Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/402

 

 

 

 

 

 

 

2025      08         29                                           2025/ШЦТ/402

 

 

М  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

    Улсын яллагч Э.Г

    Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-т холбогдох эрүүгийн 2525000000495 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М  овгийн Х-н , М Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо **** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.М нь урьд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин 2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт ****ОРН улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтолтын зэргийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 8-р тал/

2. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-13-р тал/

3. Гэрч О.Ж-н “2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эргүүлийн үүргийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Ц-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт үл таних эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсныг зогсоож шалгасан. Уг эмэгтэй ****ОРН улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгсэл унаж явсныг энгэрийн камерын бичлэгээр нотлогдоно. Мөн тухайн эмэгтэйн согтуурлын зэргийг шалгахаар драгер үлээлгэх гэтэл шалгуулахаас зайлсхийсэн байгаа. Мөн тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Бичиг баримтыг шалгахад жолоочийн үнэмлэхийн эрхтэй байхаар нь зам руу шалгуулахаар өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/ Гэрч Л.Юмчмаагийн “...2025 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим манай найз М  манай гэрт өөрийн эзэмшлийн 19- 69 ОРН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийгжолоодож ирсэн. Тэгээд М  бид хоёр манай гэрт хамт ороод би М т 1 аяга айраг өгч уулгаад манай гэрээс гараад хашааны гадаа М ийн тээврийн хэрэгсэл дотор байсан 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво ойр зуурын юм ярингаа машинд нь хувааж уусан. Пиво ууж дуусаад М  тээврийн хэрэгслээ жолоодоод би хажууд нь суугаад Уртын гол багт байдаг М ийн эгч Цэндээгийнд очихоор явж байгаад морь бариа руу салдаг хэсгээс уруудаад явж байтал замын цагдаа таарч зогсоон М ийг согтолтын зэрэг хэмжих драгер багаж үлээлгэх гэтэл М  үлээгээгүй, үлээхээс татгалзсан. Удалгүй ачилтын машин ирж М ийн тээврийн хэрэгслийг ачиж яваад М ийг Цагдаагийн газар руу авч явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р тал/

4. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/2566 дугаартай шийтгэвэр /ХХ-ийн 32-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Гантулга дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.М нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин 2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт ****ОРН улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтолтын зэргийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.Ж-н “2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эргүүлийн үүргийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Ц-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт үл таних эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсныг зогсоож шалгасан. Уг эмэгтэй ****ОРН улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгсэл унаж явсныг энгэрийн камерын бичлэгээр нотлогдоно. Мөн тухайн эмэгтэйн согтуурлын зэргийг шалгахаар драгер үлээлгэх гэтэл шалгуулахаас зайлсхийсэн байгаа” гэх мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/2566 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт ****ОРН улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтолтын зэргийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота Сай маркийн ****ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтолтын зэргийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овгийн Х-н  М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмбн дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А