Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

2025      09         02                                           2025/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

    Улсын яллагч Э.Г

    Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2525000000496 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б  овгийн Б-н   Б  , Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн **** тоотод оршин суух хаягтай, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:     /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар 0.42 хувийн согтолттой Мустанг-5 загварын **** ОРЗ улсын дугаартай мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 8-р тал/

2. Драгер багажийн хэвлэмэл хуудас. /хх-ийн 9-р тал/

3. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-13-р тал/

4. Гэрч Э.А-н “Би Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан мотоциклийг шалгахад эрхээ хасуулсан Б-н Б жолооч байсан. Тэгэхээр нь би тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд про 91102273 дугаартай драгер багажаар үлээлгэн шалгахад жолооч Б   нь 0.42 хувийн согтолтын зэрэг гарсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р тал/

5. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1944 дугаартай шийтгэвэр. /хх-ийн 39-41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б  нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 0.42 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Мустанг-5 загварын **** ОРЗ улсын дугаартай мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Драгер багажийн хэвлэмэл хуудас, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.А-н “...Би Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан мотоциклийг шалгахад эрхээ хасуулсан Б-н Б жолооч байсан. Тэгэхээр нь би тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд про 91102273 дугаартай драгер багажаар үлээлгэн шалгахад жолооч Б   нь 0.42 хувийн согтолтын зэрэг гарсан...” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1944 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0.42 хувийн согтолттой Мустанг-5 маркийн **** ОРЗ улсын дугаартай мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Мустанг-5 маркийн **** ОРЗ улсын дугаартай мотоциклийг 0.42 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн Б-н   Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 2 800 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б д оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А