| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00476/И |
| Дугаар | 139/ШШ2023/00010 |
| Огноо | 2022-12-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 139/ШШ2023/00010
| 2022 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 139/ШШ2023/00010 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 14-р байр, 2-р орц, Б1-0 тоотод байрлах Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 17-р байрны 08 тоотод оршин суух Полон овогт Бэгзийн Бат-Очир /РД: ЗЮ54120511/-т холбогдох
2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 223.223 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь сервис сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Залуус хорооллын 17-р байрны 08 тоот хаягт оршин суух иргэн Бат Очир нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 сарыг дуустал буюу нийт 12 сарын СӨХ-нд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй.
Манай СӨХ-ийн зүгээс оршин суугч Б.Бат Очирт СӨХ-ийн талаар тайлбарлаж, төлбөр нь ямар үндэслэлээр ийм гарч байгаа талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийг хичээсэн боловч өдий болтол ямар нэгэн ахиц гараагүй тул ийнхүү төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
Мөн манай СӨХ нь төлбөрийг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн СӨХ-г хэвийн ажиллахад хүрэлцэхүйц байхаар буюу цэвэрлэгээний төлбөрийг 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150, засвар үйлчилгээний төлбөрийг айлын эзэмшиж байгаа байрны м2 тутамд 291 төгрөг байхаар тогтоосон Тус СӨХ-ийн бүх гишүүдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаар тогтоосон болно.
Оршин суугч Б.Бат-Очирын байр нь 31 м2 тул нэг сарын засвар үйлчилгээний төлбөр нь 9021 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 7000 төгрөг, орцны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150 төгрөг, нийт 17171 төгрөгийг СӨХ-нд төлөх ёстой бөгөөд тэрээр СӨХ байгуулагдаж, төлбөр хурааж авч эхэлсэн хугацаанаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг дуустал нийт 12 сарын 123223 төгрөгийг төлөөгүй.
Иймд оршин суугч Б.Бат-Очироос Говь сервис СӨХ-нд төлөөгүй төлбөр болох 223223 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн оршин суугчийн байранд засвар үйлчилгээний хуримтлалын мөнгө байх ёстой. Энэ жил байранд засвар үйлчилгээг хийсэн. Одоогоор хуримтлалын мөнгөнөөс хаалганы мөнгө хүлээгдэж байгаа. Нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Говь сервис СӨХ нь хариуцагч Д.Энхжаргалаас Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 17 дугаар байрны 8 тоот орон сууцны 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 17171 төгрөгөөр тооцож, нийт 223223 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Б.Бат-Очир нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасны дагуу зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дүрмийг баталж, удирдах зөвлөлийн тогтоолоор Ө.Эрдэнэтунгалагийг гүйцэтгэх захирлаар томилж, Сайнцагаан сумын Засаг даргаас тул холбоог Сайнцагаан сумын сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь 03 дугаар гэрчилгээ, Говь сервис СӨХ-ийн үлгэрчилсэн дүрэм, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн тогтоол, удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэрэг авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говь сервис сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж 1 өрхийн төлбөр м/кв-аар тооцож 550-650 төгрөг байхаар тогтоох талаар хурлаар хэлэлцсэн байх боловч энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Говь сервис СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 17 дугаар байрны 8 тоот орон сууцны 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 17171 төгрөгөөр тооцож, нийт 223.223 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Бат-Очироос Говь сервис СӨХ нь Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын 17 дугаар байрны 8 тоот орон сууцны 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 17171 төгрөгөөр тооцож, нийт 223.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь сервис СӨХ-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Очироос 2021 оны 01-08 сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууцны төлбөрт 17171 төгрөг, нийт 223223 төгрөгийг гаргуулах Говь сервис СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7347 /долоон мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7347 /долоон мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ