Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/646

 

     Л.Э-д холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1273 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Л.Э-д холбогдох эрүүгийн 2006025722747 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Л-ийн Э, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, их эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, охин, хүргэн, зээ нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, “Х” хотхоны тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” супермаркетад худалдаалагдаж байсан хүүхдийн бэлэгт урьдчилан сэргийлэх шалгалт хийх явцдаа “Haribo” нэртэй чихрийн савлагаан дээрх огноо /шошго/-г санаатайгаар гараараа үрж арилган, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан стандарт зөрчсөн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхдаа буюу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “А” ХХК-ийн импортолдог “С” худалдааны төвөөр худалдаалагдаж буй “Haribo” нэртэй чихрийн шошгоны мэдээлэл зөрчилтэй гэх үндэслэлгүй худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Haribo” нэртэй чихрийн шошгоны мэдээлэл зөрчилтэй гэх байдал нь илт худал мэдээлэл мөн эсэх, улмаар дээрх байдлын талаар танилцуулга бичсэн нь олон нийтэд тараасан үйлдэл болох эсэх, уг танилцуулгыг үнэн зөв эсэхийг хэн, хэрхэн ямар үйл явцын дагуу нягталж шалгаж тогтоодог талаар нөхцөл байдал тодорхой бус байна. Мөн энэ хэргийн хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан этгээд нь хэн болохыг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй.

Мөн хохирогчоос учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзсэн байхад прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа “хохирогчийн зүгээс хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед “Haribo” чихрүүд дээрх шошго стандартын шаардлага хангаж байгаа эсэх, чихрийн шошго зөрчилтэй эсэх талаар мэргэжлийн шинжээч томилуулах, шошгоны мэдээлэл арилахааргүй байна гэсэн ойлголтод ямар шалтгаан, нөхцөлүүд хамаарах талаар гэрчийн мэдүүлэг авахуулах, уг ажиллагаанд өөрийг нь оролцуулж асуулт тавих нөхцөлөөр хангахыг хүссэн хүсэлт, уг хүсэлтийг хангахаас татгалзсан хяналтын прокурорын шийдвэрт дээд шатны прокурорт гомдлыг тус тус удаа дараа гаргаж байжээ. “Шошгоны мэдээлэл арилахааргүй байна” гэсэн ойлголтод ямар шалтгаан, нөхцөлүүд хамаарах талаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн боловч яллагдагчийн өмгөөлөгчийг байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрхийг нь эдлүүлээгүй. Хяналтын прокурор ямар үндэслэлээр шинжээч томилуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан талаараа, дээд шатны прокурор нь өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан хяналтын прокурорын шийдвэр ямар учраас үндэслэлтэй талаар шийдвэртээ тус тус заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйл, мөн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үндэслэл тодорхой байх” хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна. Эдгээрийг шалгаж тогтоох, хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөх эсэх, шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бий эсэхийг тогтооход ач холбогдолтой юм. Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзээд хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Тухайлбал, гэрч Д.Д-ийн /2хх 12-15/, гэрч П.Н-ийн /1хх 55-56/, гэрч Д.Ц-ийн /1хх 60-62/, гэрч Л.Д-ийн /1хх 63-64/, гэрч Ё.О-ын /1хх 65-66/, гэрч Б.А-ийн /1хх 67-68/ мэдүүлгүүд, Мэргэжлийн хяналтын байцаагчийн 0061217 дугаартай “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийн эх  хувь, хуулбарууд /1хх 36-37, 75/, “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтод тавих шаардлага стандарт MNS6648:2016” баримт бичиг /1хх 78-83/, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Э-д сахилгын шийтгэл оногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын хуулбар /1хх 150/, Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл /1хх 245-247/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 130-131, 2хх 27-28, 34/, Капитрон банкны “Гадаад гуйвуулгын даалгавар”-ын хуулбар хувь /2хх 37-38/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Л.Энь “Haribo” нэртэй чихрийн савлагаан дээрх огноо /шошго/-г санаатайгаар гараараа үрж арилган, акт үйлдэлгүй дээжлэн хураан авч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, стандарт зөрчсөн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхдаа үндэслэлгүй танилцуулгыг дээд шатны байгууллагадаа хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь ирүүлсэн танилцуулгыг нэгтгэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Zuv.mn” сайт болон бусад мэдээллийн хэрэгслээр “А” ХХК-ийн импортолдог, “С” худалдааны төвийн бэлгэнд боосон “Haribo” нэртэй чихэр шошгоны мэдээллийн зөрчилтэй байсан, “Haribo” зэрэг 5 төрлийн чихрийг худалдаанаас татсан талаар мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Савласан хүнсний шошгололтод тавих үндсэн шаардлага стандартын 8.1.2-т заасан заалтыг MNS6648:2016 стандартын 7.3-т заасан шошгоны мэдэгдэл нь худалдааны болон хэвийн нөхцөлд хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй, хялбар уншигдахуйц байна гэж заасан. Үүнийг бол гараас гарт болон худалдааны хэвийн нөхцөлд арилахааргүй байх ёстой, харин гараар үрж арилгаж байгаа нь энэ стандартын арилахааргүй гэсэн утгад хамаарахгүй талаар Стандарт хэмжил зүйн газарт Хүнсний стандартчиллын  техникийн хорооны нарийн бичгийн дарга Д.Д тодорхой мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн туршилтаар бараа бүтээгдэхүүний шошго гараас гарт шилжихэд арилаагүй, харин чанга дарах, хүчтэй үрэхэд арилсан зэрэг үйл баримт тогтоогдсон байхад хэргийг “Haribo” чихрийн шошгоны мэдээлэл зөрчилтэй гэх байдал нь илт худал мэдээлэл мөн эсэхийг тогтоогоогүй гэж мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Савласан хүнсний шошгололтод тавих үндсэн шаардлага стандартын 8.1.2-т заасан заалтыг MNS6648:2016 стандартын 7.3-т “шошгоны мэдээлэл нь худалдааны болон хэвийн нөхцөлд хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй, хялбар уншигдахуйц байна” гэж тодорхой заасан, энэ нь гараар үрж арилгасныг стандарт зөрчсөн гэж үзэхгүй гэдгийг тогтоосон байхад шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Э нь хууль зөрчиж шалгалт явуулсан, шошгоны мэдээллийг гараараа үрж арилгасан, стандарт зөрчигдсөн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байж танилцуулга явуулснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон нийтэд мэдээлэл хийсэн, уг танилцуулгыг нягталж шалгах үүрэг нь Л.Э-д байсан болох нь тогтоогдсон байхад хэрэг хариуцах этгээд хэн болох нь эргэлзээтэй гэж буцаасан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан, хохирогч шүүх хуралдаанд оролцон хэргийн болсон үйл явдлын талаар, өөрт учирсан хохирлыг хэн, хэрхэн учруулсан талаар мэдүүлэг өгсөн байхад түүний мэдүүлэг болон хэрэгт цугларсан үйл баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Л.Э-ийн гаргаж өгсөн мэдээллийг мэдээлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1273 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлийг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шошгоны зөрчилтэй байсан уу гэдгийг тогтоолгох хүсэлт гаргасан. Шошгоны зөрчлийг тогтоож өгөөгүй байж худал мэдээлэл тараасан гэж хүнийг буруутгаж болох юм уу гэдэг байдлаар шинжээч томилж өгөөч гэж, үйлдвэрээс тавигдсан шошго мөн үү эсвэл өөр байдлаар тавигдсан шошго байна уу гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Стандарт хэмжил зүйн мэргэжилтнүүдээс шошго стандартыг тайлбарлах чиглэлээр мэдүүлэг авч өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч биднийг оролцуулахгүйгээр мэдүүлэг авч шийдвэрлэсэн байсан. Шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурор хүлээж аваагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс харъяалах нутаг дэвсгэрийн дэлгүүр, худалдааны төвүүдээр баяр, наадмыг угтан зохион байгуулдаг өргөтгөсөн худалдааны үед худалдаалагдаж буй дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүний байдалд хяналт тавьж ажиллажээ.

Тус хэлтсийн улсын байцаагч Л.Э нь “А” ХХК-ийн   “С” супермаркетад хяналт шалгалт хийж, хүүхдийн бэлгийн багцад орсон “Харибо” чихрийн шошгоны мэдээлэл арилж байгаа зөрчлийг арилгуулахаар нийлүүлэгч “А” ХХК-д нэр бүхий чихрийн буцаалт хийлгүүлж, хяналт тавьж ажилласан тухай танилцуулгыг дээд шатны албан тушаалтандаа хүргүүлсэн байна.

Улмаар хяналт шалгалтын хүрээнд хийгдсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Zuv.mn”, “Shuurhai.mn” зэрэг мэдээ мэдээллийн цахим хуудсуудаар олон нийтэд мэдээлжээ.

Шүүгдэгч Л.Э нь хяналт шалгалтын үр дүнд танилцуулга бичиж дээд шатны албан тушаалтанд хүргүүлсэн, тус танилцуулга, мэдээллийг өөр этгээд буюу дээд шатны албан тушаалтан Д.Ц нь олон нийтэд мэдээлсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шошгоны мэдээлэл зөрчилтэй гэх байдал нь илт худал мэдээлэл мөн эсэх, улмаар дээрх байдлын талаар танилцуулга бичсэн нь олон нийтэд тараасан үйлдэл болох эсэх, уг танилцуулгыг үнэн зөв эсэхийг хэн, хэрхэн ямар үйл явцын дагуу нягталж шалгаж тогтоодог талаар нөхцөл байдал тодорхой бус, ...мөн энэ хэргийн хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан этгээд нь хэн болохыг зөв тогтоох...” талаар дурдаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Мөн прокуророос Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахдаа гэмт хэрэгт хамтран оролцож, гүйцэтгэсэн этгээдэд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодруулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурор С.Оюунжаргалын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1273 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1273 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ