Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2023/0002

 

                                                                                              

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, нэхэмжлэгч С.Мягмартогтох, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг оролцуулан, С.Мягмартогтохын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Санал хураалтыг хүчинтэйд тооцох тухай” тогтоолыг үндэслэн С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол одоог хүртэл ямар нэг шийдвэр гаргалгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилох, эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргахыг даалгаж өгнө үү” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Тус шүүхэд гаргасан С.Мягмартогтохын нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулж дараахи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл өөрчилсөн шаардлагын агуулгад “... Багийн Засаг даргаар томилох, эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг нь гаргахыг даалгаж өгнө үү ...” гэжээ. Хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Санал хураалтыг хүчинтэйд тооцох тухай” тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа үйлдлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар “... дээд шатны Засаг дарга. эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно ...” гэсний дагуу гарсан гэж ойлгож байгаа ба албан ёсоор бичгээр шийдвэрээ гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу Багийн Засаг даргаар томилохоос татгалзах шийдвэрийг гаргахад татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Мягмартогтохоос Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Санал хураалтыг хүчинтэйд тооцох тухай” тогтоолыг үндэслэн С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол одоог хүртэл ямар нэг шийдвэр гаргалгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилох, эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргахыг даалгаж өгнө үү” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмлэгч С.Мягмартогтохын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Санал хураалтыг хүчинтэйд тооцох тухай” тогтоолыг үндэслэн С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол одоог хүртэл ямар нэг шийдвэр гаргалгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул С.Мягмартогтохыг Багийн Засаг даргаар томилох, эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргахыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР