Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0389/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,

улсын яллагч К.Н,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518003920475 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бовогт Б-ийн Б, (РД:*******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, Ширээ нурууны задгай тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг 16 жил болгон өөрчилж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сарын хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 10 минутад Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч Э.Ө-н гээгдүүлсэн Хаан банкны 50****** дугаарын дансны картаар зарлагын гүйлгээ хийж 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 10 минутад Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч Э.Өн Хаан банкны ******* дугаарын дансны виза картаар 1 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ:

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “...Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас миний Хаан банкны ******* дугаартай данснаас 800,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлага гарсан байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “...Э.Өг хохирогчоор тогтоох” тухай тогтоол тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

Хохирогч Э.Өгийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Болд төмөр ерөө гол ХХК-д ажилладаг 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд Дархан Уул аймагт амарч байх хугацаанд өөрийн Хаан банкны виза картаа алга болгосон. Өөрийн Хаан банкны виза картаа хаана алга болгосон талаараа сайн мэдэхгүй байна. Амралт дуусаад 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө суманд ажил дээрээ байхад Хаан банкнаас миний гар утсанд мэдэгдэл ирэхээр нь шалгаж үзэхэд миний Хаан банкны ******* дугаартай данснаас Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улс худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөгний бэлэн мөнгөний зарлага гарсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд Хаан банкны лавлах руу залгаж асуухад бэлэн мөнгө гарсан байна гэж хэлсэн. Тухайн үед виза картаа алдсан болохоо мэдээд Хаан банкны виза картаа хаалгасан. Би өөрөө Сэлэнгэ аймагт ажилтай байсан болохоор тухайн үедээ ирж амжаагүй болохоор өнөөдөр ирж цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол учраагүй. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 37 дахь тал),

 

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Тухайн өдөр картнаас мөнгө авснаа огт санахгүй байна. ...Би өмнө нь ял шийтгэл эдэлж үзсэн хүн учраас өчнөөн камер харж байхад, бусдын картнаас мөнгө хулгайлж өөрийгөө шоронд оруулах зүйл хийхгүй. Хэрэгт авагдсанаар Шинэ Дархан олон улсын худалдааны төвийн АТМ бэлэн мөнгөний машины камерт бичигдсэн АТМ-аас картаар мөнгө авч буй хүн бол би мөн. Камерын бичлэгтэй маргах зүйл байхгүй. Би тэр АТМ-аар байнга үйлчлүүлдэг бөгөөд өдөр бүр таксинд яваад дансаар авсан орлогоо картнаасаа авдаг юм. Харин бичлэг дээрх өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх ямар учиртай мөнгө, ямар картнаас авсанаа үнэхээр санахгүй байна. Хааяа миний машинд суусан согтуу хүмүүс картнаас мөнгө авч тооцоо хийнэ гэхээр нь тэр хүмүүсийг буугаад алга болчихоос нь сэргийлж тэр хүмүүсийн картаар АТМ-аас 5000, 10,000 төгрөг авч өгч байсан удаа бол бий. Харин хэдэн зуун мянгаар нь картнаас мөнгө авхуулж байсан удаа байхгүй. Би бусдын картнаас 800,000 төгрөг хулгайлаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 33 дахь тал),

 

2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны ******** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банк ХК-ийн 5045/25/668 дугаартай “...АТМ-ын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 10 минутаас 23 цаг 15 минутын хяналтын камерын бичлэгийг хавсралт сидигээр хүргүүлж байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-56 дахь тал),

 

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 161/142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 58-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Яг тухайн хүний банкны картаас мөнгөн авсан үйлдлээ сайн санахгүй байна гэв. Гэхдээ би бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа нь бичлэгт үлдсэн байна. Иймд маргах зүйлгүй гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б-г үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдлээр хохирогч Э.Өн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улс худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-453 бэлэн мөнгөний машинд уншуулан карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар 800,000 төгрөг бэлнээр авсан үйлдэл нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Бийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Өд учирсан 800,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Э.Өд учруулсан 800,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Бовог Б-ийнийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авч, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авч байгаа бичлэг бол байна. Гэвч шүүгдэгч мөнгө авсан болон зарцуулснаа санахгүй байна гэдэг зүйлийг ярьсан нь түүний настай холбоотой мартаж, санах зүйл байгаа байх гэж бодож байна. Иймээс шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал, 4 хүүхэдтэй үүнээс том хүүхэд 16 настай, бага хүүхэд 3 настай, эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэх нь зүйтэй байна. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 14 сая төгрөгийг улсын орлого болгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2025 оны 02 дугаар сараас зорчих эрх хязгаарлах ялын хугацаа дууссан, улсын орлого болгох 14 сая төгрөгөөс 800,000 төгрөгийн үлдэгдэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж дансыг нь хаасан байгаа. Ийм учраас хохирлоо өөрөө шилжүүлж чадаагүй хүүхдийнхээ дансаар шилжүүлсэн асуудал байгаа. Шүүгдэгч Б.Б гэр бүлийн ажил хийдэг ганц хүн байдаг. Найз нөхөд нь энд, тэнд ажил гарахаар дуудаж явж ажилладаг. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, хугацаа заахгүй тэнсэх санал гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Б: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Б-ийнийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТ-АМГАЛАН