| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ................... даргалж, нарийн бичгийн дарга .............., улсын яллагч .............., шүүгдэгч ............, шүүгдэгчийн өмгөөлөгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн ................. хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж .............. холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... өдөр Завхан аймгийн ........... суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... аймгийн ........ сумын ................ ангид цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймаг, ...........сумд амьдардаг, ......... оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............. овогт ........... /Регистрийн дугаар: .............
Шүүгдэгч ........ нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Завхан аймгийн ............ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. дүгээр дунд сургуулийн ертөнцийн зүгээр баруун буюу .............. нэртэй хүнсний дэлгүүрийн баруун зүг рүү харсан харсан хаалганы ойролцоо хүн, тээврийн хэрэгсэл зориулалт бүхий шороон гадаргуутай замаар улсын дугааргүй, улбар шар өнгийн Даюн маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “А”, “В”, “С”, “М” ангилал болон “С1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, ...дээш насны хүнд олгоно…”, 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. 3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна, 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй … үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн замаар явган зорчиж явсан бага насны хохирогч ............ мөргөж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн шилбэ ясны шаант тахилзуур ясны хугарал гэмтлүүд бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан“ гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ........ нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Завхан аймгийн ......... багийн нутаг дэвсгэрт байрлах ....... сургуулийн баруун талд буюу ........ нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын шороон зам дээр Даюн маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад явган зорчигч .......... хойноос мотоцклоороо мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогджээ. Тухайлбал:
Мотоциклоор мөргүүлж, осолд орсон талаараа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч ............. “...би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын үед хичээлээ тараад сургууль дээрээ 10 минут болчихоод гэртээ харих гээд .......... хоёрын хамт сургуулиас гарсан. Гэр рүүгээ явах замд байдаг .......... нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын шороон зам дээр ........... хоёртой юм яриад тоглоод явж байтал миний хойноос мотоцикл ирээд мөргөсөн. Мөргүүлсэн газраа сууж байтал манай аав, ээж хоёр ирээд эмнэлэг авч явсан. …Мотоцикл урд талын өвдөгний хамгаалалт хавиараа мөргөсөн байх. ......... ах ганцаараа явж байсан, архи хэрэглэсэн эсэхийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ......... “...Тухайн үед 13 цаг болж байсан. …манай хүүгийн ангийн ........... гэдэг хүүхэд над руу залгаар аймаар юм боллоо. ........ уйлаад байна гэхээр нь би сандраад сургууль руу нь явж байхад ...........дэлгүүрийн хажуу талд манай хүүхэд хөлөө барьчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хажууд нь байсан найзууд болон тэнд байсан хүмүүс замаар алхаад явж байхад нь хойноос нь мотоциклтой хүн ирээд дайрсан гэж хэлсэн. Тухайн мотоциклын жолооч гээд хүрэн дээлтэй залуу зогсож байсан. Би түүнээс янз бүрийн юм асуугаагүй. Удалгүй Нэгдсэн эмнэлгээс түргэн тусламжийн эмч ирээд би хүүгээ эмнэлэг рүү авч явсан… эмүүд ойролцоогоор 500,000 төгрөг болсон. Завхан аймгийн ........... амбулатори, гэмтлийн эмчид хоёр удаа үзүүлсэн. Өөр эмнэлэгт бол үзүүлээгүй. Эхний өдрөө хүүгийнхээ хөлийг гипсдүүлсэн. Надад одоо гаргаж өгөх баримт байхгүй. Тухайн үед баримтууд нь байсан боловч хаягдсан…Мотоциклын жолоочийн аав ээжээс надад 1,000,000 төгрөг өгсөн. Хичээлдээ доголоод явж байгаа рентген зураг авхуулахад хөлийн эдгэрэлтэд муу гэж хэлсэн болохоор авхуулаагүй. Эмчилгээний мөнгө гэж 1,000,000 төгрөг, нэг хонины мах өгсөн. Хүүхдийн хөл эдгэж байвал боллоо…” гэсэн мэдүүлгээр,
Ослын талаар харснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч .......... “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын үед хичээлээ тараад ............ бид гурав сургуулиас гарсан. Гэр рүүгээ явах замд байдаг ..........нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын шороон зам дээр бид гурвыг юм яриад тоглоод явж байтал .......... хойноос мотоцикл ирээд мөргөөд газар унагаад, мотоцикл жолоодож явсан хүн мотоциклоо зам дээр шарвуулаад зогсоосон. Тэгээд тэр мотоциклын жолооч та гурав зам гарч явахгүй яагаад зам дээр явж байгаа юм бэ гээд .........түшиж босгоод дэлгүүрийн хажууд аваачиж суулгасан. Удаагүй сургуулиас багш болон .......... аав, ээж нь ирээд ..........эмнэлэг рүү аваад явсан. “Нарт” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын шороон замын гол хэсэгт хойноос урагшаа чиглэлтэй сургуулиас гараад гэртээ харихаар явж байсан юм. …өдөр 13 цаг өнгөрч байсан, гадаа гэгээтэй, дулаахан өдөр байсан. Зам халтиргаа гулгаа үүсээгүй, цас бороо ороогүй тэнгэр цэлмэг байсан. Улбар шар өнгийн мотоцикл бид гурвын хойноос гарч ирээд л ..........хөлийг мөргөсөн. Манай сургуулийн ........... л байсан, би тэр хүүхдийг танихгүй ...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч ....... “...өдрийн 13 цаг 10 минутын үед хичээлээ тараад ......... бид гурав сургуулиас гарсан. Гэр рүүгээ явах замд байдаг ........... нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын шороон зам дээр бид гурвыг юм яриад тоглоод явж байтал .......... хойноос мотоцикл ирээд мөргөөд газар унагаад, мотоцикл жолоодож явсан хүн мотоциклоо зам дээр шарвуулаад зогсоосон. Тэгээд тэр мотоциклын жолооч та гурав зам гарч явахгүй, яагаад зам дээр явж байгаа юм бэ гээд ......... түшиж босгоод дэлгүүрийн хажууд аваачиж суулгасан. Удаагүй сургуулиас багш болон ...... аав, ээж нь ирээд .........эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч .......... үйлдлийн улмаас хохирогч .......... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0........ дугаартай шинжээчийн “............. биед: Баруун хөлийн шилбэ ясны шаант тахилзуур ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Тухайн гэмтлүүд нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 3.Тухайн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 6. ........... биед: Баруун шилбэ ясны шаант тахилзуур ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр,
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “...мотоциклын жолооч ........ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “А”, “В”, “С”, “М” ангилал болон “С1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, ...дээш насны хүнд олгоно.., 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. 3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна, 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй …үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын акт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Энэ гэмт хэргийн объект нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх юм. Зам тээврийн осол гаргасан өсвөр насны ........үйлдлийн улмаас хохирогч ............ эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч ........... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас насанд хүрээгүй ..............биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч ............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч ................ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч ................ нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ............ хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч .............д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ...........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ..........д прокурорын санал болгож, шүүгдэгч ........ түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ..........ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Өсвөр насны хүн гэдэгт арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүн хамаарна. Шүүгдэгч .......... нь тухайн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 16 хоногийн настай байсан болох нь түүний иргэний үнэмлэх, нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч .............д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмаар хянан шийдвэрлэсэн ба улсын яллагч шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирлоо төлсөн, хохирогчийн гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх саналыг гаргаж, шүүгдэгч зөвшөөрсөн.
Мөн түүнчлэн шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ........... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч .............. нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4, 36.13 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .........овогт .............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн буюу “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ..............тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ...........ээс хохирогчид энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ............ нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч .......... энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА