Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/645

 

Н.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2105 00383 0254 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн З, 1978 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Н.З нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны 1 давхарт байрлах “Х” эмийн сангаас иргэн Т.Г-ын эзэмшлийн “Билобил” нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120гр эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Н.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Н-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэггүй СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З давж заалдах гомдолдоо: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн. Хохирогч Т.Г нь хохирол төлбөрөө авсан, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би ажил, хөдөлмөр эрхэлж “А” ХХК-д тогоочоор ажилладаг болохыг компаниас тодорхойлж өгсөн. Би Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй, эхнэр минь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдүүдээ гэртээ харж, би ганцаараа ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Миний эх З.Э нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тархины судасны харвалт өгч, байнгын эм тариа, эмчилгээтэй байдаг. Эцэг С.Н 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тархины судсанд харвалт өгч, эмчилгээ хийлгэж байгаад 10 дугаар сарын 31-нд нас барсан учир би эхийгээ харж, асардаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлснээр манай гэр бүл цаашид амьдрахад хүнд болж, би компанидаа ажил хөдөлмөр эрхлэн, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж байна. Би энэхүү үйлдэлдээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, чин шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байна. Миний ганцаараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, надаас өөр орлоготой хүн байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Н.З-д 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар бүлэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Н.З-ыг өөрийг нь яллагдагчаар татсан. Шүүгдэгч Н.З нь гэр бүлээ ажил хийж тэжээн тэтгэдэг. Мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт бүлэглэж үйлдсэн эсэх асуудлыг мухарлаж шалгасан. Эмийг худалдаж авсан гэх эмийн сангийн эмийн санч, Э нарын мэдүүлгээр Н.З хэргийг ганцаараа үйлдсэн болох нь тогтоогддог. Э зарж борлуулах явцад цуг очсон. Гэхдээ хулгайн эм гэдгийг мэдээгүйгээр Э-ын таньдаг хүнд зарж борлуулсан. Хамт орсон асуудал байхгүй. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Н.З ганцаараа орсон байдаг. Н.З Э-т тайлбарлахдаа “Би хүнээс авлагатай. Авлагынхаа оронд эм авлаа. Үүнийг зарж борлуулах газар байна уу” гэхэд Энхбаатар “Би эмийг зарж борлуулъя” гэсэн байдаг. Хулгайн эд зүйл гэдгийг Э ойлгоогүй байсан. “Х” эмийн сан дотроос Г-ын мөнгийг нь төлөөд авчихсан өөр хүнд өгөх гэж байсан эмийг нь Н.З аваад гарсан. Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд дүгнэж шийтгэх тогтоол гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.З нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... давхарт байрлах “Х” эмийн сангаас иргэн иргэн Т.Г-ын эзэмшлийн “Билобил” нэртэй 5 хайрцаг 300 ширхэг эмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Г-н: “...2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Билобил” эмийг нэг хайрцгийг нь 120.000 төгрөгөөр эмийн бөөний төвөөс худалдан авч, эмийн сан дээрээ аваачиж тавьсан. ...2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр надад эм захисан хүн ирээд эмээ авах гэтэл нөгөө эм нь байхгүй байхаар нь би хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 20 минутын үед хар өнгийн богино куртиктэй, хар өнгийн ноосон малгайтай, малгайныхаа ар хэсэгт таван хошуу одны дүрстэй, 40-45 насны эрэгтэй хүн миний тавиур дээр байсан эмийг аваад манай эмийн сангаас гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. ...” /хх 11/,

гэрч Б.Э-ын: “...З 34 дүгээр байрны 1 давхарт байрлах эмийн сан руу ороод 5 ширхэг эм аваад гарч ирэхээр нь “Юун эм бэ” гэж асуухад “Би таньдаг дүүгээс мөнгө авах байсан учраас мөнгө байхгүй болохоор энэ эмийг өгч байна” гэж хэлсэн. З надаас “Билобил гэх эм хэдэн төгрөг вэ” гэж асуухад нь би мэдэхгүй учраас эмийн сангийн таньдаг эрхлэгчээс асуухад “Уг эм нь манайд байхгүй. Нэг хайрцаг нь 30.000-40.000 орчим төгрөгөөр зардаг байх” гэж хэлсэн. З 5 хайрцаг эм зармаар байна гэхээр нь Монелд байрлах “Гурван төгөл” эмийн санд очиж нэг хайрцгийг 30.000 төгрөгт бодож 150.000 төгрөгөөр зарж, З-д 125.000 төгрөгийг өгөөд 25.000 төгрөгийг би авсан. ...” /хх 21/,

гэрч Б.М-ийн: “...З машинд орж ирэхдээ тортой юм барьж ирээд суутал Э З-оос “Юун эм тариа аваад ороод ирэв” гэж асуухад З “Нэг хүнээс мөнгө авах байсан юм аа. Түүнийхээ оронд эм авчихлаа” гэж хэлсэн. ...Эмнүүдээ Баянзүрх дүүргийн Монел орчимд эмийн санд зарж борлуулсан байх. ...” /хх 24/,

гэрч У.А-ийн: “...2021 оны 2 дугаар сарын сүүлээр ажил дээрээ байж байхад “Н” эм ханган нийлүүлэх төвд ажилладаг залуу над дээр ирээд “Надад ийм нэг хэдэн эм байна” гээд “Билобил” нэртэй тархины цусан хангамжид уудаг эм харуулсан. Тэр залуу надад 5 хайрцгийг гаргаж ирээд, нэг хайрцаг эмийг бөөний үнээс бага үнээр санал болгосон. Би нэг хайрцаг эмийг 30.000 төгрөгөөр, 5 хайрцаг эм авсан. ...” /хх 28/,

шүүгдэгч Н.З-ын хэргээ хүлээж мэдүүлсэн: “...34 дүгээр байрны доод талд байрладаг эмийн санд би ганцаараа ороход наад талын шилэн лангууны булан дээр хайрцагтай эм байхаар нь хаалтыг нь сөхөөд хоёр хайрцаг “Билобил” гэсэн нэртэй эм байхаар нь авч гараад машиндаа оруулж тавьчихаад, дахин удалгүй нөгөө эмийн сан руу ганцаараа орж, үлдэгдэл 3 хайрцаг эмийг авсан. Тухайн 5 хайрцаг эмийг авч гарч ирээд Дарь эхэд байдаг эмийн санд 150.000 төгрөөг борлуулсан. ...” /хх 58/ гэх мэдүүлгүүд,

“Билобил” нэртэй эм нэг хайрцаг бүрийн үнэ 120.000 төгрөг, 5 хайрцаг эм нийт 600.000 төгрөг болохыг тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 31-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45-48/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.З нь “Х” эмийн санд байсан хохирогч Т.Г-ын эзэмшлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий “Билобил” нэртэй 5 хайрцаг эмийг хулгайлан авч хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгч Н.З-ын гаргасан “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.З-ын гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ