гэрээг дуусгавар болгох санал гаргасан боловч зөвшөөрөгдөөгүй гэх тайлбараа нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэв төлөхийг хүссэн бол төлөх боломжтой байсан гэж үзнэ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчид үүссэн нийт үүрэг 50,945.684.09 төгрөгөөс төлсөн төлбөр 17,282,746.78 төгрөгийг хасвал 33,662,937.31 төгрөг үлдэх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 13,130,246.50 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээнд зориулж 8,500 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд хариуцагчаас энэхүү мөнгөн хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй. /хх9/

 

Түүнчлэн хариуцагчийн цар тахалтай холбоотойгоор үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм. Мөн зээлийн гэрээнд заасан хүү хэт өндөр байсан гэх тайлбар нотлогдоогүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний нийт үүрэг болон үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд бүгд 13,138,746.50 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.Бөөс зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 13,138,746.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,643.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,643.74 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД