Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2023/00005

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2023/00005

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 5 дугаар байрны 174 тоотод оршин суух, Сартуул овгийн Зунрийн Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5 дугаар гудамжны 18б тоотод оршин суух, Боржигон овгийн Бадамцэцэгийн Отгонцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Түвшинжаргал, хариуцагч Б.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Түвшинжаргал нь хариуцагч Б.Отгонцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаадлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч З.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хариуцагч Б.Отгонцэцэгтэй 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр зээлдүүлэгчид шилжүүлж байхаар тохиролцсон ба 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг зээлийн хүүнд хургатай 10 хонь өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөгийг тус тус эгүүлэн төлөөгүй байна.

Иймд хариуцагч Б.Отгонцэцэгээс гэрээний дагуу олгосон үндсэн зээлийн төлбөр 1,000, 000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Түвшинжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэг найзындаа нэг үхэр арваад хонь тавьж маллуулдаг юм. Б.Отгонцэцэг эгч бас тэр айлд малаа маллуулдаг, тэгээд бид хоёр анх танилцсан. Бидний харилцаа олон жилийн өмнө эхэлсэн. Б.Отгонцэцэг эгч надаас удаа дараа зээл аваад буцааж өгөөд явдаг байсан боловч сүүлийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж авсан 2,000,000 төгрөгөө төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед эгчид нь бэлэн мөнгө алга гэж хэлээд хургатай хонь өгье гэсэн саналыг тавиад жилийн дараа үндсэн мөнгийг хүүтэй нь өгч байсан. Бид хоёрын энэ харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэрээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой байж байгаа. Энэ хүн өөрөө зөвшөөрөхгүй татгалзаж байна гээд байгаа болохоос биш гэрээ, өөрийнх нь ярьж хэлсэн зүйл, өгнө гэж хүлээн зөвшөөрсөн утгатай мессежийг явуулдаг, өгөхгүй гэж хэлэхгүй өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Би энэ мөнгийг хүнээс авч өгсөн, нөгөө хүндээ нүүртэй байхын тулд аргагүй эрхэнд шүүхэд хандах болсон. Б.Отгонцэцэг эгчтэй нүүр нүүрээ хараад уулзаж асуудлыг шийдье гэж удаа дараа оролдсон боловч Б.Отгонцэцэг эгч надтай уулзахгүй утсаа авахгүй байсан. Манай найзынхаас малаа аваад мөнгө төгрөгөө өгөхгүй гэж үзсэн юм уу яасан юм би учир шалтгааныг нь мэдэхгүй байна. Сүүлд би гэрт нь очоод уулзахад чи чаддаг юм бол тэр шүүхээр яваад мөнгөө аваарай гэж хэлсэн. Энэ хүнтэй эв зүйгээр яриад учраа олохгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 2,000,000 төгрөгийн хүү нь 10 хувиар бодоход жилийн 2,400,000 төгрөг болж байгаа. Хургатай хонийг 180,000 төгрөгөөр бодсон гэж байна, хаврын тарчиг малыг ямар ч тэнэг хүн 180,000 төгрөгөөр бодож авахгүй. Нэг хургатай хонийг 120,000 төгрөгөөр бодож 2021, 2022 онуудад төлөхөөр тохиролцож авсан нь үнэн. 2020 онд гэрээ байгуулснаас хойш бэлэн 1,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Одоогийн байдлаар 1,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж байгаа. Энэ хүний гаргасан хариу тайлбарт нэг ч үнэн үг байхгүй байна лээ. Нэг л өөрийгөө өрөвдүүлэх гэж зовсон зүдэрсэн гэж бичсэн байсан. Би энэ хүнийг гуйж мөнгө зээлээч гэж тулгаагүй, албадаагүй энэ хүн өөрөө л эрх зүйн чадамжтай, нас биед хүрсэн хүний хувьд өөрөө гэрээгээ хийгээд зээл авсан нь үнэн. Энэ хүн хоёр гурван хашаа байшинтай, бага гарын жийп машинтай, бууз хуушуурын цехтэй, хоёр гурван үл хөдлөх хөрөнгөтэй хүнээр тэжээлгээд байдаг хүн биш. Үр хүүхдээ алдсан нь бол үнэн, би сүүлд сонссон. Надтай уулзах болгондоо худлаа ярьдаг, сая хүртэл хашаа байшингаа зараад өгье гэж хэлсэн гэж байна, тэгж хэлээгүй машинаа зараад өгье гэж байсан. Нотлох баримтаар өгсөн бичлэг дээр тодорхой гарна. Энэ хүний ингэж худлаа ярьж байгаа нь цаашид итгэхэд хэцүү байна. Хавтаст хэрэгт бүх нотлох баримт байгаа. Би энэ хүнийг албадаад шахаад бараг буу тулгаж байгаад мөнгө зээлүүлсэн юм шиг яриад байгаа, тийм юм бол байхгүй, бид харилцан нас биед хүрсэн хүмүүс шиг нэг айлд мал маань байдаг гээд нэг бус удаа зээлийн гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан. Харамсалтай нь энэ хүн гэрээний үүргээ биелүүлэхгүй өдийг хүрлээ. Та гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээчээ гэж хичээнгүйлэн гуйж байна. Үнэн мөнийг шүүх тогтоож өгөх байх гэж итгэж найдаж байна. Энэ хүнд үл хөдлөх хөрөнгө байгаа өгье гэсэн сэтгэл байхгүй, эгчийнхээ нэрийг бариад байгаа болохоос биш өөрийн гэсэн үхэр мал цөөнгүй байгаа. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг хэзээ шилжүүлснээ сайн санахгүй байна. Гэхдээ надад тооцоо нийлсэн акт, зээлийн гэрээ нь байгаа болохоор надад нэмж хэлэх тайлбар алга. Иймд нэхэмжлэлээ хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв гэж баталж нэхэмжлэлээ дэмжсэн байр суурьтай байна гэв.

 

Хариуцагч Б.Отгонцэцэг шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Би З.Түвшинжаргалаас анх 2018.5.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 1,120,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг авсан. Эдгээр зээлүүдийг авснаас хойш түүнд бэлэн мөнгө 9,375,000 төгрөг, мөн 1 бүрийг нь 180,000 төгрөгөөр тооцон 20 хургатай хонь буюу 3,600,000 төгрөг нийтдээ 12.975.000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэлд дурдсанчлан би З.Түвшинжаргалаас 2020.05.14-ний өдөр 2,000,000 төгрөг зээлээгүй. Тухайн үед би эгчийнхээ малыг маллаж өгдөг байсан бөгөөд малаа хөнгөлж байсан. Мал хөнгөлж өгөхөөр хүүгийн ажлын газрын хүмүүс ирчихсэн олон хүнтэй байхад З.Түвшинжаргал нь ирчихээд намайг машиндаа оруулж суулгасан. Машинд суулгачихаад шүүхэд нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн гэрээг өөрөө бэлэн бичиж ирчихээд гарын үсэг зуруулах гээд албадаад байсан. Машины хаалгаа түгчихээд намайг буулгахгүй байж байгаад намайг хүчээр гэрээ баримтад гарын үсэг зуруулсан.

Би өмнө эрүүл байхдаа эгчийнхээ малыг маллаж маллагааны хөлсөнд жилд 10 хургатай хонь авдаг байснаа З.Түвшинжаргалд 2 удаа буюу авсан хонио бүгдийг зээлийн хүүд өгсөн. Одоо би элэгний хавдар өвчтэй ойр ойрхон эмнэлэгт хэвтдэг, бас талийгаач хүүгийнхээ 2 хүүхдийг өөр дээрээ байлгаж харж асардаг учир ямар ч ажил хийх орлого олох бсломжгүй болчихоод байгаа. Тусдаа гарсан охин маань өөрийн цалингаас илүүчилж тэжээж байгаа гэв.

Хариуцагч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би З.Түвшинжаргалаас анх 2018.5.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 1,120,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг авсан нь үнэн. Эдгээр зээлүүдийг авснаас хойш түүнд бэлэн мөнгө 9,375,000 төгрөг, мөн 1 бүрийг нь 180,000 төгрөгөөр тооцон 20 хургатай хонь буюу 3,600,000 төгрөг нийтдээ 12.975.000 төгрөгийг төлсөн байна. Би мөнгийг ор тас өгөхгүй гэж хэлээгүй, эгч нь үр хүүхдээ хардаг амьдрал хэцүү болчихлоо, би өөрөө элэгний хавдар өвчтэй мөнгөний боломж олдохгүй байна, хашаагаа зараад мөнгийг чинь өгье гэж хэлдэг байсан. Одоогийн байдлаар надад мөнгө өгөх боломж алга, би энэ хүнээс авсан мөнгөө гурав дахин нугалаад төлсөн болохоор 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүгийнхээ хоёр өнчин хүүхдийг хараад гэртээ сууж байгаа, тэтгэвэр авдаггүй. Би өмнө эрүүл байхдаа эгчийнхээ малыг маллаж маллагааны хөлсөнд жилд 10 хургатай хонь авдаг байснаа З.Түвшинжаргалд 2 удаа буюу авсан хонио бүгдийг зээлийн хүүд өгсөн. Одоо надад ямар ч боломж алга, би Хуульч эрх зүйч хүн гэхээрээ хүн доромжилж болохгүй байх. Би тэгж худлаа хэлж явдаг байсан бол таны данс руу их хэмжээний мөнгө хийхгүй байсан юм. Хэрвээ надыг үл хөдлөх хөрөнгө олонтой гэж байгаа бол судалж болно. Би Сургалтын задгайд эгчийнхээ байшинд амьдардаг, эгчтэйгээ хамт нэг үйлдвэрлэл ажиллуулдаг байж байгаад одоо зогссон байгаа. Рашаантад миний нэр дээр нэг газар байгаа, хуучин онтой нэг машин байгаа тэрийгээ нууж хаасан зүйл надад байхгүй, машинаа зарчихаад мөнгийг нь өгье гээд хэлээд явж байсан үе байгаа. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу мал хөнгөлж байх өдөр З.Түвшинжаргал бэлэн бичсэн гэрээ авчраад надтай тохиролцоогүй, машин дотроо суулгаж байгаад надаар хүчээр гарын үсэг зуруулсан. Би энэ хүнд 2020 онд 1,200,000 төгрөг, 2021 онд 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сард 10 хургатай хонь, 2022 оны 7 дугаар сард 10 хургатай хонь нийт 5,000,000 гаран төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өгсөн байгаа. Би хүнээр өрөвдүүлж өрнөөсөө салах гээд байгаа юм бишээ, би та нарт эмчийн бичгээ авчирч үзүүлж болно. Би энэ хүнд өгөх 3,000,000 төгрөгийн өрөндөө 12,975,000 төгрөг төлсөн учир дахиж мөнгө өгөх боломжгүй гэж тайлбар хийгээд байгаа. Энэ хүнтэй танилцаад өөрийн хүүхэд шиг ах дүү шиг явсан нь үнэн. Сүүлдээ манай гэрийн гадаа ирчихээд эвлэрэн зуучлах руу явъя гарын үсэг зурчих гэж ирсэн. Тэгэхээр нь би үгүй чи шүүх цагдаагаараа яв гэж хэлсэн. Энэ хүн намайг байнга тулгаж шаардаж иргэний үнэмлэхээ аваад ир гээд өөрөө гэрээ байгуулаад хүрээд ирдэг. Би энэ насандаа өөрийнхөө хүүхэд шиг хүнийг гүтгэж доромжлоод байгаа юм биш, үнэн байдал л энэ. Би энэ хүний хэлснээр цаг тухайн үед нь хүүг нь хийгээд явдаг байсан гэв. Би З.Түвшинжаргалд хангалттай мөнгө төлсөн гэж бодож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Б.Отгонцэцэгийн иргэний үнэмлэхийн канондсон хувь, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн акт, өөрийн иргэний үнэмлэхийн хуудбар,

Хариуцагч талаас өөрийн шаардлага татгалзалтай холбоотой хариу тайлбар, 5750033739 тоот дансны хуулгууд, гараар бичсэн бэлэн болон бэлэн бусаар өгсөн мөнгөний жагсаалт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй богох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, Иргэний хуулийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хүү 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг нэхэмжилж 2020 оны 5 дугаар сарын 14-ний байгуулсан гэрээгээр 2,000,000 төгрөгийг хэзээ шилжүүлснээ санахгүй байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь би Түвшинжаргалаас 2018.5.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 1,120,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд 2020.05.14-ний өдөр 2,000,000 төгрөг огт аваагүй, дээрх гурван зээлэнд нийт бэлэн мөнгө 9,375,000 төгрөг, мөн 1 бүрийг нь 180,000 төгрөгөөр тооцон 20 хургатай хонь буюу 3,600,000 төгрөг нийтдээ 12.975.000 төгрөгийг төлсөн, 2020.05.14-ний өдөр байгуулсан гэрээг нэхэмжлэгч өөрөө бэлэн бичиж ирээд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа болно.

1. Нэхэмжлэгч З.Түвшинжаргал, Б.Отгонцэцэг нар нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч зээлийн хүүг эргэн төлөх нөхцөлийн дагуу гэрээний хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн байна.

/хх-ийн 2 дугаар хуудас/

 

Гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар хариуцагч маргаагүй, харин гэрээг уншин танилцаагүй, нэг хувийг өгөөгүй, энэ гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан байна.

 

Хариуцагчийн би нэхэмжлэгч З.Түвшинжаргалаас 2018.5.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 1,120,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,120,000 төгрөгийг зээлсэн, 2020.05.14-ний өдөр 2,000,000 төгрөг зээлээгүй, нийт зээлсэн 4,120,000 төгрөгийн үндсэн зээл болон хүүнд дансаар 9,375,000 төгрөг шилжүүлсэн, 20 хургатай хонь өгсөн гэх тайлбар нь түүний шүүхэд ирүүлсэн Хаан банкны 5750033739 тоот дансны 2018, 2019, 2020 оны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 20 хургатай хонь өгч авалцсан талаар маргадаггүй хэдий ч нэхэмжлэгч 120,000 төгрөгт, хариуцагч 180,000 төгрөгт тооцож авсан гэж зөрүүтэй мэдүүлж байна.

 

Хариуцагч нь 2018.5.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.01.10-ны өдөр 1,120,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцон хүү төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хэдийгээр бичгээр байгуулж гарын үсэг зурсан 2020.05.14-ний өдрийн 2,000,000 төгрөг зээлүүлсэн гэх зээлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, 2,000,000 төгрөгийг хэзээ шилжүүлснээ санахгүй байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгдөг, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 2020.05.14-ний өдрийн зээлийн гэрээний биелэлтийг шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаас хүү авах эрхгүй байх тул хариуцагчийн зээлсэн 4,120,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан /нэхэмжлэгч 9,375,000 төгрөг дансаар, 20 хургатай хонь өгсөн/ гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сартуул овгийн Зунрийн Түвшинжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Боржигон овгийн Бадамцэцэгийн Отгонцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА