Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/420

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0386/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч Ө.Б, Э.С, А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518003330498 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Өы Б (РД:*******), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, хувиараа зам засварын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргий*** дугаар байрны Тахилт *-*-* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

 

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт 16 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,  

 

Монгол Улсын иргэн, Л овогт Эийн С, (РД:*****, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаанд тэнссэн,

 

Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Э (РД:******), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын * дүгээр багийн */*  дүгээр байрны */* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

 

- Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өршөөлийн хуульд хамрагдан өршөөгдсөн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С, А.Э нар нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NICE нэртэй баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж, маргаан үүсгэн улмаар бүлэглэн Ө.Бы нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 

Шүүгдэгч Ө.Б нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NICE нэртэй баарны гадна бусадтай маргаан хийж, улмаар архины шилний хагархайгаар Э.С-ийн чих, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч Э.С, А.Э нар нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NICE нэртэй баарны гадна үл ялих зүйлээр шалтаглаж, маргаан үүсгэн улмаар бүлэглэн Ө.Бы нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ө.Б нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NICE нэртэй баарны гадна бусадтай маргаан хийж, улмаар архины шилний хагархайгаар Э.Сийн чих, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-12 дахь тал), хохирогч Э.Сийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дэх тал), хохирогч Ө.Бы мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч А.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрч М.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүгдэгч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал), шүүгдэгч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгч Ө.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Түүнчлэн, шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нар нь шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн....” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нар нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 124,000 төгрөгийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нар хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхийг тогтоож,  торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.

 

Шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1., Л овогт Эийн С, Б овогт А ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Б овогт Өы Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С, А.Э, Ө.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТ-АМГАЛАН