Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 76

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч: Б.*******,

Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.******* нь ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* сумын ******* сайхны .. тоотод орших иргэн Б.*******ийн гэрт унтаж байхад нь орж J5 маркийн гар утсыг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж, 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04-р сарын 7-с 8-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ******* сумын *******сайхны ... тоот өөрийн гэртээ байж байтал ******* согтуу орж ирээд манай нөхөр Ө.******* харьж амар харанхуй шөнө юу хийгээд яваад байгаа юм бэ гэтэл ******* би чамаас архи гуйж ирээгүй гэж хэлээд гараад явсан. Бид хоёр унтаж байтал нэлээн шөнө гэрт нэг хүн орж ирэх шиг болохоор би сэрээд хартал ******* манай гэрт орж ирээд юу байсныг нь мэдэхгүй юм асаагаад шкафны хажуугаар яваад нөхөр бид хоёр газар унтаж байсан хажуугаар яваад уртасгагчийн тэнд очоод тэгээд буцаад гараад явахдаа манай үүдэнд бүдэрч унаад хаалга үүд ч хаагаагүй шууд гараад явсан. Тэгээд би цаг харах гээд утсаа хайсан чинь байхгүй байхаар нь би нөхрөө сэрээгээд утас алга болчихлоо гээд сая ******* гэрт орж ирээд аваад гарчихлаа гээд нөхөртөө хэлээд араас нь гарсан чинь байхгүй явчихсан байсан. Нөхрийнхөө утаснаас өөрийнхөө утасруу 2 удаа залгахад авчихаад дуугарахгүй хүн алхах чимээ гараад л байсан огт юм ярихгүй байсан. Тэгээд өглөө 07 цагийн үед ******* нэг пиво ундаа хоёр бариад манайд ахиад орж ирэхээр нь би утсаа авъя чи шөнө орж ирж авсан биздээ гэсэн чинь би аваагүй гээд өөрийнхөө нэг нокиаг цэнэглээд хүү нь очлоо шүү гээд цэнэглэсэн утсаараа яриад дууссаных нь дараа миний утсыг өг үгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь би өөрөө өөртөө цагдаа дууддаг хүн гээд байсан тэр үед манай нөхөр явж амар гэсэн. Тэгээд ******* гараад явсан. Худалдааны төвд байдаг Нарлаг гар утасны дэлгүүрээс 2017 оны 02 сард авсан дээрээ хоёр чихтэй саатай ягаан гэртэй байсан. Манай урт залгуурын цэнхэр гэрэл нь нэлээд тод бас манай хашаан дотор цамхаг'" гэрэл байдаг гэрлийн тусгал нь тооноор маш тод тусдаг, би гэрлийн тусгалд *******г орж ирснийг харсан. Өмнө нь шоронд нэлээн удаан сууж байгаад гарж ирсэн болохоор нь би айгаад худлаа унтаж байгаа дүр эсгэсэн. Үүд онгорхой байсан манайх гал түлээд нэлээд халуун байсан болохоор хаалгаа түгжээгүй хагас онгойлгоод орхиод унтсан. Манай нөхөр *******ын 10 жилийнх нь найз Цагаан сараар нэг манайд ирж байсан. Гомдол саналтай байна. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцоно. ...******* болон ар гэрийнхэн нь гар утас төлөх чадваргүй гэсэн болохоор гар утсаа буцааж авья. Нүүр нь хагарсан байсныг солиулахад 150.000 төгрөгөөр солино гэсэн. Тэрнийг *******гаас нэхэмжилнэ. Хулгай хийсэн үйлдэлд нь гомдолтой байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

         Гэрч Ө.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04-р сарын 07 ноос 08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ******* сумын *******сайхны 19-15 тоот гэртээ унтах гээд байж байтал ******* согтуу ирэхээр нь би гэрлүүгээ явж амар хар шөнө юу хийж байгаа юм бэ  гэтэл би чамаас архи гуйгаагүй гээд уурлаад гараад явсан. Би тэгээд эхнэртэйгээ хамт газар унтаж байтал манай эхнэр намайг дуудаад сая ******* орж ирээд миний утсыг аваад явчихлаа гээд намайг сэрээсэн би араас нь гарсан чинь байхгүй явчихсан байхаар нь би өөрийнхөө утаснаас эхнэрийнхээ утасруу 2 удаа залгатал хүн алхаж байгаа чимээ гараад байсан дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 3-р арван жилийн сургуульд хамт сурч байсан. Гэрт гал түлээд нэлээд халуун байсан болохоор хаалгандаа жоохон зай гаргасан байсан. Би цэвэр усны эх үүсвэрт жижүүрт гараад буугаад гадуур ажил хөөцөлдөж байгаад унтаж амраагүй байсан болохоор нэлээд ядраад нам унтсан байсан. Ягаан өнгийн гадна гэртээ өөр шинж тэмдэг байхгүй 02 сард авсан шинэ утас байсан. Мөн байна гэхдээ дэлгэц нь ажиллахгүй нүүрийг нь хагалсан эвдэрчихсэн байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

          Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тус цагдаагийн газраас эрүүгийн ... тоот хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа хэрэг бүртгэлтээс санаатайгаар оргон зайлсан А.******* гэгчийг олж тогтоох чиглэлээр 2017 оны 05 сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эрэн сурвалжлах ажил гүйцэтгүүлэх тогтоолын дагуу эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, 2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн сумын багт байрлах малчин Г.гийнх гэх айлд байна гэх мэдээлэл авагдсан бөгөөд түүний дагуу холбогдох шалгалтыг хийж дайчлан баривчилж хариуцсан албан тушаалтанд нь хүлээлгэн өгсөн. Уг А.******* гэгч нь өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан. 2008 онд ЭХ-ийн тусгай ангийн 145.2, 2012 онд ЭХ-ийн тусгай ангийн 261.2, 2014 онд ЭХ-ийн тусгай ангийн 232 дугаар зүйлээр тус тус ял шийтгэл эдэлж байсан. Уг этгээд нь хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлсны дагуу Цагдаагийн байгууллагын мэдээллийн эрэн сурвалжлах АСАП сангийн ... дугаараар улсын хэмжээнд сэжигтэнээр эрэн сурвалжлагдаж байсан. Айлд ямаа хөлсөөр самнаж байсан гэж ярьсан. Тус цагдаагийн газраас эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан Хишигбаяр овогтой гэгчтэй хамт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Х. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Цагдаагийн газрын гадаа байцаагдаж байхдаа саяхан *******тай танилцсан байсан Урдны танил ямаа самнах хүн байна уу ямаа самнахаар сумруу явах гэж байна гэхээр нь ******* бид 2 хамт явах болоод аймгийн төвөөс замын унаагаар суман дээр очоод Бадрах гэдэг айлд очиж ямаа самнаад 13 хонож байхад цагдаагийн хүмүүс ирж барьж авчирсан. ******* шалгагдаж байгаагаа хэлж байсан ******* хүний гар утас авсан эвдсэн гэж ярьж байсан. ******* бид нар ******* сумаас гадагш явахдаа хэн нэгнээс зөвшөөрөл аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би сумруу ямаа самнаад ирсэн дараа нэг утас залгаад ямаа самнах уу гэхээр нь би тэгье гэсэн сумын малчин гэсэн. Тэгээд , ******* 2-той таараад ямаа самнахаар явах гэж байна гэсэн хамт явъя гээд 3-уул сумруу явж айлд ямаа самнаад 10-аад хонож байсан цагдаагийн машин цагдаа нар шөнө ирээд бид 3-ыг аймагт авчирсан. ******* хүний утас эвдсэн гэснээс цагдаад шалгагдаж байгаа талаар яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Ямаа самнуулах зарын дагуу 3 залуу ирж ямаа самнаад байж байхад цагдаагийн машинтай хүмүүс ирээд 3 залууг шөнө аваад явсан 3 залуу ирэхдээ нэрээ хэлж байсан.******* гэдэг залууг нэрийг нь тогтоосон бусад 2 залуугийн нэрийг тогтоогоогүй. Цагдаа нар ирж тэр 3 залууг авч явахдаа шалгагдаж байсан хүмүүс гэж хэлээд аваад явсан. ******* нар ирэхдээ аймгаас ирлээ гээд ирцгээсэн. Манайд ямаа самнаж байгаад явсан өөр тийшээ яваагүй. Ямар нэгэн асуудал гаргаагүй ******* нь танайхаас Цогтцэций сумруу явах унаа байдаг уу хэдэн км байдаг вэ гэж асууж байсан. Одоо бодоход ямаа самнаж мөнгө олж аваад аймгаас өөр тийшээ явах хүмүүс байсан байх гэж бодож байна. *******г авч явсан дараа *******гийн ээж ******* гэдэг мөнгө авна гэхээр нь *******ын дансанд 100000 төгрөг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

         Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04-р сарын 07-с 08-нд , , нарын хамт гийн гэрт архи ууж байгаад 00 цагийн үед би *******сайхны ... тоотод байдаг манай 10 жилийн хүүхэд болох *******ын гэрт очсон чинь ******* намайг яв гэрлүүгээ харьж амар харанхуй шөнө юу хийж явж байгаа юм бэ гэхээр нь би за гээд гийнд очоод той хамт 1ш 0.75л ерөөл архи, 2.5л-тэй том пиво уугаад шөнө 03 цагийн үед *******ын гэрлүү нь орсон чинь ******* эхнэртэйгээ хамт унтаж байхаар би утсыг нь авч гараад **************ы 16-25 тоот өөрийнхөө хашаанд байдаг нүүрс буулгадаг газрын хулдаасан доор хийсэн байсан. Би сайн санахгүй байна тухайн үед би *******ын гэрээс эхнэрийнх нь гар утсыг хулгайлж гараад өөрийнхөө хашааны нүүрс буулгадаг газрын хулдаасан доор хийсэн. Цагаан өнгийн Андройд маркын утас байсан ******* болон ******* нар газар унтаж байсан. Би тийм үйлдэл хийгээгүй хоёулаа унтаж байхаар нь ороод утсыг нь аваад гэрээс нь гараад явсан. Зүгээр л аваад гарсан ямар нэгэн шалтгаан байхгүй. ...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-47-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

Шүүгдэгч А.*******д гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 31-р хуудас/,

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 12 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 34-р хуудас/,

           Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр: Samsung J-5  маркийн гар утас 1 ширхэг 280.000 төгрөг гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг болно.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******г ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* сумын ******* сайхны ... тоотод орших иргэн Б.*******ийг гэрт унтаж байхад нь орж J5 маркийн гар утсыг хулгайлж, 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн  А.*******г 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Шүүгдэгч А.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* сумын ******* сайхны ... тоотод орших иргэн Б.*******ийг гэртээ унтаж байхад нь орж J5 маркийн гар утсыг хулгайлж, 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Б.*******ийн: ...2017 оны 04-р сарын 7-с 8-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ******* сумын *******сайхны 19-15 тоот өөрийн гэртээ байж байтал ******* согтуу орж ирээд манай нөхөр Ө.******* харьж амар харанхуй шөнө юу хийгээд яваад байгаа юм бэ гэтэл ******* би чамаас архи гуйж ирээгүй гэж хэлээд гараад явсан. Бид хоёр унтаж байтал нэлээн шөнө гэрт нэг хүн орж ирэх шиг болохоор би сэрээд хартал ******* манай гэрт орж ирээд юу байсныг нь мэдэхгүй юм асаагаад шкафны хажуугаар яваад нөхөр бид хоёр газар унтаж байсан хажуугаар яваад уртасгагчийн тэнд очоод тэгээд буцаад гараад явахдаа манай үүдэнд бүдэрч унаад хаалга үүд ч хаагаагүй шууд гараад явсан. Тэгээд би цаг харах гээд утсаа хайсан чинь байхгүй байхаар нь би нөхрөө сэрээгээд утас алга болчихлоо гээд сая ******* гэрт орж ирээд аваад гарчихлаа гээд нөхөртөө хэлээд араас нь гарсан чинь байхгүй явчихсан байсан. ...******* болон ар гэрийнхэн нь гар утас төлөх чадваргүй гэсэн болохоор гар утсаа буцааж авья. Нүүр нь хагарсан байсныг солиулахад 150.000 төгрөгөөр солино гэсэн. Тэрнийг *******гаас нэхэмжилнэ. Хулгай хийсэн үйлдэлд нь гомдолтой байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

         Гэрч Ө.*******ын: ”...2017 оны 04-р сарын 07 ноос 08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ******* сумын *******сайхны 19-15 тоот гэртээ унтах гээд байж байтал ******* согтуу ирэхээр нь би гэрлүүгээ явж амар хар шөнө юу хийж байгаа юм бэ  гэтэл би чамаас архи гуйгаагүй гээд уурлаад гараад явсан. Би тэгээд эхнэртэйгээ хамт газар унтаж байтал манай эхнэр намайг дуудаад сая ******* орж ирээд миний утсыг аваад явчихлаа гээд намайг сэрээсэн би араас нь гарсан чинь байхгүй явчихсан байхаар нь би өөрийнхөө утаснаас эхнэрийнхээ утасруу 2 удаа залгатал хүн алхаж байгаа чимээ гараад байсан дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...Ягаан өнгийн гадна гэртэй өөр шинж тэмдэг байхгүй 02 сард авсан шинэ утас байсан. ...гэхдээ дэлгэц нь ажиллахгүй нүүрийг нь хагалсан эвдэрчихсэн байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

        Шүүгдэгч А.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...2017 оны 04-р сарын 07-с 08-нд , , нарын хамт гийн гэрт архи ууж байгаад 00 цагийн үед би *******сайхны 19-15 тоотод байдаг манай 10 жилийн хүүхэд болох *******ын гэрт очсон чинь ******* намайг яв гэрлүүгээ харьж амар харанхуй шөнө юу хийж явж байгаа юм бэ гэхээр нь би за гээд гийнд очоод той хамт 1ш 0.75л ерөөл архи, 2.5л-тэй том пиво уугаад шөнө 03 цагийн үед *******ын гэрлүү нь орсон чинь ******* эхнэртэйгээ хамт унтаж байхаар би утсыг нь авч гараад **************ы 16-25 тоот өөрийнхөө хашаанд байдаг нүүрс буулгадаг газрын хулдаасан доор хийсэн байсан. ...Цагаан өнгийн Андройд маркын утас байсан ******* болон ******* нар газар унтаж байсан. ...хоёулаа унтаж байхаар нь ороод утсыг нь аваад гэрээс нь гараад явсан. Зүгээр л аваад гарсан ямар нэгэн шалтгаан байхгүй. ...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-47-р хуудас/-ээр шүүгдэгч А.*******гийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна. 

      Түүнчлэн шүүгдэгч А.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Гэрч Г.*******ын: ”...Тус цагдаагийн газраас эрүүгийн ... тоот хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа хэрэг бүртгэлтээс санаатайгаар оргон зайлсан А.******* гэгчийг олж тогтоох чиглэлээр 2017 оны 05 сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эрэн сурвалжлах ажил гүйцэтгүүлэх тогтоолын дагуу эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, 2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн сумын багт байрлах малчин Г.гийнх гэх айлд байна гэх мэдээлэл авагдсан бөгөөд түүний дагуу холбогдох шалгалтыг хийж дайчлан баривчилж хариуцсан албан тушаалтанд нь хүлээлгэн өгсөн. Уг А.******* гэгч нь өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан. 2008 онд ЭХ-ийн тусгай ангийн 145.2, 2012 онд ЭХ-ийн тусгай ангийн 261.2, 2014 онд ЭХ-ийн тусгай ангийн 232 дугаар зүйлээр тус тус ял шийтгэл эдэлж байсан. Уг этгээд нь хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлсны дагуу Цагдаагийн байгууллагын мэдээллийн эрэн сурвалжлах АСАП сангийн 540004317000079 дугаараар улсын хэмжээнд сэжигтэнээр эрэн сурвалжлагдаж байсан. Айлд ямаа хөлсөөр самнаж байсан гэж ярьсан. Тус цагдаагийн газраас эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан Хишигбаяр овогтой гэгчтэй хамт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

          Гэрч Х.Энхтулгын: ”...Цагдаагийн газрын гадаа байцаагдаж байхдаа саяхан *******тай танилцсан байсан. Урдны танил ямаа самнах хүн байна уу ямаа самнахаар сумруу явах гэж байна гэхээр нь ******* бид 2 хамт явах болоод аймгийн төвөөс замын унаагаар суман дээр очоод Бадрах гэдэг айлд очиж ямаа самнаад 13 хонож байхад цагдаагийн хүмүүс ирж барьж авчирсан. ******* шалгагдаж байгаагаа хэлж байсан ******* хүний гар утас авсан эвдсэн гэж ярьж байсан. ******* бид нар ******* сумаас гадагш явахдаа хэн нэгнээс зөвшөөрөл аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

          Гэрч С.гийн: ...Би сумруу ямаа самнаад ирсэн дараа нэг утас залгаад ямаа самнах уу гэхээр нь би тэгье гэсэн сумын малчин гэсэн. Тэгээд , ******* 2-той таараад ямаа самнахаар явах гэж байна гэсэн хамт явъя гээд 3-уул сумруу явж айлд ямаа самнаад 10-аад хонож байсан цагдаагийн машин цагдаа нар шөнө ирээд бид 3-ыг аймагт авчирсан. ******* хүний утас эвдсэн гэснээс цагдаад шалгагдаж байгаа талаар яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

         Гэрч Ш.гийн: ”...Ямаа самнуулах зарын дагуу 3 залуу ирж ямаа самнаад байж байхад цагдаагийн машинтай хүмүүс ирээд 3 залууг шөнө аваад явсан 3 залуу ирэхдээ нэрээ хэлж байсан. ******* гэдэг залууг нэрийг нь тогтоосон бусад 2 залуугийн нэрийг тогтоогоогүй. Цагдаа нар ирж тэр 3 залууг авч явахдаа шалгагдаж байсан хүмүүс гэж хэлээд аваад явсан....гэсэн мэдүүлэг,

        Яллагдагч А.*******д гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.

        Шүүгдэгч А.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дээрх байдлаар тогтоогдож байх боловч 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

         Иймд шүүгдэгч А.*******гийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилэх нь зүйтэй байна.   

       Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд Гэмт хэргийн хохирол, хор уршигын талаар хуульчилсан, мөн зүйлийн  4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээ байхаар заасан байна.

        Улсын яллагч шүүгдэгч А.*******г орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд А.*******гийн хулгайлсан гэх Samsung J-5 маркийн гар утас нь 280.000 төгрөгийн үнэ бүхий болох нь Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч А.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан боловч түүний хулгайлсан эд зүйл нь бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул А.*******гийн хулгайлах үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж, гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэл бий болжээ.  

          Түүнчлэн шүүгдэгч А.*******гийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлд Оргон зайлах гэмт хэргээр хуульчилсан боловч баривчлагдсан, цагдан хоригдсон, яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол гэмт хэрэгт тооцохоор байна. Иймд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа  оргон зайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.   

        Шүүгдэгч А.*******гийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т 280.000 төгрөгийн хохирол учирсан боловч Samsung J-5 маркийн гар утсыг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь утасны дэлгэц солиулсны үнэн 150.000 төгрөгийг нэхэмжилж байх тул А.******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор хохирол болох 150.000 төгрөгийг хохирогч Б.*******т төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй.

      Шүүгдэгч А.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 56 хоног цагдан хоригдсон байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Өмнөговь  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.  
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор  хохирогч Өмнөговь аймгийн ******* сумын 1-р баг ******* сайхны 19-15 тоотод оршин суух Буян овгийн Бовууцэрэнгийн *******т 150.000 төгрөгийн хохирол төлж барагдуулахыг шүүгдэгч А.*******д даалгасугай.  
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г сулласугай.  
  5. Шүүгдэгч А.******* нь 56 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ДЭЛГЭРМАА