Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/421   

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0387/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

улсын яллагч К.Нанжинханд,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518000000521 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Мийн М, (РД:*****), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Улаанбаатар хотод Хотын өнгө гэх хэвлэлийн газар ажиллуулдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг, хуучин хороолол **-** тоотод  оршин суух бүртгэлтэй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан
үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-** ДАУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох зэрхээ хасуулсан
байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-** ДАУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн
гэмт хэрэг үйлдсэн нь  Замын хөдөлгөөний дүрмийн 3.7  “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33, 36, 40 дэх тал), “эрх хасагдсан” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 34 дэх тал), Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ЗШ/837 дугаар шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 50-52 дахь тал), шүүгдэгч  М.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Түүнчлэн, шүүгдэгч М.М нь шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн....” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч  М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.М  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ЗШ/837 дугаар шийтгэврээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч  М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

2.1. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

  

Прокурорын санал болгосон ба яллагдагч М.М хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хүрээ хязгаарын дотор байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.М нь шүүхээс тогтоосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаатай хасаж , 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгуулыг 20 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх саналыг танилцуулахад зөвшөөрсөн болно  

 

2.2.  Бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.БАТ-АМГАЛАН