Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/404

 

 

 

 

 

 

 

2025      09        02                                            2025/ШЦТ/404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨСз

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Адаргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Т.Т

Хохирогч У.Э

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д  холбогдох эрүүгийн 2525000000486 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б  овгийн С-н   Б , Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулаанаар боловсруулагч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т РМЗ цехийн Хайлах хэсэгт Дулаанаар боловсруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:      /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэт бааранд хохирогч У.Э ыг “архи уусангүй” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж унагаж, газарт чирч, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ “Баар онгойход хоёр цагдаатай очиж камерийн бичлэгийг авсан. Бичлэгийг үзэхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирохгүй байсан. Хохирогчийг өшиглөсөн, цохьсон, чирсэн зүйл болоогүй. Пиво цацсан нь үнэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч У.Э  мэдүүлэхдээ “Би энэ хүнтэй маргалдаагүй, танихгүй. Намайг явах гээд босоход гэнэт пиво цацаж, үсдсэн. Энэ хүн нэг гартаа баллантайнс гэдэг архины шил барьсан байсан нь хагарч миний хөлийг гэмтээсэн. 3 өдөр ажил хийж чадаагүй, 2 сая төгрөг нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч У.Э ын: “Би өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байх Сет бааранд оройны 22 цагийн үед ажлынхантайгаа орсон юм. Би тухайн баар луу ажлынхаа Л эгч, П эгч, Одно, А эгч бид тав орсон бөгөөд ороод баар хаатал буюу 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг хүртэл тухайн баарны хаалгаар ороод зүүн жигүүрт гол хэсэгт суугаад архи хуваагаад уучхаад бүжгийн талбайд бүжиглэсэн юм. Тэгээд нэг мэдэхэд баар хаах цаг болсон байсан ба ширээ рүүгээ суух гэтэл манай ширээн дээр дөрвөн залуу ирчихсэн архи авчихсан А эгчтэй хамт суугаад ууж байсан юм. Би тухайн залуучуудыг сайн танихгүй ба нэг залууг нь л таньдаг юм билээ. Тэр залууг Т гэдэг юм. Тэгээд баар хаагаад бүгд ширээн дээрээ сууж байсан юм. Тэгтэл тухайн дөрвөн залуугаас С.Б  гэдэг залуу (сүүлд нэрийг нь мэдсэн) намайг уучих гээд архи пиво шахаад байхаар нь үгүй гэж хэлээд явах гэтэл тэр залуу үгийн зөрүүгүй шууд л нүүр лүү гартаа барьсан байсан пивоо цацсан. Тэгээд би орилоод нүүрээ дартал шууд намайг үсдэж татаад ширээн дээр дарж байгаад нүүр болон гар луу маань өшиглөсөн юм. Намайг үсдээд чирэх үед газар хагарсан байсан шилэнд миний хөл зүсэгдсэн байсан. Би яг яагаад миний хөл зүсэгдсэнийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад аваад явсан юм. Намайг манай найз охин сандал дээр суулгаад байж байтал миний хаанаас юм цус гараад шалаар нэг урсаж байсан юм. Тэгээд миний зүүн хөлнөөс шарх сорви үүсэж маш их цус гарсан. Тэгээд манай найз охин хамгаалагч дуудаж сальфитка өгөөч гэж орилж авчруулаад миний хөл хэсэгт дарж цусыг тогтоох гэтэл тогтоогүй. Тэгээд би ахиад хэлж алчуур авчруулж хөлөө боогоод хажуу талд яаралтай түргэн тусламж байсан болохоор шууд очиж 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12, 14-15 дахь тал/

2. Гэрч Т.О-н  : “Би 2025 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө манай ажлын найз болох Э-н   төрсөн өдөр тохиож, бид нар ажлын газрынхаа хамт олонтой Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сэт" бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд найзууд хоорондоо юм ярьж ганц нэг пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад баар хаах үед сүүлийн ая дуусаж гэрэл асах үед өөрсдийн ширээн дэрээ очиж суусан чинь манай ширээн дээр нэг үл таних согтуу эрэгтэй найзуудтайгаа архи тойруулаад зогсож байхаар нь би найз болох Э-г  за явцгаах уу гэж хэлсэн чинь нөгөө архи тойруулж байсан эрэгтэй манай найз охиныг чи явахгүй зүгээр наана сууж бай гэж хэлэхээр нь найз босож ирээд чи одоо юу яриад юм, би чамд архи уухгүй гэж хэлж байна шүү дээ гэсэн чинь нөгөө эрэгтэй стакантай пиво Э-н   нүүр лүү цацчихаар нь би чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлтэл манай найз охиныг үсдэж чирч, ширээн дээр авчирч өшиглөж зодсон юм... Манай найзын үснээс зулгааж чирч нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгээд нөгөө архи нь асгарч манай найз охины зүүн талын шагай хэсэгт архины шил мэт зүйл орж яаралтай тусламж орж шилийг авхуулж 3 оёдол тавиулсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дэх тал/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаартай “У.Э ын биед зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Зүүн шагайн үений гадна хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-29 дэх тал/

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сэт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 33-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэт бааранд хохирогч У.Э ыг “...архи уусангүй” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж унагаж, газарт чирч, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Буян-Эрэнэд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Э ын: “тэр залуу үгийн зөрүүгүй шууд л нүүр лүү гартаа барьсан байсан пивоо цацсан. Тэгээд би орилоод нүүрээ дартал шууд намайг үсдэж татаад ширээн дээр дарж байгаад нүүр болон гар луу маань өшиглөсөн юм. Намайг үсдээд чирэх үед газар хагарсан байсан шилэнд миний хөл зүсэгдсэн байсан. Тэгээд миний зүүн хөлнөөс шарх сорви үүсэж маш их цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Т.О-н  : “нөгөө эрэгтэй стакантай пиво Э-н   нүүр лүү цацчихаар нь би чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлтэл манай найз охиныг үсдэж чирч, ширээн дээр авчирч өшиглөж зодсон юм. Манай найзын үснээс зулгааж чирч нүүрэн тус газарт нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сэт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б  нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэт бааранд хохирогч У.Э ыг үснээс нь зулгааж цохих, өшиглөх зэргээр зодож газар унаган эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч С.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Бичлэгийг үзэхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирохгүй байсан. Хохирогчийг өшиглөсөн, цохьсон, чирсэн зүйл болоогүй” гэж мэтгэлцэж байх боловч түүний үйлдлийн улмаас хохирогч газар унаж, зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хяналтын камерийн бичлэг, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч У.Э ын эрүүл мэндэд “зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллаааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овгийн С-н   Б-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д  оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч С.Б-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч У.Э  нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллаааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А