Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0279/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

улсын яллагч К.Нанжинханд,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө ,

шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000305 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  З овогт Ж-гийн С, (РД:*******),  19** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум * дүгээр баг **-* дүгээр байрны 65 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.С нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4/4 дүгээр байрны 5 дугаар орцонд урьдын таарамжгүй харьцааны улмаас хөрш айлын А.Д, Б.Б нартай маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Бийн биед бүсэлхийн L5 дугаар нугалмын зүүн талын холбоос ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуу, дээд уруулд зулгаралт, баруун, зүүн өгзөг, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, зулай, нуруу, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Ж.С нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4/4 дүгээр байрны 5 дугаар орцонд урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бтэй маргалдаж, харилцан үсдэх, цохих зэргээр зодолдож байхдаа Б.Бийг шатны бариулруу нуруугаар нь түлхэж эрүүл мэндэд нь бүсэлхийн L5 дугаар нугалмын зүүн талын холбоос ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуу, дээд уруулд зулгаралт, баруун, зүүн өгзөг, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, зулай, нуруу, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны 5 дугаар орцонд манай хажуу айлын эмэгтэй намайг хэл амаар доромжилж, миний эрх чөлөөнд халдсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “...Б.Бийг хохирогчоор тогтоосон тухай тогтоол (хавтаст хэргийн 73 дахь тал),

 

Хохирогч Б.Бийн өгсөн “...Тухайн өдөр нөхөр бид 2 ажилдаа явах гээд гарах гэж байсан. Тэгээд манай нөхөр би түрүүлээд гарч байя гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй орцонд хүмүүс орилолдоод байхаар нь юу болоод байгаан бол гэж бодоод гэрээс гартал манай нөхрийг тэр эмэгтэй заамдаад барьчихсан байсан. Манай нөхрийн фудболкыг урчихсан байсан. Тухайн эмэгтэйн ээж нь охиноо тавиачээ хүний хувцас урчихлаа гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандаад "хүүе болиочээ хүний хоолой ам боогоод яаж байгаа юм бэ" гэхэд хохчино танай нөхөр намайг зодлоо гэж орилоод байсан. Тэгээд ээж нь чи болиочээ гэхэд ээжийнхээ үгэнд орохгүй байсан. Тэгээд би салгах гээд очиход тэр эмэгтэй намайг өшиглөөд, 1 удаа нүүр рүү алгадсан. Тэгээд намайг үсдээд авсан. Ээж нь болиулах гээд охиноо тавьчих гэхэд миний үсийг зулгаагаад тавихгүй байсан. Би ээжид нь “би танай охинд гар хүрээгүй байна шүү, та харж байгаа биздээ” гэхэд ээж нь охиноо болиоч гээд салгах гээд байхад охин нь тавихгүй байсан. Тэгээд миний үснээс зулгаасан чигээрэй шатруу унагаах гээд түлхээд байсан. Намайг түлхэхэд миний нуруу, бөгс шатны бариуланд маш хүчтэй цохигдсон. Тэгээд манай нөхөр арай гэж салгасан. Цагдаа ирээд наад эмэгтэй чинь үг сонсохгүй юм байна төв дээр очоод гомдлоо гаргачих гэсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр цагдаатай ирээд уулзаж байхад нөгөө эмэгтэй наад 2 пизда чинь цагдаа таньдаг юм байна гээд орилоод байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

Гэрч Л.Дын өгсөн: “...Тухайн өдөр эхнэртэйгээ ажилдаа явах гээд би түрүүлээд гэрээс гарсан. Манай хажуу айлын эмэгтэй ээжтэйгээ зэрэг гарч ирж таарсан. Тухайн эмэгтэйн ээж нь түрүүлээд шатаар буухаар нь би араас нь буух гэтэл нөгөө эмэгтэй намайг "чи муу битгий давраад байгаарай" гэж хэлсэн. ...би "чи өөрөө битгий давраад байгаарай" гэж хэлээд хажуу талаар нь гартал нөгөө эмэгтэй миний араас дагз хэсэгрүү гараараа алгадсан. Тэгээд би эргээд харсан чинь надруу дайраад цохих гээд нүүр майжих гээд эхэлсэн. Би түүний 2 гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хориод өөрийгөө хамгаалсан. Миний хүзүү гар хэсэгт майжаад фудболк урагдсан. Тэгсэн чинь ээж нь охиныгоо "чи болиочээ хүн амьтны хувцас ураад байна” гэж хэлэхэд улам дайраад байсан. Тэгээд зууралдаад байж байтал манай эхнэр араас гараад ирсэн. Тэгээд бид 2-ийг салгах гэтэл манай эхнэрийг урдаас нь өшиглөөд алгадсан. Тэгээл манай эхнэр буцаагаад тэр эмэгтэйтэй барьцалдаад авсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй манай эхнэрийг шатруу түлхээд унагаах гээд байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гээд би эхнэрийгээ боль тавь гэж хэлэхэд манай эхнэр гараа тавьсан чинь нөгөө эмэгтэй манай эхнэрийн үснээс зулгаачихаад тавихгүй зулгаагаад байсан. Тэгсэн чинь ээж нь "хүүшээ та 2 манай охиныг зодоод байна" гэхээр нь би "эгчээ та харж байгаа биздээ би салгаж байна. Танай охин яаж байгааг та харж байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд арай гэж салгаад манай эхнэр цагдаа дуудсан. Нөгөө эмэгтэй бас цагдаа руу залгаад "намайг хүмүүс зодоод байна" гэж хэлээд дуудлага өгөөд байсан. Тэгээд тэр эмэгтэйн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр руу нулимаад "би бол бөө, танай удмыг гал голомтоор нь самарна, үр хүүхдийг чинь хараана, тэгээд ирэхээр та нар манайг ирж гуйна" гэж хараагаад манай гэрийн хаалга руу нулимаад байсан. Тэр эмэгтэй надад хандаж "танай эхнэр чамайг байхгүйд шөнийн цагаар гэртээ дандаа согтуу ирдэг. Тэгээд дандаа залуучуудтай ирдэг. Танай эхнэр янхан банзал гэж найзууд чинь хэлдэг юм байнлээ түмний шившиг болгоно" гэж хэлээд байсан. Тэгээд эмнэлэг рүү үзүүлэх гээд очиход тэр эмэгтэй араас орж ирээд хохирогч нь түрүүлж ордог юм малаа гэснээ нөхөр рүүгээ залгаад "энэ залуутай одоо өстөн болсон. Зүгээр өнгөрөөнө гэж байхгүй даварцан пиздаа байна. Ирэхээрээ энийг цустай нь холиорой гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

Гэрч Ч.Оын өгсөн: “...Би охин Ж.Сгийн хамт манай гэрлүү явах гээд гэрээс гарсан. Тэгсэн чинь хажуу хөрш айлын залуу гэрээсээ гарч ирсэн. Тэгээд урд гараад шатаар ханхалзаад явж ядаад байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн чинь манай охин тэр залуутай хэрэлдээд эхэлсэн. Тэгээд манай охиныг багалзуурдсан. Тэгээд манай охин тэр залуугийн цамцнаас зуурсан тэгсэн чинь тэр залуу “наад цамц чинь чамаас үнэтэй шүү” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуугийн эхнэр нь гарч ирээд манай охиныг шууд цохиж авсан. Манай охины уруулнаас цус гарсан. Тэгээд гэдэсрүү нь элэгдээд байсан. Тэр залуу манай охиныг шатруу түлхэж унагасан. Охин унахдаа шагайгаа эвгүй болгосон. Тэгээд эхнэртэй нь манай охин үсдэлцсэн. Тэгсэн чинь нөгөө залуу манай охиныг 2-3 удаа хана мөргүүлээд эхнэрээ салгаад авсан. Тэгээд манай охин бас тэр залуугийн эхнэр мөн цагдаа дуудсан. Тэгээд би охиноо аваад гэрлүү орсон. Цагдаа ирээд төв цагдаа руу явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

Шүүгдэгч Ж.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны 65 тоот гэрээсээ ээж Ч.Оыг эмнэлэгт үзүүлэхээр гарсан. Гэрээс гарахад хажуугийн 64 тоот айлын нөхөр болон Д ганцаараа гарч ирсэн. Тэр залуу гэрээсээ гарч ирээд надруу биеэрээ пээдэлзсэн хэлбэр дүрс гаргаж байснаа надад хандан "Чи муу давраад байгаарай" гэж хэлэхээр нь "Би даварч байна уу. Чи даварч байна уу. Чи манай хаалгыг харин шөнөөр агсам тавьж хонхойтол өшиглөсөн биздээ. Би харин ч цагдаад өгөөгүй шүү" гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс "Битгий солиор чи муу намайг олон нийтийн сүлжээнд доромжилдог хэн бэ" гэж хэлэхээр нь би түүнд хандан "Чи ч бас намайг байрны чатанд доромжилсон биздээ" гэхэд бид хоёр 3 давхрын шатан дээр 5-10 минут орчимд маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг нүүр лүү гараараа мангастаад шатруу түлхээд унагаасан. Би шатруу унахдаа тэр залуугийн цамцнаас зуураад унасан бөгөөд тэр үед цамц нь урагдсан. Тэгснээ миний үнэтэй цамц урлаа гэж хэлээд уурлаад байхаар нь хүнээс үнэтэй цамц гэж байдаг юм уу гэж хэлсэн. Тэгээд ээж Ч.О бид 2-ын голд зогсоод тэр залуутай маргалдсан. Тэр залуугийн эхнэр Б.Б гэх эмэгтэй гэрээсээ гарч ирэнгүүтээ шууд намайг "Чи муу сэтгэцийн өвчтэй авгай, чамайг мэдэхгүй хэн байдаг юм, чи хүүхдээ зодож нүддэг биздээ. Муу жомбого авгай" гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь би зөрүүлээд "Чи харин шөнийн 02:30 цагт согтуу хаалгаа сэмхэн онгойлгоод ордогийг чинь мэднэ шүү" гэж хэлэхэд Б.Б шууд миний нүүр хамар уруул хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод, гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би Б.Бээс өөрийнхөө биеийг хамгаалаад хүзүү хэсэгрүү нь түлхсэн бөгөөд тухайн үед би хананд налчихсан байсан. Тэгтэл нөхөр Д нь намайг барьж аваад хананд саваад дагз, дал хэсгээр хана мөргүүлсэн. Тэр үед Б.Б нь гараараа миний гэдэс рүү 2 удаа цохьсон бөгөөд нүүр маажих гээд зүтгээд байсан. Тэгтэл манай 14 настай охин Н.С, 7 настай Н.Ж  нар гэрийнхээ хаалгаар шагайгаад харж байсан. Тэгэхээр нь би охиндоо хандан "Чи миний утсыг аваад бичлэг хийлдээ" гэж хэлэхэд охин гүйж гарч ирээд халааснаас утас аваад бичлэг хийсэн. Тухайн үед охин бичлэг хийгээд эхлэнгүүт тэр эхнэр нөхөр 2 над руу дайрахаа болиод явах гээд байхаар нь би тэднийг явуулахгүй байж цагдаа дуудсан. Б.Б нь бас цагдаа дуудна гэж байсан. Цагдаа ойролцоогоор 30 минут орчим болж ирсэн. Би гэртээ орж хамрын цусаа угаачихсан байсан.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 355 дугаартай “Ж.Сгийн биед дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруул, зүүн шилбэ, нуруу, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Яаралтай тусламжийн 202504141222 дугаартай хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 357 дугаартай “Б.Бийн биед бүсэлхийн L5 дугаар  нугалмын зүүн талын холбоос ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуу, дээд уруулд зулгаралт, баруун, зүүн өгзөг, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, зулай, нуруу, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Яаралтай тусламжийн 202504141315 дугаартай хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Бийн Дархан Нэгдсэн эмнэлгийн бүсэлхий нурууны тодосгогч бодисгүй КТ-ийн шинжилгээ (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ж.Сгийн Саран элит эмнэлгийн оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 99 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “...Ж.Сгийн биед дүгнэлтэд тусгагдаагүй хамрын таславч муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг хэзээ авсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

 

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...хохирогч Б.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт” (хавтаст хэргийн 130-132 дахь тал),

 

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Ж.Сгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт” (хавтаст хэргийн 135-137 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Сгийн мэдүүлэг: Манайх анх 2023 оны 12 дугаар сард энэ байранд шилжиж ирсэн. Би ямар айл гэдгийг мэдэхгүй байсан. Манай хүүхэд энэ байранд орсноос хойш шөнө болгон уйлаад байгаа. Аргадаад тайвшруулах гэхээр тайвшрахгүй байсан. Тэгтэл хохирогчийн нөхөр манай хаалгыг маш чанга цохиод би чамайг 108 дуудаж өгнө. Чи хүүхдийгээ байнга зоддог гээд дарамталсан. Хохирогч мэдүүлэгтээ худал зүйл их мэдүүлсэн байна лээ” гэв.

 

Хохирогч Б.Бийн мэдүүлэг: “...Тухайн үед эрүүл мэндтэй үйлчилгээтэй зардал нэхэмжилье гэсэн бодол байгаагүй. Харин одоо бол сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа гэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.С нь шүүх хуралдааны дэгийг зөрчиж, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийг биелүүлээгүй, шүүх хуралдааны танхимаас гаргах тухай сануулахад дахин зөрчил гаргасан тул түүнийг  шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход шүүх хуралдааны танхимд байлцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 357 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.Бийг үсдэж, цохих, түлхэж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.

 

Уг гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан  идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр  шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байх ба гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч харилцан бие биеэ үл хүндэлснээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Бийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Сг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгсөн баримтгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгээс хохирогч Б.Б нь яаралтай тусламж авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн төлбөрийг хариуцан гаргажээ. (хавтаст хэргийн 58 дахь тал)

 

Дээрх хохирлыг шүүгдэгч Ж.Сгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... сэтгэцэд ... хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.С нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4/4 дүгээр байрны 5 дугаар орцонд урьдын таарамжгүй харьцааны улмаас хөрш айлын хүн болох эхнэр, нөхөр А.Д, Б.Б нартай хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэрүүл маргааны үүсгэсний улмаас харилцан бие биедээ халдсан. Харилцан халдах явцдаа шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.Бийн биед шинжээч эмчийн дүгнэлтээр гарсан хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ж.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой баримт ирүүлээгүй. Эрүүл мэндтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой. Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Б.Бийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн 28,350 төгрөгийн зардал гарсан. Энэхүү Эрүүл мэндийн даатгалын хэлтэс гарсан 28,350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй, шүүгдэгч Ж.Сгийн үйлдэл Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн зүгээс хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтууд нь хоорондоо уялдаа холбоотой баримтууд гэж байгаа нь үндэслэлтэй. Тухайн үед болсон үйл баримтын хувьд хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тухайн үед учирч болохуйц гэмтлүүд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудаар хохирогчийн бие буюу нурууны ар хэсгийн хөхрөлт, компьютер томографын үзүүлэлт, хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг заавал хойшлуулахгүйгээр нэг мөр хэлэлцэж шийдэх боломжтой эсхүл хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой. ...Эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүй” гэв.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “.... Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг уншиж судлахад тухайн гэмтлийг тогтоох хоёр эмчийн дүгнэлт л байгаа. Гол дүгнэлтийг компьютер томографаар гаргасан Э.Хишигжаргал гэх эмчийн дүгнэлт гэж би ойлгож байгаа. Уг дүгнэлтэд ясанд гэмт байхгүй буюу яс хугараагүй гэж дүгнэсэн. “inferioir articular process гэх  үг нь монголоор орчуулаад ойлговол нурууны өрөвслийн үеийн хугарал” гэсэн үг байгаа. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хохирогчийн мэдүүлж байгаагаар хохирогч нь нурууны өрөвсөлтэй байсан гэж дүгнэлээ. Улсын яллагчийн тухайд сэртэн ясны хугарал гэж тодорхойлоод байна. Тухайн үг нь энэ дүгнэлтэд байхгүй. Гэтэл Б.Н  эмчийн дүгнэлтээр L5 буюу нурууны нугалмын хугарал гэж тайлбарласан. Хохирогчийн сэртэн яс хугарсан байгаа юм уу? эсхүл нурууны доод яс хугарсан байна уу? гэдгийг тодруулахын тулд зургийг нь хармаар байна. Хэрэв хавтаст хэрэгт зураг нь байсан бол шинжээч эмчийг оруулаад тухайн зургийг тайлбарлуулах байсан боловч тухайн зураг нь ирээгүй. Надад эдгээр зүйл дээр эргэлзээ төрөөд байна.  Учир нь дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаад байгаа. Улсын дээд шүүхийн 227 дугаар тогтоолд хүний гэм буруутайг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгсэлд шаардлагатай бүх ажиллагааг хийх хэрэгтэй. Миний бие бүх ажиллагааг төгс хийлгэхийн тулд өмгөөлөл хийж байгаа. Хоёрдугаарт 108-ын талаар яриад байна. Энэ шүүх хуралдаанд яагаад шалгагдаагүй асуудлыг яриад байгаа юм. Хэрэв 108 дугаарт дуудлага өгвөл Улаанбаатар хотын 108 дугаарт холбогддог юм байна лээ. Тэгээд хаанаас ярьж байгааг нь тодруулаад холбогдох газар луу холбогдохыг хэлдэг юм байна лээ. Гэтэл 108 дуудсан нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй байхад шүүгдэгчийг буруутгахын тулд яриад байгаа ойлголт надад төрсөн. Иймд хохирогчийн нурууны аль хэсэг хугарсан талаар зөв тогтоох нь зүйтэй гэж үзэж өмнө нь гаргаж байсан хүсэлтээ дэмжиж байна. Мөн миний хувьд туршилт хийлгэх хүсэлт тавьсан. Туршилт хийхдээ аль нэг талын өмгөөлөгчийг байлцуулах хэрэгтэй. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх буюу дахин дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав. Улсын яллагч: Шүүгдэгч Ж.Сгийн үйлдэл Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Ж.Сг энэ хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тус таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлье. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг гаргаж байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон учир ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Ж.Сгийн хувийн байдал болох 3 хүүхэдтэй, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч Ж.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63-67 дахьтал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Ж-гийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Сгээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 28,350 (хорин найман мянга, гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТ-АМГАЛАН