Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00076

 

 

 

 

 

 

 

 

                              2022        12          26

            101/ШШ2023/00076

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ж.Г /рд:/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, П.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч П.Е нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г нь манай компанитай 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах САН АПАРТМЕНТ-2 барилгын гадна хөөсөн фасад, цонхны усны хаялага тогтоох, эмульс, чулуу, гоёл, цонх, цэвэрлэгээ зэрэг гадна хийгдэх бүх ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “Гэрээний санхүүжилтийг хавсралт-3-ын дагуу тохиролцов” гэж, гэрээний хавсралт-3 болох санхүүжилтийн график хэсэгт “гэрээ байгуулахад урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөгийг төлнө” гэж заасны дагуу манай компани гэрээний урьдчилгаа төлбөрт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гэрээ байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Г.Ггийн Хаан банкин дах ,,, тоот дансанд шилжүүлсэн юм. Гэвч Г.Г манай компанитай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүн хүлээлгэж өгөөгүй учраас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20,000,000 /хорин сая/ төгрөгийг буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Бидний зүгээс түүнийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа, боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй юм.

Иймд Г.Ггаас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний урьдчилаа төлбөрт шилжүүлсэн 20,000,000 /хорин сая / төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчид хурлын товыг утсаар мэдэгдсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлэх саналтай байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр барилгын гадна фасадын ажил хийхээр тохиролцсон. Гэрээний 3.1-д төлбөр  төлөх нөхцөлийг тохирсон. Улмаар урьдчилгаа 20 саяыг төлсөн. Гэвч гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй тул төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид ажлаа гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Гэрээгээр тохиролцсон нэг ч ажил хийгээгүй юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх6-13/, мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх32/, Хаан банк дахь Т.Загдын дансны хуулга /хх33/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хариуцагчид 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх, үүргийн тайлбарласан боловч хариу тайлбар гаргаагүй.

 

Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх6-13/

Гэрээгээр нь хариуцагч нь гадна хөөсөн фасад, цонхны усны хаялга тогтоох, эмульс, чулуу, гоёл, цонх, цэвэрлэгээ зэрэг гадна хийгдэх бүх ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь нийт 80,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 20,000,000 төгрөг олгосон болох нь санхүүжилтийн график, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Хаан банк дахь Т.Загдын дансны хуулгаар тогтоогдсон. /хх13, 32, 33/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Т.З нь тухайн үед нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлага байсан бөгөөд түүний хувийн дансаар дамжуулан гэрээний төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна.

Улмаар санхүүжилтийн графикт байгаа болон дансны хуулганы огноо тохирч байх тул энэхүү мөнгөн шилжүүлэг нь гэрээний төлбөр гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу ямар нэг ажил гүйцэтгээгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсжээ.

Нэгэнт гэрээнээс татгалзсан, ажил гүйцэтгэгдээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ж.Гаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД