Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2023/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2022/0044/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Бадамдорж

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Д.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг бүртгэж, баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалтгалтын бүртгэлд Алтангэрэл овогтой Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Бадамдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунболд, гуравдагч этгээд Д.Мөнхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /цахимааар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Бадамдорж нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан Төрийн албаны тусгай шалгалтад Д.Мөнхжаргалыг бүртгэж, баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгч А.Бадамдоржийг төрийн албаны тусгай шалтгалтын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргаж байна.

Нэхэмжлэгч А.Бадамдорж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр томилогдон ажилласан. Улмаар 2018 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцож Дархан-Уул аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн. Уг тогтоолыг үндэслэн миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болно. Мөн 2021 оны 09 дүгээр сард Удирдлагын академиас зохион байгуулж байсан эрхэлсэн түшмэлийн сургалтанд бүртгүүлэхэд Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нь А.Бадамдорж нь төрийн жинхэнэ албан хаагч биш хэмээн эрхэлсэн түшмэлийн сургалтаас хасуулсан.

Иймд Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Энхмаатай утсаар ярилцан төрийн жинхэнэ албан хаагч мөн болохоо нотолсон баримтуудаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүйгээр миний албан тушаалыг зарлуулахаар болсон. Миний бие нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нд Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 236 дугаартай тогтоолоор дахин Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь дахин миний ажлын байрны орон тоог зарлахад Д.Мөнхжаргал бид 2 бүртгүүлсэн ба Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан. Надад Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан талаар огт мэдэгдээгүй ба 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед танил хүн хэлэхээр нь мэдэж салбар зөвлөлийн нарийн бичиг Э.Энхмаа руу утасдаж намайг бүртгэж баталгаажуулаагүй талаар гомдол гаргана гэсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалтгалт өгөх болзол журам”-ын 5.4-т заасны дагуу тусгай шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдөр гаргаж болно гэсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Ч.Мөнгөнзулд гомдлоо гаргаж өгсөн. Надад Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан бичиг ирүүлсэн ба тус албан бичиг нь ямар үндэслэлээр намайг баталгаажуулаагүй Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан талаар тусгаагүй, ойлгомжгүй байсан тул тус шүүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан шийдвэр нь гарснаар миний Үндсэн хууль болон холбогдох хуулиудад заасан, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхэд ноцтой халсан үйлдэл болсон гэж үзэж байна. Учир нь одоо би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаа ба дээрхи хууль бус баталгаажуулт, шалгалтыг авснаар намайг ажлаа өгөхийг удаа дараа шаардаж дарамталж байна. Миний зүгээс Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээс үндэслэлгүйгээр хасагдсанд гомдолтой байна.

Харин Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан шийдвэр нь үндэслэлгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23.2.3-т “...ахлах түшмалийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй, жил үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй ажилласан байх бөгөөд мэргэшүүлсэн багц сургалтанд хамрагдаж төгссөн байх” гэж заасан. Гэтэл дээрхи шалгуурыг Д.Мөнхжаргал нь хангаагүй дэс түшмэлийн албан тушаалд 3 жил ажиллаагүй байхад үндэслэлгүйгээр баталгаажуулсан байна. Монгол Улсын хууль тогтоомж иргэн бүрт ижилхэн үйлчлэх ёстой. Миний зүгээс энэ албан тушаалд томилогдох гэж өөрөөс хамаарах бүхий л зүйлийг дайчилж ирсэн. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс удаа дараа зохион байгуулалтайгаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх урьдчилсан нөхцлүүдийг хууль бусаар бүрдүүлж явуулж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч А.Бадамдорж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “... Нэхэмжлэгч А.Бадамдоржийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг баталгаажуулсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтын Д.Мөнхжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалтгалтын бүртгэлд Алтангэрэл овогтой Бадамдоржийг бүртгэж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар нэхэмжлэгч талаас хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотгох баримтууд дээр үндэслэн дараахи байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг дараахи байдлаар өөрчилж байна.

1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг: Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг бүртгэж, баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг: Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,

З дахь нэхэмжлэлийн шаардлагыг: Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл төрийн албаны тусгай шалтгалтын бүртгэлд Алтангэрэл овогтой Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэж өөрчилж байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд зарлагдан Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан тусгай шалгалтад зарлагдсан Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын шалгалтын бүртгэлтэй холбоотой гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 4.1.5-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх” гэсэн заалтыг үндэслэн тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан болон Төрийн албаны тухай хуулийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ...” гэсэн шаардлагыг хангасан тухай бүртгүүлэгч Д.Мөнхжаргалын цахимаар ирүүлсэн материалд хавсаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 27, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот тогтоолыг үндэслэн дэс түшмэлийн албан тушаалд ажилласан хугацааг хангасан гэж үзэж бүртгэлийг баталгаажуулсан.

2.Нэхэмжлэлд дурдсан ...төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн тухайд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.3-т “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн удирдах албан тушаалтны нөөц” байх бөгөөд журмын 3.1.2-т зааснаар энэхүү нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн ажлын алба хөтөлнө гэж заасан байдаг. Гомдолд дурдсан Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн гэх асуудал нь энэ журамд заасан нөөцөд хамаарахгүй болно.

З.Нэхэмжлэлд ...төрийн албан жинхэнэ албан хаагч мөн болохоо нотолсон баримтуудаа хүргүүлсэн боловч хариу өгөөгүйгээр миний албан тушаалыг зарлуулахаар болсон гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2.5-д зааснаар Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тооны захиалгыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/23 тоот албан бичгээр ирүүлснийг үндэслэн уг орон тооны тусгай шалгалтыг зарласан.

4.Бүртгэлтэй холбоотой гомдлыг шалгалтын комисст гаргахдаа өөрийн бүртгэлийг ямар учраас баталгаажуулаагүй талаар дурдаагүй байсан учраас өргөдөлд дурдсан бүртгүүлэгч Д.Мөнхжаргалыг хэрхэн бүртгэсэн талаарх хариуг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 150 тоот албан бичгээр А.Бадамдоржид хүргүүлсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Мөнхжаргал 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... А.Бадамдоржийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Д.Мөнхжаргал би танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

... Нэхэмжлэгч А.Бадамдорж нь нэхэмжлэлдээ намайг дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байхад Төрийн албаны салбар зөвлөл нь үндэслэлгүйгээр шалгалтад бүртгэж баталгаажуулсан гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2013 онд ахлах түшмэлийн шалгалтад орж тэнцэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот “Ажилд томилох тухай” тогтоолоор Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурльн нарийн бичгийн даргын албан тушаал /ТЗ-7-1/-д томилогдсон. Би 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал уг албан тушаалд ажиллаж байгаад Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Буянхишигт 03 сарын цалингүй чөлөө авах саналаа хүргүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар миний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж надад 03 сарын цалингүй чөлөө өгсөн. Энэ хугацаанд миний ажиллаж байсан ажлын байр хадгалагдаж байсан. Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд би эргэж ирсэн бол ажилдаа буцаж орох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь тухайн үед шаардлага хангасан ахлах түшмэлийн шалгалт өгсөн Төрийн алба хаагч олдоогүй шалтгаанаар тухайн албан тушаалд томилогдсон албан тушаалтан байгаагүй. Гэтэл миний чөлөөтэй байсан энэ хугацааг А.Бадамдорж нь ажиллаж байсан хугацаанд орохгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм байна гэж ойлголоо.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн нийтлэг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байна. Энэхүү зохицуулалтыг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэвэл би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний ажлаас чөлөөлөгдсөн өдөр мөн гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон уйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3.7 дахь хэсэгт “Төрийн байгууллагын дотоод журамд заасны дагу чөлөөтэй байсан хугацаа”-г төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл миний дээрхи захиргааны чөлөөтэй байсан 03 сарын хугацаа маань уг журмын дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг хаасан хугацаанд тооцогдохоор байна.

Иймд би Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр томилогдон, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр чөлөөлөгдсөнөөр 03 жил, 03 сар, 22 хоног ажилласан тул А.Бадамдоржийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан намайг ажилласан жилийн шаардлага хангаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн А.Бадамдорж нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд зөвхөн миний бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргасныг салбар зөвлөл хүлээн авч А.Бадамдоржийг журамд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй, мөн 2 Д.Мөнхжаргалын ажилласан жил шаардлага хангаж байгаа учир гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл түүнд өгсөн гомдлын хариу зэргзэр нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралт нэгээр батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалтыг өгөх болзол журам, загвар батлах тухай” журмын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байна. Эндээс үзвэл Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг комисс өөрөө эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд энэ шийдвэр нь эцсийн шийдвэр байдаг байна. Өөрөөр хэлбэл, тусгай шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд хандах боломжгүй гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан. Эндээс үзвэл нэр дэвшигч шалгалттай холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлөөр урьдчилан шийдвэрлүүлж, дараа нь шүүхэд хандах ёстой байна. Харин бүртгэлтэй холбоотой гомдлыг дээрхи журмын дагуу салбар зөвлөл эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Мөн А.Бадамдорж нь өөрийгөө Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албаны нөөцөд бүртгэгдэж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар төрийн жинхэнэ албанд томилогдсон байхад бүртгээгүй нь үндэслэлгүй гэжээ. Гэтэл 2017 оны Төрийн албаны тухай хууль, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, албан тушаалд тэмилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40-д “...өмнөх сонгон шалгаруулалтад орсоноос өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 4.1.4-т “Ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэний хувьд тухайн орон нутгийн Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртэлтэй байх” гэж тус тус заасан байдаг. Тиймээс Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс А.Бадамдоржийг Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон нь хуульд нийцээгүй, хууль бус томилгоотойгоор ахлах түшмэлийн албан тушаалд ажилласныг ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй гэж үзээд шалгалтын баталгаажуулалтыг хийгээгүй хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн А.Бадамдорж нь шалгалтын цахим программд бүртгүүлэхдээ Чинбаяр гэх бүртгүүлэгчтэй адил цэргийн үүрэгтний үнэмлэх, үр дүнгийн үнэлгээний материалуудыг хавсаргаагүй буюу материал дутуу үндэслэлээр мөн бүртгэл нь баталгаажаагүй болох нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын комиссын хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Гэтэл шалгалтад бүртгүүлэх үед цахим программд оруулаагүй байсан дутуу материалуудаа А.Бадамдорж нь сүүлд шүүхэд нэхэмжлэл өгөхдөө программ руу нэмж оруулсан байна гэх асуудал сөхөгдөж байна. Би энэ талаар Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хүмүүстэй очиж уулзахад ийм асуудал гарсан байгааг надад хэлсэн юм. А.Бадамдорж нь төрийн албаны шалгалтын цахим программд өөрийн сүүлийн 3 жилийн үр дүнгийн үнэлгээтэй холбоотой баримтууд, сахилга ёс зүйн хариуцлага хүлээгээгүй гэсэн албан тоотыг шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмж хийсэн болох холбогдох албан тушаалтнуудын тайлбараас ойлгомжтой болоод байна. Мөн программд хийсэн дээрхи баримтууд нь зарим нь хуурамч буюу албан тушаалтнуудын гарын үсгийг дууриалган зурсан байж болзошгүй байна. Иймд би шалгалтын цахим программд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа баримтуудаа нэмж хавсаргасан А.Бадамдоржийн хууль бус үйлдлийг нотлуулахаар Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр асуулгах хүсэлтээ шүүхэд гаргана гэдгээ мэдэгдэж байна. Иймд А.Бадамдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Бадамдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            1.Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

            2.Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

            3.Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар  хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бусад баримтуудыг үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар ахлах түшмэлийн удирдах албан тушаалын орон тоог зарлаж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагийн хооронд бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 17.00 цагийн хооронд төрийн албаны тусгай шалгалтыг авахаар товложээ.

            Тус орон тоо буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд нэхэмжлэгч А.Бадамдорж, гуравдагч этгээд Д.Мөнхжаргал нар нэр дэвшиж, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд цахимаар материалаа ирүүлжээ.

            Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай “Комисс томилох тухай” тогтоолоор томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж нэр дэвшигч нарын цахимаар ирүүлсэн хүсэлт холбогдох баримтууд хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж үзээд, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэр дэвшигч нарын бүртгэл баталгаажуулалт хийхдээ Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад нэр дэвшигчээр гуравдагч этгээд Д.Мөнхжаргалыг бүртгэж баталгаажуулан, нэхэмжлэгч А.Бадамдоржийг холбогдох баримтыг дутуу ирүүлсэн үндэслэлээр бүртгэж баталгаажуулахаас татгалзаж цуцалжээ.

            Нэг: Нэхэмжлэлийн нэг болон  хоёр дахь шаардлагын тухайд:

            Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан байх бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол болон хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын “Ахлах тшмэл” ангилалын ТЗ-5 зэрэглэлд хамаарах нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

            Гуравдагч этгээд Д.Мөнхжаргалын хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байхад Сэлэнгэ аймаг дах Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс /цаашид шалгалтын комисс гэх/ хуралдаж нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулан шалгалтанд оролцуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

            Учир нь гуравдагч этгээд Д.Мөнхжаргал нь анх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдож, мөн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” тогтоолоор чөлөөлөгдөж, дэс түшмэлийн албан тушаалд 3 жил, 3 сар, 22 хоног ажиллаж ахлах түшмэлийн албан тушаалд тавигдах 3-аас доошгүй жил дэс түшмэлийн албан тушаалд ажилласан байх шаардлагыг хангасан гэх боловч Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон шалгалтын комисст гуравдагч этгээд Д.Мөнхжаргалын нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ирүүлсэн баримт болон шалгалтын комиссын хурлын тэмдэглэл[1], мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн /тэргүүлэгчдийн/ хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, холбогдох баримт бичиг, ажлын компьютерт хийсэн үзлэгээр дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Тухайлбал Д.Мөнхжаргалыг Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн гэх боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02-4в/866 тоот[2] албан бичгээр Д.Мөнхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан талаар лавлагаа, мөн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 тоот албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа[3]-аар Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 34 сар буюу 2 жил 10 сар ажилласан болох нь тогтоогдож байна.

            Мөн гуравдагч этгээд Д.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 02 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 03 сарын хугацаатай чөлөө хүссэн өргөдөл бичгээр гаргаж иргэдийн Төлөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор надад 03 сарын чөлөө олгосон, 2016 оны 05 дугаар сард ээлжийн амралтаа авсан гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд шүүхээс үзлэг хийх явцад Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны тогтоолуудыг тогтоолын бүртгэлтэй тулган шүүлт хийж үзэхэд гуравдагч этгээд Д.Мөнхжаргалд ямар нэг чөлөө олгосон тогтоол гараагүй байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай” 04 дугаартай тогтоолд Д.Мөнхжаргал нь 03 сарын хугацаатай чөлөө хүссэнтэй холбогдуулан Ж.Бадамцэцэгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчээр томилсон тухай тогтоол гарсан байна.

            Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Д.Мөнхжаргалын 03 сарын хугацаатай чөлөө хүссэн хүсэлтийг Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар албан ёсоор хэлэлцээгүй, тогтоол гараагүй, чөлөө олгоогүй байх бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар Д.Мөнхжаргал нь 2016 оны 02 сараас хойш 03, 04, 05 саруудад өөрөө сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх бөгөөд зүй нь албан ёсоор чөлөө олгосон тохиолдолд Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Д.Мөнхжаргалын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёстой байтал төлөгдөөгүй байна.

            Мөн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/02 дугаартай Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Д.Мөнхжаргалд ээлжийн амралт олгосон байх боловч Д.Мөнхжаргалын ажилласан хугацааны ээлжийн амралтын цалин ба түүнтэй адилтгах орлогыг тайлагнаагүй, шимтгэлийг төлөөгүй үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийгмийн даатгалын улсын байцаагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай акт тавьсныг лавлагаагаар ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

            Дээрх бүхнээс дүгнэж үзэхэд гуравдагч этгээд Д.Мөнхжаргал нь ахлах түшмэлээр ажиллахад тавигдах шаардлага болох дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллаагүй 2 жил 10 сар ажилласан, ажиллаж байсан байгууллагаасаа албан ёсоор чөлөө авалгүй 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр гарч явсан, ээлжийн амралт олгосон гэх боловч тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, албан ёсоор чөлөө олгоогүй тул өөрөө сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайн үед буюу 2016 онд Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Буянхишиг болон иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байсан төлөөлөгч гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг[4] /албан ёсоор хуралдаж Д.Мөнхжаргалд чөлөө олгоогүй тухай/ зэргээр нэхэмжлэгч А.Бадамдоржийн нэхэмжлэлийн нэг болон хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэгэнт Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг бүртгэж баталгаажуулсан шийдвэр хууль бус байх тул уг хууль бус шийдвэрийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гуравдагч этгээд Д.Мөнхжаргалыг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулан шалгалт авч,  гаргасан шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

            Хоёр: Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд:

            Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон шалгалтын комисс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, 03-ны өдөр нэр дэвшигч нарыг бүртгэж баталгаажуулахдаа нэр дэвшигч нэхэмжлэгч А.Бадамдоржийг ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас дутуу, хууль бус томилгоотойгоор ахлах түшмэлийн албан тушаалд ажилласныг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй, ажлын байраа зарлуулахаас татгалзаж захиалгыг ирүүлэхгүй удаан хугацаанд байж, өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн, тангараг өргөөгүй, ажлын туршлага ихэвчлэн төрийн үйлчилгээний албан тушаалд ажлласан гэх үндэслэлүүдээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж анкетыг цуцалжээ.

            Энэ цуцалсан талаараа хариуцагч байгууллага нэхэмжлэгч А.Бадамдоржид ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй, албан ёсоор гаргасан шийдвэрээ гардуулах, хүргүүлэх ажиллагаа хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу нэг хоногийн дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн /Баасан гариг/ 16.00 цагт бичгээр гомдлоо гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр /Даваа гариг/ хүлээн авсан тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг хүлээж аваагүй байна.

            Шүүхээс Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд нэр дэвшигч А.Бадамдоржийн шалгалтын комисст цахимаар ирүүлсэн материалд үзлэг хийхэд нэхэмжлэгч А.Бадамдоржийн дутуу бүрдүүлсэн гэх ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас болон нэр дэвшихэд шаардлагатай баримтуудыг бүрэн хавсаргаж ирүүлсэн болох нь үзлэгийн явцад тогтоогдсоныг компьютерийн программаас хуулбарлан баримтжуулж хэрэгт хавсаргасан болно.

            Мөн нэхэмжлэгч А.Бадамдорж нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Баянгол сумын сургуульд биологийн багш, 2012 онд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст архивын ажилтан, 2014 онд Баянгол сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдож, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/06 дугаартай захирамжаартус хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн ажиллуулахаар болжээ.

            Дээрх томилгоонуудаас харахад нэхэмжлэгч А.Бадамдорж нь нь 2010-2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл төрийн үйлчилгээний байгууллагад, 2016  оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн одоог хүртэлх хугацаанд /тогтоолд түр томилоогүй/ төрийн албаны ахлах түшмэлийн албан тушаалд томилогдон нийтдээ 06 жил тасралтгүй ажиллажээ. Дээрх томилгоог хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч А.Бадамдоржийн хувьд ахлах түшмэлийн албан тушаалд тавигдах шаардлага буюу дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан болох нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн ажилласан жилийн шимтгэл төлөлтийн лавлагаа, шалгалтын комисст цахимаар бүрдүүлэн өгсөн холбогдох баримт зэргээр хангалттай нотлогдож байхад түүнийг бүртгэж батлгаажуулахаас татгалзаж анкетыг нь цуцалсан нь хууль бус байна.

            Мөн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоог зарлуулах, зарлуулахгүй байх эрх сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нэхэмжлэгч А.Бадамдоржид олгогдоогүй бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд зарлуулах захиалга өгөх чиг үүрэг бүхий албан тушаалтан нь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга байна. Нэр дэвшигч нь төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бол төрийн албаны тусгай шалгалтанд бүртгэнэ, тангараг өргөөгүй бол бүртгэхгүй гэсэн хуулийн болон журмын ямар нэг зохицуулалт одоогоор байхгүй тул нэхэмжлэгч А.Бадамдоржийг төрийн албаны тусгай шалгалтад нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гурав дахь шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигч Д.Мөнхжаргалыг бүртгэж,  баталгаажуулан шалгалтанд оролцуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвших эрхтэй нэхэмжлэгч А.Бадамдоржийн нэр дэвшигчээр бүртгүүлэх, шалгалтад оролцох, шударгаар өрсөлдөх, улмаар одоо ажиллаж байгаа Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байраа хадгалж үлдэх, хөдөлмөрлөх зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бадамдоржийн гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мөнхжаргалыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 71-80 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 196-209 дүгээр тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 137-149 дүгээр тал