| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05859/И |
| Дугаар | 101/ШШ2023/00027 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/00027
| 2022 12 21 | 101/ШШ2023/00027 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Д /рд:/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Д /рд:/-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Т” ХХК /рд:/
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт авто машины өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. Д би 2020 оны 09 сарын 07-ны өдөр 3.Дгаас тоёота приус-20 маркийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, хар өнгөтэй тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээний урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг 13 сарын хугацаанд сар бүр 700,000 төгрөг төлж дуусгахаар харилцан тохиролцож, тээврийн хэрэгслээ эзэмшилдээ авч хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа билээ. Э.Д би тохирсон хугацаандаа сар бүр төлбөрийг төлсөн. 3.Дг дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шүүхээрээ яваад ав хэмээн хэл амаар доромжилж өнөөг хүрч байна. Иймд 3.Дг тоёота приус-20 маркийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, хар өнгөтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Э.Дд шилүүлэн өгөхийг даалгаж өгнө үү.
Э.Д би 3.Дгаас тоёота приус-20 маркийн улсын бүртгэлийн ,,, дугаартай, хар өнгөтэй тээврийн хэрэгслийг 13 сарын хугацаатайгаар 2020 оны 09 сарын 07-ны өдөр зээлээр худалдан авч төлбөрийг тохирсон хугацаандаа төлж дуусгасан боловч 3.Днь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй өнөөг хүрч хохироож байна. Э.Д миний 4 настай хүү Жавхлантөгс нь 2021 оны 09 сарын 10-ны өдөр тархины баруун ховдол усжилттай, усны хэмжээ ихэссэн хэмээн гэнэт оношлогдож эмчилгээний төлбөр, зардал шаардлагатай болсон тул 2021 оны 09 сарын 18-ны үед хүүхдийнхээ онош, эмчилгээний карт зэргийг үзүүлээд надад яаралтай эмчилгээний төлбөр, зардал шаардлагатай болсон ба дээрх автомашиныг худалдан борлуулах хэрэгцээ гарсан тул гэрээний хугацаандаа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Дгаас хүсэж мэдэгдсэн боловч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөлгүй өдий хүрч байна. З.Днь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаандаа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Э.Д надад шилжүүлж өгсөн бол би тус автомашиныг бусдад худалдан борлуулж орлогыг нь хүүхдийнхээ эмчилгээний төлбөрт хэрэглэж, өөрийн хувийн эд зүйлээ барьцаат зээлийн газар барьцаалж зээл авч өр төлбөрт орохгүй байсан. Э.Д би 2021 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн удаа дараа өөрийн өмчлөлийн гар утас, монетон ээмэг, бөгж, гинж зэргээ ломбардад барьцаалж зээл авч хүүхдийнхээ эмчилгээ, хагалгаа, эм тариа, хэрэглээний төлбөрт зарцуулж байсан боловч хүү маань 2022 оны 04 сарын 11-ны өдөр нас барсан. 3.Днь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хугацаандаа шилжүүлж өгсөн байсан бол Э.Д би дээрх эд зүйл, хөрөнгүүдээрээ хохирохгүй байсан. Иймд 3.Днь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Э.Д надад хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
2020.9.17-нд Атай гэрээ байгуулж машин авсан. Нөхөртэй гэрээ байгуулсан. Уг машиныг 12 сая төгрөгт бодож урьдчилгаанд 3 саяыг өгсөн. Үлдэх 9 саяыг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Сар бүр 700 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улмаар хугацаандаа төлбөрөө төлдөг байсан. Гэрээг 13 сараар байгуулсан. Төлбөр дууссаны дараа гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцсон. 12 сар төлбөрөө төлсөн. 2021 оны 10 сард хүү маань хүндээр өвчилсөн тул Ддээр очиж гэрчилгээ гаргуулж өгөхийг хүссэн. Би машиныг зарж хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд би хариуцагчид хугацаа өгсөн. Энэ хугацаанд хариуцагч нь гэрчилгээ гаргаж өгөөгүй. Надад зээл гарах гэж байгаа тул түр хүлээ гэдэг байсан. Надад хүүхдээ эмчлүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй болж зээл авсан. Дд би удаа дараа хэлж байсан. Үлдэгдэл мөнгийг одоо өгье гээд очиход хөөгөөд цагдаа дуудсан. Би төлсөн юмаа шаардаж байна. Эдийн засгийн хувьд хохироосон. Сэтгэл санаагаар их хохирсон. Хүүхдийнхээ эм тарианд зарцуулсан бол хүүхэд амьд байх байсан. Өөрсдийнхөө өр зээлийг урдаа тавьсан. Үндэслэлгүй хариу тайлбар өгсөн. Хариу тайлбарыг зөвшөөрөхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авна. Мөн хохирлоо шаардана. Эд хөрөнгийн хохирол шаардана. Өөрийн зардаг байсан гар утас, алт монетон эдлэлийг ломбардад багаар үнэлүүлэн барьцаалж хүүхдийн эмчилгээнд зарцуулсан. Эд зүйл нь нийт 2 сая төгрөг юм. Үлдэх 3 сая нь бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгийн төлбөр юм. Энэ нь төлөх ёстой өр байгаа юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Дий 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гаргасан нэхэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын гаргасан нэхэмжлэлийг тус тус хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бидний зүгээс приус-20 маркийн ,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 12.000.000 төгрөгөөр тохирч зээлээр худалдсан болно. Бидний зүгээс нэг жилийн хугацаанд сард 700.000 төгрөг төлж төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон боловч сүүлийн нэг сарын төлбөр дутуу байхад Э.Д нь өөрийн нөхөртэй муудалцсан гэх шалтгаанаар бидний доромжилж мөнгөө буцааж авна гэх болсон. Миний зүгээс тухайн үед үлдэгдэл 700.000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ гаргуулж ав гэсэн боловч Э.Д нь муудалцсан нөхөр та хоёр намайг нийлж луйвардсан хэмээн бидэн лүү дайрсаар байсан тул миний зүгээс тээврийн хэрэгслийг буцааж хүлээлгэн өгөөд элэгдэл хорогдлыг хасуулан төлсөн мөнгөө ав гэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 700.000 төгрөгийг төлөөгүй мөн тээврийн хэрэгслийг буцааж хүлээлгэн өгөөгүй байна. Иймд миний зүгээс өөрийн найз нөхдөд тус болох үүднээс хямд үнээр зээлээр худалдаж тус болсны хариуд гэр бүлээрээ асар их домжлуулсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг маргаан миний зүгээс тээврийн хэрэгслээ буцааж аван түүний төлсөн мөнгөнөөс элэгдэл хорогдлыг хасаж наймааг буцаах хүсэлттэй байна. Мөн Э.Дий хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага ихээхэн ойлгомжгүй байна. Нэгт бидний зүгээс тухайн үед тийм асуудал гарсан мэдээгүй байсан. Хоёрдугаарт бидний зүгээс түүний үр хүүхдийг эрүүл мэндийг сахин хамгаалах, түүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй болно. Түүний гэр бүлд асуудал үүссэн талаар ойлгож байх боловч миний ямар буруутай үйлдлээс улбаалан гар утас, ээмэг, бөгж, гинж зэргээ барьцаалсан. Миний ямар буруутай үйлдлээс улбаалан түүний хүүхэд нас барсан нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр санаандаа орсон мөнгийг нэхэж байгаад ихээхэн гайхаж байна. Түүний зүгээс тээврийн хэрэгслийг үлдэгдэл 700.000 төгрөгийг төлөөгүй байсан мөн манай ажил дээр ирж хэрүүл хийхдээ наймааг буцааж, мөнгөө авна хэмээн явснаас хойш таг чиг болж асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно. Иймд түүнд учруулсан хохиролд 5.000.000 гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ярьж байгаа зүйлийн утга нь худлаа юм. Бтэй гэрээ хийсэн бөгөөд энэ нэхэмжлэгч бол батлан даагч л байсан. Б биш Д нэхэмжлэл гаргаад байна. Эхлээд мөнгөө төлөөд явж байсан. Тухайн үед энэ 2 хамтран амьдрагч байсан. Бид тохиролцохдоо 13 сар 700 000 төгрөгөөр төлөх байсан боловч 13 дахь сараа төлөөгүй. Үүнээс 3-4 хоногийн өмнө хүрч ирээд уурлаж уцаарласан. Хүүхдийн оношийг барьж очсон гэдэг нь худлаа. Хугацаа өгсөн гэдэг нь худлаа. Ингээд манай эхнэртэй муудалцаад гарахдаа намайг худлаа муулаад гарсан. Гэр бүлийн хооронд асуудал үүсгэсэн. Би Бтэй ярина гэсэн юм. Нэхэмжлэгч нь миний 3 саяыг өгчих тэгээд сар сараар мөнгөө авна гэхэд нь би машинаа аваад ир гэхэд авчраагүй. Тэгэхэд 7 сард авчирч өгнө гэсэн боловч дахиад 6 сард ирж маргаан үүссэн. Учир нь гэр бүлийнхээ маргаанаас болж бидэн дээр ирж хэрүүл үүсгэдэг. Нөхрөө хүртэл байнга муулдаг. Эгчтэйгээ ирэхдээ харин эгч нь ойлголцуулаад тохиролцоод 3 саяа авахаар тохирсон. Гэтэл 7 хоногийн дараа дахиад машинаа өгөхгүй гэсэн. Бид банкны өрөө төлөх боломжтой байсан. Энэ хүмүүс өөрсдөө шийдвэрээ өөрчлөөд байсан юм. Энэ хүмүүс уучлалт гуйсан бол ойлголцож болох байсан юм. 2 дахь шаардлага болох 5 сая төгрөг нь ямар ч үндэслэлгүй. Бид энэ хүмүүсийн хоол хүнс, эм тариаг төлөх үндэслэлгүй. Яагаад Б шаардлага гаргахгүй байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тайлбараа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэл дээрээ 12 саяыг төлсөн гэсэн боловч бүрэн төлөгдөөгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч О.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Дий нэхэмжлэлтэй З.Дд холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаатай холбоотой шүүхийн шүүгчийн 2022/09/29-ны өдрийн 101/Ш32022/22222 дугаартай захирамжийн дагуу гуравдагч этгээдээр оролцох, нэхэмжлэлтэй танилцаж хариуг хүргүүлж байна. Зээлдэгч З.Д/УП94031928/ нь 2018/10/26-ны өдөр 15,400,000 /Арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн автомашин худалдан авах зээл авсан. Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2022/12/25-ны өдөр дуусгавар болно. 2018/10/26-ний өдрийн №18/176 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидукци/ гэрээний дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
2.3.2 Хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглох бөгөөд хулгай дээрэм, гаднын халдлагаас сэргийлэх нөхцөлийг хангах,
2.4.2 Хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд аливаа хохирол, өр төлбөр, зардал, анз, аливаа үйлдэл /эс үйлдэл зэргээс ангид байлгана гэсэн заалтуудыг тус тус зөрчиж барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлсэн байна.
Иймд банкны зүгээс гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул барьцаа хөрөнгийг шилжүүлэх, чөлөөлөх боломжгүй байна.
Зээлдэгч А, Днар нь машин авахаар зээл авсан. Хугацаа нь 2022.12.25-нд дуусаж байгаа. Зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Зээлийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: ,,, улсын дугаартай авто машины гэрчилгээний хуулбар /хх4/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх5-23, 45-84/, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102050337 дугаар барьцаат зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт /хх39-40/, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102080580 дугаар барьцаат зээлийн гэрээ /хх41/, “Мөнх-Анирын од” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 2160 дугаар гэрээ /хх44/, гараар бичсэн баримт /хх85-86/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх87/ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх128-129/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК нь шүүхэд: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/176 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх100-102/, мөн өдрийн фидуцийн гэрээний хуулбар /хх103-104/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчид авто машины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Д нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт авто машины өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч З.Днь худалдах худалдан авах гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй, хохирол учруулаагүй, төлбөр төлөх үүрэггүй гэж маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК нь авто машин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бөгөөд зээл бүрэн төлөгдвөл барьцаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
Зохигчид хэн аль нь хариуцагч З.Д, түүний нөхөр хариуцагчийн төлөөлөгч Д.А болон нэхэмжлэгч Э.Д, түүний нөхөр Б.Б нар нь Тоёота, Приус-20 маркийн ,,, улсын дугаартай авто машиныг нийт 12,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарласан.
Улмаар дээрх хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, үлдэх төлбөрийг 13 сарын хугацаанд сар бүр 700,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч нь зээлийн гэрээг нэхэмжлэгч байгуулаагүй, батлан даагчаар оролцсон тул шаардах эрхгүй гэж маргаж байна.
Зохигчид худалдах худалдан авах гэрээний үлдэх үнийг төлөх хуваарийг тохиролцож, улмаар үүнийг баталгаажуулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх128-129/
Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй. Тодруулбал, уг зээлийн гэрээний зорилго нь зээл олгох бус харин худалдах худалдан авах гэрээний үлдэх үнийг төлөх хуваарийг батлах зорилготой байна.
Цаашлаад нэхэмжлэгч нь сар бүр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 700,000 төгрөг төлж байсан нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдсон. / хх5-23, 45-84/
Улмаар нэхэмжлэгч нь энэхүү автомашин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарласан бол гэрч Б.Б нь шүүх хуралдаанд энэхүү тайлбарыг зөвшөөрч, дэмжсэн мэдүүлэг гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхтэй.
Зохигчид нэхэмжлэгчийг 12 сарын турш сар бүр 700,000 төгрөгийг төлсөн бөгөөд сүүлийн 13 дахь сарын 700,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн 95 орчим хувиар гүйцэтгэсэн байх тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг шаардах эрхтэй.
Харин хариуцагч нь үлдэх 700,000 төгрөгийг шаардах эрх нээлттэй юм.
Маргаж буй автомашин нь “Т” ХХК-с олгосон зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдаж, фидуцийн гэрээний дагуу банкны өмчлөлд бүртгэгдсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/176 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн фидуцийн гэрээний хуулбар, автомашины гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх100-104, 4/
Ийнхүү автомашиныг банкны зээлээр анх хариуцагч З.Дхудалдаж авсан талаар зохигч маргахгүй байна. Түүнчлэн зээлийн болон фидуцийн гэрээг хариуцагч, түүний төлөөлөгч нар байгуулсан боловч фидуцийн гэрээнд хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй, харин хариуцагч гарын үсэг зуржээ.
Гэвч фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний талууд маргаагүй.
Мөн нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авахдаа банкнаас авсан зээлийн барьцаанд байгаа талаар мэдэж байсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх119-122/
Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь банкнаас авсан зээлийг төлж дуусгах боломжтой гэж, гуравдагч этгээдийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа удахгүй дуусах талаар тайлбарласан.
Иймд хариуцагчийг “Т” ХХК-с авсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх замаар автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэх 5,000,000 төгрөгийн хохирлыг өөрийн эд зүйлийг барьцаалан зээл авсан төлбөрт 2,365,600 төгрөг, бусдаас авсан зээлийн төлбөрт 2,634,400 төгрөг гэж тайлбарлаж байна.
Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авах, өөрийн эд зүйлийг барьцаалах эсэх нь гагцхүү нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамаарах бөгөөд хариуцагч нь ийнхүү зээл авах үйл явдалд хамааралгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү зээлийг авах болсон шалтгааныг өөрийн талийгаач хүүгийн эмчилгээний зардалд яаралтай мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн хүү талийгаач О.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр нас барсан болох нь бүртгэлийн 2101000081 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх87/
Харин нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх газраас 2022 оны 05 дугаар сарын 10, 08 дугаар сарын 17-ны өдөр, түүнчлэн он нь тодорхойгүйгээр 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус зээл авсан байна. /хх39, 41, 44/
Эдгээрээс үзэхэд эмчилгээний зардалд зориулж зээл авсан, өөрөөр хэлбэл хэрэв автомашины өмчлөх эрх шилжсэн бол түүнийг худалдаж эмчилгээний зардлыг төлөх байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Цаашлаад, өөр бусад хүнээс 2,634,400 төгрөгийн зээл авч, хүү төлөх замаар хохирсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл эмчилгээний зардалд мөнгөн хөрөнгийн зайлшгүй шаардлага гарсан үндэслэлээр бусдаас зээл авсан гэх тайлбар нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд хамааралгүй байна. Мөн нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлөөгүй байх тул хариуцагчийг өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан гэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч З.Дд Тоёота, Приус-20 маркийн ,,, улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг уг машинтай холбогдох “Т” ХХК-ийн зээлийг төлөх замаар нэхэмжлэгч Э.Дд шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 1,550 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД