| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2022/00170/И |
| Дугаар | 132/ШШ2023/00001 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 132/ШШ2023/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Т.Жавхлантөгс нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, Найрамдал хорооллын 227 В тоотод оршин суух, Үст овогт Гэндэнгийн Төмөрсүх /рд: ЙЗ90091011/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар баг, Хийморь хороолол, 3 дугаар гудамж, 316 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдцэрэнгийн Пагамдолгор /рд: ЙЕ91062700/,
Хариуцагч: 1970 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган аймгийн Рашаант сумын хар чулуут 2 дугаар баг, Хийморь хороолол, 7 дугаар гудамж, 706 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндонгийн Дэнзэн /рд: ЙЕ70110619/,
Хариуцагч: 1976 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 203 дугаар байр, 05 тоотод оршин суух, Харчин овогт Сүхнамжилын Сүхбаатар /рд: ЙЛ76032312/,
Хариуцагч: 1977 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 203 дугаар байр, 05 тоотод оршин суух, Боржигон овогт Сэрсэнгийн Жавзандолгор /рд: ЙЛ77122203/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 94,126,238 /ерэн дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун гучин найм төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00170/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Төмөрсүх,
Хариуцагч С.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, С.Жавзандолгор,
Хариуцагч Ч.Пагамдолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч 1985 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 152 дугаар байр, а-901 тоотод оршин суух, Хатирдаг овогт Ганболдын Батцэцэг /рд: ГГ85033002/ цахимаар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, И.Тулга,
Хариуцагч Ч.Пагамдолгорын өмгөөлөгч Г.Ичинхорлоо /цахимаар/,
Хариуцагч С.Жавзандолгор, Ё.Дэнзэн нарын өмгөөлөгч Д.Даваа,
Шинжээч Х.Чинзориг,
Иргэдийн төлөөлөгч М.Наранхүү,
Нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Төмөрсүх нь хариуцагч Ч.Пагамдолгор, С.Сүхбаатар, С.Жавзандолгор, Ё.Дэнзэн нарт холбогдуулан гэм хорын хохирол 94,126,238 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын шндэслэлээ дараах байдлаар тодорхойлож байна. Үүнд:
Миний бие нь Булган аймгийн Рашаант сумын Найрамдал хорооллын 227 дугаар байрны В тоотод байрлах 41 м.кв хэмжээтэй өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөндөө бизнес хийж үнэт эдлэл буюу мөнгөн хослол, бараа, бэлэн хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, бараа, материалын дэлгүүр ажиллуулж байсан. Би дэлгүүрээ ажиллуулаад 3 жил болж байгаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, ашиг орлого сайтай ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7-8 дугаар сард дэлгүүрийн байрандаа их засвар хийж гадна пасад, доторх лангуу, бүх зүйлээ шинээр солих зэрэг маш их зардлаар дэлгүүрийн байшингаа зассан байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 08 цаг 28 минутын үед манай байрны залгаа 227-ын Б тоот буюу Бээжин бараа гэх дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч дэлгүүр болон бүх бараагаа галд шатаасан. Тэр үеэр би Улаанбаатар хот руу 3 хоног ажлаар явсан байсан. Улаанбаатарт очоод 3 дахь хоногийн өглөө эрт манай хойд талын айлын хүн залгаж танай байшинд гал гарч байна гэсэн. Хойд хаалгыг нь эвдэж жоохон бараа авсан байсан. Бүх бараа бүтээгдэхүүн галд шатсан.
Онцгой байдлын болон Цагдаагийн байгууллагын зохих ажилтнууд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Дэлгүүрт маань 91 төрлийн бараа бүтээгдэхүүн байсан. Дэлгүүрийн байрандаа бүрэн засвар хийсэн, дотор нь 6 ширхэг шилэн лангуу авч тавьсан байсан. Би ажлын байргүй, орлогогүй болж, банкнаас дэлгүүрээ болон дэлгүүрийн ажиллагаа, ашиг орлогоо барьцаалан зээл авсан ч одоо зээлээ төлж чадахгүйд хүрээд эдийн засаг, сэтгэл санааны их хохирол амсаад байна.
Иймд Бээжин барааны эзэд болох С.Сүхбаатар, С.Жавзандолгор, Ё.Дэнзэн худалдагч Ч.Пагамдолгор нараас надад учирсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, барааны үнэ 67,730,138 төгрөг, нийт 94,126,238 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч С.Сүхбаатар, Ё.Дэнзэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Жавзандолгор нь шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Г.Төмөрсүхийн нэхэмжилсэн 94,126,238 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Булган аймгийн Рашаант сумын 2 багийн Харчулуут Найрамдал гудамж 227б тоот байранд 2020 оны 2 дугаар сард засвар хийгээд 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Бэлэн хувцас зардаг байсан бөгөөд нэмж гоо сайхны бараа татаж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө гал гарах үед би тэнд байгаагүй. Дэлгүүр дээрээ 2019 оны 4 сараас хойш Ковидын улмаас 2 жил очиж чадаагүй. Худалдагч Ч.Пагамдолгор дэлгүүрийг ажиллуулж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагийн үед гал гарлаа гэж утсаар хэлсэн. Хамгийн их бараатай, хамгийн их хохирол амссан нь манай дэлгүүр байгаа. Их хэмжээний хохирол амссан, галын дүгнэлт манайхаас гал гарсан гэж дүгнээгүй учраас хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Дэнзэн манай хүргэн ах бөгөөд надад ямар ч бараа материал нийлүүлдэггүй учраас хариуцагч биш. С.Сүхбаатар манай гэр бүлийн хүн энэ дэлгүүрт хамааралгүй. Энэ дэлгүүрийн бичиг баримт миний нэр дээр байдаг учраас эдгээр хүмүүс хариуцагч биш. Манай дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Ч.Пагамдолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Пагамдолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Ч.Пагамдолгор нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Пагамполгор нь 2020 оноос хойш Бээжин бараа дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Тус дэлгүүрийн эзэдтэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цалин мөнгөө тогтмол авч байгаагүй. Ч.Пагамдолгорын хувьд хариуцах хариуцагч биш. Мөн тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан хүн биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүйн дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Хариуцагч Ё.Дэнзэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Төмөрсүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г.Төмөрсүхийн нэхэмжилсэн 94,126,238 төгрөгийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Миний бие Булган аймгийн Рашаант сумын Найрамдал хороололд дэлгүүр ажиллуулдаггүй. Тухайн үед гал түймэр юунаас болж гарсаныг мэдэхгүй. Энэ асуудал надад ямар ч хамаарал байхгүй. Хамааралгүй хүнийг хариуцагчаар татаж оролцуулж байгааг гайхаж байна. Иймд намайг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Шинжээч Х.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус объектыг 4 хэсэгт хуваасан. Хэргийн газар бүрэлдэхүүн очиход байшин бүхэлдээ шатаж дууссан байсан. 1-ээс 4 хүртэл дугаарлаж үзлэг хийсэн. 1-ээс 3 хүртэлх дугаартай өрөөнөөс цахилгаан халаагч хэрэгсэл гарч ирсэн. 2 дугаартай өрөөнөөс галын эх үүсвэр гарсан байгааг дүгнэлтээр тогтоож өгсөн.
Монгол Улсын Шадар сайд болон Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн хүрээнд 16 сум 1 тосгоны хэмжээнд жилд 2 удаа хяналт шалгалт хийгддэг. Орон нутгийн Засаг дарга нар 4 сарын сүүлээс 5 дугаар сарын эхээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагтаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар тогтмол хяналт шалгалт хийдэг. Бүрэлдэхүүн очиход тухайн барилга шатаад дууссан байсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон цагдаагийн мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэж дүгнэсэн. 1-3 тоот өрөөний теннүүдийг хураагаад Цагдаагийн байгууллагад тус бүр дээр нь дугаар тавьж хүлээлгэж өгсөн. Галын байцаагч нар хэргийн газарт очоод үзлэг хийн дүгнэлт гаргахдаа магадлалаар гаргадаг. Энэ хэргийн тухайд гал түймрийн голомт нь сургуулийн барилга дээрээс тухайн объект руу харсан камерын бичлэгт бүрэн эхээрээ бичигдсэн байгаа учраас гал түймрийн голомт 2 дугаарын өрөөнөөс гарсан гэх дүгнэлтийг миний бие хийсэн байгаа. Дүгнэлтэд баруун талаасаа 2 дахь цагаан хаалгатай өрөөнөөс гал гарсан гэсэн талаар тусгагдсан. 3 дахь нүүрэнд 4 дүгээр асуултад хариулсан хариултад тусгагдсан байна. Гал түймэр гарах шалтгааныг асуусан учраас шатах материал, хүчил төрөгч, шатаагч зэрэг нь гал түймэр гарахад хүргэдэг гэж хариулсан байгаа. Шатлагын зарчмаар цахилгаан үүсгэврийн шон дээрээс шатлага явагдсан тохиолдолд гал эхлээд тэжээгч тал руу ордог. Тухайн дэлгүүрийн барилгын хойд талд нь байрладаг 5 айлын тоолуур 1 хайрцаганд байсан. Кабелийн утаснууд бүгд бүтнээрээ байсан. Төв пускатлаас гал гарсан гэсэн дүгнэлт байхгүй байгаа. 4 хэрэглэгчийн цахилгааны тоолуурт ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Хамгийн сүүлийн өгүүлбэр бол 5 дахь айлын буюу иргэний цахилгаан хэрэгсэл халалт өгсөн байна гэдгийг мухарлаж дуусгасан байгаа. Шатаагүй үлдсэн бараа материал байгаагүй. Төмөр өлгүүр, металл хийцтэй зүйлүүд хэлбэр дүрсээ алдсан байсан. Баамын байшингуудын халаалтын хэрэгсэл ханан пийшинтэй байх ёстой байсан ч эдгээр 3 байшин хүйтний улирал эхлэхэд галаар халаахгүй өөр зүйлээр халаах замыг сонгосон байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор галын аюулгүй байдлын үндсэн дүрэм батлагдсан. Үүнд цахилгаан хэрэгсэл тений дулааны эх үүсвэр үүсгэх цахилгаан хэрэглээнд гэрэлтүүлэг, халаагч хэрэгсэл байсан. Ослын горим хэвийн ажиллагааны нөхцөлд ослын горим үүссэн тохиолдолд сэнс ажиллахгүй тохиолдолд хэвийн ажиллагааны горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмжүүд ажиллах юм бол мөн ялгаагүй хална. Халаагуурын ойролцоо хялбар шатах материал буюу даавуу, бараа материал халааж байгаа хэрэгслийн хажууд удаан байснаар галын эх үүсвэр гаргадаг. Манай байгууллагаас тухайн онд өгөгдсөн зааварчилгаа байхгүй. Сумдад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу сумын Засаг дарга тухайн орон нутгийн хэмжээнд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх тэмцэх үйл ажиллагааг сумын хэмжээнд зохион байгуулдаг буюу гал түймэртэй тэмцэх сайн дурынхан гэж байдаг. Багийн Засаг дарга нар иргэдийн дунд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааг зохион байгуулах үүрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд галын аюулгүй байдлыг хангах талаар дүгнэлтийг 2 жил тутамд гаргуулах үүрэгтэй. Иргэн ч мөн үйл ажиллагаа явуулахдаа ашиг орлого олж байгаа тохиолдолд энэ дүгнэлтийг гаргуулах ёстой. Нэгдсэн пускатл байсан. Ослын горимоос тусдаа объектын хэрэглээнээс шалтгаалж ачаалал ихэссэн байсан. Гал гарахад нөлөөлөөгүй. Бүгд хэвийн ажиллаж байна гэсэн горимд байсан гэв.
6.Иргэдийн төлөөлөгч М.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2 тал их хэмжээний хохирол амссан байна. Бээжин бараанаас галын эх үүсвэр гарсан буруутай байна. Эзэн нь хариуцах байх гэв.
7.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдан авах барааны жагсаалт /хх-ийн 3-5 дугаар тал/, Г.Төмөрсүхийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 7-13 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/, Э-0416000210 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000823630 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 15 дугаар тал/, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 071/12 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/, Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/231 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татагалзах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 18-19 дүгээр тал/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 20-21дүгээр тал/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 22-24 дүгээр тал/, Хөгнө хан барааны дэлгүүрийн зөвшөөрөлийн хуулбар /хх-ийн 25 дугаар тал/, галд шатсан бараа материалын жагсаалт /хх-ийн 26-33 дугаар тал/, зарлагын хуулбар баримтууд /хх-ийн 34-78 дүгээр тал/, дэлгүүрийн засварт ашигласан материалын зарлагын баримтууд /хх-ийн 79-101 дүгээр тал/, бараа материалын үлдэгдлийн жагсаалт /хх-ийн 102 дугаар тал/, дэлгүүрийн барилгын үнэлгээ /хх-ийн 103-104 дүгээр тал/, Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолт /хх-ийн 105 дугаарг тал/, С.Наранцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 107-132 дугаар тал/, фото зураг /хх-ийн 133-157 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 159-160 дугаар тал/, зарлагын баримтууд /хх-ийн 194-208 дугаар тал/, New grand amgalan орчуулгын товчоогоор орчууллуулсан бараа нийлүүлэх баримт /2 дугаар хх-ийн 78-86 дугаар тал/, Г.Төмөрсүх, С.Наранцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 199/, Г.Төмөрсүхийн Төрийн болон ХААН банкны харилцах дансны хуулга /2 дугаар хх-ийн 200-250/, 1 ширхэг CD,
8.Хариуцагч Ч.Пагамдолгороос дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Г.Батцэцэгт олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 173, 177 дугаар тал/,
9.Хариуцагч С.Жавзандолгороос дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн С.Сүхбаатараас С.Жавзагдолгорт олгосон итгэмжлэл /хх-ийн 175 дугаар тал, С.Сүхбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 176 дугаар тал, хариу тайлбар /хх-ийн 179 дүгээр тал/ , хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 188 дугаар тал/, Э-0416000004 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ү-0416000367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 66-67 дугаар тал/, Ё.Дэнзэнгээс С.Жавзандолгорт олгосон итгэмжлэл /2 дугаар хх-ийн 68 дугаар тал/,
10.Хариуцагч Ё.Дэнзэнгээс хариу тайлбар /хх-ийн 178 дугаар тал/ гаргаж өгсөн байна.
11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Булган аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/904 дугаартай албан бичгээр ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн М-3029 дугаартай материал-ын хуулбар /2 дугаар хх-ийн 139-185 дугаар тал/, Бейкер тилли Далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/03-06 дугаартай албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээ-ний тайлан /1 дүгээр хх-ийн 229-246 дугаар тал/, Төрийн банк ХХК-ийн Булган салбарын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 28/555 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Төмөрсүхийн малчны зээл, ажлын байрыг дэмжих зээлийн хувийн хэргийн хуулбар /2 дугаар хх-ийн 7-44 дүгээр тал/, Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122/01 дугаартай албан бичгээр ирүүлсэн камерын бичлэгийг хуулбарласан плаш зэргийг бүрдүүлсэн байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний гаргаж өгсөн 1 ширхэг CD-нд шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байна. /2 дугаар хх-ийн 89-118 дугаар тал/,
Шүүх хуралдаанд камерын бичлэг бүхий плашийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч Г.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай байрны залгаа 227-ын Б тоот буюу Бээжин бараа гэх дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч манай дэлгүүрийн барилга болон бараа материал бүхэлдээ шатаж хохирол учирсан гэж,
3.Хариуцагч С.Сүхбаатар, Ё.Дэнзэн, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.Жавзандолгор нар нь татгалзлын үндэслэлээ Булган аймгийн Рашаант сумын 2 багийн Харчулуут, Найрамдал гудамж 227б тоот байранд байрлах Бээжин бараа дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус дэлгүүр нь С.Жавзандолгорын өмчлөлийнх тул С.Сүхбаатар Ё.Дэнзэн нар хариуцахгүй гэж,
4.Хариуцагч Ч.Пагамдолгор, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцэцэг нар нь Бээжин бараа дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тогтмол авч байгаагүй, тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М-3029 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал, Э-0416000210 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000823630 дугаартай гэрчилгээний хуулбар, Хөгнө хан барааны дэлгүүрийн зөвшөөрөлийн хуулбар, С.Жавзандолгорын Э-0416000004 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ү-0416000367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бейкер тилли Далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/03-06 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээ-ний тайлан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэг бүхий плаш, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Х.Чинзоригийн тайлбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, Найрамдал хорооллын 227 дугаар байранд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 28 минутын үед гал гарч тус байшин бүхэлдээ галд шатжээ.
5.2.Тус 227 дугаар байр нь 4 эзэмшигчтэй, 9х16 мкв хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгө байх ба түүний В тоотод байрлах, 41 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Төмөрсүх бүртгэгдсэн, тэрээр тус байшинд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
5.3.Нэхэмжлэгч нь уг гал түймэр нь 227 дугаар байрны Б тоотод үйл ажиллагаа явуулдаг Бээжин бараа гэх дэлгүүрийн байрнаас гарсан гэж Ч.Пагамдолгор, С.Жавзандолгор, С.Сүхбаатар, Ё.Дэнзэн нарыг хариуцагчаар татсан.
5.3.1.Уг гал түймэр нь 227 дугаар байрны Б тоотод үйл ажиллагаа явуулдаг Бээжин бараа гэх дэлгүүрийн байрнаас гарсан болох нь шүүх хуралдаанд шинжээч Х.Чинзоригийн гаргасан ...тус объектыг 4 хэсэгт хуваасан. Хэргийн газарт бүрэлдэхүүн очиход байшин бүхэлдээ шатаж дууссан байсан. 1-ээс 4 хүртэл дугаарлаж үзлэг хийсэн. 1-ээс 3 хүртэлх дугаартай өрөөнөөс цахилгаан халаагч хэрэгсэл гарч ирсэн. 2 дугаартай өрөөнөөс галын эх үүсвэр гарсан байгааг дүгнэлтээр тогтоож өгсөн. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон цагдаагийн мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэж дүгнэсэн. Сургуулийн барилга дээрээс тухайн объект руу харсан камерын бичлэгт бүрэн эхээрээ бичигдсэн байгаа учраас гал түймрийн голомт 2 дугаарын өрөөнөөс гарсан гэх дүгнэлтийг миний бие хийсэн байгаа. Дүгнэлтэд баруун талаасаа 2 дахь цагаан хаалгатай өрөөнөөс гал гарсан гэсэн талаар тусгагдсан гэх тайлбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 071/12 дугаартай ...гал түймэр нь цахилгаан ашиглалтын галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гарсан байх магадлалтай байна гэх дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материалд авагдсан гэрч С.Наранцэцэгийн ...Бээжин барааны дэлгүүрийн худалдагчтай 08 цаг 46 минутанд өөрийн 94103377 дугаарын утсаар 80235502 гэсэн дугаартай Пагамдолгорын утас руу залгаад дэлгүүрт гал гараад байна гэнээ, чи очсон уу гэж асуухад Пагамдолгор надад хандаж харин тиймээ хүмүүс залгаад байна, би гэртээ байна. Нөхрийгөө явуулах гэж байна. Би дэлгүүрээ хаахдаа халаагч тенээ хамгийн бага 1300В дээр тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан камерын бичлэг бүхий плаш зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч нарын тус байрны Б тоот буюу Бээжин барааны дэлгүүрээс гал гарсан нь тогтоогдоогүй гэх тайлбар дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
5.3.2.Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, 227 дугаар байрны Б тоотод байрлах 40 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь С.Жавзандолгор байх ба тэрээр тус байранд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч гал түймэрийн улмаас 227 дугаар байрны В тоотод байсан дэлгүүрийн барилга болон тус дэлгүүрт байсан бараа шатаж устсанаас үл хөдлөх хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, барааны үнэ 67,730,138 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн.
Дэлгүүрийн барилга бүхэлдээ галд шатаж устсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь тухайн дэлгүүрт 67,730,138 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
7.Тус дэлгүүрт банкнаас зээл авч 50,000,000 төгрөгийн бараа татсан байсан гэж зээлийн хувийн хэрэг, дансны хуулга, бараагаа цахимаар болон биечлэн авч байсан тухай зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. Энэ нь тус дэлгүүрт хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн бараа байсныг нотолж чадахгүй байна. /1 дүгээр хх-ийн 6-13, 26-157, 194-208, 2 дугаар хх-ийн 7-44, 200-250/
Иймээс нэхэмжлэгч талаас хэрэгт ирүүлсэн төрийн банкны дансны хуулга, Хөгнө хан барааны дэлгүүрийн галд өртөж шатсан бараа материалын жагсаалт, бараа материал худалдан авсан гэх зарлагын баримт, түүнийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, ХААН банкны дансны хуулга, New grand amgalan орчуулгын товчоогоор орчууллуулсан бараа нийлүүлсэн баримтын хуулбар, малчны болон ажлын байрыг дэмжих зээлийн хувийг хэрэг шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн Төрийн болон ХААН банкан дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн шүүх дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй. Үүнд:
8.Зохигч нар гал гарсан үйл баримтын талаар маргаагүй, харин хэний өмчлөлийн байрнаас хэний буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар маргасан.
Гал түймэр гарсны улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах нь маргааны зүйл болжээ.
9.Талуудын хооронд хуульд заасан үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж, 502.2-т Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна гэж тус тус заасан.
Гал түймэрт шатсан гэх 227 дугаар байрны өмчлөгч нар нь байшинг ханан пийшингээр халааж байсныг өөрчилж, цахилгаан эрчим хүч ашиглан халаагуураар халааж байсан нь зохигчийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Цахилгаан эрчим хүч ашиглагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэжээ.
Өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг халаах горимыг өөрчилж болох хэдий ч 227 дугаар байрны Б тоотод байрлах Бээжин барааны дэлгүүрийн өмчлөгч нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгүйн тулд болгоомжтой хандаж, эрчим хүч ашиглах болон галын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.
10.Хариуцагч Ч.Пагамдолгор нь Бээжин бараа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан гэх боловч хариуцагч С.Жавзандолгор, Ч.Пагамдолгор нарын хооронд хөдөлмөрийн болоод эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хэлцэл хийгдээгүй, Ч.Пагамдолгор тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоогүй тул хохирлыг Ч.Пагамдолгор хариуцах үүрэггүй. Мөн С.Сүхбаатар, Ё.Дэнзэн нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч биш байна. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.Жавзандолгор болох нь тогтоогдсон тул тэрээр бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Г.Төмөрсүх нь өөрт учирсан хохирлоо хариуцагч С.Жавзандолгороос шаардах эрхтэй байна.
11.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч Г.Төмөрсүх нь галд өртсөн Булган аймаг Рашаант сумын 2 дугаар баг Найрамдлын 227-В тоот байрлах 41 мкв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, дэлгүүрт худалдан борлуулж байсан галд шатсан бараа материалын үнийг 67,730,138 төгрөг гэж нэхэмжилсэн.
БЕЙКЕР ТИЛЛИ ДАЛАЙ ВАН АУДИТ ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлсэн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 21,843,300 төгрөгөөр, дэлгүүрт байсан гэх 491 нэр төрлийн барааг 68,285,600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.
Бээжин бараа дэлгүүрээс гал гарсан болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөгч С.Жавзандолгороос үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 21,843,300 төгрөг, халаагч тень 150,000 төгрөг, дэлгүүрийн 2 ширхэг хаяг 240,000 төгрөг, нийт 22,233,300 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн дэлгүүрт байсан 491 нэр төрлийн бараа галд шатсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул 491 нэр төрлийн барааны үнэ 68,285,600 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.
12.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Наранхүүгийн 2 тал их хэмжээний хохирол амссан байна. Бээжин бараанаас галын эх үүсвэр гарсан буруутай байна. Эзэн нь хариуцах байх гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч С.Жавзандолгороос гэм хорын хохиролд 22,233,300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Төмөрсүхэд олгож, 71,892,938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ч.Пагамдолгор, С.Сүхбаатар, Ё.Дэнзэн нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Төмөрсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 628,581 /зургаан зуун хорин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж, хариуцагч С.Жавзандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 269,116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,502 дугаар зүйлийн 502.1, 502.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жавзандолгороос гэм хорын хохиролд 22,233,300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Төмөрсүхэд олгож, 71,892,938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ч.Пагамдолгор, С.Сүхбаатар, Ё.Дэнзэн нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Төмөрсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 628,581 /зургаан зуун хорин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд, хариуцагч С.Жавзандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 269,116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Т.ЖАВХЛАНТӨГС