Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00736

 

Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01463 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 701 дүгээр магадлалтай,

Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох           

            Нөхөн олговорт 5.047.596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Одхүүгийн тайлбарт: “Тухайн үеийн Уул уурхай, үйлдвэрийн яамны шийдвэрээр ашигт малтмалын ордуудын нөөц тогтоох нарийвчилсан хайгуулын ажлуудад шаардлагатай хайгуулын гүний далд уурхайнуудыг малтаж явсан уулын отрядад ажиллаж байсан Б.Лхаажав, 3.Сүхбаатар, З.Намсрай, М.Төмөртогоо, Л.Санжаа, Ц.Энхтайван, Б.Доржгочоо, н.Сэрээтэр, С.Мандал, Ц.Цэдэн-Иш нарын 10 уурхайчин Уул уурхай үйлдвэрийн яам татан буугдсан учир улсаас олгох нөхөн төлбөрөө авч чадаагүй өдийг хүрсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 cap, 71-ээс дээш хувь алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох”-оор заасан байдаг. Мөн хуулийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу уурхайчид шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Уул уурхайн яаманд хандаж асуудлыг оруулсан боловч яам асуудлыг шийдвэрлэж чадаагүй бөгөөд шүүхэд ханд гэсэн болно. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 912 дугаар шийдвэрээр хариуцагч нь Уул уурхайн яам биш хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу нөхөн төлбөрийн талаар Засгийн газарт хандан шийдвэрлүүлэх эрхтэй болох талаар дурджээ. Үүний дагуу бидний 10-н уурхайчид Монгол улсын Засгийн газарт хандсан боловч мөн л асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй. Иймд Ц.Энхтайванд 9 сарын нөхөн олговорт 5 047 596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ц.Энхтайван нь улсад нийт 17 жил ажилласнаас 13 жил газрын дор хүнд хортой нөхцөлд ажилласан байна. Хуульд нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан байдаг гэсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсан болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т ажил олгогч байхгүй бол Засгийн газар хариуцахаар заасан тул нэхэмжлэл гаргасан. Дундаж цалин хөлс 560 840 төгрөг байгаа тул 9 сарын хэмжээгээр тооцож, 5 047 596 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаярын гаргасан хариу тайлбарт: “Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталсан бөгөөд үүнээс өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг цалингийн зөрүүг нөхөж олгох, группийн тэтгэмж олгох замаар шийдвэрлэж ирсэн. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх” гэсэн шинэ зохицуулалтыг тусгаж өгснөөр энэхүү харилцааг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах боломж бүрдэж, нөхөн төлбөрийг ажил олгогч хариуцахаар хуульд заасан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг ажил олгогч нь нөхөн төлж олгох хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д тодорхой заасан байдаг. Харин ажил олгогч нь байхгүй болсон буюу хариуцагчгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан. Энэхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 97.1.1-д заасан хэмжээгээр ажил олгогчийн хариуцах нөхөн төлбөрийг ажил олгогч байхгүй болсон тохиолдолд Засгийн газар хариуцна гэсэн зохицуулалт биш юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэг нь Засгийн газарт эрх олгосон заалт болно. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2001, 2003, 2004, 2007, 2011, 2012 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын тогтоолууд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар тухай бүр шийдвэрлэсэн байдаг. Үүнд: 3асгийн газрын 2001 оны 146 дугаар тогтоолоор 723 иргэнд 243 700 000 төгрөгийг нэг хүнд дунджаар 337 000 төгрөг, 2003 оны 65 дугаар тогтоолоор 391 иргэнд 108 176 515 төгрөгийг нэг хүнд дунджаар 276 600 төгрөг, 2004 оны 116 дугаар тогтоолоор 56 иргэнд 26 000 000 төгрөгийг нэг хүнд дунджаар 464 200 төгрөг, 2011 оны 116 дугаар тогтоолоор 1731 иргэнд 486 064 800 төгрөгийг нэг хүнд дунджаар 280 800 төгрөг, 2012 оны 45 дугаар тогтоолоор 352 иргэнд 98 841 600 төгрөгийг нэг хүнд дунджаар 280 800 төгрөг ногдсоныг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нөхөн төлбөрт олгох хөрөнгийн хуваарь батлах тухай” 17 дугаар тушаалаар 2659 иргэнд 234 200 000 төгрөг баталж, олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэг хүнд дунджаар 88 000 төгрөг ногдсон байна. Дээр дурдсан шийдвэрүүдээр 2001 оноос 2012 оны хугацаанд Засгийн газрын тогтоол болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын шийдвэрээр нийт 5912 иргэнд, нийт 1 196 982 915 төгрөгийн нэг удаагийн нөхөн төлбөр олгосон байна. Нэхэмжлэгч Ц.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүүгийн гаргасан нэхэмжлэлд “Б.Лхаажав, С.Сүхбаатар ... нарын 10 уурхайчин бид Уул уурхайн яам татан буугдсан учир улсаас нөхөн төлбөрөө авч чадаагүй өдийг хүрсэн юм” гэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн яамны 2015 оны 2/1039 тоот албан бичигт Дорнодын Мардайн уурхайд ажиллаж байсан С.Сүхбаатар, Б.Лхаажав нарын нэр бүхий 10 хүн дээрх нөхөн төлбөрт хамрагдсан болохыг өмгөөлөгч О.Одхүүд тодорхой хариу өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэдийгээр хариуцагч байгууллага татан буугдсан байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу нөхөн төлбөр олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг нь ажил олгогчийг буюу ажил олгогч байгаа тохиолдлыг ойлгоно, мөн хуулийн 97.4 дэх хэсэг нь Засгийн газар тусгайлан шийдэж болохоор эрх олгосон зохицуулалт юм. Энд хэрэв ажил олгогч нь байхгүй бол Засгийн газар тусгайлан авч шийдэж болно гэсэн. Гэхдээ энэ нь шүүхийн тогтоолд тайлбарласнаар нөхөн олговор аваагүй хүмүүст л хамаатай асуудал юм. Нэхэмжлэгч нь цалингийн зөрүү болон нөхөн олговор авсан болох нь тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01463 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1, 97.4-т зааснаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 5 047 596 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхтайванд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95 711 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 701 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 701 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дээрх шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирол болох 5 047 596 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах” тухай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01463 дугаартай шийдвэрийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласны улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх” гэсэн шинэ зохицуулалтыг тусгаж өгснөөр энэхүү харилцааг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах боломж бүрдэж, нөхөн төлбөрийг ажил олгогч хариуцахаар хуульд заасан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг ажил олгогч нь нөхөн төлж олгох хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гээд 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасан байдаг. Харин ажил олгогч нь байхгүй болсон буюу хариуцагчгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д заасны дагуу “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно. ’’ гэж хуульчилсан. Энэхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 97.1.1-д заасан хэмжээгээр ажил олгогчийн хариуцах нөхөн төлбөрийг ажил олгогч байхгүй болсон тохиолдолд Засгийн газар хариуцна гэсэн зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэхэмжлэл гаргагч иргэдийн ажиллаж байсан гэх байгууллагын шууд эрх залгамжлагч биш болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4 дэх заалт нь Засгийн газарт нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 97.1.1-д заасан хувь хэмжээгээр нөхөн олгох үүрэг хүлээлгээгүй, харин эрх хэмжээнийхээ хүрээнд нөхөн төлбөрийг тусгайлан шийдвэрлэж болно хэмээн эрх олгосон заалт болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх хуулийн энэхүү заалтыг ажил олгогч буюу хариуцагч байхгүй тохиолдолд Засгийн газар уг асуудлыг авч шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ нөхөн олговор олгох хувь хэмжээг хуульд зааснаар тооцохоор зохицуулсан гэж үзлээ” гэсэн нь ямар ч үндэслэлгүй, хуулийг буруу ойлгож, тайлбарласныг харуулж байна. Тиймээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласны үндсэн дээр үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна. Дээрх Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2001, 2003, 2004, 2007, 2011, 2012 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын тогтоолууд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар тухай бүр тусгайлан шийдвэрлэсэн байдаг. Үүнд: 1.3асгийн газрын 2001 оны 146 дугаар тогтоолоор 723 иргэнд 243 700 000 /Хоёр зуун дөчин гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 337 000 төгрөг ногдсон байна. 2.3асгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоолоор 391 иргэнд 108 176 515 /Нэг зуун найман сая нэг зуун далан зургаан мянга таван зуун арван таван/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 276 600 төгрөг ногдсон байна. З.Засгийн газрын 2004 оны 116 дугаар тогтоолоор 56 иргэнд 26 000 000 /Хорин зургаан сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 464 200 төгрөг ногдсон байна. 4.МУ-ын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Нөхөн төлбөрт олгох хөрөнгийн хуваарь батлах тухай” 17 дугаар тушаалаар 2659 иргэнд 234 200 000 төгрөг баталж, олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэг хүнд дунджаар 88 000 төгрөг ногдсон байна. 5.3асгийн газрын 2011 оны 116 дугаар тогтоолоор 1731 иргэнд 486 064 800 /Дөрвөн зуун наян зургаан сая жаран дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 280 800 төгрөг ногдсон Иймд нэхэмжлэгч Ц.Энхтайваны “ямар нэгэн нөхөн төлбөр авч байгаагүй" гэсэн нь үндэслэлгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр МУ-ын Засгийн газар нь хэдийгээр нэхэмжлэгч Ц.Энхтайваны тухайн үед ажиллаж байсан байгууллага татан буугдсан байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4-т заасны дагуу өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд нөхөн төлбөр олгосныг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 701 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийг үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 5.047.596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан ажил олгогчийн үүргийг мөн зүйлийн 97.4 дэх хэсгээр Засгийн газарт хүлээлгээгүй, харин нөхөн олговрын асуудлыг тусгайлан шийдвэрлэх эрх олгосон, уг заалтын хүрээнд Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор нөхөн төлбөр олгосон хүмүүсийн дотор Ц.Энхтайван багтсан гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг энэ  хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 1999 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан хэрэглэнэ.

Энэ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон  2012 оны 08 сарын 23-ны өдрийн акт, 2013 оны 07 сарын 27-ны өдрийн комиссын шийдвэр, 2015 оны 08 сарын 06-ны өдрийн актаар Ц.Энхтайваны хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар 12 сараар сунгагдсан байдлыг нотлох боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг анх хэдэн хувиар тогтоогдсон, энэхүү хувь нь хэдэн удаа хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох боломжгүй байна. /хх-11,30/. Түүнчлэн хэргийн 13 дахь талд авагдсан Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Л.Уртнасангийн “Тайлбар хүргүүлэх тухай” 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 255 тоот албан бичиг болон хавсралт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг ажил олгогч хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь өөрчлөгдөөгүй тохиолдолд нэг удаа заавал олгох үүрэгтэй бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд нийцүүлэн нэгээс дээш удаа олгох үндэслэл үүсэх тул нэхэмжлэгч Ц.Энхтайван мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хэдэн онд хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь анх тогтоогдсоноос хойш нэмэгдсэн, эсхүл багассан, түүнчлэн анхнаасаа 65 хувиар тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

Ц.Энхтайван мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөр авч байсан эсэх, Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд түүнд нөхөн төлбөр олгосон нь тодорхой бус байхад  анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2015 оны 09 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 01 сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 01 сарын 22-ны өдөр  101/ШЗ2016/04150 дугаар  захирамж гаргасан боловч зохигчдыг хэргийн материалтай танилцуулаагүй байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулах журмыг зөрчжээ. /хх-1, 27,44/ 

Хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулсан өдрөө буюу  2016 оны 02 сарын 15-ны өдөр анхан шатны шүүх  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн нь зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн буюу зохигчид хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. /хх-69,70/ 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг илрүүлэлгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166  дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01463 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 701 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                      

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН