Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0886

 

 

 

 

 

 

 

 

   2022         11            28                                    128/ШШ2022/0886

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь, нэхэмжлэгч А.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******, Б.Б****** нарыг оролцуулан А.Б******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б******

Хариуцагч: ******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т******, Б.Б******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******, Б.Б******, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцлоо.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг даалгахаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. А.Б******а нь Төв аймгийн Прокурорын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 51 тоот тушаалаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус аймгийн прокурорын газарт бичээч, Төв аймгийн прокурорын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байгаад 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 25 тоот тушаалаар Монгол улсын Хууль зүйн дээд сургуульд элсэн суралцах болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

2.2. Б******а нь Монгол улсын Хууль зүйн дээд сургуулийг бакалавр зэрэгтэй, эрх зүйч мэргэжил эзэмшин 1997 оны 06 дугаар сарын 19-ны өдөр төгсөөд, Монгол Улсын Ерөнхий прокурорын 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай тушаалаар Төв аймгийн прокурорын газар хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш төрийн албанд 28 жил 3 сар, үүнээс прокуророор 25 жил ажилласан байна.

2.3. Нэхэмжлэгч А.Б****** нь 49 настай ба Монгол улсын Ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн  Б/437 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн байна.

2.4. Иймд, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материал бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн хамт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн боловч тус хэлтсээс "Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэг заасны дагуу тэтгэвэр тогтоолгох боломжтой боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул тэтгэвэр тогтоох хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэж хариуг өгсөн байна.

2.5. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасан боловч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тэтгэвэр тогтоох боломжгүй талаар 3/265 дугаартай албан бичгээр хариуг өгсөн.

2.6. Иймд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.С******ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч А.Б****** нь нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…“Нэхэмжлэгч миний бие прокурорын байгууллагад 25 жил ажилласан үндэслэлээр 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өндөр настны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Өөрийн хүсэлтээр гарсан. Хуульд боломж байгаа талаар мэдээд гарахаар шийдэж хүсэлтээ өгсөн. Тус хүсэлтийн дагуу тэтгэвэр гарсан.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт өгсөн боловч Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль зөрчилтэй тул тэтгэврийг тогтоож өгөөгүй. Улсын байцаагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг тухайн хугацаанаас буюу 8 дугаар сарын 25-ны өдрөөс нөхөж тогтоолгож өгнө үү. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт өгдөг. 25 жил прокуророор ажиллан тул тэтгэвэр тогтоолгож өгнө үү гэсэн. Тус хүсэлтийн хариуд 25 жил болоогүй байна гэсэн хариу өгөлгүй, 2 хууль зөрчилтэй байна гэсэн хариу өгч байгаа тул прокуророор 25 жил ажилласан байна гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа нөхцөл байдлыг судалж үзээд, шаардлага хангасан байна гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгчийн зүгээс “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/437 дугаар тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн” гэжээ.
  2. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2001 онд охин Ц.Д******, 2004 онд охин Ц.З******в нарыг төрүүлж өсгөсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцон, тэтгэвэр олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан боловч Прокурорын тухай хууль нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа гэсэн үндэслэлээр өргөдлийн хүлээн авах боломжгүй талаар Нийгмийн даатгалын сангаас хариу өгсөн байна.
  3. Нэхэмжлэгч А.Б******а нь төрийн албанд 28 жил 3 сар, үүнээс прокуророор 25 жил ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугар зүйлийн 60.3 дахь хэсэгт  “...нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
  4. Иймд, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
  5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс гаргасан дээрх үндэслэлүүдтэй маргаагүй.
  6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн Даатгалын сангаас тэтгэвэр, Тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.
  7. Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.
  8. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.
  9. Дээрх хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.      

10. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр.... 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ тэтгэвэр тогтоолгон авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахаар тус тус заасан байна

  1. Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн

зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заажээ. Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургаадугаар зүйлийг 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.
  3. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө “хэрэв тэтгэвэр тогтоолгоx насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгоно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан А.Б******гаас Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                    

 

 

                                            ШҮҮГЧ                             Ц.ОДМАА