Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2022/00772

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2022/00772

Архангай аймаг

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ш.Ү-д холбогдох,

                                                                                                    

А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.    

 

Нэхэмжлэгч Б.Ба өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргасан, мөн хариуцагч Ш.Ү-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш.Ү-д холбогдуулан А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие 1999 оноос хойш А аймгийн Ө сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Ш.Ү нь сумын 70 жилийн ойн баяр наадмын ажлын наадмын 2 дахь өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үдээс өмнө орхиж явсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулж 3 сарын хугацаагаар миний цалинг 20 хувь бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие Ө сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын ажлын төлөвлөгөөний дагуу урлагийн тоглолтууд, хэрэгцээт тоног төхөөрөмж, бүжгийн хувцас, бусад эд зүйлсийг хугацаанд нь бүрэн гүйцэд бэлтгэн баяр наадмын хүндэтгэлийн хурал, концерт, наадмын нээлт, үйл ажиллагааг урлаг соёлын болон техник тоног төхөөрөмжөөр ханган ажилласан. Миний зүгээс ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. Надад сахилгын шийтгэл ногдуулсан засаг даргын захирамжид би холбогдох тайлбарыг хүргүүлсэн бөгөөд энэ захирамжийн дагуу сонсох ажиллагаа хийн сумын Засаг даргатай уулзахад Ш.Ү нь намайг доорх үндэслэлүүдээр буруутгасан. Үүнд:

  • Сумын Засаг дарга баярын хүндэтгэлийн хурал, наадмын нээлтэнд үг хэлэхдээ цаасан дээр бичсэн зүйл уншсан бөгөөд энэ цаасыг нь халхлах хавтас бэлдээгүй,
  • Сумын ойн баярын хурал дээр шагнал гардуулахад аймгийн орлогч даргыг уриагүй,
  • Асар дотор байсан зочдыг наадамчдад танилцуулаагүй,
  • Ажлын байр орхиж явсан.

Засаг дарга нь өөрөө ажлын албатай, нарийн бичиг, орлогч дарга гэх хүмүүстэй учир хавтсыг заавал надаар бэлдүүлэх шаардлага байхгүй, ажлын байр орхиж явсан асуудал байхгүй, ойн баярт ямар зочид ирж байгаа, хэн хэнийг хуралд урьж үг хэлүүлэх, хэн хэнийг наадамчдад танилцуулах талаар засаг даргын зүгээс ямар нэг мэдээлэл өгөөгүй, бид өөрсдийн гаргасан хөтөлбөрөө танилцуулахад нэмэлт зүйл юу ч хэлээгүй, нээлт хийх үед наадмын талбайн асарт ирсэн зочдын нэрсийг бичихээр очтол дандаа сумын иргэд байсан, дарга болон энд тэндээс урилгаар зочид байгаагүй тэгээд нээлт оройтлоо гээд нээлтээ шууд эхлүүлсэн учир намайг буруутгах нь үндэслэлгүй юм. Надад авсан сахилгын шийтгэлийн үндэслэл болон сонсох ажиллагаагаар буруутгаж байгаа дээрх үндэслэлүүд нь хоорондоо нийцээгүй, өөрөөр хэлбэл надад авсан сахилгын шийтгэл огт үндэслэлгүй, засаг дарга зөвхөн өөрийн үзэмжээр ямар нэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган Ш.Ү-ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Засаг даргын энэ захирамжийг хүчингүй болгуулах талаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №109/ШЗ2022/0317 дугаар захирамжаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзсэн тул танай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

1.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын соёлын төвийн эрхлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан дараах тайлбарыг хүргүүлж байна. Б.Б нь Соёлын төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.9 “Тэмдэглэлт өдрүүд баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах”, 2.20 “Сум байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ой угтан хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн байгууллагад хамааралтай ажлыг заасан хугацаанд бүрэн хийж хэрэгжүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин хариуцсан ажилдаа хайнга хандаж ажлын шаардлага тавихад эсэргүүцэн баяр наадмын 2 дахь өдрийн үдээс өмнөх үйл ажиллагаанд оролцоогүй. Мөн тус өдөр Б.Б-ыг эзгүй байх хооронд техник хэрэгсэл хариуцан ажиллаж байсан өөрийн удирдлагад нь байдаг албан хаагч нь узель, техник хэрэгслээ ажиллуулахгүй байсан нь хариуцсан ажлын хэсгээ удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй. Б.Б-ыг баяр наадмын үйл ажиллагаанаас өмнө биечлэн уулзаж ойн арга хэмжээний төлөвлөгөөний талаараа танилцуулах явцад нь нэмж тусгах ажлуудын талаар санал солилцож, нэхэмжлэлд дурдсан ажлуудыг тусгаж ажиллах талаар амаар үүрэг чиглэл өгч харилцан тохиролцсон боловч хийж хэрэгжүүлээгүй. Ер нь тус суманд иргэдийг урлаг соёлоор соён гэгээрүүлэх болон хувь хүний бүтээлч хөгжил, авьяас ур чадварыг хөгжүүлэх, соёлын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, соёлын боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих, иргэнийг соён гэгээрүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлууд орхигдсон. Энэ нь тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүний сэтгэл, манлайлал, ур чадвар, ажлын хариуцлагаас хамаарч байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан болно гэжээ.

 

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Ө сумын Засаг даргын Б/20 дугаартай сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т ямар тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахыг тодорхой хуульчилсан. Түүнд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ ажлын байрны тодорхойлолт зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйд шийтгэл оногдуулна гээд заагаад өгчихсөн. Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулж буй Засаг даргын захирамжийг харахаар энэ хуулийн шаардлага үндэслэлд нийцээгүй байна гэж харагдаж байгаа. Хуульд ямар зөрчилд шийтгэл оногдуулах талаар хуульчлаад заагаад өгчихсөн байхад Засаг даргын захирамжид хуульд заасан хэм хэмжээг дурдсан зүйл байдаггүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ажиллаагүй учраас сахилгын шийтгэл оногдуулж байна л гэж бичээд байдаг. Хэрэг учрал болсон үйл баримтаас харахад тухайн хоёр хүний хоорондын жаахан үл ойлголцол, хувийн жаахан таарамжгүй харилцааны улмаас үүссэн асуудал гэж харж байна. А аймгийн Ө сумын Засаг даргын А/75 дугаартай захирамжаар ажил үүрэг хуваарилсан байдаг. Тухайн хуваарилалтаар нэхэмжлэгч нь соёлын салбарыг нь хариуцдаг. Техникийн шинжтэй саатлын тухайд тухайн сумынхаа төсөвт тохирсон техник хангамжтай байсан байх. Гуйлтаар энд тэндхээс техник хэрэгсэл авч ирдэг юм байна лээ. Мөн наадмын 2 дахь өдөр орхиод явсан тал дээр соёлын салбар хариуцаж байгаа хүн наадмын бөх барилдаж байхад хөшөө шиг зогсоод байх ёстой байсан уу. Тухайн өдөр хамт байсан 2 ч гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэгтээ Б.Б-с Ө сумын наадам нь тасалдаад хүмүүс нь тараад явчихсан юм уу? гэж асуухад “Үгүй тийм зүйл болоогүй, наадам бол хэвийн үргэлжлээд дууссан гэж хэлдэг”.  Нэхэмжлэгч нь тайлбартаа тухайн явсан учир шалтгаанаа бөх тайлбарлаж байсан хүнийх нь ээж нь хүндээр өвдсөн  учраас бөх тайлбарлаж байсан хүн нь яваад өөр хүн оронд нь олох гэж тухайн өдөр явсан гэсэн зүйлийг ярьдаг. Ер нь Засаг даргын арга хэмжээ аваад байгаа нь субьектив шинжтэй захирамж гарсан учраас гомдоод байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх гэв.

 

1.4 Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. А аймгийн Ө сумын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үйл ажиллагаа 2022 оны 07 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байдаг. Энэ арга хэмжээг зохион байгуулахаар холбогдох ажлын хэсгүүдийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/75 дугаартай сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүдийг байгуулж, холбогдох чиг үүргүүдийг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн буюу тухайн ойн арга хэмжээ үргэлжилж байгаа 2 дахь өдрийн үдээс өмнө тухайн гүйцэтгэх ёстой ажлаа орхиж явсан зүйл байдаг. Тухайн үйл баримтыг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг, бусад нотлох баримтуудаар ч тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын төрийн албан хаагч, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаатай холбоотой зүйлийг хуулиар зохицуулна гэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг зөрчилд тооцно, захирамжид дурдсан зөрчил нь зөрчилд хамаарахгүй байхад арга хэмжээ авсан гэж хэлж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар зарчим нь нийт Монгол Улсын төрийн алба хаагчдад бүгдэд нь үйлчилж байх учиртай. Мөн захирах захирагдах ёс гэж байх ёстой. Удирдлагаас өгсөн хууль ёсны тушаал шийдвэрийг төрийн үйлчилгээний алба хаагч биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа зочид танилцуулах, шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгаас ирсэн аймгийн төлөөллийг уриагүй гэх мэт жижиг хувийн таарамжгүй харилцаа бол энэ хоёр хүний хувьд үүсээгүй. Төрийн удирдах албан тушаалтан бол доод шатныхаа  албан тушаалтанд хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнх нь шаардлагыг тавьсан. Түүнээс Б.Б-тай хувийн ямар нэг харилцаа үүсээгүй. Наадмыг зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээ, наадмын үйл ажиллагаа хөтлөх эдгээр асуудлыг соёлын арга хэмжээ хариуцаж байгаа ажлын хэсэг бүрэн хариуцаж байх ёстой. Наадмын арга хэмжээ хөтлөх хөтлөгчийг У хотоос авч ирсэн байсан. Хөтлөгч өөр газраас уригдаж ирсэн учраас тэр зочдыг мэдэхгүй. Хөтлөгчид ямар зочид ирж байгаа талаар нэрсийг нь танилцуулах үүрэг нь соёлын ажил хариуцсан ажлын албаны хийх ёстой зүйл байсан. Зочид хүлээн авах салбар комиссоос нэрсийг нь аваад хөтлөгчид танилцуулах ёстой байсан. Түүнээс Засаг дарга, түүний ажлын алба өмнөөс нь гүйж хийж өгөх ёсгүй. Үүнээс харахад хоорондоо уялдаа холбоотой ажиллаагүй болох нь харагдаж байгаа. Мөн хөтлөгч нь хөтөлбөрөө хийх хавтас байхгүй, цааснаас хараад л уншаад байдаг. Үүнийг ч мөн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Наадмын нээлтийн үйл ажиллагаа дээр үг хэлж байгаа хүмүүсийн цаас нь салхинд хийсээд зогсоод байх нь зохимжгүй. Энэ бүх нарийн ажлуудыг орхигдуулсан энэ нөхцөл байдлууд үүссэн байдаг. Нээлтийн үйл ажиллагаа эхлээд Засаг дарга талбайн гол хэсэг рүү  очиж зогсоод нээлтийн үгээ хэлэх гэтэл микрофон нь гацаад байдаг. Тэгэхээр нь хойшоо бол хойшоо бол гээд нээлтэд үг хэлж байгаа хүн нь ухраад алхаад байх нь зохимжгүй харагддаг. Микрофоны хүчин чадлаа туршиж үзээгүй, шалгаж үзээгүй  байдаг. Техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хүчин чадлыг шалгаж үзэх нь соёлын асуудал хариуцсан ажилчдын үүрэг мөн. Эдгээр асуудлууд нь хувийн асуудал биш. Мөн бөх цоллоход тоног төхөөрөмж нь болохгүй, гацах асуудлууд үүсдэг. Үүнийг нотлох гэрчүүд нь гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө татгалзсан байгаа. Ер нь Б.Б-ын хариуцсан ажилдаа хайнга хандсан болох нь энэ мэт баримтуудаар тогтоогдож байгаа. Үүнийгээ ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байдаг. Наадмын 2 дахь өдрийн өглөө 9 цагаас ажлын байраа орхиод явсан байдаг. Энэ бол зөрчил мөн үү мөн. Яалт ч үгүй зөрчил гаргасан байдал тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгөөд хариу тайлбар гаргах боломжийг нь олгоод, хариу тайлбарыг нь аваад холбогдох арга хэмжээг нь авсан Засаг даргын захирамж нь үндэслэлтэй хууль ёсны болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШЗ2022/0317 тоот захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” 17 дугаартай захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот, А аймгийн Ө сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Б-ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай хариу тайлбар, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Соёлын төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

 

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах тухай” А/75 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, гэрч А.О, Т.Б нарын мэдүүлэг зэрэг болно.

 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

       - Гэрч Г.Х-ийн мэдүүлэг зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

1. Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... Ө сумын Засаг дарга Ш.Ү нь сумын 70 жилийн ойн баяр наадмын ажлын наадмын 2 дахь өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үдээс өмнө орхиж явсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулж 3 сарын хугацаагаар миний цалинг 20 хувь бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие Ө сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын ажлын төлөвлөгөөний дагуу урлагийн тоглолтууд, хэрэгцээт тоног төхөөрөмж, бүжгийн хувцас, бусад эд зүйлсийг хугацаанд нь бүрэн гүйцэд бэлтгэн баяр наадмын хүндэтгэлийн хурал, концерт, наадмын нээлт, үйл ажиллагааг урлаг соёлын болон техник тоног төхөөрөмжөөр ханган ажилласан. Миний зүгээс ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. Надад авсан сахилгын шийтгэлийн үндэслэл болон сонсох ажиллагаагаар буруутгаж байгаа дээрх үндэслэлүүд нь хоорондоо нийцээгүй, өөрөө хэлбэл надад авсан сахилгын шийтгэл огт үндэслэлгүй, засаг дарга зөвхөн өөрийн үзэмжээр ямар нэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган А аймгийн Ө сумын Засаг дарга Ш.Ү-ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: “... Б.Б нь Соёлын төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.9 “Тэмдэглэлт өдрүүд баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах”, 2.20 “Сум байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ой угтан хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн байгууллагад хамааралтай ажлыг заасан хугацаанд бүрэн хийж хэрэгжүүлэх” гэсэн заалтуудыг зөрчин хариуцсан ажилдаа хайнга хандаж ажлын шаардлага тавихад эсэргүүцэн баяр наадмын 2 дахь өдрийн үдээс өмнөх үйл ажиллагаанд оролцоогүй. Мөн тус өдөр Б.Быг эзгүй байх хооронд техник хэрэгсэл хариуцан ажиллаж байсан өөрийн удирдлагад нь байдаг албан хаагч нь узель, техник хэрэгслээ ажиллуулахгүй байсан нь хариуцсан ажлын хэсгээ удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй. Энэ нь тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүний сэтгэл, манлайлал, ур чадвар, ажлын хариуцлагаас хамаарч байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Б.Бад сахилгын шийтгэл ногдуулсан болно.” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШЗ2022/0317 тоот захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” 17 дугаартай захирамж, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот, А аймгийн Ө сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Бын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай хариу тайлбар, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах тухай” А/75 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, гэрч А.О, Т.Б, Г.Х нарын мэдүүлэг /хх-н 6-11 ху, 62-65 ху,  94-101ху, 103 ху/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжаар сумын Засаг даргатай байгуулсан 2022 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний 1.9, 2.20 дахь заалтад тусгагдсан ажил арга хэмжээг хангалтгүй зохион байгуулсан, удирдлагаас тавьсан ажлын шаардлагыг биелүүлээгүй, сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн ажлын хэсгийн ажлыг 2 дахь өдөр /7.16/-ийн үдээс өмнө орхиж явсан зөрчил гаргасан үндэслэлээр Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг үндэслэн Б.Б-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

6. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар хөдөлмөрийн эрхийн дээрх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т: “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л чармайлтыг гаргах үүрэгтэй” гэж, 154.2.1-т: “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор 154.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ын А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хамаарахгүй гэж үзсэн тул уг маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

8. Хариуцагч А аймгийн Ө сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 199 дугаартай албан тоот хүргүүлж, нэхэмжлэгч Б.Б 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 20 дугаартай албан тоотоор хариу тайлбар ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т: “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” гэж, 123.2.3-т: “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус хуульчилсан. 

 

          10. Нэхэмжлэгч Б.Б “ ... Миний бие Ө сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын ажлын төлөвлөгөөний дагуу урлагийн тоглолтууд, хэрэгцээт тоног төхөөрөмж, бүжгийн хувцас, бусад эд зүйлсийг хугацаанд нь бүрэн гүйцэд бэлтгэн баяр наадмын хүндэтгэлийн хурал, концерт, наадмын нээлт, үйл ажиллагааг урлаг соёлын болон техник тоног төхөөрөмжөөр ханган ажилласан. Миний зүгээс ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. ...” гэж маргаж нэхэмжлэл гаргасан боловч энэ нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна.  

 

Үүнд: А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сум, сургуулийн 70 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах тухай” А/75 тоот захирамж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт”-ын 11-т заасныг тус тус зөрчин дээд шатны албан тушаалтан буюу сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж сум, сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээний үеэр баяр наадмын соёл урлагийн ажлыг наадмын 2 дахь өдөр буюу 7 сарын 16-ны өдрийн үдээс өмнө орхиж явсан нь гэрч Т.Б, А.О, Г.Х нарын мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогддог.  

         

Мөн нэхэмжлэгч нь ойн арга хэмжээний үеэр баяр наадмын соёл урлагийн ажлыг наадмын 2 дахь өдөр буюу 7 сарын 16-ны өдрийн үдээс өмнө орхиж явсан үйлдлээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарладаг боловч энэ байдлаа удирдлагадаа мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд А аймгийн Ө сумын Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн б/20 тоот захирамж үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

             12. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Соёлын төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, мөн А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаартай албан бичиг нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй гэж тул  тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            13. Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг баримтлан хариуцагч А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан А аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА