| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2021/03104/И |
| Дугаар | 181/ШШ2022/02298 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2022/02298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт байрлах, “Ж Э Б К ББСБ” ХХК /РД:5416078/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 9 дүгээр байр, 401 тоот хаягт оршин суух, Т-ийн Б /РД:ЧР53050861/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,202,339.52 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК нь хариуцагч Т.Б-ид холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 51,202,339.52 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Т.Б нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж 26,800,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр 26,800,000 төгрөгийг №ЗГ0303180160 дугаартай зээлийн гэрээ болон №ЗБ0303180160 дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 9 байр, 4 давхар, В-408 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203014275 дугаартай, 122 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх xөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Т.Б-оос 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ0303180160 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22,294,966.19 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 26,800,000 төгрөг нийт 51,202,339.52 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 26,800,000.00 төгрөгийг үйл ажиллагааны зардалд зориулан авсан болно. Манай компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс төдийгүй дэлхий даяр үүссэн Цар тахлын нөхцөл байдлаас болж ажил зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болно. Засгийн газар, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын талаар тодорхой заавар, зөвлөгөө, чиглэлүүдийг өгч байхад ББСБ нь гэрээнд заасан ноцтой зөрчил байдал зээл авснаас хойш 3 дахь сараас эхлэн үүсчхээд байхад гэрээний заасан дангаар эдлэх эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр эргэн төлөх хугацааг сунгаж нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22,294,966.19 төргөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд шүүхээс гэрээний эргэн төлөх хугацааг сунгасан хэлцлийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, үндсэн гэрээний хугацаагаар хүүг бодон гэрээг цуцалж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар хүүд тушаасан төлбөрийг үндсэн зээлээс хасан тооцож, мөн хуульд заасны дагуу шүүхээс хүүг багасган тооцож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, №ЗГ0303180160 дугаартай зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, №ЗБ0303180160 дугаартай барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №11-1219301 дугаартай барьцаалбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтийг нотлох баримтаар гарган өгч, хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 26,800,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүйгээс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх үндсэн зээл 26,800,000 төгрөг, хүү 22,294,966.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, нийт 51,202,339.52 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 9 байр, 4 давхар, В-408 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203014275 дугаартай, 122 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх xөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Манай компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс төдийгүй дэлхий даяар үүссэн Цар тахлын нөхцөл байдлаас болж ажил зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Засгийн газар, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын талаар тодорхой заавар, зөвлөгөө, чиглэлүүдийг өгч байхад ББСБ нь гэрээнд заасан ноцтой зөрчил байдал зээл авснаас хойш 3 дахь сараас эхлэн үүсчихээд байхад гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр эргэн төлөх хугацааг сунгаж нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22,294,966.19 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0303180160 дугаартай гэрээгээр хариуцагч Т.Б нь 26,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 9 дүгээр байр 4-р давхар, В-408 тоот хаягт байршилтай 122 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ.
Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
5. Талууд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, 26,800,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 4,312,967.14 төгрөг төлөгдсөн, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй үйл баримтад маргаагүй байна.
Харин хариуцагч нь “цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссоны улмаас үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж чадаагүй, ББСБ нь гэрээнд заасан ноцтой зөрчил байдал зээл авснаас хойш 3 дахь сараас эхлэн үүсчихээд байхад гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр эргэн төлөх хугацааг сунгаж нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22,294,966.19 төргөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү нийт 36,504,569.08 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4,312,967.14 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 26,800,000 төгрөг, хүү 22,294,966.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,107,377.33 төгрөг болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.
Иймд зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон хэмжээгээр зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
7. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссон” гэж тайлбарласан байх ба дээрх нөхцөл байдал бий болсон хэдий боловч энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
8. Хариуцагчаас гэрээнд заасан ноцтой зөрчил байдал зээл авснаас хойш 3 дахь сараас эхлэн үүсчихээд байхад гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр эргэн төлөх хугацааг сунгаж нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22,294,966.19 төргөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй буюу зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн ч 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээгээр төлбөрийг төлж байсан, зээлдүүлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүг зогсоож, зээлийн төлбөрт төлөгдсөн 4,312,967.14 төгрөгийг хасаж, үлдэх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
9. Хариуцагч нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан, эргэн төлөх хугацааг сунгасан, эргэн төлөх хугацааг сунгасан хэлцлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан боловч гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж байгаагүй гэж тайлбарласныг хариуцагч шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй.
10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.3-т “Зээлийн хүү сарын 3,5 хувь” гэж заасныг хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд зээлдүүлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр хүү тооцож, үүнээс хойших хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
11. Зохигчид барьцааны гэрээний 3.2-т барьцаа хөрөнгөөс зээл, хүү болон хуульд заасан бусад үүргийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
12. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 26,800,000 төгрөг, зээлийн хүү 22,294,966.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, нийт 51,202,339.52 төгрөг гаргуулж, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б-оос 51,202,339.52 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014275 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 9-р байр 4 давхарт В-408 тоот 122 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 484,162 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ