| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2021/02849/И |
| Дугаар | 181/ШЗ2022/10656 |
| Огноо | 2022-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 181/ШЗ2022/10656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, өөрийн байранд байрлах Ж т ХХК /РД:2822067/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 18 гудамж, 450 тоотод оршин суух Б овогт Д Б /РД:УБ68021504/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,206,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж т ХХК нь Д.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 3,206,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Ж Т ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч Ургац нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2,137,500 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тооцоог бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Д.Б-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлнө гэсэн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2,137,500 төгрөгт 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 157 хоногийн хугацаанд 1,677,938 төгрөгийн алданги бодогдож, Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн зохицуулалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн /2,137,500 төгрөг/ 50 хувиар бодож 1,068,750 төгрөгийн алданги нэмсэн болно.
Хариуцагч Д.Б-гаас Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт төлөгдөх тооцоо нийлсэн актаар баталгаажсан өр төлбөр болох 2,137,500 төгрөг, алдангид тооцсон 1,068,750 төгрөг, нийт 3,206,250 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 66,250 төгрөг төлсөн баримт, 2021.09.20-ны өдрийн Э.Ж-т олгосон итгэмжлэл, Ж т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.03.01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2021.03.26-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ж т ХХК нь Д.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд бараа нийлүүлсэн, худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,137,500 төгрөгийн үлдэгдэлтэй ба үүнийг төлж барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцсон. Иймд Д.Б гэрээнд заасны дагуу 3,206,250 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.Б-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хариуцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байх бөгөөд талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 2,137,500 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлөх, худалдан авагч тал төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр худалдагч талд алданги төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийн үлдэгдлийн дүнг баталгаажуулж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгааны маягт үйлдсэн байна.
Зохигчдын дээрх тохиролцооноос дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Ж т ХХК нь 2,137,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч хариуцагч хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас 2,137,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгох нь зүйтэй.
Зохигчид Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т 2.2-д заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.
Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1,068,750 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Б-с Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,137,500 төгрөг, алданги 1,068,750 төгрөг, нийт 3,206,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгох үндэслэлтэй.
5. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товийг хариуцагчид 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлэх үүднээс шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулж, хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас 66,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж т ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-гаас 3,206,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас 66,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ