Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2022/00748

 

 

                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э овогт Ц.М-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Хариуцагч  Ц.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:     

- Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ....... улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М-тай тохиролцож, түүний эвдрэлийг 5,000,000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5,000,000 төгрөг авсан хирнээ багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.М-аас Вангор машины багаажны үнэ буюу 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Б-гийн нэхэмжлэлтэй Ц.М-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ц.М миний бие тус шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн ..... АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь ..... УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багаажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.О гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Би машиндаа багаажны шинэ хаалга авч тавиагүй, эхлээд аймгийн төвд засварчнаар янзлуулсан чинь хаалганы гажаа гаргаж чадахгүй, арын рамыг тэгшлэх боломжгүй гээд байхаар нь би У хот орж төв Г-гийн ар талд байрлах Вьетнам засварын газарт 4,000,000 төгрөгөөр янзлуулсан. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5,800,000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Б-г тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь Ц.М гэх хүнээс 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэл гаргасан гол үндэслэл нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Х сумаас А.О гэдэг эмэгтэй нь ахынхаа машиныг аваад У хот руу явсан байдаг. Тухайн машиныг У хот руу Ж.Б жолоодоод явсан байдаг. У хот руу явах замдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын нутагт хариуцагч болох Ц.М-ын Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас орж, арын багаажийг нь мөргөсөн осол гарсан. Тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үедээ цаг хугацаа давчуу байсан учраас зохицоод болно гэж үзсэн учраас үнэлгээ гаргуулаагүй.  5,000,000 төгрөгийн хохирол төлөөд эвдэрсэн багажийг Ж.Б авахаар хоорондоо тохиролцсон байсан. Тухайн үед тохиролцооны 5,000,000 төгрөгийг А.О хариуцагч Ц.М-ын  данс руу шилжүүлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа багажаа солиулсан талаар асуухад багаажаа солиулж чадаагүй, засвар хийлгэсэн гэсэн зүйлийг яриад багаажийг өгөөгүй байдаг. А.О нь Мтай багажийг буцааж авах талаараа ярьсан байдаг. Ярилцах үедээ Ц.М нь  би 2,500,000 төгрөгийг буцааж өгч чадахгүй 1,000,000 төгрөгийг буцаагаад өгье гэж хэлсэн байдаг. Талуудын эхний тохиролцоо бол 2,500,000 төгрөгийн үнэ бүхий багаажийг авах байсан. Тухайн тохиролцоондоо хүрээгүй учир 2,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ц.М-аас энэ 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир нь осол гарсан үед нэхэмжлэгч хариуцагч нар Ц-ийн байгууллага дээр байхдаа Ц.М нь 5,000,000 төгрөгийг аваад багаажийг буцаагаад өгөх талаар хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичлэг дээр энэ талаар ч дурдагдаж байгаа. Өнөөдөр хариуцагч нь энэ мөнгийг төлөхгүй, надад үүнээс илүү зардал гарсан гэж маргаж байгаа хэдий ч үүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. Хариуцагч нь тайлбартаа би А аймагт 1,800,000 төгрөгөөр засвар хийлгэсэн гэж бичсэн байсан. Үнэхээр А аймагт 1,800,000 төгрөгөөр завсар хийлгэсэн юм бол анхны тохиролцоо болох 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх тохиролцоо хэрэгжих боломжтой гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Би энэ хэргийг үндэслэлтэй гэж бодож байна, тухайн үед тохиролцоод болсон гэж бодож байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс:

     - 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.О-ээс Ц.М-д 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт,

    - ..... АРА Vanguard маркийн машины гэрэл зураг,

    - Ц.М-ын А аймгийн Ц-гийн газарт гаргасан хүсэлт,

    - Ж.Б-гийн А аймгийн Ц-гийн газарт гаргасан хүсэлт,

   - Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1135 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

      - Гэрч А.О-ээс авсан мэдүүлэг /хх-н 86-87х/

      - А.О-ийн эзэмшлийн “Iphone 11 pro” маркийн 9499.... дугаарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

      - Нэг ширхэг CD

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч Ц.М-д холбогдуулан гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ... УАО улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.М-тай тохиролцож, түүний эвдрэлийг 5,000,000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5,000,000 төгрөг авсан хирнээ багаж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.М-аас Вангор машины багажны үнэ буюу 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

... 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн ..... АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь .... УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.О гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5,800,000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Б-г тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.О-ээс Ц.М-д 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт, .... АРА Vanguard маркийн машины гэрэл зураг, Ц.М-ын А аймгийн Ц-ийн газарт гаргасан хүсэлт, Ж.Б-гийн А аймгийн Ц-ийн газарт гаргасан хүсэлт, гэрч А.О-ээс авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь ..... УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ц.М-ын эзэмшлийн .... АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гарган хохиролд 5,000,000 төгрөг төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.О-ээс Ц.М-д 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт, 0546 АРА Vanguard маркийн машины эвдрэлийг харуулсан гэрэл зураг, Ц.М-ын А аймгийн Ц-ийн газарт гаргасан хүсэлт, Ж.Б-гийн А аймгийн Ц-ийн газарт гаргасан хүсэлт, гэрч А.О-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-н 3-7, 86-87ху/ зэргээр тогтоогддог ба дээрх үйл баримтын тухайд зохигч маргаагүй.

 

5. Харин нэхэмжлэгч гарсан хохиролд 5,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, ингэхдээ машины эвдэрсэн эд анги болох 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохиролцсон тул түүний үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг ба тэрээр хариуцагч Ц.М нь “...Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5,800,000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Б-г тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно”  гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Б-гийн А аймгийн Ц-ийн газарт гаргасан “...мөргүүлсэн машины арын багажийг би өөрөө авахаар тохирсон” гэх тайлбар /хх-н 7/, гэрч А.О-ийн “...Ж.Б машиныг жолоодож яваад осол гаргасан нь үнэн. Би 5,000,000 төгрөгийг Ц.М-д шилжүүлсэн. Ингэхдээ эвдэрсэн багаажны хаалга буюу 5 дугаар хаалгыг өөрөө авахаар тохирсон. Багаажны хаалгыг засаад зарвал 2,500,000 төгрөгөөр зарагдах боломжтой юм байна лээ.  ...машины хаалгыг засуулсны дараа 1,000,000 төгрөг өгөөд салъя гэсэн санал тавихаар нь эвдэрсэн хаалга нь 2,500,000 төгрөгөөр зарагдах боломжтой байсан тул мөнгийг нь аваагүй.” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр эвдэрсэн багаажны хаалгыг буцааж авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул түүний үнэ болох 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч учруулсан хохирол болох машины 5 дугаар хаалгыг засваруулахгүйгээр солихоор мөнгийг төлж, улмаар эвдэрсэн  5 дугаар хаалгыг авахаар анх тохиролцсоны дагуу хариуцагч Ц.М нь эвдэрсэн 5 дугаар хаалгыг буцааж өгөөгүй үйлдэл нь нэхэмжлэгч Ж.Б-гийн хүсэл зоригт нийцээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 2,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

6. Анх тохиролцсоноор эвдэрсэн 5 дугаар хаалгыг буцааж өгөөгүй тул түүний үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагын талаар иргэдийн төлөөлөгч А.Б нь “Би энэ хэргийг үндэслэлтэй гэж бодож байна. Тухайн үед тохиролцоод болсон гэж бодож байна.” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

 7. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.М 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн биеэр шүүх дээр ирэхэд түүнд шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас гардуулан гарын үсэг зуруулж, хэргийн материалтай танилцуулсан ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          8. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч А.О-ийн эзэмшлийн Iphone 11 pro маркийн  гар утсанд үзлэг хийж, 08 минут 13 секундын ярианы бичлэгийг CD-нд хуулбарлуулан нотлох баримтаар хэрэгт хавсаргасан бөгөөд уг бичлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

            9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц М-аас 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.М-аас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ЭЛБЭГЗАЯА

 

                                                     ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ч.ЖАРГАЛАН