Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

                                                       

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Т.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ..., хамтран амьдрагч, охины хамт ... аймгийн ... сумын ... багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... аймгийн ... сумын ... багийн ... хороололд түр оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.а-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,

... аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

... аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

... аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

... аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

... аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, ... овогт Т.П.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт согтуурсан үедээ ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч Т.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт согтуурсан үедээ ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримт нь

Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэст замын цагдаагийн өдрийн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ... багийн нутаг дэвсгэрт ... барилгын материалын дэлгүүрийн урд замд ... улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч Т.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж байж болзошгүй байдал тогтоогдсон. Тэгээд уг тээврийн хэрэгслийг цагдаа зохицуулагч Д жолоодон цагдаагийн хэлтэс рүү явж би өөрийнхөө машинд жолооч болох Т.П-ийг авч цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд жолооч  Т.П-ийг согтолтын зэрэг шалгах ALCO TEST 7510 маркийн драгер багажаар үлээлгэн шалгахад 2.41 хувийн согтолттой гэж гарсан. Тэхээр нь  Т.П-ийн жолоодож явсан ... улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд саатуулж жолоочийг нь хамт явж байсан гэх эмэгтэй хүнд өгч явуулсан. Уг асуудлыг цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж, гомдол мэдээллээр оруулан шалгасан. Би уг тээврийн хэрэгслийн жолооч Т.П-ийн регистрийн дугаараар цагдаагийн байгууллагын санд орж харахад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүгчийн ... дугаартай захирамжаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан. ... Би уг тээврийн хэрэгсэл зогсоож шалгахдаа цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч М.Д-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Намайг шалгах үед тээврийн хэрэгсэл дотор жолоочоос гадна нэг эмэгтэй хүн байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ... оны ... дугаар сарын ...-ний орой 18 цагийн орчим байхаа цагийг нь сайн санахгүй байна манай гудамжинд байдаг портер машинтай ... гэж дууддаг хүнтэй гэрийнх нь гадаа очиж уулзаад надад барилгын материалаас жоохон ачаад өгөөч гэж гуйсан. Тэгтэл ... гэж дууддаг хүн “би айл руу юм хүргэж өгөх гэж байна, эргэж ирээд болох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд салсан. Тэгээд тэр орой ирээгүй, орой болоод дэлгүүр хаачихсан байсан тул би залгаагүй. Маргааш өглөө нь 10-11 цагийн орчим байсан байхаа нөгөө ... гэж дууддаг хүн над руу залгаад “нөгөө дэлгүүрээс авах юмаа ачих уу, би ... барилгын материалын хажууд явж байна, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би алхаад ... барилгын материалын дэлгүүр рүү яваад очтол цагдаа нар ирээд ... гэж дууддаг хүний цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг аваад явах гэж байсан. Хажууд нь жижиг тэргэнд ... гэж дууддаг хүнийг суулгаж байсан. Тэгэхээр нь би өөр машин олоод барилгын материалын дэлгүүрээс юмаа аваад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байгаад оройхон ... гэдэг хүн гудамжинд таараад өнөөдөр юу болсон талаар асуухад “жоохон асуудалтай явж байгаад цагдаад баригдаад машины журмын хашаанд хийчихлээ” гэж хэлсэн. Өөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ... оны ... дугаар сарын ...-ны өглөө гэртээ байж байгаад гараад хашаандаа үхэр малаа тэжээж байгаад гэртээ ороод иртэл манайд ... сумаас ирсэн байсан танил 2 хүн манай хамтран амьдрагч П 3 нийлээд нэг ширхэг 0,5 литрийн Хараа нэртэй архи уугаад дууссан байсан. Хэн нь уусан талаар мэдэхгүй байна. Тэгээд манайд ирсэн 2 хүн яваад өгсөн. Тэгтэл Т.П “хажуу айлын хүн барилгын материал ороод юм ачаад өгөөч гэсэн явчхаад ирье” гэхээр нь би хамт явна гээд машинд нь суугаад гарсан. Манай хамтран амьдрагч П машинаа бариад гэрийн хашаанаас гараад ... барилгын материалын хажууд ирсэн. Би барилгын материалын гадаа ирээд хэсэг хүлээгээд зогсож байгаад нөгөө юм ачуулах гэсэн хүн ирэхгүй удаад байхаар нь би машинаасаа буугаад гэр рүүгээ явах гээд алхаж байтал намайг араас 2 хүн дуудаад байсан. Би эргээд иртэл манай хамтран амьдрагч П цагдаад баригдаад түүнийг цагдаа авч явсан, машиныг нь бас нэг цагдаа аваад явсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, тэр өдөр манай хамтран амьдрагч П өөрийн ... улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэрийн хашаанаасаа гараад ... барилгын материалын дэлгүүр дээр ирсэн. ...Манай хамтран амьдрагч П ... улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод та хажууд нь суугаад ... барилгын материалын дэлгүүр рүү явж байхад П-ээс бага зэрэг архи үнэртэж байсан. ...Манай хамтран амьдрагч Т.П жолоодох эрх байхгүй байхаа, өнгөрсөн жил жолоодох эрхээ хасуулсан байхаа. Би сайн мэдэхгүй байна. Тухайн үед жолоодож явсан ... улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр байдаг боловч П-ийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм аа...” гэсэн мэдүүлэг /хх 25-27/,

Мөрдөгчийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай “...Т.П нь ...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн магадалгаа /хх 32-34/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай: “...Зөрчилд холбогдогч Т.П-т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 9-10/,

“...Т.П-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2.41 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-06/, хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч Т.П-ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

2. Прокуророос шүүгдэгч Т.П-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Т.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт согтуурсан үедээ ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Т.П-ийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Т.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/

сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.П-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ